| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/00214/э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 234
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гад холбогдох эрүүгийн 1830003480230 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1973 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг “Д” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ц.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Ц.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Д гэх газраас иргэн Б.Мын 5 тооны ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хонио услаад явж байхад замд 5 ямаа таарахаар нь хониндоо нийлүүлээд хөөж явсан. Тэр ямааг Б.Мын ямаа гэж мэдээгүй. Намайг хонио услахдаа явахдаа айлын хониноос тасдаад авч явлаа гэхээр нь би тэгээгүй, нийлсэн гэдгээ л хэлсэн. Б.Мын 5 тооны ямааг авснаа хүлээн зөвшөөрч байна. Би мотоцикльтой явж байсан. Хохирлоо төлсөн. 5 ямааг нь буцааж өгсөн Одоо надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
- Яллагдагч Ц.Гын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед Уулбаян сумын урд “Д” гэдэг газраас Түмэнцогт сумын Б гэдэг газар луу хонио хөөгөөд явж байхад манай хонинд улаан алаг эм ямаа, ухаа эм ямаа, цоохор эм ямаа, 2 эм улаан эм ямаа нийт 5 тооны эм ямаа “Ц” гэдэг газар ирж нийлэхээр нь шууд хөөгөөд авч явсан гэдгээ хүлээн зөвшөөр байна. Тэр ямаанууд М гэж хүнийх ба Эын хониноос тэр өдөр тасраад явж байсан юм билээ. Хүний ямаа авсан гэдгээ би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
- Хохирогч Б.Мын: Би Уулбаян сумын иргэн Б.М гэж залуугаас 10 тооны ямааг 600.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр ямаанаасаа 6 ямааг нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аваад сумаас урагш “Д” гэдэг газар Э гэж айлын хонинд үдийн хойно 15 цагийн үед тавьсан. Тэгсэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө нөгөө 6 ямааны 5 нь алга болсон, мөн дээрээс нь Эын ямаанаас нь 3 ямаа дутсан гэж утсаар ярьсан. Өнөөдөр эрэлд гараад ойр хавийн бүх айлын хониор орж эрээд олсонгүй. Тэр 5 тооны ямааг Г нь малаа авч явахдаа цуг хөөж авчихаад, асуухаар аваагүй гээд байсан. Сүүлд нь цагдаад мэдэгдсэний дараа араас нь очиж авсан. Одоо бол манайд учирсан хохирол байхгүй. Г нь хохирол барагдуулчихсан. Э нь 3 ямаагаа олсон байсан. Харин манай 5 ямааг Г нь хулгайлаад аваад явсан байсан. Миний алдсан 5 ямаа нь бүгд бүдүүн эм ямаа байсан. 2 цоохор, 1 алаг, 2 улаан ямаа байсан. Уг ямаануудаа зүсээр нь авсан. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11/
- Гэрч Б.Тын: Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед урдаасаа “Д ” гэдэг газар Л гэж айлд байгаа Г гэж хүнтэй уулзахаар ажлаар ирсэн юм. Тэр үед Г, Эт, Ч нар Э гэдэг хүний хонин дээр хонь шүүж байсан. Би Г ахтай уулзчихаад байж байтал тэр хэд хоорондоо “ суман дээр Б гэж айлын хашаанд байсан 3 ямаа, энэ бол Мэндээгийн ямаа байх ёстой, гүйгээд ирдэг юм болов уу “ гэж яриад, “энэ 3 ямааг нь аваад явдаг юм билүү” гэхээр нь би харахад тусдаа 5 тооны ямаа байсан. Тэр таван ямаа бол нэг цоохор ямаа, 3 улаан ямаа нэг нь ямар ямаа байсныг мэдэхгүй байна. Тэгээд би шууд яваад өгсөн. Өнөөдөр манай эгч Г “ямаа алга боллоо” гэхээр нь “ямар ямаа” гэсэн чинь Эын ямаанд байсан 5 ямааг асуухаар нь Г, Эт, Ч нар хараад авч явна гэж байсан гэдгийг нь би хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14/
- Гэрч Б.Гийн: Манай нөхөр М нь 2018 оны 11 дүгээр сарын 06-нд М гэх хүнээс 10 ямаа худалдаж аваад 6 ямааг нь Бу гэдэг айлын хашаанаас Эын хонинд авч очиж тавьсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Бя “Эынд тавьсан 6 ямааны чинь 5 нь байхгүй байна. Манай нөхөр М нь эрээд олоогүй ” гэхээр нь өөрийн дүү Тоос асуухад “ 2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой Г, Ч, Эт нартай таарсан, тэд хоорондоо “Буын хашаанд байсан ямаа байна. Энэ ямаануудыг аваад авчих уу” гэж ярилцаж байхыг сонссон гэсэн. Мөн Т нь тухайн үед манай алдсан 5 ямаа Эын хонины захад байхыг харсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед 88829574 дугаар руу залгаж “та манай 5 ямааг аваад авчихсан байна” гэхэд Г “Би хүний ямаа аваагүй” гэж хэлсэн. Тэр үед Г нь Мөнххаан суманд очсон байсан. Тийм учраас Гаас өөрийн алдсан 5 ямааг гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17/
- Гэрч Б.Мын: Би Мад 10 ямаа өгнө гээд 600.000 төгрөг авсан юм. 6 ямааг өгсөн. Одоо 4 ямааг нь өгөх дутуу байгаа. 1 ямааг нь Агваан гэдэг хүнээс авсан. 1 ямаа нь би өөрийн малаасаа авсан юм. Үлдсэн 4 ямааг нь ямар учиртай ямаа байсныг би мэдэхгүй. М надад 6 ямаагаа алдчихлаа. Мын эхнэр Г надад “ Г нь Эын хотноос өөрийн малаа авч явахдаа манай 6 ямааг аваад авчихсан байна “ гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол.2018.11.30. № 5/14 /хх- 04/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зураг/хх- 06-07/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35/
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 218 дугаартай тодорхойлолт /хх-ийн 28/
- Ц.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/
- Ц.Гын Урьд Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/
-Хохирогч Б.Мын “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 37/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 39/
- Ц.Гын Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 43/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Д” гэх газраас иргэн Б.Мын цоохор зүсмийн хоёр, улаан зүсмийн хоёр, алаг зүсмийн нэг эм ямаануудыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Гын, хохирогч Б.М, гэрч Б.Т, Б.Г, Б.М нарын мэдүүлгүүд, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Ц.Г өөрийн малыг хөөж явахдаа бэлчээрт таарсан бусдын 5 тооны ямааг хувьдаа авах зорилгоор мотоциклиор тууж нийлүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдох ба гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын малыг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ц.Г бусдын 5 ямааг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мад учирсан 450.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу 5 ямаа биетээр буцаан олгогдсон болно. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссоос хохирогч Б.Мын 5 эм ямаа тус бүрийг 90.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч Ц.Гын гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мад учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ.
Дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Гын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг үндэслэн прокурорын гаргасан саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн зохицуулалтуудад нийцнэ.
Шүүгдэгч Ц.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Гыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/ зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ц.Гад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээрх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Гад мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, моторын DY162EMJ-2 E6059316, арлын L7GPCKLE4067491 дугаартай, улбар шар өнгийн Супер даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.
6. Ялтан Ц.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх Супер даюун мотоциклийг хурааж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/15 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Ялтан Ц.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН