Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00679

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00679

 

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00214 дугаар шийдвэртэй,

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

“В-” СӨХ, “Б-” СӨХ-нд тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,933,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Цэрмаа, хариуцагч нарын төлөөлөгч Б.Р-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.А-а нь Алтай хотхоны - байрны зоорийн давхрын - автомашины зогсоолыг 15,000,000 төгрөгөөр худалдан авч, өөрийн эзэмшлийн автомашинаа тавьдаг. Уг зогсоол нь машины орж, гарцад ойрхон байрладаг бөгөөд байрны гадна талбайд орж ирсэн машин буцаж гарах боломжгүй үед гарааш руу орж эргэж гардаг бөгөөд зогсоолд байрлуулсан автомашинд 2, 3 удаа гэмтэл учирсан.

1.2. 2021 оны 5 дугаар сард Алтай хотхоны зүүн талд ил зогсоолд автомашинаа тавьсан байхад зүүн хаалганы бэхэлгээг хулгайд алдсан.

1.3. 2021 оны 10 дугаар сард автомашины баруун талын тольны дээр байрлах дохионы гэрлийн шил хагарсан.

1.4. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр автомашины урд талын нүүрний дээд хүрээ гэмтэж хагарсан

1.5. 2021 оны - сарын 04-ний өдөр автомашины зүүн урд талын крыло хонхойж гэмтсэн.

1.6. Эдгээр гэмтлүүдийг гарсан өдрүүдэд замын цагдаад дуудлага өгөхөд зам тээврийн осол биш гэж хүлээж аваагүй.

1.7. Жолоочийн хариуцлагын даатгалд зогсоолд байх үеийн хохирол арилгуулах тусгай нөхцөлгүй тул нөхөх олговор олгох боломжгүй.

1.8. Хариуцагч байгууллагад хандаж камерын бичлэг шүүлгэх гэхэд сарын хугацаа өнгөрсөн тул хяналтын камераас харах боломжгүй гэж хэлсэн. Иймд урд талын крыло мөргөсөн хүнийг олж чадаагүй орхисон.

1.9. Автозогсоолд автомашиныг тавьсан үед гэмтэл учирсан тул автомашины эвдэрсэн хэсгийн үнэлгээг тогтоолгоход 1,820,000 төгрөг, үнэлгээний зардал 113,000 төгрөгийг гаргуулна. “В-” СӨХ уг орон сууцыг хариуцдаггүй гэсэн тул “Б-” СӨХ-ноос нийт 1,933,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч “Б-” СӨХ-ны төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага гэрээт харуул хамгаалалтын албатай хамтарч ажилладаг. Гэрээнд өөрийн зүйлийг харуулд хүлээлгэж өгнө гэж заасан. Машины гуперийн дээд тал нүүр тэгж гэмтэхээр харагдахгүй байгаа. Машин мөргөсөн гэж бодоход гупер цуг гэмтэж дараа нь дээд хэсэг нь гэмтэх ёстой. Хаана эвдэрсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б-” сууц өмчлөгчдийн холбооноос 1,933,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.А-а нь хариуцагч “В-” сууц өмчлөгчдийн холбооноос 1,933,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зоорийн давхрын - зогсоол нь хаалганы дэргэд байрладаг бөгөөд машин орж, гарахдаа эргэх боломжгүй учир ухрах үйлдэл хийх явцад машинд гэмтэл учруулж байгааг мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг хоёр удаа гаргахад шүүх хүлээж аваагүй.

4.2. Харуул хамгаалалт нь Гэрээт харуулын хамгаалалтын тухай хуулийн хүрээнд ажиллах, камерын хяналтаар нийтийн эзэмшил болон иргэдийн эд хөрөнгөд учирч болзошгүй гэмтэл, хулгай зэрэгт хяналт тавьж байх үүрэгтэй.

Зогсоолд тавьсан машинд гэмтэл учруулж буй үйлдлийн эзэн холбогдогчийг өөр ямар эх үүсвэрээс тогтоох ёстойг, харуулын алба яагаад хариуцахгүй байгаа нь, мөн харуулын төлбөр юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: СӨХ нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, арчилгаа хамгаалалтыг хариуцдаг ашгийн бус төрийн бус байгууллага юм. Харуул хамгаалалтын компани нь нийтийн эзэмшлийн зам талбай, эд хөрөнгийг харж хамгаалахаар гэрээтэй ажилладаг. Гараашийн камер нь ерөнхий коридор, гадна талбай буюу нийтийн эзэмшлийн хэсгүүдийг хардаг. 09 дүгээр сард болсон хэргийг 11 дүгээр сард өргөдөл өгсний дагуу мэдсэн. Тухайн үед камерын бичлэгийг шүүх боломжтой байсан боловч нэхэмжлэгч 2 сарын дараа өргөдөл гаргасан. Камерын бичлэг 5 хоног хадгалагддаг учраас шүүх боломжгүй болсон. Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, уг гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын найруулгад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.А-а нь хариуцагч “В-” СӨХ, “Б-” СӨХ-нд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 1,933,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.А-а нь хариуцагч “В-” СӨХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 117,000 төгрөгөөр багасгажээ. 

 

3. Нэхэмжлэгч Д.А-а нь эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, - байр, зоорийн давхрын - хаягт байршилтай 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд “Б-” СӨХ нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг, нэхэмжлэгч уг автозогсоол, ---- УНН дугаартай Тоёото Королла маркийн автомашины өмчлөгч талаар талууд маргаангүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. Нэхэмжлэгч Д.А-а нь өөрийн автомашинд хохирол учруулсан гэж хариуцагч  “Б-” СӨХ-өөс гэм хорын хохирол шаардаж буй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулагчийн гэм бурууг,  өөрт учирсан хохирол нь гэм хор учруулагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотойг нотлох үүрэгтэй.

 

4.1. Нэхэмжлэгчийн автомашинд учирсан гэмтлийг хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байх талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.2. “Б-” СӨХ, “Хүчит бамбай” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний 4.8-д “Хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт гомдол шаардлага болон илэрсэн зөрчлийг цаг тухайд нь компанийн удирдлага, харуул хамгаалалтын ажилтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах”, 18.9-д “Оршин суугчдын автомашиныг авто зогсоолд хүлээн авахдаа ажилтан бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авах бөгөөд бүрэн бүтэн байдлыг шалгуулж хүлээн аваагүй буюу харуулын дэвтэрт тэмдэглэж хүлээн аваагүй автомашинд учирсан хохирол, гэмтлийг хамгаалагч талаас шаардах эрхгүй тухай хотхоны оршин суугчдад сануулж танилцуулах” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь  өөрийн автомашиныг харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэж өгсөн байдлаа баримтаар нотлоогүй байна.

 

4.3. Түүнчлэн “Б-” СӨХ нь автозогсоолд байршуулсан автомашины бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хуулиар болон гэрээгээр хүлээгээгүй, уг СӨХ-ны ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна.

 

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай зохигчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Иймд нэхэмжлэгч Д.А-ын автомашинд гэм хор учруулсан гэх хариуцагч “Б-” СӨХ-ны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч Д.А-а нь хариуцагч “В-” СӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг анхан шатны шүүх баталж шийдвэрлэхдээ “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж” гэж хэл зүйн дүрмийн болон хууль зүйн найруулгын алдаа гаргасныг “нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж” гэж өөрчилж, мөн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал хэргийн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь найруулгын хувьд оновчгүй болсныг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж” гэснийг “нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж” гэж, “хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,878 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА