Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00680

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00680

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00108 дугаар шийдвэртэй,

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б-” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 50,740,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А-” ХХК болон “Б-” ХХК-ийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслүүлэгч нь улсын 6452 УН дугаартай индүүдэгч машин болон улсын дугааргүй 20 тонны даацтай далангийн шар индүүдэгч машиныг операторын хамт 1 сарын 32,000,000 төгрөгөөр 2 сар түрээслүүлж, түрээслэгч нь төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн.

Гэрээний 2 сарын төлбөрийг 64,000,0000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоход гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлөх бөгөөд үлдэгдэл 44,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон.

Түрээсийн техникийг ажлын талбайгаас Улаанбаатар хот хүртэл зөөвөрлөх автомашины түлшний зардлыг 4,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд 2,000,000 төгрөгийг урьдчилан байршуулахаар болсон.

1.2. “Б-” ХХК нь 2 индүүдэгч машиныг Улаанбаатар хотоос өөрсдийн зардлаар Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг руу ажлын талбай руу авч явсан. Түрээсийн төлбөрийн урьдчилгаа 20,000,000 төгрөг төлсөн. Гэвч гэрээний явцад “Б-” ХХК нь төлбөр төлөх болон техникийг Улаанбаатар хот руу зөөвөрлөх шатахууны барьцаа төлбөрийг байршуулах үүргээ огт биелүүлээгүй.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс техникээ түрээслэгч байгууллагад ашиглуулахаа больж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрсдийн зардлаар түрээслүүлсэн 2 индүүдэгч автомашиныг хот руу ачуулсан. Техникийг ажлын талбайгаас Улаанбаатар хот руу зөөвөрлөхөд гарсан 4,000,000 төгрөгөөс “Б-” ХХК нь 616,000 төгрөгийн үнэ бүхий 280 литр түлш болон 1,000,000 төгрөгийг төлсөн.

1.3. “Б-” ХХК-аас 2 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 44,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 3,200,000 төгрөг /1 өдрийн 1,066,667 төгрөг/, техникийг ажлын талбайгаас Улаанбаатар хот руу зөөвөрлөхөд гарсан зардлын үлдэгдэл 2,384,000 төгрөг, нийт 50,740,400 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр хоёр индүүдэгч машиныг 70 хоногийн хугацаатай буюу 2 сар 10 хоногийн хугацаатай түрээслэхээр талууд тохиролцсон. Үүний дагуу түрээсийн нэг сарын төлбөр 32,000,000 төгрөг, хоёр сарын төлбөр нийт 64,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдөр бол 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн. Мөн тухайн тээврийн Дашбалбар сум руу зөөж тээвэрлэхэд түлшний зардалд 2,000,000 төгрөгийг төлсөн.

2.2. Гэрээний 5.1.2-т гэрээний нөхцөлийг бүрэн хангасан, ажил гүйцэтгэх боломжтой эвдрэлгүй тээврийн хэрэгслийг түрээслэгч тал хариуцна гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслүүд нь ажлын талбай дээр ажил гүйцэтгэх боломжгүй буюу нэг 64-24 УН улсын дугаартай, нөгөө нь улсын дугааргүй индүүдэгч машин байсан. Улсын дугааргүй индүүдэгч машин нь техникийн эвдрэлтэй байсан.

2.3. Иймд талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш түрээсийн хугацаа тоологдох ба энэ хугацаанд түрээсийн хугацаа тоологдохгүй байсан. Манай тал нийт 34 хоногийн хугацаанд ажил хийж гүйцэтгэсэн. Энэ 34 хоногоос 16 хоног нь ажилд огт гараагүй, 15 хоногт нь Дашбалбар сумд бороо, цас орсон нь тогтоогдсон. Гэрээний 6.4-т “түрээслэгчээс шалтгаалсан техникийн эвдрэл гэмтэл мөн бусад шалтгаанаас ажилд гаралгүй зогссон тохиолдолд гэрээний төлбөрөөс хасаж тооцно” гэсэн заалт байгаа. 64,000,000 төгрөгийг 70 хоногт хувааж үзвэл нэг өдрийн 914,285 төгрөг, үүнийг 34 өдөр өдөрт үржүүлэхэд 31,110,000 төгрөг, үүнээс 20,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 11,110,000 төгрөг, замын зардал 2,384,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Б-” ХХК-аас 50,740,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 411,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.1. Хэрэгт авагдсан Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв газраас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаар албан бичгийн хавсралтаар дээрх ажил гүйцэтгэх хугацаанд буюу 2021 оны 9-10 сарын хугацаанд нийтдээ 13 өдөрт нь аадар бороо болон бороо орсон нь тухайн цаг уурын тодорхойлолтоор нотлогдож байхад шүүх хариуцагчийг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн нотлох баримтад огт хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ.

Түрээсийн гэрээний хугацаанд үргэлжилсэн бороо орсон нь уг гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй, талуудаас шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн байхад шүүх гэрээнд давагдашгүй /бороо орох/ хүчин зүйлсийн талаар тусгаагүй гэж дүгнэсэн учир дутагдалтай.

4.2. Түрээсийн гэрээний 7.2-т “...Эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн гэрчилгээ нь давагдашгүй хүчин зүйл байсан, мөн үргэлжилсэн хугацааны хангалттай нотолгоо болно” гэж заасны дагуу Дорнод аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв байгууллагаас ирүүлсэн баримтаар давагдашгүй хүчин зүйл байсан болох нь нотлогдож байхад шүүх гэрээнд тусгаагүй гэж дүгнэсэн нь үгүйсгэгдэж байна.

Түрээсийн гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил нь өөрөө далангийн шороо дүүргэх, түрж индүүдэх /нягтаршуулах/ онцлогтой буюу бороо ороход ажлыг хийх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаад байхад шүүх талуудын тайлбарыг нотлох баримттай нэг бүрчлэн харьцуулж үзсэнгүй хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Хэрэгт авагдсан Ус цаг уурын нотлох баримтаар 13 хоногт бороо орсон буюу ажил гүйцэтгээгүй хугацааг тооцож үзвэл 11,885,705 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин үлдэх 38,254,695 төгрөгийг төлөхөд маргахгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа 11,885,705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчаас Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв байгууллагаас ирүүлсэн албан бичгийг давагдашгүй нөхцөл байдал бий болсон болохыг нотолсон баримт гэж тайлбарладаг боловч үүгээр нотлогддоггүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд бороо орсны улмаас ажил хийгдээгүй бол төлбөр тооцоо зогсох талаар тохиролцоогүй. Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон зүйл байхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давагдашгүй нөхцөл байдал бий болсон гэдэг нь үндэслэлгүй.

Мөн гэрч нар хэдэн өдөр ажилласан, борооны улмаас хэдэн өдөр ажиллаагүй талаар мэдүүлсэн. 13 хоног бороо орсон учраас ажил зогсоогүй гэдгийг хариуцагч бүрэн нотлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 50,740,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үүрэгт 13,494,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А-” ХХК болон “Б-” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, түрээслүүлэгч “А-” ХХК - УН улсын дугаартай индүүдэгч машиныг жолоочийн хамт 70 хоногийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 32,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байх ба гэрээнд заагаагүй улсын дугааргүй индүүдэгч машиныг мөн түрээслүүлсэн талаар талууд маргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.  

Түрээслүүлэгч тал 2 индүүдэгч машиныг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн, түрээслэгч тал гэрээний урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.1. Түрээсийн гэрээний 4.1.1-д “Ажлын талбайд ажил гүйцэтгэж эхлэхэд бэлэн болсон хугацаа буюу 08 дугаар сарын 12-ны өдөр болно” гэж заасан байх ба гэрч Б.Тэрбишийн мэдүүлэгт: “Дундговь аймгаас зүүн хойшоо 120 км сайжруулах шороон зам тавих ажлыг хийхээр 2021 оны 08 сарын 12-ны өдөр очиж, 2021 оны 08 сарын 13-ны өдрөөс ажлаа эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад түрээсээ өгөөгүй гээд ажил зогссон” гэх, гэрч Н.Батсайханы мэдүүлэгт: “2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Мардайгаас Дорнод руу далан барьж дуусгасан” гэсэнтэй харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч талыг түрээсийн зүйл болох 2 индүүдэгч машиныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж дүгнэнэ.

 

4.2. Хариуцагч тал дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй байх тул гэрээний зүйлийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан гэх тайлбараа нотлохгүй байна.

 

4.3. Дээрх баримтаар түрээсийн гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цуцалж дуусгавар болжээ.

 

4.4. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй юм.

 

4.5. Гэрээний 7.1-д “Гэрээнд оролцогчдын хүсэл зоригийн гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй, дайн байлдаан, иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт, бүслэлт, хориг, газар хөдлөлт, усны үер, гал түймэр, бусад байгалийн аюулт үзэгдэл зэрэг нөхцөл байдлын улмаас гэрээг биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний оролцогчид харилцан хариуцлага хүлээхгүй” гэж тохиролцсон байна.

Дашбалбар суманд бороо орсон гэсэн тайлбараа хариуцагчийг нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 тоот албан бичгээр гаргасан “Дашбалбар сумын 9, 10 дугаар сарын цаг уурын байдал гэх баримтаас үзвэл аадар бороо 09 дүгээр сарын 04-ний өдөр 7 цаг үргэлжлэн орсон, бороо мөн сарын 05-ны өдөр 3 цаг, 06-ны өдөр 1 цаг, 07-ны өдөр 2 цагаар орсон, аадар бороо 08-ны өдөр 1 цаг орсон, 09-ний өдөр бороо 6 цаг, 12-ны өдөр 10 цаг, 14-ний өдөр 1 цаг, 15-ны өдөр 6 цаг, 17-ны өдөр аадар бороо 1 цаг, 18-ны өдөр бороо 3 цаг, 22-ны өдөр аадар бороо 1 цаг, 25-ны өдөр бороо 7 цаг, 26-ны өдөр бороо 3 цаг орсон гэж тодорхойлжээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ гэж тайлбарласан байх ба аадар бороо болон ердийн бороог аюулт үзэгдэлд тооцохгүй байна.

 

Түүнээс гадна талууд гэрээний 7.1-д заасан аюулт үзэгдэлд ямар нөхцөл байдлыг оруулан тооцохыг харилцан тохиролцоогүй байна.

Иймд 2021 оны 09 дүгээр сард Дашбалбар суманд орсон бороог аюулт үзэгдэлд тооцож түрээсийн төлбөрийн үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4.6. Гэрээний 2.2-т зааснаар түрээсийн төлбөрийг сарын 32,000,000 төгрөг, нийт 64,000,000 төгрөгөөр тохиролцсон байх тул мөн оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд 3,200,000 төгрөгөөр тооцож, нийт төлбөл зохих үүрэг болох 67,200,000 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг хасч 47,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

5. Гэрээний зүйл болох 2 индүүдэгч машиныг тээвэрлэхтэй холбоотой гарсан зардал 2,384,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй боловч шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн заалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заана гэснийг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

6. Анхан шатны шүүх хариуцагч талаас алдангид 1,156,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлах байтал маргаанд хамааралгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг зохицуулсан мөн зүйлийн 7.1.4-т заасныг баримталсан нь буруу болсныг залруулав.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтыг буруу баримталсныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “318 дугаар зүйлийн 318.1” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.3” гэж нэмж, 2 дахь заалтын “7.1.4” гэснийг “7.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА