Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 229

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Бд холбогдох 1830003290235 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутал засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  М.Б.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг .... тоотод эхнэр Ш.Нг зодож, эрүүл мэндэд нь тархины аалзан хальсан доорх цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Айлын найранд ороод гэртээ нэлээн согтуу ирсэн. Гэрт хүү байхгүй байсан. Эхнэр бид хоёр жижиг шилтэй архи байсныг хувааж уусан. Юу болсныг  санахгүй байна. Өмнө нь айлд байхдаа муудаагүй, зодсон шалтгаанаа мэдэхгүй байна. Хийсэн үйлдэлдээ өөртөө гомдож, харамсаж байна.Одоо архи уухгүй, эхнэрээ зодохгүй...гэв.

 

- Яллагдагч М.Бгийн: 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөө байдаг хадам эгчийн охины бэр гуйх ёслолд оролцоод орой 20-21 цагийн орчим гэртээ ирсэн. Эхнэр бид хоёр хөдөө найран дээр байхдаа бага зэрэг архи уусан юм. Би бол архи уухаараа зарим болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа. Эхнэр бид хоёр гэртээ ороод гэрт байсан Ерөөл нэртэй 0.33 литрийн шилтэй архийг хувааж уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө сэрэхэд манай эхнэр Ш.Нгийн дээд уруул нь хөхөрсөн харагдсан. Би эхнэрээсээ асуутал өчигдөр шөнө архи ууж байгаад цохисон гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 2, 3 хоног ажилдаа явж байгаад 2018 оны 10 дугаар сарын 23-ны шөнө үүрээр 05 цагийн орчим унтаж байтал манай эхнэр миний бие эвгүй байна гэхээр эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Тэгээд үзүүлтэл тархиндаа гэмтэл авсан байна гээд тэр өдрөө Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан. Ш.Нгийн тархинд учруулсан гэмтлийг би учруулсан гэж бодож байна. Би тухайн үед архи уусан согтуу байсан болохоор санахгүй байна. Архи ууж байхад манай эхнэрийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй зүгээр байсан. Харин маргааш өглөө нь сэрэхэд дээд урууланд нь гэмтэл учирсан байсан. Эхнэр бид хоёр гутал засварын газарт хамт ажилладаг болохоор өглөө цуг гараад орой хамт гэр рүүгээ цуг явдаг. Тэр хооронд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй...гэх мэдүүлэг /хх-33-34/,

 

- Хохирогч Ш.Нгийн: Нөхөр бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  аймгаас урагш байдаг өөрийн төрсөн эгчийнхээ гэррүү явсан юм. Явсан шалтгаан гэвэл 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай эгчийн охиныг бэр гуйхаар Архангай аймгаас хүмүүс ирэх гэж байсан тул бэлтгэл ажилд нь туслахаар өмнөх өдөр нь явсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бэр гуйх ёслолд оролцчихоод орой 20 цагийн орчим аймагт гэртээ нөхөр М.Б бид хоёр, дүү Үгаар хүргүүлсэн юм. Хөдөөнөөс ирэхдээ нөхөр бид хоёр бага зэрэг архи уучихсан байсан бөгөөд гэртээ байсан 0.33 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж ууж архиндаа согтсон. Тухайн үед болж өнгөрсөн асуудлын талаар санахгүй байгаа. Ямар ч байсан манай нөхөр М.Б нь миний баруун талын чамархай, дээд уруул, зүүн гарын бугалаг хэсэгт гараараа цохиж бага зэрэг хөхөрсөн байсан. Тэгээд бид хоёр тэр оройдоо унтаж амраад маргааш өглөө нь бид хоёр ажилдаа явсан. Тухайн үед толгой бага зэрэг өвдөөд байхаар нь эм уугаад яваад байсан юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн орчим миний толгой өвдөж, зүрх дэлсээд байхаар нь эмнэлэгт үзүүлтэл намайг тархиндаа гэмтэлтэй байна гээд шууд Улаанбаатар хотруу авч явсан. Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны  хооронд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр шөнө аймагт ирж байна. Манай нөхөр М.Б нь архи уухаараа бага зэрэг агсан согтуу тавиад байдаг юм. Тэгж байгаад л намайг цохисон байх. Харин ямар учраас зодож цохисон талаар мэдэхгүй байна. Тархиндаа цус харвалт гэсэн оноштой аймгаас явсан. Хотод мөн адил оноштой эмнэлэгт хэвтсэн. Харин хагалгаа хийх шаардлагагүй гээд хагалаа хийгээгүй. Хурсан цус нь шимэгдсэн гээд эмнэлгээс гарсан. ... Миний дээд уруул, баруун чамархай хэсэгт, мөн  зүүн гарын бугалга хэсэгт цохисон байсан.  Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ямар нэгэн байдлаар тархиндаа гэмтэл аваагүй...гэх мэдүүлэг /хх-04-06 /, 

 

- Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13187 дугаартай дүгнэлтэнд:  Ш.Нгийн биед  тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 14/,

 

-Гэмтэл Согог Үндэсний төвийн 2018.11.01-ний өдрийн Компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 15/

 

- Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-ийн 16/

 

- Ш.Нгийн 13850 дугаартай Өвчний түүх /хх-ийн 20-27/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018.11.30-ны өдрийн 7/785 дугаартай тодорхойлолт /хх-ийн 35/,

 

- Шүүгдэгч М.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-36/

 

- М.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ 

 

- М.Б, Ш.Н нарын 62 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 37/

 

- Хохирогч Ш.Нд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 41/ 

 

- Яллагдагч М.Бд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 40/ 

 

- М.Бгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 45/ 

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал №114/ хх-47 / зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны оройн 20.00 цагийн орчимд  согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг .... тоотод эхнэр Ш.Нг зодож, эрүүл мэндэд нь “ тархины аалзан хальсан доорх цус харвалт “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь М.Бгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.Нгийн мэдүүлэг, Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13187 дугаартай дүгнэлт, Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, хохирогч Ш.Нгийн Өвчний түүх зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

        Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч М.Б нь эхнэр Ш.Нгийн хамт архи ууж хэт согтуурснаас ямар нэгэн шалтгаангүйгээр эхнэрээ зодсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ Эхнэр бид хоёр хөдөө найран дээр бага зэрэг архи уусан. Гэртээ ороод Ерөөл нэртэй 0.33 литрийн шилтэй архийг хувааж уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө сэрэхэд манай эхнэр Ш.Нгийн дээд уруул нь хөхөрсөн харагдсан. Би эхнэрээсээ асуутал өчигдөр шөнө архи ууж байгаад цохисон гэж хэлсэн. Архи ууж байхад манай эхнэрийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй зүгээр байсан. Эхнэр бид хоёр гутал засварын газарт хамт ажилладаг болохоор өглөө цуг гараад орой хамт гэр рүүгээ цуг явдаг. Тэр хооронд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй“  гэх, хохирогч Ш.Нгийн “ хөдөөнөөс ирэхдээ нөхөр бид хоёр бага зэрэг архи уучихсан байсан.Гэртээ байсан 0.33 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж ууж архиндаа согтсон. Тухайн үед болж өнгөрсөн асуудлын талаар санахгүй байгаа. Ямар ч байсан манай нөхөр М.Б нь миний баруун талын чамархай, дээд уруул, зүүн гарын бугалаг хэсэгт гараараа цохиж бага зэрэг хөхөрсөн байсан. 2018 оны 10 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн орчим миний толгой өвдөж, зүрх дэлсээд байхаар нь эмнэлэгт үзүүлтэл намайг тархиндаа гэмтэлтэй байна гэсэн. Манай нөхөр М.Б нь архи уухаараа бага зэрэг агсан согтуу тавиад байдаг юм. Тэгж байгаад л намайг цохисон байх. Харин ямар учраас зодож цохисон талаар мэдэхгүй байна “ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдоно.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч М.Бгийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ш.Н нь хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ

 

Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.            

 

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

Дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч М.Бгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ш.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт газарт гаргасан зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

М.Б нь хувиараа гутал засварчин хийдэг, орлогыг тодорхойлох боломжгүй ажил эрхэлдэг байх тул түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч М.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүхийн шатанд ялтан М.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Б дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Ялтан М.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ш.Н нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН