| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0211/э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 230
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1830000000243 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ял, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь архи уусан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг ... тоотод байх гэртээ эхнэр С.Бг гэртээ хоносонгүй гэдгээр шалтаглан зодож, халуун савтай цайг авч шидсэнээс эрүүл мэндэд нь “цээжний хэсгийн зүүн хэсэг, зүүн бугалганд түлэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх орой нь би аргал түлээндээ явсан. Тэр орой манай эхнэр гэртээ ирээгүй. Би маргааш орой нь гэртээ очоогүй. Тэгээд нөгөөдөр нь хэрүүл болсон. Чам шиг тагжийсан залуутай суусандаа харамсаж байна, чамаас сайхан бие хаатай залуучууд зөндөө байна гэж доромжлоод байсан. Тэгэхээр нь халуун цай авч шидсэн гэв.
Эрүүгийн 1830000000243 дугаартай хэргээс:
- Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой найзынхаа төрсөн өдөрт очиж тэмдэглэж байгаад тэр айлдаа хоносон юм. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой манай нөхөр Б.Б нь гэртээ ирж хоноогүй. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 00 цагийн орчим гэртээ ганцаараа согтуу орж ирээд намайг хаагуур хоносон гээд байхаар нь би найзындаа хоносон гэтэл намайг үгүйсгэж, намайг хүнтэй явалддаг янхан гичий гэх мэтээр доромжлоод байсан. Мөн манай нөхөр Б.Б нь хүнээс бярууны мөнгө аваад бяруугаа өгөөгүй байгаа юм. Би тухайн үед бяруу авах хүн чинь надаас мөнгөө нэхээд байна, мөнгийг нь өг гэтэл чи өөрөө биеэрээ төл гэж намайг доромжилж намайг гэрээсээ хөөсөн юм. Би явахгүй чи өөрөө яв гэтэл ширээн дээр байсан халуун савтай сүүтэй цайг надруу шидэж миний зүүн суга орчим хэсгээс хэвлий хүртэл түлсэн. Би тухайн үед орон дээрээ нимгэн унтлагын хувцастай сууж байсан юм. Үүнээс болж би чи дандаа хүн ингэж доромжилж агсан согтуу тавьлаа гээд бостол намайг үсдэж гараараа толгой руу цохиж зодсон. Тэгээд шөнө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний толгой руу 1 удаа гараараа цохисон. Тэгэхдээ надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би энэ талаараа ч шүүх эмнэлгийн эмчид хэлж дүгнэлтэнд тусгуулаагүй. Би Б.Баас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Миний зүгээс гаргах гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 620 дугаартай дүгнэлтдээ: “1.С.Бгийн биед цээжний хэсгийн зүүн хэсэг, зүүн бугалганд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 10/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/881 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26/,
- Хохирогч С.Бгийн хохирол, гомдолгүй тул хэргийг түргэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 32/,
- Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б нь архи уусан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг ... тоотод гэртээ эхнэр С.Бг гэртээ хоносонгүй гэдгээр шалтаглан халуун савтай цайг авч шидэн зодож, эрүүл мэндэд нь “цээжний хэсгийн зүүн хэсэг, зүүн бугалганд түлэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, шинжээчийн 620 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Бын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Бг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал болон мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бт оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА