Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00721

 

                                                      Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00067 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 580 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Хас банк ХХК,

Хариуцагч : Г.Ганчулуун,

Нэхэмжлэлийн шаардлага: 15.688 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Туул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008.10.15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 15.384 ам.долларын зээлийг жилийн 9.36 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар хариуцагч авсан. Барьцаанд улсын бүртгэлийн, Хэнтий аймаг Бор-Өндөр 2 дугаар хэсэг, 41 дүгээр байрны 5 тоот, 51 м.кв талбайтай, 2 өрөө орон барьцаалсан. Зээлдэгч Г.Ганчулуун зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг үүрэгтэй боловч зээлээс 6646 ам доллар 56 цент төлж, 2013.8.23-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө 1117 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Иймд Г.Ганчулуунаас үндсэн зээл 12.140  ам доллар 19 цент, хүү 3497 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 51 ам.доллар, нийт 15.688 ам.доллар гаргуулж, барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 6 сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Хас банкны салбар үүсгэн байгуулагдаж, тухайн салбарын захирлаар томилогдсон. Би орон сууцаа 22.000.000 төгрөгөөр авах болж урьдчилгаа 4.400.000 төгрөгийг өөрөөсөө гарган 18.000.000 төгрөгийн зээл хүссэн. Хэнтий аймгийн Хас банкны Бор-Өндөр салбар буюу 43 дугаар тооцооны төвийн 20000043 тоот миний төгрөгийн харилцах данс руу 17.591.494 төгрөгийг бэлэн мөнгө гаргасны шимтгэл нь хасагдаж, шилжиж ирснийг байрны эзэнд шилжүүлсэн. Миний бие орон сууцны зээлийг төгрөгөөр хүссэн боловч банк зээлийн данс үүсгэхдээ долларын зээлийн данс нээсэн байсан. Энэ нь хувь хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр бөгөөд миний бие зээлийн үндсэн төлбөр хүү, алдангийг төлөхгүй гэж маргаж байгаагүй байнга төлж байсан, 2013.8.19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш зээлийг төлөөгүй. Нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцооны хувьд маргаан байхгүй харин Иргэний хуулийн 217.218 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний үүрэг үүсэх үеийн долларын ханшаар тооцож төлөхөд татгалзах зүйлгүй. Учир нь бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдахад 1 ам.долларын ханш 1.144 төгрөг байсан. Би 2008.10.17-ны өдөр зээл авч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 1.117 хоногт бодогдох хүү 4.033.233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 806.646 төгрөг, үндсэн зээл 13.887.589 төгрөг, нийт 18.727.468 төгрөг төлөх ёстой гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00067 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Г.Ганчулуунаас 15.688,19 ам доллар буюу 35.026.237 төгрөг гаргуулан Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Хэнтий аймаг, Бор-Өндөр 2 дугаар хэсэг, 41 дүгээр байр 05 тоотод байрлах, 51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.Ганчулуунаас 333.081 төгрөг гаргуулан Хас банкинд олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 333.081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 580 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00067 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...453 дугаар зүйлийн 453.1...” гэснийг “...452 дугаар зүйлийн 452.2...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ганчулуун 2008 онд зээл хүсэхдээ төгрөгийн зээл хүссэн өргөдөл байдаг. Ам.долларын зээлийн гэрээ байгуулсан хэдий ч харилцагчийн зөвшөөрөлгүй  тухайн үеийн банкны бэлэн бус долларын ханшаар хөрвүүлсэн Г.Ганчулууны харилцах дансад хийсэн 17591494 төгрөг дансруу орсон байдаг. Гэтэл Иргэний хуулийн 218.1-д заасан мөнгөний ханш өссөн буурсан бол төлөх өдрийн бус харин гэрээ байгуулсан өдрийн ханш тооцхоор заасан байна. Г.Ганчулуун хүлээн зөвшөөрсөн 17078948 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анх авсан үнийн дүнгийн 50 хувь хэтрэхгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага зөв тодорхойлохгүй байж анх авсан үнийн дүнгээ 2-3 дахин нэмж төлүүлэхээр үнийн дүн гарч байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Хас банк нь Г.Ганчулуунаас үндсэн зээл 12140,19 ам.доллар хүү 3497 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 51 ам.доллар, нийт 15688,19 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-г үндэслэн Г.Ганчулуунаас 15688,19 ам доллар буюу 35.026.237 төгрөг гаргуулан Хас банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг Хэнтий аймаг, Бор-Өндөр 2 дугаар хэсэг, 41 дүгээр байр 05 тоот орон сууцаар хангахыг заасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт баримталсан хуулийн зүйл заалтыг өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зохигчид 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 93000189 дугаартай гэрээ байгуулж, Хас банк Г.Ганчулуунд 15384 ам.долларыг нэг жилийн 9.36 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлүүлэх, хариуцагч зээлийг хүлээн авах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 2-р хорооны 41-05 тоот орон сууцыг барьцаалах талаар тохиролцсон нь тогтоогджээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ  хүчин төгөлдөр байх тул  зохигчид гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байна.

Зээлдэгч нь зээлийг америк доллараар тооцсоныг зөвшөөрөхгүй, маргасан боловч энэ тухай тайлбараа нотлож чадаагүй байна.    

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшны тухай зохицуулсан, уг зүйлд гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй тул энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй. Америк долларыг монгол төгрөгт хөрвүүлэхдээ ханшийг зээл авсан өдрийн ханшаар тооцох нь  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т нийцэхгүй. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төлбөрийг америк доллараар төлөхийг шаардах эрхтэй.      

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт ногдох америк долларыг зээлийн гэрээ байгуулсан 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ханшаар тооцон төлнө гэж маргаж буй нь үндэслэлгүй тул Г.Ганчулуун үндсэн зээлийн үлдэгдэл 12140,19 ам доллар, хүү 3497 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 51 ам доллар нийт 15688,19 ам долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, хяналтын шатны шүүхэд гаргасан  хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй .

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөр төлөх хугацааг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ. Зохигчид 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 93000189 дугаар гэрээний 3.1.-т зээлийн үүргийг хэсэгчлэн төлөх, төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байна. 

Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 580 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 243.345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ