Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1120

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02377 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үр дүнгийн гэрээний урьдчилгаа болгон олгосон 1 050 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагад Хүний нөөцийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн боловч тохиролцсон урамшуулалт цалингаа өгөхгүй байснаас эрх ашгийн зөрчил үүсч тайлбар хүсэхэд маргаан болон хувирч ажил олгогч тал өөрийн үзэмжээр нотлох баримтгүйгээр бодит байдлыг эсрэгээр нь тайлбарласан шийдвэрүүд гаргасан. Сахилгын нэг зөрчилд буюу ажлын тайлбар тавьснаас үүдэн удирдлагын өөдөөс зүй бус харьцсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулсан, баримтаар нотлогдохгүй үндэслэл дэвшүүлж сахилгын шийтгэлийг ногдуулан ажлаас үндэслэлгүй халсан тул хүний нөөцийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс Хийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хүний нөөцийн газарт ахлах менежерээр авч ажиллуулсан. Байгууллагын хүний нөөцийн ажилтан менежерийн үндсэн үүрэг нь тухай байгууллагад Хөдөлмөрийн хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг зохих ёсоор мөрдүүлэх, ажилтны сахилга бат, ёс зүйг зөв төлөвшүүлэх, байгууллагын соёлыг бүрдүүлэх явдал юм. Гэтэл Х нь эдгээр үндсэн үүргээ үл биелүүлж ирснийг түүнд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах явцад олж мэдсэн. Х нь хүний нөөцийн ахлах менежерээр ажиллахдаа өөрийн хувийн хэргийн бүрдлээ бүрдүүлээгүй, түүний ажил мэргэжил, харилцааны соёл, ёс зүйг тодорхойлох баримтын бүрдлийг бидэнд өгөөгүйгээс манай компани түүний ажил мэргэжил, харилцааны соёл, ёс зүйг мэдэх боломжгүй байдалд орж төөрөгдсөн гэж үздэг. Хт сахилгын шийтгэл ногдуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсноо тайлбарлахад ерөнхий захирлын зүгээс түүнд өгсөн үндсэн үүрэг групп компанийн нийт ажилтнуудын цалин, урамшууллын системийг боловсронгуй болгох зорилгоор сайжруулах, шинэчлэн батлах ажил байсан юм. Энэхүү ажлын хүрээнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж буй ажилтай хэд хэдэн удаа уулзаж танилцсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, алдаатай байсныг засварлах, сайжруулах талаар санал шаардлагыг биелүүлээгүйгээр барахгүй харин ч ерөнхий захиралтай удаа дараа хэрэлдэж, ёс зүйгүй харьцсан үйлдэл гаргасан байдаг. Мөн компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 29, хөдөлмөрийн гэрээний 5 дахь заалтыг зөрчсөн тул 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-65 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай үндсэн цалинг 20 хувиар бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан. Хийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б-66 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь өмнөх тушаалын үндэслэлтэй холбоогүй, и-мэйлээр үндэслэлгүй зүйл бичиж бусдыг гүтгэн доромжилж, ёс зүйгүй аашилсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 12 дугаар сарын 4, 7-ны өдрүүдэд ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.6.13 дахь заалтыг үндэслэн өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, компанийн өмчлөлийн эд хөрөнгө, түүний дотор нууцын зэрэглэл бүхий мэдээллийн сан бүхий компьютерийг зөвшөөрөлгүй авч явсан, сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь менежментийн зөвлөгөө үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй компани бөгөөд харилцан хамаарал бүхий компаниуд болох “ХХХ” ХХК, “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК-иудад менежментийн бодлого, удирдлага арга зүйгээр ханган ажилладаг. Компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд бид түүнтэй тодорхой нөхцөлөөр үр дүнгийн урамшууллын буюу групп компанийн ашиг бизнес төлөвлөгөөний 80 хувьд хүрсэн тохиолдолд тус урамшууллын 60 хувийг олгох бөгөөд үлдэгдэл 40 хувийг нэрийн дансанд хадгаламж үүсгэн хадгалж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хугацааны үечлэлтэйгээр олгохоор харилцан тохиролцсон болно. Бид Хийн хүсэлтийг үндэслэн гэрээний дагуу олгогдох 60 хувийг буюу 1 050 000 төгрөгийг урьдчилан олгосон боловч 2015 оны тайлангаар нийт групп компанийн ашиг 57.7 хувьтай гарч урамшуулал олгогдохгүй нөхцөл байдал үүссэн тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Захирал ХХХХХгийн саналын дагуу бид тохиролцсоны үндсэн дээр үр дүнгийн урамшууллыг хугацааны төгсгөлд бус сар бүр хувьчлан олгож байхаар болсон юм. Энэ миний урьд авч байсан цалин хангамжийн хэмжээнд ойртуулах, сар бүр 3 500 000 -4 000 000 төгрөгийн хооронд байлгах зорилготой бөгөөд мөнгөний шаардлага гараад би хүсэлт тавьсан хэрэг биш, тэгээд ч компани ашгийн төлөвлөгөөндөө хүрэхгүй гэдгийг хариуцагч сайн мэдэж байсан нь харагдаж байна. Хэдий тийм боловч 2015 оны 9, 10 дугаар саруудад тооцож үр дүнгийн урамшуулалын 1 050 000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд ашиг гараагүй нь тодорхой баримтаар нотлогдвол хасаж тооцуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хийг “ХХХ” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежерийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10 563 636 төгрөгийг хариуцагч “ХХХ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Хаас 1 050 000 төгрөг гаргуулан хариуцагч “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч “ХХХ” ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 183 968 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хаас 29 750 төгрөг гаргуулан хариуцагч “ХХХ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч Хийг “ХХХ” ХХК-ийн хүнийн нөөцийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10 563 636 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэсэн хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Х нь 2015 оны 12 дугаар сарын 4, 7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ба тус компаний Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.14-т “долоо хоногт хоёр буюу түүнээш өдрийн ажил тасалсан үйлдэл”-ийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. Тодруулбал, ажилтны өдөр тутмын ирцийн жагсаалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн бүртгэл нь “ирсэн 09 цаг 00 минут, явсан 18 цаг 00 минут” гэж тэмдэглэгдсэн нь эргэлзээтэй, харин бусад өдрийн ирсэн явсан цаг нь “08 цаг 24 минут, 18 цаг 48 минут” гэх зэргээр тэмдэглэгдсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлын хувьд хариуцагч нь “хүний нөөцийн ахлах менежер цагийн бүртгэлийг засах эрхтэй байдаг. Х нь өөрийн цагийн бүртгэлийг зассан” хэмээн маргаж байхад шүүх “2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүтэн ажилласан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Х тухайн өдөр ажилтай байсан гэх “е-мэйл” нь нотлох баримтын шаардлага хангахгүй юм.

Х нь Ерөнхий захиралтай ёс зүйгүй харилцаж, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б-65 дугаар тушаал гарсан ба мөн Х нь 2015 оны 12 дугаар сарын 4, 7-ны өдөр ажил тасалсан, өөрийн Хөдөлмөрийн гэрээ болон тушаалын хүчин төгөлдөр байдлыг хангаагүй, ажилд жинхлэн томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээг хугацаанд батлуулаагүй зэрэг зөрчлийн улмаас мөн сарын 8-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах тухай Б-66 дугаар тушаал гарсан байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан” гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх хуулийн шаарлага хангасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан “цахим шуудан”-гийн хуулбарууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Х нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтанд урьдчилан олгосон урамшуулал 1 050 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь жинхлэн ажиллуулах тухай хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-64 дүгээр тушаалуудын хуулбар нь нотариатаар гэрчлүүлэх бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй, түүнийг хүний нөөцийн ахлах менежерийн ажилд 2015 оны 6 дугаар сарны 02-ны өдрөөс туршилтын хугацаагаар томилсон 30 дугаар тушаал хэрэгт авагдаагүй байх боловч, эдгээр үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар тушаалаар Хийг хүний нөөцийн ахлах менежерийн ажилд туршилтын хугацаагаар авч, мөн өдрөөс 3 сарын хугацаатай 07 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс жинхлэн ажиллуулахаар 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-64 дүгээр тушаалыг гаргажээ.

 

Түүнчлэн хариуцагч “ХХХ” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-65 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.3.4, 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг баримтлан Хийг удаа дараа ерөнхий захиралтай ёс зүйгүй харилцсан, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр сарын үндсэн цалинг 20 хүртэл хувиар, 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б-66 дугаар тушаалаар сахилгын шийтгэл давтан гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 12 дугаар сарын 04, 07-ны өдрүүдэд ажил тасалсан, компанийн нууцлал бүхий мэдээлэлтэй зөөврийн компьютерийг дур мэдэн авч явсан зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг хүний нөөцийн ахлах менежерийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Дээрх 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-65, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б-66 дугаар тушаалуудад “өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагатайгаа зүй бус харьцаж сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба сахилгын зөрчил гаргасан гэх хуанлийн ажлын өдөр, сахилгын шийтгэл оногдуулсан цаг, хугацааны хувьд харьцуулан үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно” гэж, хариуцагч “ХХХ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.15, 4.1.17 дэх хэсгүүдэд ажилтны эрх, үүргийг тодорхойлсон, 21 дүгээр зүйлийн 21.3.9, 21.3.14 дэх хэсгүүдэд “компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, үйл ажиллагаанд ноцтой хор уршиг, саад тотгор үүсэхүйц алдаа гаргасан”, “шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш удаа ажил тасалсан бол ноцтой зөрчил гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 04, 07-ны өдрүүдэд ажил тасалсан, хүний нөөцийн ахлах менежер нь цагийн бүртгэлийг засах эрх бүхий этгээд тул 04-ний өдрийн цагийн бүртгэлийг бүтэн ажилласан болгож өөрөө зассан гэж хариуцагч маргаж байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт авагдсан цагийн бүртгэл нь бичгийн нотлох баримтын хуулбарыг нотариатаар гэрчүүлсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн нууцлал бүхий мэдээлэлтэй зөөврийн компьютерийг дур мэдэн авч явсан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгэт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Талууд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Үр дүнгийн урамшууллын гэрээгээр компанийн жилийн ашиг 80 хувьд хүрсэн тохиолдолд ажилтанд жил бүрийн 3 дугаар сард урамшууллын 60 хувийг олгохоор тохиролцсон болон нэхэмжлэгч нь урамшуулал авах хугацаанд ажиллаагүй, урамшуулал олгох хугацаа болоогүй байхад урьдчилж 1 050 000 төгрөг авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргахгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан зэргээс дүгнэвэл сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч “ХХХ” ХХК-нд даалгаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байхаас гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байхад түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63 750 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгож шийдвэрлээгүй нь буруу болжээ. 

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02377 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “128.1.2” гэсний дараа “46 дугаар зүйлийн 46.2” гэж нэмж,

2 дахь заалтын  “41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн” гэснийг “41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамаас чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63 750 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ХХХ” ХХК-иас төлсөн 183 968 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧИД                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                        С.ЭНХТӨР