Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 232

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Б,                                                                                                                       

 Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

 Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1830003550250 дугаартай  хэргийг  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр баг О гэх газар нутаглах, ял шийтгэлгүй, /рд:ЛЮ95060216/ Г.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

  Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төв 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас У.Бын хониноос 1 бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

  Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 05-нд Бын хонь ойрхон болохоор нь нэг хонь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

  Эрүүгийн 1830003550250 дугаартай хэргээс:  

 

  - Хохирогч У.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газар мал маллаж аж төрдөг юм. Би хонио 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тоолоход бүрэн байсан юм. Тэгээд 11 дүгээр сарын 10-ны өдөр хонио ахиж тоолоход нэг тооны хонь хулгайд алдагдсан байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа юм. Өрөөсөн нүд чих хар, нөгөө тал нь цагаан, баруун чих сам имтэй бөгсөн дээгүүрээ хөндлөн цэнхэр будагтай хонь юм. Зах зээлийн ханшаар үнэлнэ. Хулгайд алдагдсан төлгөө буцааж авсан, надад одоо гомдолгүй, хуулийн дагуу асуудлаа шийдүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 06/,

 

 - Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Г.Б гэх хүнийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Б надад 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 ямаа, нэг хоньтой авчирч өгсөн тухайн үед харин ямар мал өгсөн талаар нь  би зүсээр нь мэдэхгүй байна. У.Б манай хониноос хонио зүсээр нь авсан, Г.Б надад орон төлгийг авчирч өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

 - Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 29/,

 - Баяндэлгэр сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25, 31/,

 - Шүүгдэгч Г.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38/,

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-40/,

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/55 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-39/,

 - Шүүгдэгч Г.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/зэрэг баримтууд болно.

 

 Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас У.Бын 1 /нэг/ хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.Б, гэрч Б.Н нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.Бийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч У.Бын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Г.Б нь мал хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ.

  Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Г.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр 8 /найман/ сарын хугацаагаар тэнсэж,  эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн  тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

   1. Шүүгдэгч Г.Бийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 8 /найман/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн улсын дугааргүй, хул өнгийн өнгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюунг маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.  

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Бд мэдэгдсүгэй.  

 

   5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА