Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 239

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,                                                                                                                       

 Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

 Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 1830003720256 дугаартай  хэргийг  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Э.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

   Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... тоотод иргэн М.Цыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

   Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед караокед найзуудын хамт орж 1 цаг 30 минут дуулж 1 шил архи,  нэг, нэг пивотой ууцгаасан. Орой 18 цагийн орчим найз Мын гэр рүү С, Ц, З, Н бид нар очиж 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи нэг шилийг хувааж ууцгаасан. Архи ууж байтал З, Ц нар хоорондоо маргалдаад байхаар нь би боль гээд Цын нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Хохирогчид хохирлыг төлсөн. Одоо надаас нэхэмжилж байгаа зүйлгүй гэв. 

   Эрүүгийн 1830003720256 дугаартай хэргээс:  

 

  - Хохирогч М.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ байхад Н.З, Н, Э.Э гурав над руу залгаж “С” гэдэг караокед байна хүрээд ир” гэхээр нь яваад очтол Н.З, Н, Э.Э, М.С нар байсан. Би тэр дөрөвтэй хамт 1 цаг гаран караокед 1 шил архи хувааж ууж дараа нь нэг, нэг шилтэй пиво уугаад тэндээсээ гарч төвд байдаг “Х” гэдэг дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.75 литрийн шилтэй архи хоёрыг авч Э.Эын найз М гэдэг айл руу явсан. Мын гэр нь ... тоотод байдаг юм байна лээ. Тухайн үед М нь гэртээ ганцаараа байсан бөгөөд дэлгүүрээс авсан архийг Маас бусад нь бүгдээрээ хувааж ууцгаасан. Эхний нэг шил архийг ууж байхад бид нарын дунд ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Харин хоёр дахь шил архийг хувааж ууж байгаад би согтож тасарчихсан. Би нэг мэдсэн чинь гадаа нэг хүний дээр нь гараад суучихсан зууралдаж байсан. Хэний дээр гарсан талаараа санахгүй байна. Гэтэл нэг хүн ирээд миний нүүр рүү өшиглөх шиг болсон. Тухайн үед миний хамраас цус гарсан. Үүнээс болж би буцаж Мын гэр рүү орсон. Тэндээсээ Н, Э.Э, С, З нарын хамт Нгийн руу явсан. Нгийн гэрээс З, Э хоёр гэр рүүгээ явж С, Н бид гурав тэндээ унтаж амарсан. Өглөө сэртэл С нь байхгүй явчихсан байсан. Тухайн үед өөрийгөө толинд хартал хамар хавдчихсан байсан. Үүнээс болоод би 12 хоног ажилдаа яваагүй өвчний акт авсан. Тэгээд 3-4 хоног ажилдаа явж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө ажилдаа явах гэтэл толгой өвдөж эмнэлэгт үзүүлтэл хэвтэж эмчлүүл гэсэн. Тэгээд би тэр өдрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

 

- Гэрч М.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгийн 38 айлд байдаг найз Дээгий /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэрт нь Н, Э.Э бид гурав 1 шил архи хувааж ууцгаасан юм. Тэндээсээ орой 17 цагийн орчим “С” гэдэг караоке орж З дараа нь Цыг дуудсан. Тэндээ 1 шил архи, хүний нэг, нэг шилтэй пиво ууцгаасан. Орой 18 цаг 30 минутын орчим караокеноос гарч манай найз Мын гэр рүү явсан. Мын гэрт бид нар 2 шил “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Эхлээд нэг шил архиа уугаад хоёр дахь шил архиа ууж байхад бид нар бүгдээрээ согтож З, Н хоёр тасраад унтаад өгсөн. Тухайн үед Н нь бага насны хоёр хүүхэдтэйгээ Мынд унтаж байтал М.Ц нь Нг гэр рүү нь авч явна гээд байхаар нь би “байж бай такси дуудаад өгье” гэтэл “тэгвэл би өөрөө явлаа” гээд Мын гэрээс гараад явчихсан. Би араас нь очиж бариад автал миний шанаа руу цохиж, намайг тонгорч унагасан. Тэгээд миний дээр гарчихаад буухгүй байсан. Тухайн үед Э.Э гэрээс гарч ирээд Цыг болиулах гээд араас нь татаад байтал босохгүй байсан. Гэтэл Э.Э нь гэнэт Цын нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед М.Цын хамраас нь цус гарч байсан. Тэгээд бид гурав буцаад Мын гэр рүү орж Э.Э бид хоёр үлдэгдэл архиа хувааж уугаад тасарсан. Нэг мэдсэн чинь Нгийн гэрт М.Ц бид хэд унтаж байсан. Шөнө 02 цагийн үед сэрээд би гэр рүүгээ явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

- Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой гэртээ байж байтал 18 цагийн орчим манай найзууд болох С, Ц, З, Э нар мөн миний танихгүй Н гэдэг охинтой цуг согтуу ирсэн. Манай гэрт 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архитай ирж тэрийгээ тэр хэд бүгдээрээ хувааж ууцгаасан. Гэрийнхээ паарны усыг юүлээд гэртээ орж иртэл Ц, С хоёр хоорондоо зодолдсон гэж байсан. Тухайн үед Цын хамраас нь цус гарсан байдалтай байсан. Харин Сын биед ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Тэгээд удалгүй 20 цагийн орчим бүгдээрээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

- Гэрч Н.Зын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай найзуудын найз гэх Нгийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэж байгаа гээд караокед 16 цагийн орчим С, Ц, Э нар мөн Нгийн хамт орсон. Тэнд “Экс” нэртэй 0.75 литрийн шилтэй архи, хүний нэг, нэг пиво ууцгаасан. Тэндээсээ 18 цагийн үед гарч бүгдээрээ Жишиг хороололд байдаг Мын гэр рүү явсан. Мын гэр рүү 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архитай орж тэрийг Маас бусад нь бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэгээд би ерөнхийдөө согтож юу болж өнгөрсөн талаар санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь гадаа ганцаараа засмал зам дээр сэрсэн. Тухайн үед намайг М ирээд гэр рүүгээ оруулсан. Гэтэл Цын хамарнаас нь цус гарсан байдалтай Стой маргалдаж муудсан юм шиг байсан. Би тэр хоёрыг юунаас болж хоорондоо маргалдаж муудсан талаар мэдэхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 614 дугаартай дүгнэлтдээ: “ М.Цын биед тархи доргилт гэмтэл тогтоогджээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ” гэжээ /хх-ийн 25/, 

 

 - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/1130 дугаартай тодорхойлолт /хх-ийн 49/,

 - Хохирогч М.Цын хохирол, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 59/,

- Шүүгдэгч Э.Эын өөрөө өөрийгөө өмгөөлөх, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 60/,

 - Шүүгдэгч Э.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/,

 - Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 124 дугаартай прокурорын санал /хх-ийн 61/ зэрэг баримтууд болно.

 

 Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... тоотод хохирогч М.Цыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Цын, гэрч М.С, Б.М, Н.З нарын мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг, шинжээчийн 614 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  Шүүгдэгч Э.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.Эын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э нь хохирогч М.Цыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Шүүгдэгч Э.Эт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.   

 

   Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

   1. Шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эыг 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Э.Эт оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Э торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

   5. Ялтан Э.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.САНЖИДМАА