Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 17

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Б.М-д холбогдох 1821007230420 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “......” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Буурал овогт Б.М.

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Баянхаан” гэх газраас  иргэн Ц.Б-ийн 1 тооны даагыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ц.Б-ийн 1 тооны даагыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 5 тооны адуугаа алдсан гэж хэлсэн бөгөөд тухайн үед адуугаа бүртгээгүй байсан учир 5 тооны адуу гэж хэлсэн. Миний хүрэн зүсмийн нэмэх тэмдэгтэй эр даага Э.Доржпалам гэх хүний адуунд, халзан зүсмийн нэмэх тэмдэгтэй эм даага Цоггэрэл гэх хүний адуунд тус тус байгаа юм. Сартай эм даага, ухаа зүсмийн морь надад байгаа. Б.М нь миний сартай хүрэн даагыг хулгайлсан. Надад учирсан хохирлыг Б.М барагдуулсан. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

Гэрч Э.Доржсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд гэртээ байхад Б.М ирээд Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг Онцгой гэх газраас айлын адуунаас 1 тооны даага барих гэсэн юм, хамт явах уу гэхээр нь зөвшөөрсөн. Бид хоёр тус тусдаа мотоцикл бариад Онцгой гэх газар руу явсан.  30 орчим тооны адуу бэлчиж байхаар нь мотоциклоороо хөөгөөд 1 тооны сартай хүрэн даагыг Б.Мийн хамт барьсан. Би хулгай хийж байгаа гэж мэдээгүй бөгөөд Б.М нь Б-ийн малыг маллаж байсан болохоор цалин мөнгөндөө ярилцаж тохироод авсан гэж бодсон” гэжээ. /хх-ийн 22 тал/

 

Гэрч Э.Доржпалам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манайх зундаа Баянхааны хоолой, өвөлдөө Чичиргээ гэх газарт нутагладаг. Бат-Эрдэнийн адуу манайхтай ойр байдаг. Манай дүү Доржсүрэн Б-ийн адууг хэсэг харж байгаад сүүлд Б.М нь 1 жил орчим харсан. Нэг бэлчээртэй, Б-ийн адуу одоо хүртэл хариулгагүй, тэр хавийн адуунд нийлж явдаг” гэжээ. /хх-ийн 26 тал/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 07 тал/

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Малын жишиг үнэлгээ тогтоосон” комиссын үнэлгээ /хх-ийн 8-9 тал/

Б.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Буурал овогт Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Баянхаан” гэх газраас  хохирогч Ц.Б-ийн 1 тооны даагыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нагац Доржсүрэнгийн гэр рүү очоод “адуу барих гэсэн юм, хамт яваад өгөөч” гэсэн. Баянхаан гэх газар руу очоод 30 орчим тооны шаргал зүсмийн азаргатай адуун дундаас + тамгатай эр даагыг салгаж аваад хөөж хашаанд оруулсан. Маргааш нь даагыг нядлаад махыг ачаад аймгийн төвд борлуулсан” гэх  мэдүүлэг, хохирогч Ц.Б, гэрч Э.Доржсүрэн, Э.Доржпалам нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Малын жишиг үнэлгээ тогтоосон” комиссын үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.М-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 1 тооны даага буюу 400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Б нь шүүгдэгчээс хохирлоо авсан, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Б.М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.М-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.М-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ