Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00768

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00768

 

“А-” ХХК, О.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/00264 дугаар шийдвэртэй,

 

“А-” ХХК, О.Б- нарын нэхэмжлэлтэй,

Н.В-д холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны эзэмшүүлсний төлбөрт 5,600,000 төгрөг, төгөлдөр хуурын үнийн үлдэгдэл төлбөр 3,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг О.Б-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А-” ХХК-ийн төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгч О.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Н.В-, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. Манай компанид Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан Н.В- нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн захирлын Г3-21/035 тоот тушаалын дагуу өөрийн хүсэлтээр Ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаалын дагуу ажилтныг өөрийн ажил үүрэг, хариуцаж байсан эд хөрөнгө, албаны- утасны дугаар, албаны байр болох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, -ын 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа шаардаж мэдэгдэл өгсөн боловч үр дүнд хүрэхгүй байна.

Иймд 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууц эзэмшүүлсний төлбөрт 5,600,000 төгрөгийг хариуцагч Н.В-гаас гаргуулж “А-” ХХК-д олгож өгнө үү.

1.3. Н.В- нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4,299,000 төгрөгийн үнэтэй төгөлдөр хуур хөгжмийг ажилтны хувьд хөнгөлөлт эдлэн 299,000 төгрөгийг хасуулж үлдэгдэл 4,000,000 төгрөгийг цалингаас хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд үүнээс 450,000 төгрөгийг төлж үлдэгдэл 3,550,000 төгрөгийг төлөөгүй тул 3,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө нь “А-” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд орон сууцны өмчлөгч нь О.Б- юм. 

1.5. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.5-д зааснаар “З-т ББСБ” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 309 дугаартай “Зээлийн гэрээ"-г байгуулж 17,847,000 төгрөгийг сарын 1,09 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай авсан байна. Гэрээний дагуу бол дээрх зээлийн төлбөрийг хүүгийн хамт 29,0 сая орчим төгрөг болгож эргүүлж төлөх байсан. Гэвч Н.В- нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж байсан учир гэрээг цуцалж, гэрээний 4.5-д заасны дагуу зээлийн төлбөрт төлсөн өмнөх төлбөрийг орон сууц хөлсөөр ашиглаж байсан гэж үзэн нэг сарын хөлсийг тухайн үеийн зах зээлд мөрдөгдөж байсан орон сууц хөлсөх жишиг үнийг баримтлан тооцож худалдан авагч талаас худалдагч талд төлсөн орон сууцны төлбөрөөс хасч тооцно гэсний дагуу хасч тооцоо дууссан.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Н.В- нь ШУТИС-ийн харьяа Холбоо, Мэдээлэл технологийн сургуулийг 2001 онд төгсөөд С.Д- захиралтай “Цогттек” ХХК /одоогийн “А-” ХХК/-д инженерээр ажилд орж ажлын гараагаа эхлээд 2021 он хүртэл тасралтгүй 21 жил ажилласан, цаг наргүй, унтах нойргүй ажиллаж энэ компани өсөн дэвжихэд их хувь нэмэр оруулсан.

2.2. 2005 онд би гэр бүл зохиож анхны хүүхэд төрснөөр цалин мөнгө хангалтгүй, амьдрал ахуйгаа сайжруулахаар ажлаас гарах хүсэлтэй байгаагаа С.Д- захиралд хэлэхэд ажлаа үргэлжлүүлээд хийж бай гээд надад байр амлаж 2007 оны 09 дүгээр сард одоогийн энэ амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны -ын 83,45 м.кв 5 өрөө байрыг 1 өрөө нь 33,805 м.кв, 2 өрөө нь 49,645 м.кв талбайтай байхаар хувааж тус компанийн ажилтан болох Б.Г- бид хоёрт өгснөөр бид гэр бүлээрээ нүүж ирсэн.

2.3. 2008 оны 01 дүгээр сард тус компанид 10 жил ажиллаад байраа өөрийн болгох гэрээг Б.Г- агсан бид хоёртой бичгээр гэрээ хийсэн. Ингэж өгөхдөө байрны нийт үнийг 60,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнгийн 50 хувийг компани төлж, үлдсэн 50 хувь болох 30,000,000 төгрөгийг, ажилтан Б.Г- 12,153,000 төгрөг, Н.В- 17,847,000 төгрөгийг сарын 1,09 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаанд төлж барагдуулахаар С.Д- захирлын өөрийн 100 хувийн эзэмшлийн “З-т ББСБ” ХХК-тай гэрээ хийлгэсэн.

Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлаас гарах өргөдлөө өгч 09 дүгээр сард албан ёсоор тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн.

2.4. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус компаниас надад 4,000,000 төгрөгийн үнэтэй төгөлдөр хуур хөгжмийг 80 хувийн хөнгөлөлт үзүүлж 800,000 төгрөгөөр зарсан байснаа одоо надаас 4,299,900 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5. “А-” ХХК-ийн захирал С.Д- нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг өөрийн төрсөн охин болох О.Д-ийн нэр дээр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байна. Хариуцагч тус компанид тогтвор суурьшилтай ажиллах үүрэг, гэрээний дагуу тус компанид 2008 оноос /анх 2001 оноос/ эхлэн 2021 оны 9 сарыг дуустал тогтвор суурьшилтай маш бага цалинтайгаар ажилласан.

Иймд Н.В-г Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,- хаягт байрлах нийт 48 м.кв /бодит байдал дээр 83.45 м.кв/ талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны 2 өрөө буюу одоогийн эзэмшиж буй 49.645 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Н.В-гийн дээр шилжүүлж өгөхийг О.Б-д даалгаж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.В-г Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,- хаягт байршилтай 48 м.кв /83.45 м.кв/ талбай бүхий улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны 49.645 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч Н.В-гийн нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч О.Б-д даалгаж, хариуцагч Н.В-гаас 350,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.В-д холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “А-” ХХК, О.Б- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,500 төгрөг, хариуцагчаас төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Б-эс 307,950 төгрөг гаргуулж хариуцагч Н.В-д, хариуцагч Н.В-гаас 11,150 төгрөг гаргуулж “А-” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. “А-” ХХК болон хариуцагч Н.В- нарын хооронд 2008 оны 01-р сарын 02-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасан үндэслэлээр гэрээ байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр бус гэдэгт анхан шатны шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

4.2. Хэрэв гэрээ хүчин төгөлдөр бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээний үнэ төлөх үүргээ биелүүлээгүйгээс, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар баримтгүй, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн учир 2017 онд гэрээг дангаар цуцалсан гэсэн гэрч С.Д- мэдүүлсэн. ББСБ-аас орон сууцны өмчлөгч С.Д- болон нэхэмжлэгч “А-” ХХК-д ямар нэг төлбөр огт төлөөгүй байгаа бодит нөхцөл байдлыг дүгнээгүй байна. Хариуцагч Н.В- нь орон сууцны үнэ болох 17,847,000 төгрөгийг төлөх үүргээ огт биелүүлээгүй гэх тайлбарыг анхан шатны шүүх тодорхойлох хэсэгт огт дурьдаагүй байна.

4.3. Шүүх хариуцагчийг “З-т ББСБ” ХХК-д орон сууцны үнийг төлсөн гэж дүгнэхдээ хариуцагчаас гаргасан өгсөн ямар баримтуудыг үндэслэн дүгнэсэн нь тодорхой бус байна. Учир нь баримтуудын зарим хэсэг нь хэрэгт хамааралгүй хариуцагч Н.В-гийн “З-т ББСБ” ХХК-аас автомашин авах болон телевиз худалдан авах зорилгоор авсан зээлийн төлбөрийн баримтууд байгаа.

Орон сууцны өмчлөгч байсан гэрч С.Д-ийн шүүхэд өгсөн “орон сууцны үнэ гэж нэг ч төгрөг “З-т ББСБ” ХХК болон Н.В-гаас огт аваагүй, төлбөрөө төлөхгүй болохоор нь гэрээг цуцалсан” гэх тайлбар хариуцагч Н.В-гийн "... зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу мөнгөө 2017 оныг хүртэл зарим сард төлж чаддаггүй байсан...” гэх тайлбар, мөн “ ...С.Д-д ББСБ-ын төлбөр төлж дийлхээ байлаа...” гэх тайлбар болон “З-т ББСБ” ХХК-аас ирүүлсэн зээлийн дансны хуулга гэх баримтуудаас харахад орон сууцны үнийг огт төлөөгүй зээлийн хүү, хүүгийн төлбөрт бага зэрэг төлбөр төлсөн байхад шүүхээс эдгээр баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй. Энэ талаар нэхэмжлэгч талаас зарим нэгэн баримтыг нотлох баримтаас хасуулах тайлбар хүсэлт гаргаж байсныг шийдвэрлээгүй

4.4. Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээнд талууд тухайн орон сууцыг тодорхой шалгуурыг хангасны эцэст ажилтны нэр дээр шилжүүлэх, өөрөөр хэлбэл болзол тавьсан хэлцэл юм. Тухайлбал: Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болохыг зааж, тавьсан болзол шаардлага нь ажилтан тогтвор суурьшилтай, бас ажлаа сайн гүйцэтгэх, тухайн цаг үед хаа ч байгаагүй бага хувийн хүүтэйгээр оногдох байрны 50 хувийг тохирсон хугацаанд ажил олгогчид төлөх нөхцлийг гэрээний 5 дугаар зүйлд харилцан тохиролцсон.

4.4. Төгөлдөр хуурын үнийн үлдэгдэл 3,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үгүйсгэсэн ямар нэгэн баримтгүй байхад юуг үндэслэж хасч тооцсон нь ойлгомжгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан эрх зүйн чадамжгүй этгээд болох нягтлан Д.Р-тай байгуулсан гэх тайлбарыг хийсэн ч шүүхээс энэ тайлбарыг тодорхойлох хэсэгт огт дурьдаагүй байна.

Үүнээс гадна төгөлдөр хуур “Худалдах худалдан авах гэрээ”-нд “А-” ХХК-ийг төлөөлж Д.Р- гарын үсэг зурсан, С.Д-ийн зөвшөөрлөөр төгөлдөр хуурын үнийг 3,499,000 төгрөгийг хөнгөлөв” гэх гэрээ нь хууль зүйн хувьд ямар үндэслэлээр хүчин төгөлдөр болж байгаа болон “Зарлагын 2020/02-11 дугаар баримтад хөнгөлөлт 299,000 төгрөг, дагалдах хэрэгсэл 129,000 төгрөг, НӨАТ-тай үнэ 4,000,000 гэсэн баримтыг нотлох баримтаар хэрхэн үнэлсэн, ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг дурьдаагүй.

4.6. Талуудын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь орон сууцны үнэ 17,847,000 төгрөгийг сарын 1,09 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байхад анхан шатны шүүхээс гэрээний зүйлчлэлд буруу дүгнэлт хийсэн байна.

4.7. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ О.Д-орон сууц чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй, мөн Н.В- нь эзэмших эрхтэй гэсэн хоёр эсрэг утга бүхий дүгнэлт хийсэн атлаа О.Д-ийн өмчлөх эрх Бэлэглэлийн гэрээ учир... гэж ойлгомжгүй дүгнэж, О.Д-ийн эрхийг ноцтой зөрчиж өмчлөх эрхийг хязгаарласан нь хуульд нийцээгүй байна.

4.8. Шүүх “А-” ХХК-ийг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэх боловч төгөлдөр хуурын үнэ 3,550,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй субъект юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч “А-” ХХК болон О.Б- нарын нэхэмжлэлийг бүрэн хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. “А-” ХХК-ийн захирал нь компанийн өмнөөс биш өөрийн өмчлөлийн орон сууц буюу маргаан бүхий байрыг гуравдагч этгээдийн зүгээс гаргаж өгсөн гэж үзэж байна. Энэ нь Иргэний хууль болон бусад хууль дүрэм, журмыг зөрчөөгүй. 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.1-д заасны дагуу “З-т ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авч үндсэн төлбөрийг төлсөн. Энэ талаар баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

5.2. Төгөлдөр хуурыг худалдаж авах гэрээ болон бусад баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Уг төлбөрөөс үлдэгдэл 350,000 төгрөг төлөөгүй байгаа бөгөөд үүнд маргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтантай гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзал нотолгоогоо бичгээр гаргаж өгч нотлох үүрэгтэй байсан. Гэтэл энэ талаар ямар нэгэн бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Бид өөрсдийн бичгийн нотлох баримтын хүрээнд татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбараа нотолж, мэтгэлцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “А-” ХХК, О.Б- нь хариуцагч Н.В-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны эзэмшүүлсний төлбөрт 5,600,000 төгрөг, төгөлдөр хуур худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ 3,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг О.Б-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.1 “А-” ХХК болон Н.В- нар 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд зааснаар “А-” ХХК нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах -, 83.45 м.кв талбай бүхий орон сууцны 49,645 м.кв талбайг Н.В-д шилжүүлэх, нийт орон сууцны үнэ 60,0 сая төгрөг бөгөөд худалдан авагч Н.В- тасралтгүй арван жилийн хугацаанд худалдагч талд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан шаардлагыг хангасан тохиолдолд ногдох 49,645 м.кв талбайн үнийн 50 хувийн үнийг худалдагч тал чөлөөлөх, Н.В- нь үлдэх 50 хувь болох 17,847,000 төгрөгийг сарын 1,09 хувийн хүүтэйгээр арван жилийн хугацаанд худалдагч талд төлөхөөр үүрэг хүлээжээ.

 

3.2. Худалдан авагч тал болох Н.В- нь орон сууцны 50 хувийн үнэ болох 17,847,000 төгрөгийг “З-т ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан төлсөн гэж тайлбарласан бол худалдагч тал нь уг 17,847,000 төгрөгийг худалдан авагч тал төлөөгүй гэж маргажээ. 

 

3.3. Н.В- нь 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “З-т ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан боловч уг мөнгөн хөрөнгийг “З-т ББСБ”-аас хэзээ, хэнд шилжүүлэн өгсөн нь тодорхой бус байна.

Хэрэгт Н.В-гийн эзэмшлийн, “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь - тоот дансны 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, “Хаан банк” ХХК дахь - тоот дансны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах мөнгөн гүйлгээний баримтаас “З-т ББСБ”ХХК-аас 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний дагуу Н.В-д мөнгөн хөрөнгө шилжүүлснийг цаг хугацааны хувьд нотлохгүй юм. Түүнээс гадна Н.В-гаас 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд “З-т ББСБ” ХХК-д зээл, зээлийн хүүгийн үүргийг гүйцэтгэж байсныг үндэслэн “З-т ББСБ” ХХК нь Н.В-д зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж дүгнэхгүй юм. 

 

5. Худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, уг үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх байдлаар тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах гомдолд материаллаг эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/00264 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А-” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА