Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00769

 

          

    2023          04            12                                       210/МА2023/00769

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00469 дугаар шийдвэртэй,

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Н.Б-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 5,505,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.А- нь Шинэ яармаг төсөлд барилгын ажил гүйцэтгэж байсан “В-” ХХК-ийн инженер ажилтай Н.Б-тай 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн, усан цэнхэр өнгийн, 40 тоннын багтаамжтай чингэлгийг оффисын зориулалтаар ашиглуулахаар хүлээлгэн өгсөн ба Н.Б-гаас түрээсийн төлбөрт 1,350,000 төгрөг болон дэнчин 450,000 төгрөгийг тус тус хүлээн авсан. Дараагийн төлбөрийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байсан боловч өгөөгүй, удахгүй өгнө гэдэг. Шинэ яармаг хотхоноос чингэлгээ авахаар очиход “Шүүхийн шийдвэрийн дагуу л гаргана” гэж хэлээд өгөхгүй байгаа. Н.Б-гаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус хүлээн авсан.

1.2. Одоо 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үлдэгдэл түрээсийн төлбөр болох 5,050,000 төгрөгийг гаргуулж, мөн 40 тоннын чингэлгээ биет байдлаар гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Н.Б- нь “В-” ХХК-ийн хяналтын инженерээр ажилладаг байх хугацаандаа тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Г-ийн зөвшөөрөлтэйгөөр 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.А-тэй түрээсийн гэрээ байгуулж, түүний чингэлгийг сарын 450,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, уг чингэлгийг хүлээн авсан.

2.2.Тухайн гэрээ байгуулах үедээ 1,800,000 төгрөгийг төлсөн, дараа нь 800,000 төгрөгийг төлсөн.

2.3. Манай барилгын ажил 2021 оны 09 дүгээр сарын эхний цас орсноор зогссон, тухайн чингэлгийг нь 5, 5 сараар л ажиллуулж, ашигласан. Бусад хугацаанд дулаалга байхгүй, цонхгүй байсан тул 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ашиглаагүй.

“В-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг Шинэ яармаг төсөл хэрэгжүүлэгч нь тооцоо хийж, өгөөгүй байгаа. Б.А-ид манай компанийн гүйцэтгэх захирал Ц.Г- чингэлгээ авч болно гэдгийг хэлсэн боловч тэрээр шүүхэд хандаж байж авна гээд аваагүй байсан.

2.4.Тухайн чингэлэгт гадна цонхны усны хамгаалалт, хаалганы бариул, цоожийг сольж хийсэн. Мөн ачилт буулгалтын зардал гээд нийт 800,000 орчим төгрөгийн зардал гарсан. Хариуцагч Б.А-ид ямар нэгэн өр төлбөргүй ба 2021 оны 09 дүгээр сараас хойш эрүүл мэндийн асуудал гарч, байнга эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа. Шинэ яармаг төслийн хүмүүс ямар учир хүний өмчлөлийн хөрөнгийг өгөхгүй байгааг ойлгохгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-гаас түрээсийн гэрээний- үүрэгт 5,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-ид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-гаас 178,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-ид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Н.Б- нь Б.А-тэй түрээсийн гэрээ байгуулж, чингэлгийг авч ашигласан. 2021 оны 09 сарын сүүлээр цас орсноор барилгын ажил зогссон. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашигласан хугацааны төлбөрийг бүрэн хийсэн.

Барилгын ажил ч зогссон, тухайн чингэлэг ч хүйтэн орсон үед ашиглах боломжгүй цонхгүй, бас дулаалгагүй байсан тул нэхэмжлэгч Б.А-ид “Чингэлгээ аваарай” гэж тэр даруй хэлсэн боловч, авах талаар үйлдэл хийгээгүй бөгөөд шүүхэд хандаж байж авна гээд 2023 оныг хүргэсэн.

Нэхэмжлэгч Б.А-ид өвөл чингэлгийг аваад өөрт нь ашиггүй тул өвлийн улиралд ашиглах боломжгүй байтал өвөл төлбөр авахаар нөхцөлтэй гэрээ бэлдсэн байсан, өвөл барилгын ажил ч явахгүй, явсан ч ийм чингэлэгт байх боломжгүй талаар хэлэхэд “гэрээгээ ингээд л хийчихье, ашиглахгүй бол буцааж өгөөд л болоо ш дээ” гэсэн.

4.2. Шинэ яармаг хотхоныхон чингэлгийг гаргахгүй байна хэмээн худал шалтаг хэлээд, гэрээний эцсийн хугацаа болох 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргэсэн. Нэхэмжлэгч анхнаасаа намайг хууран мэхэлж, ашиглаагүй хугацааны төлбөр шаардаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой. Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Гэрээ байгуулсан хугацааны талаар талууд маргаагүй. Гэрээ байгуулсан нөхцөл байдлыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 2 жилийн хугацааг тулгасан гэх үйл баримтыг нотлох баримт байхгүй худал тайлбарлаж байна. Шинэ яармагийн төслийн хашаанаас нэхэмжлэгч 2 удаа чингэлгийг авахаар очиж авч чадаагүй болохыг дурдах нь зүйтэй. Гэрээг үзэхэд 2 жилийн хугацаатай, төлбөрийг тухайн хугацаанд уялдсан байдлаар эргэн төлөхөөр харилцан тохиролцсон нь хугацааны тухайд төөрөгдсөн, нэг талын дарамттай байгуулсан гэх агуулгагүй байна. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт тодорхой хугацаатай байгуулсан түрээсийн гэрээний хувьд хугацаанаас өмнө түрээсийн зүйлийг буцааж өгсөн боловч тухайн хугацаанд хамаарах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

5.2. Гэрээний 3.6, 4.3-т заасны дагуу алдангийг тооцсон. Хариуцагч талын гомдолд тулган шаардаж гэрээ байгуулсан гэж тайлбарласныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй. Мөн анхан шатны шүүхийн ямар зүйл, заалтад гомдол гаргасан нь тодорхойгүй. Захирлын даалгавраар гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Н.Б-д холбогдуулан түрээсийн төлбөрт 5,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 40 тонны чингэлгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

3. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 583 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр түрээслүүлэгч Б.А- өөрийн өмчлөлийн, усан цэнхэр өнгийн, 40 тонны багтаамжтай, оффисын зориулалттай чингэлгийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 450,000 төгрөгөөр тооцож түрээслүүлэх, түрээслэгч Н.Б-д түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцон, гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүсэл зориг илэрхийлэгдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.   

 

4. Түрээслэгч Н.Б- 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эхний 3 сарын түрээсийн төлбөр болон дэнчингийн төлбөрт 1,800,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлсөн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Түрээслэгч тал чингэлгийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгч талууд акт үйлдсэнийг анхан шатны шүүх зөв тогтоож, энэ хэмжээгээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ багасгасан байна.

 

6.1. Хариуцагч Н.Б- нь “В-” ХХК нь түрээслэгч тул хариуцагч гэж маргасан боловч тэрээр гэрээг иргэнийхээ хувьд байгуулсан байх тул түүнийг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй болно.

 

6.2. Түүнчлэн “В-” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар “контейнер зөөсөн, шилжүүлсэн, гэрлийн залгуур контейнерт тавьсан, борооны хаалтын материал, хөөс будаг” зэрэгт мөнгөн хөрөнгө зарцуулсныг үндэслэн түрээсийн гэрээний түрээслэгч талыг “В-” ХХК гэж тодорхойлохгүй юм. Түрээслэгч Н.Б- нь түрээсийн зүйлийг өөрөө ашиглах эсхүл өөр компанид ашиглуулах эсэх нь түрээслүүлэгчийн түрээсийн төлбөр шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

 

6.3. Түрээслүүлэгч нь иргэн С.М-гийн эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь дансаар түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг хүлээж авсан, уг мөнгөн хөрөнгийг түрээслэгч шилжүүлэхдээ “В-” ХХК, 40 тн чингэлэг түрээс” гэж зориулалтыг тодорхойлсон нь мөн түрээсийн гэрээний түрээслэгч талыг “В-” ХХК гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.

 

6.4. Гэрээнд хүйтний улиралд чингэлгийг ашиглаагүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөхгүй байх талаар тохиролцоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд хариуцагч талыг түрээсийн гэрээний үүргээс хэсэгчлэн чөлөөлөх боломжгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь түрээсийн зүйлийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт сарын 450,000 төгрөг нийт 16 сарын 7,650,000 төгрөг төлөхөөс төлсөн 2,600,000 төгрөгийг хасч тооцвол 5,050,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаархи хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00469 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА