Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 606

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

 

 

 

 

                   

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч  Ж.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-овогт Ж-ы Х-т холбогдох эрүүгийн 1810000000644 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар   шүүхийн 772 дугаар магадлалаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, П-овогт Ж-ы Х- /РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед 4 дүгээр хороо “...” компаний барилгын хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Х-ыг ажлынх нь газрын Лхагваа гэгчтэй хардаж, улмаар түүнийг алгадаж, зүүн мөр болон баруун гарын шуунаас хазах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч Ж.Х-оос: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.Х-ы: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ... хорооллын сантехникийн инженерээр ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай ажил халаалтаа авч эхэлсэн бөгөөд орой сунаж ажиллах шаардлагатай байсан. Манай нөхөр Х- намайг ажлаас ирж авсан бөгөөд бид хоёр гадуур явж байгаад ажил дээр ирээд би барилгаа тойроод гараад ирье гэж хэлээд барилга руугаа орсон. Би ажилчиддаа зөвлөгөө өгөөд цүнхээ аваад гараад иртэл манай нөхөр байхгүй байсан. Би харуулаас асуутал дөнгөж сая хөдлөөд явсан гэхээр нь би буцаад ажил руугаа орсон... Би барилгын баруун хаалгаар алхаж явтал манай нөхөр барилгын хашаан дотор ороод ирсэн зогсож байсан. Тэгээд намайг машиндаа суу гэхээр нь би суугаад чи намайг орхиод явсан байна гэж уурлатал Х- намайг манай ажлын ерөнхий инженер Лхагвасүрэнтэй хардаад чи энэ залуутайгаа цувж гарч ирсэн гээд хоорондоо маргалдаж байгаад би машинаас буух гэтэл буулгахгүй зууралдаад байхаар нь би толгой руу нь эхлээд цохитол миний хоёр гарыг бариад хоолойноос заамдсан бөгөөд би машинаас буугаад барилга руу гүйгээд орох гэтэл миний араас ирээд машиныхаа ард суулгаад ноцолдож байгаад миний зүүн талын мөрнөөс болон баруун гарын шуунаас хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №12282 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 39 дүгээр хуудас/      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Ж.Х- нь мөрдөн шалгах ажиллгааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Халиуныг Лхагваа гэдэг залуутай хардаж, бид хоёр маргалдсан. Тэр үед Халиун намайг алгадаж цохихоор миний уур хүрээд зөрүүлээд Халиуныг хоёр удаа алгадсан бөгөөд гарнаас нь хазахад тавихгүй болохоор нь мөрнөөс нь хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 29 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 870 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-37 дугаар хуудас/

-Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 19-47 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ж.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ж.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед 4 дүгээр хороо “...” компаний барилгын хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Х-ыг ажлынх нь газрын Лхагваа гэгчтэй хардаж, улмаар түүнийг алгадаж, зүүн мөр болон баруун гарын шуунаас хазах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч М.Х-ы мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12282 дугаартай шинжээчийн:

  1. М.Х--н биед хүзүүнд зулгаралт, зүүн мөр, баруун шуу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судласан бөгөөд шүүгдэгч Ж.Х- нь хамтран амьдрагч М.Х-ыг хардалтын улмаас зодож түүний биед “хүзүүнд зулгаралт, зүүн мөр, баруун шуу, хоёр гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.Х- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч М.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-ийн 9 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч Ж.Х-ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Х- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. П-овогт Ж-ы Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Х-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Х-ын хөрөнгө, цалин хөлс буюу орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Х-т мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ж.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ