Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00017

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1838007950386 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Урт сайр гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Ц.Ээрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Урт сайр гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Ц.Ээрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сумын төвд амьдардаг баз хүргэн Энхболдын хүүхдийн үсний найр болсон. Тэр найранд эхнэр бид хоёр ирж оролцоод 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед буцаад мотоциклиороо хөдөө гэр рүүгээ явсан. Явсаар байгаад гэрийнхээ наахан талд байдаг Урт сайр гэдэг газарт замаас баруун тал руу гараад уначихсан. Тэр шөнө эхнэрийн маань хөл нь өвдөж хоносон. Хөл нь өвдөөд болохгүй болохоор нь маргааш нь мотоциклиор сумын төв орж ирсэн....бид хоёр тийм хурдан яваагүй. Тухайн үед би өөрийнхөө мотоциклийг жолоодоод эхнэр маань араар суугаад явж байсан. Унасан тэр газар нь сул чулуу ихтэй байсан болохоор чулуун дээр шарваад мурилзаад газарт унасан. Тэгэхэд эхнэр маань баруун хөлөөрөө чулуун дээр цохиулчихлаа гэж байсан. Тэр шөнөдөө хөл нь хавдаад хүрэн улаан болчихсон байсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Цогцос, түүний хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл/ ХХ-ийн 12-16 дугаар хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Талийгаач миний төрсөн дүү юм. Тийм болохоор би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор ирсэн юм. ...би мотоциклиос унаад гэмтсэн талаар мэдээгүй ...нас барсных нь дараа тэр хоёрыг мотоциклиос унасан гэдгийг мэдсэн...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Оюутын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энхжаргал эгчийг ор руу оруулахад зүүн талын цээж, баруун талын шанаа хөхөрсөн, баруун хөл нь хавдартай хөх алаг болсон байсан. Тэгэхээр нь өөрөөс нь яасан юу болсон юм бэ гэж асуухад ах эгч хоёр нь мотоциклиос унаад гэмтсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...аав, ээж хоёр найранд яваад 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед мотоцикльтойгоо ирсэн. Тэр хоёр ирэхдээ жаахан халамцуу ирж яваад чулуун дотор мотоцикльноосоо уначихлаа гээд аав элгээрээ унасан гээд юм ярьж чадахгүй гэдсээ бариад байсан. Ээж болохоор өвдгөөрөө уначихлаа гээд өвдөгнөөс нь жаахан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, 

Насанд хүрээгүй гэрч М.Насантогтохын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Батзоригийн аав, ээж хоёр нь мотоцикльтой ирсэн. Тэр хоёр ярихдаа ирж яваад чулуун дунд мотоциклиос унасан гэж байсан. Ээж нь баруун өвдөг нь шалбараад цус гарсан, аав нь юм дуугарч чадахгүй гэдсээ бариад байсан. Өмсөж явсан хувцас нь шороо болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаартай:

1.2. Ц.Эцогцост баруун өвдгөнд шарх, цээжинд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байгаа бөгөөд гэмтэл тул бүр хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.6. Талийгаач Ц.Э цогцост тогтоогдсон баруун өвдөгний шарх гэмтэл нь үхэлд хүргэхэд дам байдлаар нөлөөлсөн ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь үхэлд хүргэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэмтэл болно.

7.-11. Талийгаач Ц.Э нь зүрхний булчингийн эмгэг болон архаг архисах өвчний улмаас зүрх гэнэт зогсож тухайн цаг хугацаандаа нас баржээ. Энэ нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэлээр батлагдаж байна ” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Түмэнбатын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай:

“....жолооч С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчиж хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол үүссэн гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007950386 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 80 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бнь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       Эрүүгийн 1838007950386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч С.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       5. Эрүүгийн 1838007950386 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР