Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00793

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00793

 

 

************* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00197 дугаар шийдвэртэй,

************* нэхэмжлэлтэй, **************д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагч **************, түүний өмгөөлөгч ************,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ************** нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. **************гийн хүсэлтээр гэрээний хугацааг гурван удаа сунгаж, гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн төлбөрийг хүүд 300,000 төгрөг, зээлд 200,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг сар бүр төлж байхаар тохирсон. ************** нь 1,500,000 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгээгүй.

Иймд **************гаас зээл 2,400,000 төгрөг, хүү 14,270,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг нийт 17,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан анх гэрээгээр тохирсон 2 сарын хугацаанд зээлийг эргүүлэн төлж чадаагүй.

Гэрээний хугацааг удаа дараа сунгаж нийт 39 сарын хугацаанд сарын 10 хувийн хүү төлөх боломжгүй, хүүгийн хэмжээ хэт өндөр тул шүүхээс хүүгийн хэмжээг багасгаж, сарын 3 хувийн хүүгээр тооцон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид нийт 4,450,000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн хүүг багасгаж, төлсөн төлбөрийг хасаж тооцон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч **************гаас 2,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,810,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 47,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Б.Анхзаяа нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний хүү 600,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний ийн хүү 600,000 төгрөг, 2019 оны 07 сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний хүү 900,000 төгрөг, 2019 оны 10-р сараас 2020 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл 850,000 төгрөг төлсөн.

Мөн 2021 оны 05 сарын 14-ний өдрийг хүртэл гэрээгээр сар бүр 500,000 төгрөг төлж байх үүнд зээлээс 200,000 төгрөг, хүүгээс 300,000 төгрөг хасаж байхаар тохиролцсон. Гэрээний нөхцөлийн дагуу нийт 1,500,000 төгрөг төлсөн. Үүнд:

зээлээс 600,000 төгрөг, хүүгээс 900,000 төгрөгийг хасаж тооцсон. Энэ нийт төлсөн 4,450,000 төгрөгийн хүүг 10 хувиар хүлээн зөвшөөрч нийт 13 сарын хүүг 10 хувь тооцож төлсөн гэдэгт хариуцагч тал маргаагүй. Иймд төлсөн хүүг 3 хувь болгон тооцсон нь буруу.

4.2. ************** нь банкнаас зээл авах боломжгүй зээлийн шаардлага хангахгүй, барьцаа байхгүй зайлшгүй мөнгө хэрэгтэй байна 10 хувь байсан ч хүлээн зөвшөөрнө гэж гэрээ байгуулж, 3 жил сунгуулж ирсэн.

36 сар мөнгөө өгөхгүй төлнө гэрээгээ сунгуулъя гэсэн хүсэлт байнга тавьсаар ирсэн.

Эрэн сурвалжилж байж олж шүүхээр шийдвэрлүүлсэн. Иймд зээлийн хүүг 5 хувь болгон нэмэгдүүлж өгнө үү.

4.3. Зээлийн гэрээг сунган байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэсэгт нэмэлтээр төлсөн төлбөрийг зээл, хүүд хуваан тооцох талаар оруулсан. Гэрээнд алданги тооцохгүй гэсэн заалт оруулаагүй.

Алданги олгохгүй шийдвэрлэсэн нь буруу.

Зээл 2,400,000 төгрөг, гэрээний хүүг 5 хувиар тооцож 5,850,000 төгрөг үүнээс хариуцагчийн төлсөн 4,450,000 төгрөгөөс үндсэн зээлд хасаж тооцсон 600,000 төгрөгийг хасаж, 3,850,000 төгрөг. Хүүд 1,800,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Талууд харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эвлэрлийн гэрээг шүүхийн магадлалд тусгуулах саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч **************д холбогдуулан зээл 2,400,000 төгрөг, хүүд 14,270,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 17,870,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Анхан шатны шүүх хариуцагч **************гаас 2,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,810,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг гарган өгчээ.

3.а Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Зээл 2,400,000 төгрөг, хүүд 14,270,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 17,870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 5,060,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 12,810,000 төгрөгөөс татгалзаж эвлэрэхээр, тус гэрээний дагуу хариуцагч ************** нь 5,060,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

4. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч ******** болон хариуцагч ************** нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ************** нь 5,060,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ************** төлж барагдуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 12,810,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД