Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 608

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

 

 

 

 

                   

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч  О.Т-,

насанд хүрээгүй хохирогч Н.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн Т-д холбогдох эрүүгийн 1810017370690 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....-ийн метал судлал технологийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 4, эх, эмэг эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 хэсэг ....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт О-ийн Т-

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Т- нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Д- хотхоны гадаа сагсны талбай дээр  Н.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

   Шүүгдэгч О.Т-гээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.  

Насанд хүрээгүй хохирогч Н.С-аас: “...2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг өнгөрч байхад сагс тоглоод манай баг хожигдсон. Тэгээд миний уур хүрээд явж байхад араас О.Т- дуудаад чи яагаад аятайхан тоглохгүй байна вэ гээд намайг мөргөсөн. Миний хамар хугарсан, одоо хамраа засуулмаар байна. Шөнө битүүрээд унтаж чадахгүй байгаа. Хохирол төлбөрт 140.000 төгрөг авсан...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.П-гээс: “...Би хүүхдийнхээ хамрыг янзлуулах хүсэлттэй байна. Шөнө хамар нь битүүрээд унтаж чадахгүй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Насанд хүрээгүй хохирогч Н.С-ын: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны 22 цагийн үед байрныхаа гадаа сагсны талбай дээр сагс тоглож байгаад Т-гийн багт хожигдчихоод гэр рүүгээ явж байсан чинь хойноос Т- дуудаад байхаар нь тоохгүй алхаж байсан чинь Т- хойноос хүрч ирээд “чи муу яасан том болчихсон юм бэ” гээд миний хамар руу толгойгоороо мөргөөд миний цамцны малгайнаас гараараа татаж намайг тонгойлгосон. Миний нүд бүрэлзээд нэг нүдээ нээгээд харахад би газарт унасан Т- миний цамцны малгайнаас барьсан байхаар нь би өндийж суутал Амараа ах Т-г салгасан. Ямар шалтгаанаар цохьсоныг мэдэхгүй... Энэ хэрэг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч О.Т-гийн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны орой байрны гадаа сагсны талбай дээр сагс тоглож байсан чинь Санчир тоглож байхдаа одоо битгий дараад байгаарай, ална шүү пизда минь гэсэн. Тэгэхээр нь аятайхан тоглоорой гэж Санчир дээр очиход Санчир намайг түлхсэн. Аятайхан тоглоорой гээд Санчирын хөл рүү өшиглөхөд Санчир намайг түлхэж бид хоёр хоорондоо заамдалцсан. Над руу гараа далайхаар нь би Санчирыг татаж байгаад хамар руу нь мөргөсөн чинь Санчир газар унасан. Босч ирээд наанаа байж байгаарай гээд ээж, ах хоёрыг дагуулж ирсэн. Ээж нь орилж, намайг өшиглөсөн. Санчир над руу чулуу шидсэн. Тэгээд түргэн, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №8544 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч О.Т- нь мөрдөн шалгах ажиллгааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа. Нэмж ярих зүйл байхгүй. Санчирыг бага байхаас таньдаг байсан. Багаасаа хамт тоглодог байсан. Урьд тоглож байхдаа тоглоомноосоо маргалдаж байсан. Зодолдож байгаагүй. Санчирын хамрын эмчилгээг хийлгэж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-.... сургуулийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч О.Т- нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Д- хотхоны гадаа сагсны талбай дээр Н.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Н.С-ын мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №8544 дугаартай шинжээчийн:

  1. Н.С-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Энэ хэргийн насанд хүрээгүй хохирогч Н.С-ын биед учирсан “биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Т-ий дээр дурьдсан тодорхой шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Т- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн болно.

 Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний гэм буруутай дээрх үйлдэлд нь тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүх, шүүгдэгч О.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

      Шүүгдэгч О.Т- нь  насанд хүрээгүй хохирогч Н.С-ын эмчилгээний зардалд 140.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. 

      Насанд хүрээгүй хохирогч Н.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.П- нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

     Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Б овогт О-ийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Насанд хүрээгүй хохирогч Н.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.П- нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ