Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч К.С-,

хохирогч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н А-эд холбогдох 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19// оны 00 дугаар сарын 00-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой,_______ байцаагч ажилтай, ам бүл 0, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо “Э” хотхоны 000-000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-н А- /РД://0000000/

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Солонгос Элчингийн хойд замд “T” загварын 00-00 /// улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.А-ээс: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 09:30 цагийн үед гэрээсээ гарч хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд буцаж яваад хүн мөргөсөн. Санамсаргүй, болгоомжгүй байдлаасаа болж хүн мөргөсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч С.Б-аас: “...Би хөдөөний хүн болохоор Улаанбаатар хотод хаана явж байсанаа сайн мэдэхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүүхдийнхээ гэрт очоод бичиг баримтаа аваад явж байгаад мөргүүлсэн. Би явган хүний гарцаар гарч явсан ба жолооч залуу миний хаагуур бол хаагуур гарах боломжтой байсан. Тухайн үед тормос гишгэсэн дуу чимээ гараагүй. Шууд ирээд мөргөх шиг болоод би ойчоод босох гэсэн боловч босож чадаагүй. Тэгээд жолооч залууд газар дээр нь түргэн тусламж, цагдаа, миний хүүхдүүдийг дууд гэсэн. Миний бие маш муу байсан ба би юм ярьж чадахгүй, амьсгалж чадахгүй байсан. Миний гар, хавирга гэмтэж уушгинд маш их цус орсон байсан. Жолооч залуу тухайн үед эмчилгээний зардлыг төлж, эмнэлэгт 2-3 удаа эргэж ирсэн. Би 2 сарын хугацаанд хагас суугаа байдалтай унтаж байна...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч С.Б-ын: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг ...Энхтайвны гүүрний баруун талд байдаг 19а байранд охин Б.Бадамцэцэгийнд очих зорилгоор явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарч яваад баруунаасаа зүүн чиглэлд явсан бор шаргал өнгийн “T 20” маркийн 00-00 /// улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Мөрдөгч Ц.Н-ын: “...00-00 /// улсын дугаартай T загварын автомашины жолооч Б.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12186 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,

“....” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 59-62 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Б.А-ийн: “...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 09 цаг 40 минутын орчимд би “....” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг бор шаргал өнгийн Тоёота Приус 20 маркийн 00-00 /// улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил дээрээ очиж ажлаа амжуулчихаад, эргэж гэртээ очиж хүүхдээ шатрын клубт нь хүргэж өгөх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг Солонгос Элчингийн хойд замд ертөнцийн зүгээрээ баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 40 гаран км/ц-ийн хурдтай явж байтал ойролцоогоор 20 орчим метрийн зайнд явган хүний гарцны замынхаа урд талд нэг эрэгтэй хүн ганцаараа зогсож байгаа харагдсан.  Тэгээд явган хүний гарц ойртоод ирэх үед тухайн хүн нь урдаасаа хойшоогоо чиглэлтэй гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр даруй тоормозоо гишгээд жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дарсан боловч амжилгүй машиныхаа баруун урд хэсгээр тэр хүнийг мөргөөд зогссон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 112 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/,

            -Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 110 дугаар хуудас/,

            -Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 106 дугаар хуудас/,

            -Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 103-105 дугаар хуудас/,

            -Захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл /хх-ийн 96-101 дүгээр хуудас/,

            -Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 114-100 дугаар хуудас/,

            -Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 116 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийг гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Солонгос Элчингийн хойд замд “T” загварын 00-00 /// улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Б-ын  мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/, мөрдөгч Ц.Н-ын магадлагаа /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12186 дугаартай:

  1. С.Б-ын биед зүүн 5-7-р хавирганы далд хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн богтос ясны далд хугарал, баруун мөрний мултрал, баруун бугалга, өгзөг, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

 “....” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн:

Хариулт 1:Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, зогсоолын тоормос, их гэрлийн тусгалуудын чадал хол дээрээ, дугуйн хээний гүний хэмжээнүүд стандартуудын шаардлага хангасан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Урд салхины шилний баруун гар талын багана хонхойж гажсан, урд буфер зүүн талын булан хэсэгтээ хонхойж хажуу сэнжээсээ мултарсан ба гол хэсэгтээ цуурсан хуучин сэвтэй, баруун гар талын крыло нилэнхүйдээ хонхойсон зэрэг эвдрэл гэмтлүүд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

Хариулт 2: Урд салхины шилний баруун гар талын багана хонхойж гажсан, урд буфер зүүн гар талын булан хэсэгтээ хонхойж хажуу сэнжнээсээ мултарсан ба гол хэсэгтээ цуурсан хуучин сэвтэй, баруун гар талын крыло нилэнхүйдээ хонхойсон зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

Хариулт 3: Урд буфер зүүн гар талын булан хэсэгтээ хонхойж хажуу сэнжнээсээ мултарсан ба гол хэсэгтээ цуурсан сэвтэй гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй хуучин гэмтэл байна.

Урд салхины шилний баруун гар талын багана хонхойж гажсан, баруун гар талын крыло нилэнхүйдээ хонхойсон гэмтэл нь зам тээврийн ослын улмаас шинэ гэмтэл ба осол гарахад нөлөөлөхгүй.

Хариулт 4: Уг приус-20 загварын автомашин шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй, тоног төхөөрөмж дээр шалгахад тоормосны систем бүрэн ажиллаж байна.

Хариулт 5: Шингэн дамжуулгын ABS системтэй автомашин нь тоормос гишгэхэд зам дээр тоормосны тасалдсан мөр үүснэ.

Хариулт 6: Уг автомашины спидометрийн заалт хэвийн ажиллаж байна” гэх дүгнэлт /хх- ийн 59-62 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.А- нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч К.С-ээс шүүгдэгчийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Б.А-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.   

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч С.Б-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч С.Б- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд нийт 1.225.306 төгрөг /хх-ийн 25 дугаар хуудас/, “MED TRAUMA” эмнэлэгт үзүүлсэн 150.000 төгрөг, эмийн баримт 20.000 төгрөг, нийт 1.395.306 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн эмчилгээний зардал болон эрүүл мэндэд учруулсан хохиролд нийт 1.593.500 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 119-120 дугаар хуудас/, байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч С.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №845673 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1.Б овогт Б-н А-ийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Б.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Б.А-ийг мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн,  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Б.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан №845673 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлсүгэй.

 

            6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            7. Хохирогч С.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ