Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00868

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00868

 

 

********-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00478 дугаар шийдвэртэй,

********-ийн хүсэлттэй

********-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Татварын өр төлбөрт 447,535,066.88 төгрөг гаргуулах тухай ************ бие даасан шаардлагатай ,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах тухай ************ бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хэрэг гүйцэтгэгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ********-ийн гаргасан хүсэлт, үндэслэлийн агуулга: ******** нь 2007 оны 04 дүгээр сарын 05 -ны өдөр зочид буудал, саун, душ, бассейны үйлчилгээ, газар тариалан, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, аялал жуулчлал, баар, зоогийн газрын үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан. Тус компани 2010 оноос эхэлж уул уурхайн катерингийн буюу хөдөө орон нутагт байрлах кемпийг хоолоор хангах болон кемпийн үйл ажиллагаа, цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. ********-ийн үйл ажиллагаа 2018 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул ******** -ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргаж байна.

1.1.Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл:

Бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож алдагдал хүлээж ашиггүй ажилласан.

Мөн и-баримтаар баталгаажаагүй болон и-баримтгүй бараа, материал худалдан авснаар татвараас хасагдах зардалд тооцогдоогүй, үүнээс үүдэж ашигтай харагдаж татвар ногдох орлого өндөр гаргасан. Дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон.

1.2. Компанийн хөрөнгийн хэмжээ:

2021 оны 04 дүгээр улирлын байдлаар ******** нь 858,600 төгрөгийн кассын үлдэгдэлтэй бөгөөд үүнээс өөр хөрөнгөгүй байна.

1.3.Компанийн өр төлбөрийн хэмжээ:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалаар ********-аас 26,677,070 төгрөгийг гаргуулан Б.Батцоожид олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж, 19,677,070 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Мөн 2015- 2021 оны хооронд үүссэн татварын өр хуримтлагдаж Баянгол дүүргийн Татварын хэлтэст 457,267,332 төгрөгийн татварын өр,

Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 4,500,000 төгрөг, компани нь нийт 481,444,402 төгрөгийн өр төлбөртэй.

Компанийн хөрөнгө болон өр төлбөрийг харьцуулан үзэхэд ******** нь өөрийн хөрөнгийн -560.7 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй байна. ******** нь бусдаас авах авлагагүй болно. Хариуцагчид төлбөртэй этгээд байхгүй.

******** нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийн дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүйгээр дампуурсанд тооцож татан буулгах тухай саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгийнхөө -560.7 хувьтай тэнцэх өртэй тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргасан тайлбарын агуулга: ************ татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 2875675 тоот регистрийн дугаартай ******** танай шүүхэд хандаж төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай дампуурлын хэрэг үүсгүүлэх нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Глади XXК нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын 8,389,287.85 төгрөгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 214,731,731.58 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татварын 224,414,047.45 төгрөгийн, нийт 447,535,066.88 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул тус ********-аас татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан тайлбарын агуулга: Д.Уянгын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******** нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2019 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 4,500,000 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн байна. Дээрх өр нь 2019 оны 11 дүгээр сараас хойш төлөөгүй хуримтлуулсан шимтгэлийн өр болно. Шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй болно. Иймд ********-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэг гүйцэтгэгч *********ын гаргасан дүгнэлтийн агуулга: ******** нь 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр зочид буудал, аялал жуулчлал, автомашины засвар үйлчилгээ, газар тариалан, саун, душ, бассейн үйлчилгээ, баар караоке, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 831,914,600 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.

Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. ********-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 442,724,800.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн 27.70 хувиас 29.39 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******** нь 2020 оноос өөрийн хөрөнгийн 27.7 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

Мөн balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32022/11768 дугаартай захирамжаар ********-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

********-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 оноос 350,724,800 төгрөг болон нэмэгдэж, нийт -455,073,900 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.

Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 326 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2017 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ********-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

Улс орнууд хилээ хаах, тээвэр логистикийн зогсолт, бараа бүтээгдэхүүний өөрийн өртгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл, шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө.

********-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ бараа ажил үйлчилгээний өртгийг алдаатай тооцоолж алдагдал хүлээж ашиггүй ажилласан, санхүүгийн мэдлэг дутуу байдлаас нэмэгдсэн өртөг шингээгүй, ажил, бараа үйлчилгээ худалдан авдаг байсан нь татвараас хасагдах орлогыг тооцуулах боломжгүй болгон татвар ногдох орлогыг өсгөсөн, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэнд удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэж байна.

********-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк дахь 453142874 тоот харилцах дансны үлдэгдэл 112,295 төгрөг байх бөгөөд өөр хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно.

Хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар ********-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5-д зааснаар хариуцагч ********-аас 447,535,066.88 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтэст олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хариуцагч ********-иас 4,500,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд; Шүүгч 2022 оны 09 дүгээр сарын 29 -ний өдөр "Шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах тухай" 102/Ш32022/15825 дугаартай захирамж гаргаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баянгол дүүргийн Татварын хэлтсийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Хуулийг ноцтой зөрчсөн. Хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд өөрийн хүсэлтээр эсхүл зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой.

6.2. Шүүх Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч заасан шийдвэрлэсэн.

Дампуурлын хуульд заасан зохицуулалтаар төлбөрийн чадваргүйд тооцох аргачлалыг хуульчилж өгсөн байхад шүүх уг хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг гүйцэтгэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу тус компанийн санхүүгийн тайланд Сангийн сайдын батлагдсан журмаар иж бүрэн төлбөрийн чадваргүйдлийн болон дампуурлын шинжилгээ хийсэн. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10 ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй бол төлбөрийн чадваргүй гэж үзнэ гэж заасан. Хууль болон гэрээнд заасан хугацаанд 10 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлж чадахгүй бол гэдгийг санхүүгийн тайланд төлбөрийн чадваргүйдлийн иж бүрэн шинжилгээ хийж тоон утгаар нотолж гаргасан.

Төлбөрийн чадваргүйдэл гэдэг нь мөнгөн хөрөнгийн ойлголт бөгөөд Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 90 дугаар Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1 дүгээр хэсэгт компанийн харилцах данс болон кассад байгаа мөнгөн хөрөнгө нь хүрэлцэхгүй бол тухайн компанийг төлбөрийн чадваргүйд тооцох тухай аргачлалыг дээрх тогтоолоор заасан.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тус компанид хүлээж буй өр төлбөрийн тун бага хувь буюу 0.5 хувийг биелүүлэх мөнгөн хөрөнгө байгаа тул өр төлбөрийг төлөх боломжгүй бөгөөд тус компанийн ашиг, алдагдал нь -1,000,000,900 төгрөг байх тул энэ компанийг дахин хөрөнгөжүүлэхгүйгээр өөрийн хөрөнгөөр өр төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Хүсэлт гаргагч ********-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлт гаргажээ. Хүсэлтийн үндэслэлээ 2017-2022 оны санхүүгийн тайлангуудаар тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 оноос 350,724,800 төгрөг болон нэмэгдэж, нийт -455,073,900 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн талаар дурдсан. Хэрэгт мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт авагджээ.

 

2. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргах талаар заасан.

Хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2022/11768 дугаар шүүгчийн захирамж авагдсан. Уг захирамжид нэхэмжлэгчид хариуцагчид төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоног /2022 оны 07 дугаар сарын 29/-ний өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэл ирүүлэх бөгөөд уг нэхэмжлэлдээ хариуцагч ********-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох баримтуудыг хавсаргах, дээрх хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг дурджээ.

Төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам тэр дундаа онцгой ажиллагааны журам, Дампуурлын тухай хуулиар тогтоосон процесс ажиллагаагаар хянан шийдвэрлэдэг.

Онцгой ажиллагааны хэрэгт эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрх үүрэгт нөлөөлөхөөр байх тул шүүхийн санаачилгаар гуравдагч этгээдээр татан оролцуулсныг буруутгахгүй.

Гэхдээ анхан шатны шүүхээс Баянгол дүүргийн Татварын хэлтэс, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчээр оролцож байгаа тохиолдолд нэхэмжлэл гомдол гаргах хугацааг сэргээлгэх асуудлыг шийдвэрлэсний дараагаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчээр орж байгаа эсхүл гуравдагч этгээдээр оролцож байгаа эсэх асуудал нь тодорхойгүй, энэ асуудлыг тодруулах шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД