Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 03

 

Ц.Байгальмаад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дүгээр шүүгчийн захирамжтай Ц.Байгальмаад холбогдох 201616000170 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум, 4 дүгээр баг, Жаргалантын 01-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цоохон овогт Цэрэндоржийн Байгальмаа /регистрийн дугаар: КЖ78052902/

          Ц.Байгальмаа нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Жаргалантын 01-04 тоотод Монгол улсын Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй каффейн /мими/-г хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ц.Байгальмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Ц.Байгальмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөх боломжгүй, шүүгдэгч нь өөрийн гэрээр Мимми буюу каффейныг худалдан борлуулж байсан бөгөөд БНХАУ-д зорчихдоо тухайн бодисыг авчирсан эсэхэд дүгнэлт хийж хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаагүй орхигдуулсан, мансууруулах бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодист хамаарах эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай, түүнчлэн Ц.Байгальмаагийн хувийн байдлыг тогтоох зэрэг үндэслэлүүдээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж, Ц.Байгальмаад гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн каффейн /мими/ 14 ширхэг, асаагуур 8 ширхэг, тугалган цаас 2 ширхэгийг хэргийн хамт Өмнөговь аймгийн Прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Улсын яллагчаас давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй шүүгдэгч Ц.Байгальмаа нь “...эгчийнхээ буяны ажлын эд зүйл цуглуулахаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гашуун сухайт дахь хилийн боомтоор БНХАУ руу хил гарч 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улс руу эргэн орж ирсэн” гэж мэдүүлдэг, Гаалийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03-2/1029 дугаартай албан бичигт шүүгдэгч Ц.Байгальмааг Монгол улсын хилээр зорчихдоо ямар нэг зөрчил гаргаж байгаагүй талаар дурьдсан /хх-ийн 64х/  нотлох баримтуудаар түүнийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гашуун сухайт дахь хилийн боомтоор БНХАУ-ын руу хилээр нэвтэрч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улс руу эргэн орж ирэхдээ тухайн бодисыг авчирсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Ц.Байгальмаагийн худалдан борлуулсан Мими буюу каффейн гэх сэргээшийн төрлийн бодис нь Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодист хамаардаггүй болохыг “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалт, Эрүүл мэнд Спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-д Мими буюу каффейн гэх сэргээшийн төрлийн бодис нь багтдаггүй болно.

Түүнчлэн Ц.Байгальмаагийн хувийн байдлыг тодруулсан албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтэс /хх-ийн 39/ болон арилжааны банкуудын лавлагаа /хх-ийн 41-46/, засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 60-61/ хавтаст хэрэгт авагдсан ба түүний хувийн байдлыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Ц.Байгальмааг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гашуунсухайт дахь хилийн боомтоор БНХАУ руу хил нэвтэрч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улс руу эргэн орж ирэхдээ тухайн бодисыг авчирсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Ц.Байгальмаагийн худалдан борлуулсан Мими буюу каффейн гэх сэргээшийн төрлийн бодис нь мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодист хамаардаггүй болохыг дараах эрх зүйн баримтуудад тусгагдсан байна. “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалт, түүнчлэн Эрүүл мэнд Спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-д Мими буюу каффейн гэх сэргээшийн төрлийн бодис нь багтдаггүй.

Түүнчлэн Ц.Байгальмаагийн хувийн байдлыг тодруулсан албан бичиг, лавлагаа баримтууд буюу Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, арилжааны банкуудын лавлагаа, Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд хавтаст хэрэгт авагдсан гэж үзэж байна. Эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 254 дугаартай нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах тухай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дугаартай шүүгчийн захирамжийг хүчинтэй гэж үзэж байна. Каффейн /мими/ гэдэг зүйл нь эм биш юм гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурьдсан байдаг. Эм гэдэг нь өөрөө хэлбэрт оруулан шахсан зүйлийг хэлнэ гээд заачихсан байдаг. Эмийн бүтцэд орсон зүйлийг түүхий эд гэнэ гээд мөн заагаад өгчихсөн. Шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй гэж үзэж байна. Мэргэжлийн шинжээч эмчтэй уулзаж асууж байхад каффейн буюу мими нь дангаараа байгаа тохиолдолд эм болохгүй. Заавал нэг зүйлтэй холилдож байж эм болдог гэж хэлж байсан. Бид бүхний хэрэглэдэг кофе, коко кола зэрэг бүтээгдэхүүний найрлагад каффейн буюу миминий орц агуулагддаг. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлээр зүйлчлэх нь учир дутагдалтай юм. Үнэхээр энэ каффейн буюу мими нь сэтгэцэд хүчтэй үйлчлэх эм,  бодис мөн үү гэдгийг албан ёсны лабортоороор зайлшгүй шинжлүүлэн тогтоолгох шаардлагатай гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц.Байгальмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 Давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

Шүүгдэгч Ц.Байгальмаагийн БНХАУ-д зорчихдоо тухайн бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгах, хувийн байдлыг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн энэ талаар бичсэн хэсгийг хүлээн авч, харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн каффейн /мими/ нь мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодист хамаарах эсэхийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1-т заасны дагуу шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Иймд дээрх ажиллагааг мөрдөн байцаалтын явцад нэмж гүйцэтгэх шаардлагатай байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйл, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Ц.Байгальмаад урьд бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

2. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА