Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 580

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

             

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ын Н-ид холбогдох 000000000000000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 0* дүгээр сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0 эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт Б-ын Н- /РД: **00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр сургуулийн сагсны талбайд Ц.Х-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Н-: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Насанд хүрээгүй хохирогч Ц.Х-ийн: “...энэ өдрийн орой Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны байрны хажуугийн сагсны талбай дээр сагс тоглож байхад үл таних 3 ах мотоциклтой ирээд намайг ямар гоё том бөгстэй охин бэ Ө-өд ийм том бөгстэй охин байдаг юм уу гээд байсан би явах гээд бөмбөгөө авах гэхэд өгөхгүй Д-оо нь миний бөмбөгийг тэвэрчихээд зогсоод байхаар нь бөмбөгөө авах гээд дээрээс нь цохихдоо Д-оогийн нүүр рүү нь цохичихсон тэгтэл Д-оо чи хүнийг зоддог хэн бэ гээд миний хамар руу гараараа нэг удаа цохитол хамраас цус гарсан, үргэлжлүүлээд 4-5 удаа алгадсан, хавсарч унагаад гуя руу өшиглөчихөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Гэрч Б.Б-гийн :”..2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны сагсны талбай дээр тоглож байгаад Х-э явах болоод бөмбөгөө авах гэтэл Н- тоглоод өгөхгүй байтал Х-э Н-оос бөмбөгөө авах гэж байгаад нүүр рүү нь цохичихсон тэгтэл Н- Х-ийн нүүр рүү нь гараараа цохиод гуя руу нь хальт өшиглөсөн Х-ийн хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

            Гэрч Д.Б-гийн: “...сагсны талбай дээр тоглож байгаад Х-ийн бөмбөгийг Н- өгөхгүй байтал Х-э Н-оос бөмбөгөө авах гэж байгаад нүүр рүү нь цохисон, тэгтэл Н- Х-ийн нүүр рүү гараараа цохиод нэг удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №7423 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний орой сургуулийн хажуугийн сагсны талбай дээр тоглохоор очтол Х-э тамхиа сандал дээр тавьсан байтал Д- тамхинаас нь аваад таттал Х-э тамхи хэлэлгүй татлаа гээд уурлахаар нь Д- бид хоёр гэр рүүгээ явсан. Тэгээд нилээн байж байгаад буцаж ирээд тоглох гэтэл Х-э бөмбөгөө аваад явлаа гэхээр нь би жаахан тоглочихъё гэтэл тоглуулахгүй явлаа гээд байхаар нь бөмбөгөө өгчих гээд бөмбөгийг нь автал бөмбөгөө авна гээд миний нүүр рүү нэг удаа Х-э цохихоор нь би нүдээ дарж нилээн байж байгаад Х-ийг нэг удаа гараа хагас атгаж байгаад цохисон. Тэгтэл Х-ийн зүүн нүднийх нь доор хөхөрсөн байсан. Тэгээд би яваад өгсөн. Би нэг пиво уусан байсан. Би Х-эд эмчилгээний зардал болох 140.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Би буруугаа ойлгож гэмшиж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 40 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Н-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр сургуулийн сагсны талбайд Ц.Х-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ц.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,гэрч Д.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №7423 дугаартай

  1. Ц.Х-э-н биед баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Б.Н- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 132 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Б.Н-оос хохирогч Ц.Х-ийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 140.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Н- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

 

 

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1.Д овогт Б-ын Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Н-ид мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ