Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 09

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

   улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Г-  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт Б-ы Г-д холбогдох 181000000000  дугаартай хэргийг 2018  оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр .... аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин, мужаан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11,эх, хойд эцэг, ах, дүү, эхнэр хүүхдийн хамт, .... аймгийн .... сумын 4 дүгээр баг, .... хороолол, 9-р байр 3 тоотод оршин суух, урьд .... аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, .... аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 2.... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэн, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Г- овогт Б-ы Г-  

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

     Шүүгдэгч  Б.Г- нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “....” хорооллын ...тоотод оршин суух иргэн А.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “....” загварын зурагт, 42 размерийн пүүз зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 326.940 төгрөгний хохирол учруулсан,

     мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хүнсний дэлгүүрийн орчим 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр иргэн ....гээс гар утсаар чинь яриад өгье гэж хэлэн “....” маркийн гар утсыг нь залилан авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Г-эс: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

        

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч А.Б-ийн: “...Г- гэдэг залуу манай гэрт 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирээд надтай хамт манай гэрт архи ууж хоноод шөнө  гараад явсан байсан. Би маргааш нь гэрийн түлхүүр олдохгүй байхаар нь ээжтэй утсаар яриад, ээжээр гэрийн түлхүүр авчируулаад гэрээ цоожлоод ээжтэй хамт “Некст” худалдааны төв дээр очиж 32 инчийн зурагт худалдаж авсан. Маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өглөө хаалгаа цоожлоод ажилдаа яваад 20 цагийн орчимд гэртээ ирээд хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороод зурагтаа харахад байхгүй байсан...Манай гэрээс марк тодорхойгүй 32 инчийн зурагт, хар өнгийн торон эрэгтэй хүний пүүз алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ....  хуудас/,

Хохирогч ....гийн: ”...Тэр залуу миний гар утсыг асуугаад утсаар чинь нэг ярьчихъя гэхээр нь би утсаа өгсөн. Тэгсэн тэр залуу надаас аймар их бохь үнэртэж байгаа дэлгүүрээс бохь аваад гараад ирье гээд миний гар утсыг аваад дэлгүүр лүү орсон. Би гадаа 2-3 минут хүлээсэн, тэр залуу гарч ирэхгүй байсан тэгээд би дэлгүүр лүү нь орсон чинь тэр залуу арын хаалгаар нь гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр  хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд

-2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-18-525 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41 дүгээр хуудас/,

-2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХУ2-18-730 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45 дугаар хуудас/,

-2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн БГ-2-18-392 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 87 дугаар хуудас/,

-2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/483 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Б.Г-ийн: “...Би урьд өдөр нь түлхүүр авч гарсан болохоор түлхүүрээрээр хаалгыг нь онгойлгоод орсон... би архины мөнгөгүй байсан, дахиж архи уумаар санагдаад зурагтыг нь аваад гарсан. Загварыг нь мэдэхгүй байна. 32 инчийн хар өнгөтэй зурагт байсан. Яармагаас автобусанд суугаад Барс зах дээр очоод танихгүй хүнд 2 шил архиар зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр  хуудас/, “...танихгүй нэг хүнтэй уулзаад би утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд гар утсыг нь аваад явчихсан... би тухайн үед тэр хүний утсыг аваад Хархорин захын гадна зогсоод байдаг хүмүүст очоод 130.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 64 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 дүгээр хуудас/

- .... аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол, .... аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 2.... шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 121-135 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “....” хорооллын ...тоотод оршин суух иргэн А.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “....” загварын зурагт, 42 размерийн пүүз зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 326.940 төгрөгний хохирол учруулсан, мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хүнсний дэлгүүрийн орчим 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр иргэн ....гээс “гар утсаар чинь яриад өгье” “гэж хэлэн “....” маркийн гар утсыг нь залилан авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, /хх-ийн 59,107 дугаар  хуудас/, хохирогч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн ....  хуудас/,хохирогч ....гийн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр  хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-18-525 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41 дүгээр хуудас/,2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХУ2-18-730 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45 дугаар хуудас/,2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн БГ-2-18-392 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 87 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05/483 дугаартай “№5 дугаартай гарын мөр нь санд MN003120004148, MN003110007021 дугаараар бүртгэгдсэн Г- овогт Б-ы Ган-Эрдэнийн баруун гарын ядам хурууны дардастай тохирч байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй .... байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.   

Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулсан байна.   

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч мэхлэн, бусдын эд хөрөнгийг залилсан гэж тус тус үзэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Г-д ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв. 

Шүүгдэгч Б.Г- нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан, бусдыг хуурч мэхлэн эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно...” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

 

Хохирогч А.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Мөнхнасангаас : “...Талийгаач амьд байхдаа манай найз ороод хулгайлсан юм билээ тэрнээс надад нэхэх зүйл байхгүй гэж ярьж байсан ба одоо бид нарт ч тэр хүнээс нь нэхэмжлэх зүйл байхгүй. ямар нэгэн санал гомдолгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...”/хх-ийн 142 дугаар хуудас/, гэж мэдүүлсэн байна.

Харин хохирогч  ....гийн “....” маркийн гар утас нь  “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд 544.000 /таван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Г- нь уг хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс 544.000 төгрөгийг гаргуулж хохирогч ....д олгох нь зүйтэй байна. 

       Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г- нь 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

  

1. Г- овогт Б-ы Ган-Эрдэнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдыг хуурч мэхлэн, эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Г-ийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан  2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г-эс 544.000 төгрөгийг гаргуулж хохирогч ....д олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ