| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0189/Э |
| Дугаар | 00197 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 00197
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
иргэний нэхэмжлэгч Д.Буянбат,
хохирогч Б.Т ,
шүүгдэгч Ж.Т , түүний өмгөөлөгч Б.Батдорж, шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор,хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж.Т , Г овогт Б.Д нарт холбогдох 163/2018/0189/Э индекстэй, эрүүгийн 1815002530139 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Х овогт Ж.Т
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг, Намнангийн өвөр гэх газарт оршин суух, Г овогт Б.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнангийн ар гэх газарт **-**ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаас зорчигч Б.Т ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнангийн ар гэх газарт чиргүүл 80 Трактортой замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 11.1 Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсоно. 15.2 Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо аврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в” 6.3-ын в заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчиж чиргүүлээ зам дээр орхисны улмаас зам тээврийн осол гарч хохирогч Б.Т ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот явж байсан. Тэр өдөр бороотой тэнгэр бүүдгэр байсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт явж байхад хажуугаар нэг машин зөрөөд өнгөртөл өмнө бүүдийсэн хар юм байсан. Тэгээд тоормос хальт гишгээд мөргөсөн. Машинаасаа буугаад ирсэн чинь чиргүүл байсан гэв.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өглөө 09 цагт гэрээсээ мод ачаад явж байтал морьтой хүүхэд ирээд ахаа дугуй чинь хагарсан байна гэж хэлсэн. Би тэгээд буугаад үзэхэд чиргүүлийн хамгийн ард талын дугуй хагарсан байхаар нь буруу талын дугуйнуудаа шороон дээр гаргаад, хагарсан дугуйгаа данхраадаж өргөчихөөд явсан. Манай дүү надтай цуг явж байгаад би яараад байна гэж хэлээд яваад өгсөн. Би мотоциклтой хүн гуйгаад надад дугуй дөхүүлээд өгөөч гэж хэлээд дугуй авч ирэхээр явсан. Тэгээд явсаар байтал орой болоод, гол дээр очоод завьтай хүнээс намайг гол гаргаад өгөөч гэхэд орой болсон байна. Маргааш өглөө болъё гэж хэлсэн. Тэгээд би хүргэнийдээ очиж хоноод, маргааш өглөө нь 6 цагт босоод гол гараад дугуйгаа авч явсаар байтал 12 цаг болсон. Тэгээд яваад очтол чиргүүлийг маань том оворын машин ирээд мөргөсөн байсан. Ингээд сумын төв орж цагдаад мэдүүлэг өгсөн. Би хүний чиргүүл авч явсан ба хүн нь 3 хоногийн дараа чиргүүлээ авмаар байна гээд байхаар нь хүнээс чиргүүл авч өгсөн. Одоо болтол хүний чиргүүлийг засаж өгөөгүй байгаа гэв.
Хохирогч Б.Т ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ зун аавтайгаа ачаанд цуг явж байсан. Зуны турш ачаанд яваад хамгийн сүүлийн явалтаараа хотод очиж үлдэхээр явсан. Бид цаашаа БНХАУ явж хувцасаа бэлдэх зорилгоор явах гэж байсан. Бидэнд туслах жолооч хэрэг болоод Ж.Т ахыг гуйгаад авч явсан. Малаа ачаад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хоолны газар хоол идчихээд, тэвшин дээр ачсан байсан мал хэвтээд байхаар нь босгочихоод машиндаа суугаад, тэрнээс хойш юу болсонг санахгүй байгаа. Би Эрдэнэт хотын эмнэлэгт очиж ухаан орсон. Ж.Т ах надтай ярьж эргэж тойрч, тусламж дэмжлэг үзүүлж байсан. Харин Б.Д надад огт тусламж дэмжлэг огт үзүүлээгүйд би гомдолтой байна. Би энэ хугацаанд сэтгэл санаа болоод гоо сайхан, хичээлээсээ маш их завсардсан. Манай гэр бүр Б.Д гаас болоод эдийн засгийн маш их хохирол учирсан. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт явж байгаад аваарт орсон. Миний эзэмшлийн 13-71 улсын дугаартай автомашиныг Ж.Т жолоодож явж байсан. Миний машиныг Б.Д гийн хамаатны гэрийн гадаа орхисон байсан. Цагдаагийн газраас машинд учирсан гэмтэлд үнэлгээ хийлгэ гээд Эрдэнэт хотын үнэлгээний компанид мөнгийг нь өгч үнэлгээ хийлгэсэн. Ингээд үнэлүүлэхэд 15420000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний машиныг эргээд хэвийн байдалд нь оруулбал надад гомдол санал байхгүй. Б.Д гийн дүү надруу яриад хүүхдийн бие ямар байна гэж нэг удаа яриад дахиж яриагүй. Машинаа үлдээсэн айл нүүнэ гэхээр нь очиж авсан. Ж.Т аас 7500000 төгрөг авсан. Үүнийг хүүхдийн эмчилгээний мөнгө, автомашинд учирсан гэмтэлийн мөнгө гэж ойлгож байгаа. Машинд үнэлгээ хийлгэсэн мөнгө 305000 төгрөг, машины бензиний мөнгө 100000 төгрөг, нийлээд 15800000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүний 50 хувийг Ж.Т төлсөн, үлдсэн хэсгийг Б.Д гаас гаргуулж өгнө үү гэв.
1815002530139 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Т ы " 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар орох гээд аав, ээж, дүү туслах жолооч нарын хамтаар явсан. Тэгээд Булган аймгийн хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Намнангийн ар гэх газар мод ачсан чиргүүлийг мөргөж ухаан алдсан юм шиг байгаам. Нэг сэртэл. Энхзориг ах за зүгээрээ тайван бай гэж намайг тайвшируулж байсан. Тэгээд хүмүүсийн яриаг хальт сонсоход Эрдэнэт рүү авч явна хот газар дөхүүлий гэж байсан...Туслах жолооч Ж.Т жолооны хүрдний ард би өөрөө зорчигчийн сандал дээр, аав, ээж хоёр хойд байрлах амралтын орон дээр хэвтэж явж байсан" гэх мэдүүлэг /хх-24 тал /
Гэрч Б.*******ын өгсөн: "би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нөхрйн эзэмшлийн **-**ХӨҮ улсын
дугаартай тээврийн хэрэгсэлтэй төрсөн хүү Б.Т , Дашням мөн нөхөр
Д.Буянбат, туслах жолооч тоогий нарын хамтаар явж байсан. тухайн үед би
жолоочийн арын сандал дээр унтаж амарч явсан. Тэгтэл гэнэт тас хийх чимээ гарч
мөргөлдчихлөө гэсэн. Тэгэхээр нь сэрээд харсан чинь осол болсон байсан" гэх
мэдүүлэг /хх-н 30 тал/,
Гэрч Д.*******ын өгсөн: "би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд миний эзэмшлийн **-**ХӨҮ улсын
дугаартай тээврийн хэрэгсэлтэй төрсөн Б.Т , Дашням, эхнэр *******,
туслах жолооч Тоогий нарын хамтаар явж байсан. Тэгээд Булган аймгийн Хутаг-
Өндөр сумын нутагт оройн 21 цагийн орчимд асфальтан замаар явж байхад
өөдөөс нэг машин гэрэл тусгаад зөрж өнгөрсөн. Тэгэхэд гэнэт түлээ ачсан машины
чиргүүл харагдсан. Тэгэхээр нь наад чиргүүлээ мөргөлөө ш дээ жолооны хүрдээ
дараач гэж хэлсэн чинь жолооч Тоогий жолооны хүрдээ баруун гар тал руу
дарахад тэр чиргүүлийг араас нь мөргөж осол болсон. Тэгээд ослын дараа би том
хүү Б.Т ы хөл машинд хавчигдсан байсныг араас ирсэн автобусны
жолоочоос лоом авч байгаад хөшиж гаргаж авсан....ямар нэгэн аворын
анхааруулах тэмдэг байгаагүй. Мөн чиргүүлэнд нь аворын гэрэл дохио байхгүй
байсан. Тухайн үед чиргүүл бид нарыг явах эгнээнд байрлуулсан байсан ба замыг чөлөөлөөгүй байсан" гэх мэдүүлэг, /хх-н 31 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Дашнямын өгсөн " Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орох гээд явж байтал. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэр “Намнангийн ар” гэх газарт явж байхад зам дээр гэнэт мод ачсан чиргүүл гарч ирсэн. Тэгээд жолооч Тогтохоо ах тоормоз гишгэсэн. Эсрэг урсгал руу орж жолоочийн эсрэг талаар чиргүүлийг мөргөж замаас бид машинтайгаа гарсан. Туслах жолооч Тоогий жолоо барьж явсан. ...тухайн чиргүүл нь цацруулагч, гэрэл дохио, анхааруулах тэмдэг байхгүй
байсан" гэх мэдүүлэг /хх-н 32 тал/,
Гэрч Б.*******ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Хагийн нуур гэх газраас хамтаатны ах Б.Д гийн хамт түлшний мод бэлтгээд Б.Д ахын 80 маркийн трактороор хоёр чиргүүл мод ачаад Намнангийн ар гэх газар 18 цагийн үед явж байтал хойд чиргүүлийн баруун талын хойд дугуй хагарсан. Тэгээд бид хоёр нөөц дугуй байхгүй байсан. Тухайн үед Б.Д ах торакторын дугуйг хөвөөн хэсэг рүү шахаж тавьсан. Харин чиргүүлийн хойд талын дугуйнууд засмал
зам дээр байсан. Хагарсан дугуйгаа данхраадаж салгаад чиргүүлийн хойд талд 2
метр орчим зайд зам дээр хэвтүүлж тавьсан. ...харин чиргүүлийг зам дээр
үлдээсэн. Замыг бол чөлөөлж тавиагүй. Ямар нэг анхааруулах тэмдэг тэмдэглэгээ огт хэрэглээгүй. Чиргүүлэнд аворын гэрэл дохио цацруулагч огт байхгүй" гэх мэдүүлэг /хх-н 36/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 207 тоот:
1. Б.Т ы биед умдаг ясны бүрэн салсан хугарал, зүүн ухархайн дотор ялтасын цөмөрсөн, ухархайн доод ханын хугарал, баруун дээд зовхи, ташаанд оёдол бүхий шарх, баруун зовхинд цус хуралт, баруун хацар, гуя, шилбэ, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
5. цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-48-49 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай:
Ж.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВС ангилалын 298125 дугаарын үнэмлэхтэй хүчинтэй байна.
Жолооч Ж.Т нь 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-1-3 тал/, гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-19 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний “Hyundai ston” маркийн **-**ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9876500 төгрөгийн шууд, 561000 төгрөгийн шууд бус хохирол учирсан болохыг, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн “Чиргүүл-1” 657000 төгрөгийн шууд, “Чиргүүл-2” 1539000 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-62-75, 81-87 тал/, шүүгдэгч Б.Д , Ж.Т нарын урьд ял шийтгүүлж байгаагүй талаархи Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа /хх-108-109 тал/, хохирогчийн гэмтэлтэй холбоотой баримтууд /хх-120-127 тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнангийн ар гэх газарт **-**ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Б.Т ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнангийн ар гэх газарт чиргүүл 80 Трактортой замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 11.1 Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсоно. 15.2 Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в” 6.3-ын в заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчиж чиргүүлээ зам дээр орхисны улмаас зам тээврийн осол гарч хохирогч Б.Т ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч Б.Т ы өгсөн " 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар орох гээд аав, ээж, дүү туслах жолооч нарын хамтаар явсан. Тэгээд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Намнангийн ар гэх газар мод ачсан чиргүүлийг мөргөж ухаан алдсан байсан. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж эрүүл мэндээрээ хохирч байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, гэрч Б.*******, Д.Буянбат, насанд хүрээгүй гэрч Б.Дашням, Б.******* нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтууд бөгөөд хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэгийн хүрээнд эрх бүхий шинжээчид гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.Т , Б.Д нар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Т , Б.Д нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.Т ы эмчилгээ, сувилгаатай холбогдож гарсан хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Буянбатын “Hyundai ston” маркийн **-**ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 15486500 төгрөгийн хохирлыг цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Т эрүүл мэндэд учирсан хохиролд 1748550 төгрөг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан Медипас эмнэлэгт аарцаг, түнхний рентген зураг 30000 төгрөг, Комьпютер, томограф 150000 төгрөг, эмийн сангаас авсан эм 3000 төгрөг, 21000 төгрөг, 2300 төгрөг, 600 төгрөг, 22500 төгрөг, 1800 төгрөг, 17000 төгрөг, 204000 төгрөг, 7550 төгрөг, 1600 төгрөг, 1600 төгрөг, 40000 төгрөг, 144000 төгрөг бүгд 466950 төгрөг, бензин 70000 төгрөг, 20000 төгрөг, 41000 төгрөг, 22000 төгрөг, 27500 төгрөг, 74000 төгрөг, 20000 төгрөг, 80007 төгрөг бүгд 345507 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн 8000 төгрөг, үзлэгийн төлбөр 50000 төгрөг, өвчтөн тээвэрлэсэний 100000 төгрөг, хуга таяг 50000 төгрөг, нийт 1209457 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Хохирлыг тооцож гаргуулахдаа шүүгдэгч Ж.Т , Б.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т д хохирол, хор уршиг учирсан байх тул хохирлыг шүүгдэгч нарт ижил тэнцүү хуваарилж тус бүр 604728 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэрэгтэй хамааралгүй шатахууны төлбөр 323880 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй 31000 төгрөг, баримтгүй 184213 төгрөг нийт 539093 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Д.Б “Hyundai ston” маркийн **-**ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 15486500 төгрөг, үнэлгээний 310000 төгрөг, зардал 150000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Б нь машины хохиролд шүүгдэгч Ж.Т 7500000 төгрөг, машины үнэлгээний болон бензины зардал нийлээд 158000 төгрөг төлсөн хохирлоос хасаж тооцно, шүүгдэгч Ж.Т аас нэхэмжлэх зүйлгүй, харин хохирлын 50%-г шүүгдэгч Б.Д гаас гаргуулна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний нэхэмжлэгч Д.Б учирсан хохирлын 50%-г шүүгдэгч Ж.Т төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирлын үлдэх хэсэг мэргэшсэн үнэлгээчний тогтоосон машины үнийн 50% болох 7743250 төгрөг, машинд үнэлгээ хийлгэсний төлбөр 155000 төгрөг нийт 7898250 төгрөгийг шүүгдэгч Б.Д гаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал 75000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Д н тракторын 1, 2 дугаар чиргүүл мөргөлдсөний улмаас 2196000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нарын хэн хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байх тул хохирлын 50%-болох 1098000 төгрөгийг шүүгдэгч Ж.Т аас гаргуулж Б.Д д олгох, үлдсэн хохирлын эрсдэлийг шүүгдэгч Б.Д д хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Т , Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн ба хохиролыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т , Б.Д нарт холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялыг хөнгөрүүлж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Т , Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ж.Т , Г овогт Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Т , Б.Д нарын тус тус тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч нар гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Т , Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.Т аас 1702728 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т д 604728 /зургаан зуун дөрвөн мянга долоон зуун хорин найм/ төгрөг, чиргүүл 1098000 / нэг сая ерэн найман мянга/ төгрөгийг Б.Д д тус тус олгож, шүүгдэгч Б.Д гаас 8502978 /найман зуун тавин хоёр мянга есөн зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т д 604728 /зургаан зуун дөрвөн мянга долоон зуун хорин найм/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б 7898250 /долоон сая найман зуун ерөн найман мянга хоёр зуун тавин/ төгрөгийг олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 539093 /таван зуун гучин есөн мянга ерэн гурван/ төгрөг, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 75000 /далан таван мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т , Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Т , Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ