Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2023/00011

 

 

 

 

 

 

2023          3             09                                                    223/МА2023/00011

 

 

Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2023/00002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Э,

 Хариуцагч: Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн  биелэлт 36,813,648.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.Э өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т ХХК-ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бын гаргасан тайлбарын агуулга: “...Д.Э, Б.Б нар 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 29,000,000.00 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, МН870034310401849884 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан.

Зээлийн барьцаанд таван хошуу мал /тэмээ-6 адуу-19, үхэр-19, хонь-339, ямаа-239/, таван ханатай, давхар бүрээстэй гэр, гэрийн бусад эд зүйлийг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч Д.Э, Б.Б нар зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлээ төлөх талаар удаа дараа сануулсан. Мөн зээлээ төлөхгүй бол шүүхэд шилжүүлэх талаар мэдэгдэж байсан.

Гэвч зээлдэгч нар зээлээ хугацаандаа төлөөгүйгээс муу ангилалтай зээл болсон. Иймд зээлийн гэрээг ноцтой зөрчсөн тул цуцалж, зээлийн хүүг зогсоож эргүүлэн татах болсон.

Зээлдэгч Д.Э, Б.Б нараас 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар үндсэн зээл 29,000,000.00 төгрөг, хүү 7,434,496.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,869.11 төгрөг нийт 36,800,365.77 төгрөг, нотариатын зардалд 13,000.00 төгрөг бүгд 36,813,648.73 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга“...Төрийн банкнаас 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 29,000,000 төгрөг зээл авсан. Би 36.813.648.73 төгрөгөөс 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Харин талыг нь хариуцагч Д.Э төлөх ёстой. Надад хугацаа өгөх юм бол би төлөх болно” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Э, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 36,813,648.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 342,019 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Д.Э, Б.Б нараас 342,019 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Б-ийн тайлбарын агуулга: “... Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Л.М би Д.Э-ийг Төв аймгийн тойргийн нотариатчийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 0363 дугаартай итгэмжлэлээр төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Хариуцагч Д.Э надад хэлэхдээ...эхнэр Б.Б нь миний бичиг үсэг мэддэггүйг ашигласан, намайг хэдэн малнаас минь салгасан, надад юу ч үлдээлгүй, байсан бүх мал, хөрөнгө бүгдийг нь аваад явсан. Одоо өөр хүнтэй амьдарч байгаа. Хүүхдүүд хотод машин угааж байгаа сураг сонссон. Төрийн банкнаас зээл гаргуулж байгаагаа хэлээгүй. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор энд гарын үсэг зурчих гээд л зуруулсан. Банкны эдийн засагч ч тайлбарлаагүй. Мөн зээлийг ноолуур худалдаж авах зориулалтаар авсан боловч эхнэр Б.Б Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хийд барьж байгуулна гэж захиран зарцуулсан. ...зээлээс нэг ч төгрөг авч захиран зарцуулаагүй” гэсэн болохыг анхаарна уу

2.Өмгөөлөгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 32 дугаар зүйлийн 32.2.-т “Төлөөлөл нь ... сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна”, 32.4.-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно”, 34 дүгээр зүйлийн 34.3.10.-т “шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах” гэж заасан эрхийг эдлэхээр заасан.

Мөн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарт сайн дурын төлөөллийг илэрхийлэх баримт нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэл байна гэж тайлбарласан.

Хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хуралдаан зарлагдсан үед оролцож эхэлсэн. Шүүх хуралдааныг 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 15:30 цагт товлож, энэ өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй Л.Даваанямд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 11:30 цагт зарлагдаж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон.

Тус шүүх хуралдаан удаан үргэлжилсэн тул амжиж очих боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргаж, нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч шүүгчийн туслах Д.Уранчимэг хүлээж авахгүй, намайг өөрийн биеэр авчирч өгөх ёстой гэсэн. Би арга буюу баримтаа Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн [email protected] хаягаар хүргүүлсэн.

Гэтэл хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч, төлөөлүүлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг нотлох баримтын хамт гаргасан.

Гэвч шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 431 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг буцаасан. Тус захирамжид улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс ямар үндэслэлээр хариуцагчийн төлбөрийн чадваргүй талаарх Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 39 дугаартай албан бичиг шаардлага хангахгүй байгаа талаар дүгнэлт өгөөгүй атлаа хүлээн авахаас татгалзаж, давж заалдах журмаар гомдол гаргах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгааг цаашид анхааруулах хэрэгтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2023/00002 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Зээлдэгч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй. Хариуцагч нар хаана байгаа газар нь мэдэгдэхгүй байсан болохоор эрэн сурвалжлах ажиллагааг хүртэл явуулж байсан. Энэ талаарх баримт хэрэгт өгөөгүй. Гэхдээ гэрээнд заасан үүргээ зээлдэгч нар ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээг шууд цуцалж, гэрээний үүргийг шаардсан...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоогоогүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж дараах дүгнэлтийг хийв.

2.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Э, Б.Б нартай 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээг цуцалсан тул үндсэн зээл 29,000,000 төгрөг, хүү 7,434,496.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,869.11 төгрөг, нотариатын зардал 13.000.00 төгрөг, нийт 36,813,648.73 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээс хариуцагч Б.Б 18,406,824.36 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хариуцагч Д.Э төлөх ёстой гэсэн үндэслэлээр татгалзсан.

Шүүгч хариуцагч Д.Э-т 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбараа шүүхэд өгч мэтгэлцээгүй байна.

3.Хариуцагч Д.Э хариу тайлбараа ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд ирж тайлбар өгөөгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож болох ч нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэг хүлээнэ.

Шүүх хавтаст хэргийн 10-15 хуудсанд авагдсан баримтаас үнэлбэл, нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Б, Д.Э нартай 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр MN870034310401849884 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 29,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн байх ба гэрээний 6.2.1-д "“зээлийн эргэн төлөлтийн хувиарь"-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол:, 6.2.5-д "зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон бол" гэх мэт нөхцөл байдал үүссэн болох нь нотлогдсон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлахаар энэ гэрээний 6.2.-т заажээ.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т " Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ" гэж заасан.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б “...хариуцагч нарт зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн, эрэн сурвалжлах ажиллагааг явуулж оршин суугаа хаягийг тогтоосон, зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн” гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Б, Д.Э нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанаас нь өмнө шаардах эрх нэхэмжлэгч Т ХХК-д үүссэн эсэх үйл баримтыг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

4.Анхан шатны шүүх хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М-д хэргийн материалтай танилцах, хариу тайлбар өгөх эрхийг хангах үүднээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулахдаа шүүх хуралдааны товыг зохигчтой зөвшилцөн тогтоосон нь шүүх хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоодсон.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нь өмгөөлөгчөөр оролцож байгаа хэргийн шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлсэн нь уг хэрэгт хэргийн оролцогчийн хувиар оролцож байгаа этгээдийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Иймд иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талуудын эрхийг зөрчсөн гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх түүний эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасан заалтад нийцсэн байх тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5.Хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 249,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2023/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Э давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,984 /хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА 

                                                                                 

 

      З.ТҮВШИНТӨГС