| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0602/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Б-,
хохирогч Д.Н-, түүний өмгөөлөгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Д-д холбогдох 171001000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Архангай аймгийн И суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Л” төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ,,дүгээр хороо Уяачдын 2 дугаар гудамж, 3,,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Бгийн Д-
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн ,,дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн автобусны 2 дугаар буудал дээр Д.Н-тэй “хамт хонъё, машинд суу” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хүч хэрэглэн машинд суулгахдаа толгойг нь хаалганд цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Д-гээс: “...Д.Н- над руу мессежээр найз залуутай болмоор байна гэсэн санал тавихад нь “би чамайг танилцуулья чи надтай хэд хоногоос уулзаарай” гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Д.Н- рүү “би нөгөө хүн рүү явлаа чи явах уу” гэж хэлэхэд “явья” гэсэн. Би хорооллын эцэс дээр хүлээж байтал Д.Н- такси бариад яваад ирсэн. Би Төв аймагт хүн хүргэж өгөх ёстой байсан бөгөөд тэр залуу бид гурав Төв аймаг явсан. Замд машин дотор байсан пиво, вино зэргийг Д.Н- уугаад байсан. Би Д.Н-т миний танилцуулна гэсэн залуу миний морийг тэжээдэг хүн байгаа юм. Чи танилцаад боломжтой бол хамт амьдарна биз гэж хэлсэн. Гэтэл би чиний адуучинтай танилцах хүн биш гэж хэлээд ууж байсан вино, пивоны шилээ цонхоор гаргаж шидээд байсан. Би Өлзийт хорооллын бензин колонкийн ойролцоо ирээд такси зогсоогоод жолоочид мөнгийг нь өгөөд Д.Н-ийг хотод гэрт нь хүргээд өгчих гэж хэлсэн. Д.Н- таксинд суухгүй гээд байсан. Миний хувьд Д.Н-ийг нилээн согтолттой, нимгэн хувцастай байхаар нь хөлдөж үхэж магадгүй гэж бодоод өргөөд таксинд суулгахад орилоод, хөлөө тийчээд байсан. Намайг машиндаа суух үед Д.Н- таксинаас буугаад дэлгүүр рүү гүйгээд явсан. Намайг алсаас хараад байхад Д.Н-ийг цагаан өнгийн машин аваад явсан. Гэтэл цагдаагийн машин намайг зогсоогоод Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн...” гэв.
Хохирогч Д.Н-ээс: “ 2016 оны 5 дугаар сард засгийн газрын ордны хажуу талаас такси бариад төмөр замын цэцэрлэг хүргүүлэх замдаа Б.Д-тэй танилцсан. Надаас ямар ажил эрхэлдэг вэ гэж асуухаар нь би алт мөнгөний дархан хийдэг гэж хэлсэн. Би уяач хүн байгаа юм чи эмээлийн чимэг хийдэг үү гэхээр нь манай нагац ах хийдэг гэж хэлсэн. Гэтэл ахын дүү утасны дугаараа өгөөч би эмээлийн чимэг хийлгүүлье гэж хэлээд миний утасны дугаарыг авсан. Дараа нь фээсбүүк хаягийг авсан. Манайх Өлзийт хороололд байдаг. Уяач хүмүүст эмээлийн чимгийг чинь зарж өгөөд 1.000.000 төгрөгийг хувааж авч байя гэж хэлсэн. Мөн би төв ганданд лам гэж өөрийгөө танилцуулсан. Би хэт хутганаас унждаг найман нуруу гинж, эрэгтэй хүзүүний гинж, ээмэг, бөгж хийдэг. Б.Д- тухайн өдөр надаас чи гинжээ хийж байгаа юу гэж асуухаар нь би хийж байгаа гэхэд гинжээ бариад хороололд хүрээд ир. Би Өлзийт хороололд байдаг уяач залууд зарж өгье гэсэн. Мөн эмээлийн чимэглэлийн зургаа аваад ирээрэй. Уяач залуучуудад танилцуулаад зарж борлуулж өгье гэхээр нь би итгээд хорооллын Говь сауны урд байсан машинд нь очиж суутал гурван эсса пиво, шилний ёроолоор вино байсан. Надаас пиво уух уу гэж асуухаар нь би үгүй гэсэн чинь градус багатай уучих гэж хэлэхээр нь би нэг пиво уусан. Тухайн үед Б.Д- өөрөө пиво уугаад машинаа жолоодоод байсан. Машинд нэг залуу байсан. Нөгөө залууг Төв аймагт хүргэж өгчихөөд буцаад Өлзийт хороолол явах замдаа би чамд уяач залуу танилцуулж өгнө гэдэг худлаа байсан юм. Эмээлийн чимгийг чинь дараа заръя. Чи надад анх харахад л таалагдсан. Унтахыг хүсч байна. Манай гэр Өлзийт хороололд байдаг гэж хэлээд хүчиндэхийг завдсан. Би нөхөртэй, хүүхэдтэй хүн. Лам хүн ингэж болдог юм уу? Би маргааш төв гандан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар чинь хэлнэ. Би өөрөө явж чадна, намайг буулга гэж хэлээд машинаас буусан. Тухайн үед Б.Д- гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би бичлэг хийх гэсэн боловч нокиа гар утастай байсан учир чадаагүй. Б.Д- такси зогсоогоод жолоочтой нь ярьчихаад ирэхээр нь би айгаад суугаагүй. Намайг таксинд хүчээр суулгах гээд миний толгойг мөргүүлсэн. Надад цонхоор шил хаясан зүйл байхгүй. Гомдолтой байна. Нийт 775.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Д.Н-ийн: “...Би 2015 оны 05 дугаар сард Д- гэх залуутай таксинд явж байгаад танилцаж байсан. Тэгээд надад морь мал уядаг талаар хэлэхээр нь би эмээлийн чимэг авах уу? гээд дугааруудаа солилцсон юм. Үүнээс хойш 4-5 удаа ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Уулзах болгондоо эмээлийн чимэг, энэ тэрийг хэзээ хийх талаар ярилцаж хоолонд 2 удаа орж байсан. Үүнээс хойш фэйсбүүк болон утсаар холбоотой байдаг байсан... тэгээд хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д- фэйсбүүк чатаар хаана байгаа талаар асуугаад нөгөө уяач залуутайгаа одоо уулзах уу? гинжийг чинь зарж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хаана байгаа талаар асуусан чинь 3,4 дүгээр хороололд байна гэж хэлсэн. Тэгээд намайг машинд нь суухад эсса нэртэй пиво, вино зэрэг байсан бөгөөд намайг уу уу гээд байхаар нь би хоёулангаас нь уусан. Д- бас вино болон пивоноос уусан. Ингээд Д- тэр залууг Төв аймаг руу хүргэж өгөөд Өлзийтөд байгаа уяач залуу дээр очъё гэж хэлсэн. Тэгээд Төв аймаг орж нөгөө залууг 21 цаг өнгөрч байх үед хүргэж өгөөд тэгээд буцаад Өлзийт рүү явах зам даа Д- яг үнэнийг хэлэхэд баян айлын залуу биш ээ. Миний малчин залуу байгаа юм аа. Чи тэр залуутай танилцаад болвол хамт амьдар, чи ингээд малчин болно гэсэн үг гэхээр нь миний уур хүрээд Д-тэй хэрэлдсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоо буулаа би өөрөө гэртээ харьчихаж чадна гээд нилээн хэрэлдэж байгаад би зам буюу Өлзийт хороолол гэдэг газар буусан...тэгээд Д- нэг такси зогсоогоод намайг таксиндаа суу гэж хэлэхээр нь би өөрөө такси бариад сууна, наад машинд чинь суухгүй гэсэн боловч таксины хаалга онгойлгоод намайг хүчээр тухайн таксины урд талын жолоочийн хажуу талын суудал руу суулгах гээд хүчтэй түлхээд байсан. Тэгж байхдаа миний толгойг тухайн машины дээд талын хатуу төмөрт цохьчихсон юм. Ингээд би тухайн машинаас буух гээд дахиад машинаас гарах гэсэн чинь Д- намайг буулгахгүй гээд дахиад буцааж түлхэхдээ машины хаалганы дээд талын төмөрт миний толгойг өмнө нь цохиод байгаа талаараа мэдсээр байж дахиад цохичихсон юм. Ингээд би толгойгоо бариад уйлж байхад миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн.... санаатайгаар намайг машины хаалганы дээд талын төмөрт цохисон. 3 удаа намайг цохиж байгаагаа мэдсээр байж цохиод байсан... би энэ үйлдлийг болгоомжгүй гэж үзэхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-16,17-18 дугаар хуудас/,
Гэрч О.Ө-ын: “...20-25 насны эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд хүнд зодуулчихлаа танайд нуугдах газар байна уу? Намайг нэг таксинд явуулах гээд байна гэсэн... тэгээд тэр эгч цагдаа дуудсан... тэгээд надад миний хөл рүү хүн өшиглөсөн гэсэн чинь энэ эмэгтэйгийн өмд энэ тэр нь гутлын мөрнүүд болчихсон байсан. Толгой руугаа цохиулсан гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас /,
Гэрч П.П-гийн: “...болсон асуудлыг тодруулахад Д- гэх лам намайг зодсон, машинд суу гэж намайг өшиглөсөн, миний толгойг машины хаалганы дээд хэсэгт цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч С.З-ын: “...тухайн хүүхнийг түлхээд миний машинд суулгах гэж байхдаа тэр хүүхний толгойг нь машины хаалганы дээд талд цохисон юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №192 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Б.Д-гийн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ямар ч гэмт хэрэг хийгээгүй.... тэгээд би Өлзийт хороололд очоод Н-т “би чамд үнэнээ хэлье чамтай танилцуулах гэж байгаа залуу бол миний морийг тэжээдэг залуу байгаа юм. Бас эхнэртэй болмоор байна гээд байгаа юм та хоёр уулзаад учраа олчих” гэж хэлтэл уурлаад “чи анх баян залуу гэж хэлээ биздээ би чиний боолтой танилцаж яадаг юм” гээд ууж байсан пивоны шилээ цонхоор шидээд байсан ба согтчихсон болох нь надад мэдэгдсэн. Тэгэхээр нь би түүнтэй хэрэлдээд битгий цонхоор хог шидээд бай гээд машинаа зогсоосон. Тэгээд би шууд замд явж байсан таксиг зогсоогоод “энэ хүнийг хүргээд өгчихөөрэй гээд 10.000 төгрөг өгсөн” тэгээд Н-т “энэ таксинд суугаад гэртээ харьчих чи согтчихсон байна” гэж хэлтэл суухгүй байсан... тэгээд би хойноос нь хараад байж байтал Н- таксинд суухгүй болохоор нь хойноос нь машинтайгаа очоод Н-ийг тэврээд таксины урд талын суудалд суулгасан... Би Н-ийг хойд талаас нь гэдсээр нь гараараа тэвэрч өргөөд машинд суулгасан. Би түүнийг машинд суулгах үедээ толгойг нь цохиулаагүй. Мөн түүнийг өшиглөсөн асуудал байхгүй. Би яагаад Н-ийг машинд өргөж суулгасан гэхээр түүнийг тэнд нь согтуу хаяад явчих юм бол ямар нэгэн асуудал болвол түүнтэй хамгийн сүүлд явсанаараа би буруудах байх гэж бодоод л түүнийг гэрт нь хүргүүлэх санаатай таксинд суулгасан юм... Би Н-ийг согтуу тасарчихсан байсан болохоор л гэрт нь хүргүүлэхээр таксинд өргөж суулгасан юм. Надад буруу байхгүй,би түүнийг хөлдөж үхэхээс нь авраад машинд суулгасан нь буруу бол түүнээс өөр буруу надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн ,,дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн автобусны 2 дугаар буудал дээр Д.Н-тэй “хамт хонъё, машинд суу” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хүч хэрэглэн машинд суулгахдаа толгойг нь хаалганд цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 14-16,17-18 дугаар хуудас/, гэрч О.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч П.П-гийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч С.З-ын /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №192 дугаартай
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д- нь хохирогч Д.Н-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тус гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д- нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлээгүй нь түүний хуулиар олгогдсон эрх бөгөөд мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлж буй хохирогч Д.Н-, шүүх эмнэлэгийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр түүний үйлдсэн хэрэг нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид ....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Шүүгдэгч Б.Д-гээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Н- нь баримтаар 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Б.Д-гээс 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-т олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Бгийн Д-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-гээс 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-т олгосугай.
5. Хохирогч Д.Н- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ,,хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ