Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00811

 

 

2023          04           19                                          210/МА2023/00811

 

Д.Аюурзанын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                                                                                 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/00535 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Аюурзанын хариуцагч “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ, Р.Номинчимэг нарт холбогдуулан гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 тоот нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 1,638,750 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 13,575,000 төгрөг, нийт 15,213,750 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны болон эмчилгээний төлбөр 541,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Аюурзана, түүний өмгөөлөгч Х.Бямбасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Минжээ нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            1.1. “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Аюурзанад нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсон талаар заагаагүй, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан.

            Мөн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/15 тоот тушаалаар Д.Аюурзанын албан тушаалыг бууруулсан. Уг тушаалд цалингийн хэмжээг тусгаагүй бөгөөд хавсралтаа танилцуулаагүй. Д.Аюурзаныг эмнэлэгт хэвтэж байхад буюу 2022 оны 04, 05 дугаар сард албан тушаал буурсан гэх үндэслэлээр бууруулан олгосон. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан контрактын гэрээний 5.1-д үндсэн цалин 2,000,000 төгрөг байсан боловч Б/15 тоот тушаал гарснаас хойш цалинг 500,000 төгрөгөөр багасгаж олгосон. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин 2,000,000 төгрөг гэж заасан. Д.Аюурзана уг гэрээнд гарын үсэг зурсан боловч гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирал Р.Номинчимэг “... тус гэрээг бусад гэрээнээс өөр” гэж баталгаажуулахгүй ажлаас чөлөөлсөн тушаал гаргасны дараа цалингийн хэмжээ бууруулсан дүнтэй гэрээ өгсөн. Тушаал гарснаас хойш 10 хоногийн дотор нөхөн  байгуулаагүй, ажилтны хүсэл зоригийг харгалзан үзэлгүй ажил олгогчийн хүсэл зоригийг илэрхийлсэн буюу харилцан тохиролцсон байх нөхцөлийг хангаагүй. Иймд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг хүчингүй болгож, үндсэн цалингийн зөрүү 500,000 төгрөг, нэмэгдэл цалин 75,000 төгрөг бөгөөд 2022 оны 04-06 дугаар сарын цалингийн зөрүү болох 1,638,750 төгрөг, мөн 07-12 дугаар сарын цалин 13,575,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөгийг “Монголын мэргэшлийн нягтлан бодогчийн институт” НҮТББ-аас гаргуулна.

            2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Д.Аюурзаныг “Монголын мэргэшлийн нягтлан бодогчийн институт” НҮТББ-ын үйл ажиллагаа, санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж өгнө үү.

            1.2. Р.Номинчимэг ажилчдын хөдөлмөрлөх эрхэнд халдаж ажиллах боломжгүй болтол сэтгэл санаагаар унатал дарамталдаг. Р.Номинчимэг нь хөдөлмөрийн гэрээг цуцална, өргөдлөө өг гэх зэргээр байнга сэтгэл зүйн дарамтад оруулдаг. Удирдах арга барилгүй удирдлагын хууль бус шийдвэр, зүй бус үйлдлийн улмаас ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Р.Номинчимэгийн дарамтаас болж Д.Аюурзанын зүрх өвдөж 2022 оны 04 дүгээр сарын 21-29-ний өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Иймд сэтгэл санааны болон эмчилгээний төлбөрт 541,640 төгрөгийг Р.Номинчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

            2. Хариуцагч “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

            Нэхэмжлэгч Д.Аюурзана Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар шүүхэд бус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандах байсан. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/019 дугаар тушаалаар Д.Аюурзанатай контрактын гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хугацаа дууссан тул Д.Аюурзанатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар санал гаргасан боловч хүлээж аваагүй. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Д.Аюурзаныг нягтлан бодогч албан тушаалд томилж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/019 дугаар контракт байгуулсан тушаалаа хүчингүй болгосон. Д.Аюурзана үүрэгт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэдэггүй тул 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Аюурзана үүнийг зөвшөөрсөн. Түүнд сануулах болон ажил өөрчлөх тушаалыг нь танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзаж байсан. 2022 оны 04 дүгээр сард “эмнэлэгт хэвтэнэ” гэх үндэслэлээр чөлөө авсан. Ажил хүлээлцэхийг сануулсан боловч хүлээлгэж өгөөгүй.  Д.Аюурзана нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, зан харилцааны хувьд хүмүүстэй таарамж муутай, ажлын үр гарахгүй байсан тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Д.Аюурзана 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3. Хариуцагч Р.Номинчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Р.Номинчимэг “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-ын гүйцэтгэх захирлын хувьд гүйцэтгэх удирдлагын багийг бүрдүүлж, удирдах зөвлөлөөс гаргасан байгууллагын урт, дунд болон богино хугацааны стратегийн төлөвлөгөөний нарийвчилсан төсөв, төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлыг Д.Аюурзанад ажлын үүрэг өгч байгууллагын өдөр тутмын санхүү, бүртгэл, аж ахуйн үйл ажиллагааг хэвийн явуулахаас гадна төсөв болон санхүүгийн үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөг нэгдсэн загварын дагуу бэлтгэх, 2021 оны жилийн тайлан болон үр дүнгийн үзүүлэлтүүдийг хүлээн авч мэргэжлийн түвшинд хянан шалган, хөндлөнгийн аудитаар дүгнэлт гаргуулах ажлуудыг хийх үүрэг өгсөн. Гэвч оффис, санхүү, бүртгэлийн зарим ажилтнуудаас ажлаа сайн мэддэг, удирдах ур чадвартай нэгжийн захиралтай болмоор байна гэсэн санал гомдлууд ирж, зарим тохиолдолд тухайн нэгжийн ажилтнуудад хүрэх ёстой мэдээллүүд хүрээгүй байсан тул тухайн нэгжийн хурал хийж Р.Номинчимэг удирдан чиглүүлж байсан. Д.Аюурзана нь бие даан төсөв бэлтгэх чадваргүй, бэлтгэж танилцуулсан төсөв нь олон удаа буцаж мөнгөн гүйлгээний төсөөлөл бэлтгэх ур чадваргүй байсан ба цаашлаад 2022 оны стратеги хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө нь гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн байх шаардлага хангахгүй, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, стратегийн бодлого, дүрэм журам болон Санхүү, үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай бусад ур чадвар, мэдлэг дутуу байсан тул Д.Аюурзанатай уулзалт хийж энэ талаар мэдэгдэхэд, тэрээр ур чадварын дутагдлыг зөвшөөрсөн.

            Санхүү эрхэлсэн захирал З.Энхсайхан 2022 оны 04 дүгээр сард Д.Аюурзанын дутуу гаргасан төсвийг бэлтгэж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг бэлтгэн гаргаж удирдах зөвлөлөөр батлуулсан. Д.Аюурзана байгууллагын ёс зүйн дүрмийн зөрчиж Р.Номинчимэг болон комплайенсийн алба хариуцсан Б.Сүрэнхүүг гүтгэн доромжилсон. Д.Аюурзанын зан ааш байгууллагад сөргөөр нөлөөлөн ёс зүйн дүрмийг дахин зөрчсөн тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

            Р.Номинчимэгийн зүгээс ажилчдад тавьсан шаардлага нь Д.Аюурзанын эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд нөлөөлсөн гэх үндэслэлгүй. Д.Аюурзана 2022 оны 04 дүгээр сард цалин олгох хугацаа ойртсон үед өвдсөн тухай мэдэгдэж чөлөө хүсэхэд нь зайлшгүй чөлөө авах ямар шалтгаан байгааг нь тодруулж асуусныг ажилтнуудын олон нийтийн сүлжээгээр буруу ойлгуулж Р.Номинчимэгийн нэр хүндэд халдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            4.1. Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 тоот нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл хугацааны цалингийн зөрүү 1,638,750 төгрөг, 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацааны цалин хөлс 13,575,000 төгрөг, нийт 15,213,750 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тайлагнахыг “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-д даалгах, Р.Номинчимэгт холбогдох сэтгэл санааны гэм хорын хохирол болон эмчилгээ, шинжилгээний төлбөрт 541,640 төгрөг гаргуулах тухай Д.Аюурзанын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аюурзанаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан. Хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргасан нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Мөн шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Ажлаас чөлөөлсөн Б/18 дугаар тушаалын үндэслэлийг шүүх хариуцагчийн тайлбартай холбон дүгнэсэн нь алдаатай байна. Мөн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Уулзалтын тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байхад үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            6. Давж заалдах гомдол гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

            Нэхэмжлэгч гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлаагүй тул шүүх хангахаас татгалзсан нь үндэслэлтэй. 2022 оны 06  дугаар сарын 02-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийг Д.Аюурзанад танилцуулсан хэдий ч гарын үсэг үсэг зураагүй нь тусгагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                         ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            1. Нэхэмжлэгч Д.Аюурзана хариуцагч “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-д холбогдуулан “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 тоот нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл хугацааны цалингийн зөрүү 1,638,750 төгрөг, 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацааны цалин хөлс 13,575,000 төгрөг, нийт 15,213,750 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тайлагнахыг бус байгууллагад даалгах, хариуцагч Р.Номинчимэгт холбогдуулан сэтгэл санааны хохирол болон эмчилгээний төлбөрт 514,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

         2.Хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан тул талуудын хоорондох хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн байхаас гадна мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

            3. Д.Аюурзана нь “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-тай 2021 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр контрактын гэрээ байгуулж, тус байгууллагын үйл ажиллагаа, санхүү хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилогджээ.  (1хх-ийн 6-9, 17, 2хх-ийн 114)

            Өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн тушаалыг нэхэмжлэгч гардан авахаас татгалзсан тухай тэмдэглэл үйлдсэн өдөр уг тушаалыг хүлээн авсан гэж үзэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор   хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаагүй тул тушаалыг зөвшөөрсөн гэж үзнэ. (2хх-ийн 114)

            Харин талууд ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан Б/18 тоот болон түүнийг ажлаас чөлөөлсөн Б/36 тоот тушаал үндэслэлтэй эсэх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

            4. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажилтан Д.Аюурзаныг “өөрийн ажлын чиг үүргийг цаг тухайд нь хангалттай хийж гүйцэтгээгүй, төсөв төлөвлөгөөг чанартай төлөвлөн боловсруулаагүй” зэрэг зөрчил дутагдал гаргасан гэх үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч гардан авахаас татгалзсан тухай тэмдэглэл үйлдсэн өдрөөр тушаалыг хүлээн авсан гэж үзнэ.  (2хх-ийн 113)

            4.1. Хариуцагч байгууллага нь Д.Аюурзанатай нягтлан бодогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажилтанд танилцуулж нөхөж гарын үсэг зуруулсан, түүнчлэн, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй байхдаа түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасантай нийцээгүй байна.  (хх-ийн 13, 160)

            4.2. Түүнчлэн, сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө Д.Аюурзанын гаргасан гэх зөрчлийг хэрхэн тогтоосон, зөрчлийн баримтыг ажилтанд танилцуулж, тайлбар гаргах боломжоор хангаагүй, дэд захирал З.Энхсайханы бичсэн захидалтай холбогдуулан зөрчлийг хэлэлцсэн гэх  нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй  тул  хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч,.... ” гэснийг зөрчсөн байна.

            4.3. Нөгөө талаар, дэд захирал З.Энхсайханы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бичсэн “ажлын сануулга” гэсэн захидалд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш байгууллагын гол данс болох ХААН банкны 5020807446 дансны орлогын гүйлгээнүүд бүтгэгдээгүй талаар дурдсан байгаагаас үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс нягтлан бодогчоор томилогдсон Д.Аюурзанад уг захидалд дурдсан зөрчил дутагдлын асуудал бүхэлдээ хамааралтай  гэж үзэхэд учир дутагдалтай болно. Мөн хариуцагч “...өдөр тутмын орлого зарлагын гүйлгээг цаг тухайд нь шивж гүйлгээ хийлгүй олон гүйлгээг тасалдуулж байсан (санхүүгийн программ дээрээс тодорхой гарч ирнэ) ажилчдын цалин тавих хугацааг өөрийн буруутай үйлдлээс болж алдагдуулсан...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх санхүүгийн холбогдолтой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна. (хх-ийн 73, 2хх-ийн 56)

            Иймд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/18 тоот нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

            5. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, тус байгууллагын дүрмийн 27.1.1, 27.3-т заасныг үндэслэн Д.Аюурзанатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон түүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ. (хх-ийн 19, 2хх-ийн 112)

            5.1.Ажил олгогчийн дээрх тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлийг заагаагүйгээс гадна уг тушаалд Д.Аюурзаныг ямар зөрчил гаргасныг, эсхүл зөрчил засагдахгүй үргэлжилсэн,  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан аль нь болохыг тодорхойлоогүй байх тул тушаалыг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхгүй. 

 

            Өөрөөр хэлбэл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч үндэслэл, шалтгаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан аль нэг нөхцөлд хамааруулан тушаал, шийдвэртээ тусгасан байх үүрэгтэй бөгөөд ажлаас чөлөөлөх болсон шалтгаан болон хууль зүйн үндэслэл огт заагаагүй нөхцөлд тухайн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй болно.

            5.2. Хариуцагч байгууллага тайлбартаа “...нэхэмжлэгч Д.Аюурзана нь давтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлдэггүй зан харилцааны хувьд хүмүүстэй таарамж муутай, ажилдаа эзэн болж ахиц үр дүн гаргаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан...” гэж тайлбарласан боловч түүнийг ажлаас чөлөөлөхдөө баримтлаагүй тул уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.Аюурзаныг сахилгын зөрчил давтан гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй. (хх-ийн 74)

          5.3. Анхан шатны шүүх цахим захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч талын гэрч З.Энхсайхан, Г.Үүрийнтуяа, М.Алтанцэцэг, Б.Сүрэнхүү нарын мэдүүлэг, уулзалтын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.Аюурзанын гаргасан зөрчил тогтоогдсон, давтан зөрчил гаргасан гэж дүгнэхдээ ажил олгогч Б/36 дугаар тушаалыг гаргахдаа эдгээр нотлох баримтыг үндэслэл болгоогүй, дээрх Б/18, Б/36 тоот тушаалууд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 , 123 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байгааг тус тус анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хожим гаргасан тайлбар, үндэслэлээр ажил олгогчийн тушаалын үндэслэлийг зөвтгөн тайлбарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй болно.

            5.4. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Аюурзана  нь “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын “ажлаас чөлөөлөх тухай” 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангах зүйтэй.

             Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.2.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Аюурзаныг “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-ын нягтлан бодогчийн ажлын байранд нь эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос  нөхөн олгохоор шийдвэрлэв.  

            6. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3.5-д заасны дагуу Д.Аюурзанын нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,559,825 төгрөг, нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 72,550 төгрөг байна.

             Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс энэхүү магадлал гарсан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажлын 198 өдөр ажилгүй байсан тул 198*72,550 төгрөг=14,364,900 төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагаас нөхөн олгох үндэслэлтэй байна.

            7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ нь ажилтан Д.Аюурзанын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үүрэгтэй.

            8. Анхан шатны шүүх хариуцагч Р.Номинчимэгт холбогдуулан гаргасан сэтгэл санааны хохирол болон эмчилгээний төлбөрт 541,640 төгрөг гаргуулах шаардлагыг болон 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах цалингийн зөрүү 1,638,750 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл, Д.Аюурзанын эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан, эмчилгээ хийлгэсэн нь хариуцагч Р.Номинчимэгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.  

            9. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй тул шүүх зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дэх хэсэгт нийцжээ.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/00535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аюурзаныг “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-ын нягтлан бодогчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-аас 14,364,900 төгрөгийн олговор гаргуулж нэхэмжлэгч Д.Аюурзанад нөхөн олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийхийг хариуцагч “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-д даалгаж,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 1,638,750 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч Р.Номинчимэгт холбогдох сэтгэл санааны гэм хорын хохирол болон эмчилгээ, шинжилгээний төлбөрт 541,640 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож хариуцагч “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” НҮТББ-аас 229,774 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН

                ШҮҮГЧИД                                   Д.ЗОЛЗАЯА

                                                                    Н.БАТЗОРИГ