Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай,

            улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С-ын Э-д холбогдох 1810004100738 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б  аймаг, Баян-Овоо суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэцгий сум Т.Борын нэрэмжит сургуульд дүрслэх урлаг, технологийн багшаар ажилладаг, ам бүл 4, 6-12 насны 3 хүүхдийн хамт, Б аймаг Номгон 1-1 тоотод тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүрэг, Ирээдүй хотхон А-5 дугаар байр, 1 дүгээр орц, 6 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, З овогт С-ын Э-

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Э- нь Ц.Б-т Б аймагт газар авч өгнө гэж хуурч 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг авсан, мөн  “би барилгын компанид менежерийн ажил хийж байгаа, захирал маань надад Приус-20 маркийн автомшиныг хямд шагнал маягаар өгч байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5232141930 дугаарын Хаан банкны дансаар шилжүүлэн авч 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 01 дүгээр сард Г.А-д Солонгос хүнтэй суусан, Солонгосоос саяхан ирсэн, тус улсын виз 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө, виз чинь гарчихсан маргааш ниснэ гэж нисэх онгоцны буудал дээр удаа дараа очуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5235141930 дугаарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 50.000 төгрөг авч 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 1.350.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Э-аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан.Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            -Хохирогч Ц.Б-ийн: “...Би Э- гэх эмэгтэйтэй Б аймагт 1 сургуулийн 1 ангид сурч байсан юм. 2017 оны 12 дугаар сард санаандгүй Улаанбаатар хотод таараад хэд хэдэн удаа уулзахад Э- нь өөрийгөө барилгын компанид менежер хийж байгаа  захирал нь өөрийнхөө Приус-20 маркийн машиныг хямд Э-д зарж шагнал маягаар өгөх гэж байгаа би Улаанбаатар хотод машин барьж чадахгүй юм чинь яадаг юм билээ гэж хэлэхэд нь би найздаа зарах уу гэж хэлтэл тэгье гээд хэлж байсан. Машины мөнгө шилжүүлэхээс өмнө Э- 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр над руу яриад чи Бт газартай болмоор байна гээд байсан одоо газар авах уу хүн нь өнөөдрийн дотор мөнгөө шилжүүлчихвэл хөөцөлдөөд өгье гэнээ 400.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би надад одоо бэлэн байгаа 200.000 төгрөг байна гэхэд за би нөгөө хүний дансыг аваад чамд хэлье гэж утсаа таслаад хэсэг хугацааны дараа залгаад нөгөө хүн  дансаараа авахгүй гэнээ намайг авчих гэж байна гэхээр нь би тэр өдөр нь 5232141930 гэсэн Хаан банкны Э-ын нэр дээрх данс руу 200.000 төгрөг шилжүүлсэний дараа над руу залгаад би чиний өмнөөс 200.000 төгрөгийг өгчихлөө гэж хэлсэн. Би маргааш нь үлдэгдэл 200.000 төгрөгийг Э-ын данс руу шилжүүлсэн. 5232141930 гэсэн Хаан банкны Э-ын нэр дээрх данс руу 500.000 төгрөг, мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 50.000 төгрөг нийт 2.450.000 төгрөгийг машины мөнгө гэж шилжүүлсэн, газрын мөнгөд 400.000 төгрөг шилжүүлсэн боловч машинаа ч газраа ч одоог хүртэл аваагүй хохироод байж байна. С.Э- нь надад хохирлын мөнгө болох 2.450.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний Хаан банкны 5013099952 дугаарын данс руу шилжүүлсэн өгсөн.Одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13,117 дугаар хуудас/,

            -Хохирогч Г.А-ын: “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр Э- уулзъя гэхээр нь Улаанбаатар хот хороололд миний машин дотор уулзахад Солонгос улсад байж байгаад ирлээ, би Солонгос хүнтэй суусан, 2-3 жилийн виз гаргаж өгье 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь би зөвшөөрсөн, тэгээд 2-3 хоногийн дараа намайг Налайх дүүрэгт гэртээ байж байхад утасдаад би Бт байна нөгөө визний мөнгөнөөсөө 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа залгаад нөгөө визний хүн чинь мөнгө нэмж өг гэж байна гэхээр нь нэмээд 350.000 төгрөг шилжүүлсэн 6-7 хоногийн дараа залгахад виз чинь гарчихсан чи 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Солонгос улс руу ниснэ шүү би бэлдээд л дунд нь 2 уулзаж хоолонд орсон бараг 1.000.000 төгрөг зарцуулсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний  өдөр маргааш ниснэ онгоцны буудал дээр хүрээд ирээрэй гэхэд би маргааш нь онгоцны буудал дээр хүлээгээд ирэхгүй болохоор нь утсаар нь залгатал замдаа түгжрээд амжсангүй 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болгочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би онгоцны буудлын ажилчдаас өнөөдөр Солонгос руу нислэг байгаа юу гэхэд байхгүй гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр онгоцны буудал дээр яваад очтол Э- ирчихсэн байсан. Тэгээд би Э-аас  паспортоо авч үзэхэд ямар ч виз дарагдаагүй байсан. Надад нийт 1.350.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 149 дүгээр хуудас/,

Хэргийн талаар бусад нотлох баримтууд:

            -С.Э-ын Хаан банкны 5232141930 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 66,70,187 дугаар хуудас/,

          -Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд /1 дүгээр хх-ийн 126-129 дүгээр хуудас/,     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч С.Э-ын: “...Би 10 жилийн ангийн хүүхэд болох Батцэцэгээс 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг газар авч өгнө гэж хэлж өөрийн Хаан банкны 5232141930 гэсэн дугаарын дансанд хийлгэж авсан. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байх 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар  сарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг Приус-20 маркийн машин хямдхан зарна шагнал маягаар өгнө гэж худал хэлээд нийт 2.050.000 төгрөгийг Хаан банкны 5232141930 гэсэн  дугаарын дансаараа шилжүүлэн авсан. Би Батцэцэгт газар зарна гэж 400.000 төгрөг, Приус-20 маркийн машин зарна гэж 2.050.000 төгрөг, нийт 2.450.000 төгрөгийг авсан. Газрыг бол би тухайн үед газар олоод өгье гэж бодож мөнгийг нь авсан. Харин мөнгөний өрөнд орчихсон байсан учраас хямдхан машин зарна гэж худал хэлж мөнгийг авсан...Би Баянгол дүүрэгт Амаржаргалтай нэг газар суугаад юм ярингаа өөрөө Солонгос улс руу явахаар хүнээр хөөцөлдүүлж байгаа гэхэд Амаржаргал би бас хамт материалаа өгчихье гэхээр нь би зөвшөөрсөн. Хэд хоногийн дараа Б явах гэж байна мөнгө муутай байна гэхдээ чи тэгвэл надаас визнийхээ мөнгөний урьдчилгааг авчих гээд миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь хэд хоногийн дараа бас яриад мөнгө хэрэгтэй байна гэхэд 300.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирээд Амаржаргал руу яриад виз чинь гарчихсан маргааш явна юмаа бэлдээрэй гэж хэлээд маргааш нь Амаржаргалын хамт нисэх онгоцны буудал дээр ирээд нислэг байхгүй хойшлогдсон гэж хэлээд буцаасан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин нисэх онгоцны буудал дээр ирээд дахин нислэг хойшлогдсон гэж хэлэхэд Амаржаргал уурлаад паспортоо авна гэхээр нь Чингис хаан зочид буудлын ард байдаг И март дэлгүүрээс авч өгнө гэж дахин худлаа хэлээд хамтдаа очоод би дотогшоо ороод авч гарч ирж байгаа болоод паспортыг өгсөн. Виз хөөцөлдөж өгнө гээд 1.300.000 төгрөг авсан. Бусад мөнгийг Амаржаргал надад өөрөө зүгээр өгсөн...” гэх   мэдүүлэг /хх-ийн 113,161 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 25, 27,119,144 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/

-Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 120/

-Төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 246,247 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/

-Боловсролын талаарх баримт /2 дугаар хх-ийн 1-3 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч С.Э- нь Ц.Б-т Б аймагт газар авч өгнө гэж хуурч 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг авсан, мөн  “би барилгын компанид менежерийн ажил хийж байгаа, захирал маань надад Приус-20 маркийн автомшиныг хямд шагнал маягаар өгч байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5232141930 дугаарын Хаан банкны дансаар шилжүүлэн авч 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 01 дүгээр сард Г.А-д Солонгос хүнтэй суусан, Солонгосоос саяхан ирсэн, тус улсын виз 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө, виз чинь гарчихсан маргааш ниснэ гэж нисэх онгоцны буудал дээр удаа дараа очуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5235141930 дугаарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 50.000 төгрөг авч 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 1.350.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 113,161 дүгээр хуудас/, хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 11-13,117 дугаар хуудас/,хохирогч Г.А-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149 дүгээр хуудас/,С.Э-ын Хаан банкны 5232141930 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 66,70,187 дугаар хуудас/,Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд /1 дүгээр хх-ийн 126-129 дүгээр хуудас/зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч С.Э- нь бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч С.Э- нь хохирогч Ц.Б-т 2.450.000 төгрөг, хохирогч Г.А-д 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохиролоо нөхөн төлсөн байх тул С.Э-ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

Шүүгдэгч С.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1. З овогт С-ын Э-ыг бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Э-д мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ