| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0549/Э |
| Дугаар | 567 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө овогт Э-ын Х-д холбогдох эрүүгийн 18100 2483 0726 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд Ц.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч Э.Х-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 10 дугаар анги төгссөн. Одоо “Т т” түлшний үйлдвэрт савлагчаар 700.000-1.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Манай эхнэр “Ц ж” цэцэрлэгт багшаар ажилладаг. Манай хүүхэд хоёр настай. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15-16 цагийн үед Туул голын эрэг дээр очиж архи, пиво уусан. Буцах замдаа машин дотор нагац Ц.О эгчтэй маргалдаж, нүүр рүү нь тохойгоороо цохисон. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаж байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн хувьд маргах зүйлгүй, би учруулсан. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа. Бид хоёр эвлэрсэн. Хэргийн үйл баримтын талаар маргах зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2483 0726 дугаартай хэргээс:
1. Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээ дүү И, түүний эхнэр Б, төрсөн дүү У, зээ дүү Х, түүний 2 настай охин А нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээр очиж, салхинд гарсан. Ингээд Х бид 2 голын эрэг дээр дэлгүүрээс авсан 500 граммын савлагаатай “Хараа” нэртэй архи нэг шил, 2.5 литрийн савлагаатай пиво нэг савыг тус тус хувааж уусан. Тухайн үед би 2 аяга пиво уусан. Би Х-д “яагаад архи уугаад байдаг юм бэ” гэж хэдэн үг хэлсэн. Бид нэг их удалгүй буцаад явах гэж байхад Х согтуурхаад хүүхдээ харахгүй, хүүхэд нь гол руу гүйчих гээд байхаар нь охиныг нь голын уснаас “хол бай” гээд гараараа жоохон ёворчихсон.
Энэ бүхэнд л Х уурласан юм шиг байгаа юм. Ингээд тэр намайг машинд оруулж байгаад миний зүүн хацар, шанаа орчим руу гараараа 3 удаа цохиход И эхнэрийнхээ хамтаар Х-ыг надаас салгаад, намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Зүүн шанаанд хоёр оёдол тавиулсан. Х-д зодуулсаны улмаас миний зүүн нүд, шанаа орчимд хөхөрч хавдаад, зүүн шанаа орчимд язарсан.
Х нь “хүүхдийг нь ёворлоо” гэдэг шалтгаанаар намайг цохиж, зодсон. Бидний дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Тэрээр намайг урьд нь зодож цохиж байгаагүй. Болсон асуудлыг И, Б, дүү У нар харсан. Тухайн үед Х бид хоёр нилээн согтсон, Б согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Х-аас нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/,
2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-05х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12449 дугаартай:
4. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 12х/,
4. Шүүгдэгч Э.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг орчимд О эгчийг цохиж, түүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би түүний эмчилгээний зардалд 160.000 төгрөгийг төлж бүрэн барагдуулсан. Эгч, надтай сайн дураар эвлэрсэн. Энэ асуудал голын эргээс явах гэж байхад болсон юм. Гэхдээ би О эгчийг машинд оруулж байгаад зодоогүй, түүнтэй хамт машинд сууж байхдаа О эгчийн зүүн шанаа орчим руу нь тохойгоороо нэг удаа цохитол, түүний шанаа язраад цус гарсан. Тэр үед бид бүгд л согтолттой байсан. Бүр ухаан алдтал согтсон зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31х/ баримт, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 46-51х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Э.Х-аас “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 56х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөн хохирогч Ц.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн болон яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр тус тус холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 56х/ гаргаж, прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 105 дугаартай тогтоолоор тэдгээрийн хүсэлтийг хангаж, эрүүгийн 18100 2483 0726 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад Э.Х нь хүлээн зөвшөөрсөн баримттай байна.
Прокуророос Э.Х-д холбогдох эрүүгийн 18100 2483 0726 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт тухайлан заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн, зөрчилгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд “хүүхэд ёворлоо” гэснээр шалтаглан Ц.О-тэй маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- Шүүх эмнэлгийн шинжээчийн: “...Ц.О-ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12449 дугаартай дүгнэлт /хэргийн 12х/,
- хохирогч Ц.О-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээ дүү И, түүний эхнэр Б, төрсөн дүү У, зээ дүү Х түүний 2 настай охин А нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээр очиж, салхинд гарсан. Тухайн үед би Х-д “яагаад архи уугаад байдаг юм бэ” гэж хэдэн үг хэлсэн, ...удалгүй явах гэж байхад Х согтуураад хүүхдээ харахгүй, хүүхэд нь гол руу гүйчих гээд байхаар нь охиныг нь “голын уснаас хол бай” гээд гараараа жоохон ёворчихсон. Энэ бүхэнд л Х уурласан юм шиг байгаа юм. Ингээд ...намайг машинд оруулж байгаад миний зүүн хацар, шанаа орчим руу гараараа гурван удаа цохиход И эхнэрийнхээ хамтаар Х-ыг надаас салгаад, намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлэхэд зүүн шанаанд хоёр оёдол тавиулсан. Х-д зодуулсаны улмаас миний зүүн нүд, шанаа орчимд хөхөрч хавдаад, зүүн шанаа орчимд язарсан. ...Бидний дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Тэрээр намайг урьд нь зодож цохиж байгаагүй. ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Х-аас нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн..” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-05х/,
- шүүгдэгч Э.Х-ы: “...Надад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг орчимд О эгчийг цохиж, түүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би түүний эмчилгээний зардалд 160.000 төгрөгийг төлж бүрэн барагдуулсан. Эгч надтай сайн дураар эвлэрсэн. Энэ асуудал голын эргээс явах гэж байхад болсон. Гэхдээ би О эгчийг машинд оруулж байгаад зодоогүй, түүнтэй хамт машинд сууж байхдаа О эгчийн зүүн шанаа орчим руу нь тохойгоороо нэг удаа цохитол түүний шанаа язраад цус гарсан. Тэр үед бид бүгд л согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/ зэрэг хуульд заасан ндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Ц.О-ийн биед учирсан “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Х түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд “хүүхэд ёворлоо” гэснээр шалтаглан Ц.О-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, машин дотор түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний гэм буруутай үйлдэлд тохирсон тул Э.Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Тухайн хэргийн хохирогч Ц.О-ээс: “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан /хэргийн 57х, шүүхэд утсаар мэдэгдсэн/ баримттай тул шүүгдэгч Э.Х-ы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Х нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүнд оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн тухай хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 31х, 46-52х/ баримт тус тус авагдсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн өмнө гэмт хэрэгт ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, ялаас өршөөгдсөн нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт тус тус эрүүгийн хариулагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Э.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Ц.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт Э-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Х нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Э.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Ц.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД