Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/0045

 

М-А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал,

газрын тосны газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:             Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

Шүүгчид:                Д.Мөнхтуяа,

                               П.Соёл-Эрдэнэ,

                               Ц.Цогт

Илтгэгч шүүгч:      М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: 1. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, 2. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “... эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу ...эрдсийн хуримтлал бүхий талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0510 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 604 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.М, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Р.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0510 дугаар шийдвэрээр: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М-А т” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан гаргасан “1. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, 2. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу ...эрдсийн хуримтлал бүхий талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 604 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0510 дугаарын шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М-А т” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан гаргасан “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “... эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “... шаардагдах захиргааны акт гаргахыг даалгасугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж хяналтын гомдолдоо:  “... Нэг. Магадлалын 10 дугаар нүүрэнд “М-А т” ХХК-ийн тухайд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25 тоот албан бичгээр бүх 3 талбайдаа үйл ажиллагаагаа явуулахаар хүсэлт гаргажээ. Гэтэл хариуцагчийн зүгээс “үйл ажиллагаа явуулж байсан уулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй” гэсэн үндэслэл заажээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон дагаж мөрдөх журмын тухай хуульд ямар нэгэн “уулын ажлын төлөвлөгөө” гэсэн нөхцөл заагаагүй байна. Нөгөө талаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсанаас хойш 2015 онд хүсэлт гаргах хүртэл 6 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй байхад “уулын ажлын төлөвлөгөө” шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.” гэж дүгнэсэн байна.
  1. “М-А т” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын М\/-006449, М\/-007716, М\/-011979 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 25 тоот албан бичгээр ирүүлсэн ч ашигт малтмалын ашиглалтын М\/-006449 тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус баталсан ойн сан болон урсац бүрэлдэх эхтэй бүхэлдээ, ашигт малтмалын ашиглалтын М\/-007716 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь урсац бүрэлдэх эх болон ойн сантай бүхэлдээ, усны сантай 13.18 гектараар хэсэгчлэн давхцалтай тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй юм. Харин ашигт малтмалын ашиглалтын М\/-011979 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сантай бүхэлдээ, усны сантай 109.81 гектар талбайтай давхцал үүссэн тул усан сантай давхцалтай хэсгээ хасуулж, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байвал Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.8-д заасны дагуу “Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна.” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч “М-А т” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан талаар уулын ажлын тайлан төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй байна.
  1. Мөн журмын 3.1-д “Энэ журмын 2.8-д заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргасан тохиолдолд түүнтэй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2-т заасны дагуу гэрээ байгуулна.” гэж заасан тул тус компанид гэрээ байгуулах эрх үүсэхгүй байна.
  1. Хоёр. Магадлалын 10 дугаар нүүрэнд “Ийнхүү өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоолгох зорилгоор удаа дараа хандахад “үндэслэлгүй, хууль ёсны” хариу өгч байгаагүй ажээ. Иймд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тухайд хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоох боломжтой төдийгүй, зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байна.
  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж хуульчилсан. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч “М-А т” ХХК-ийн хүсэлтэд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3/872 тоот албан бичгээр “... Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал болно. Иймд ...хууль хяналтын байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг тухайн аж ахуйн нэгжид хүргүүлсэн тул “М-А т” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй байна.
  1. Гурав. Магадлалын 10 дугаар нүүрэнд “Анхан шатны шүүх “... хууль батлагдахаас өмнөх цаг хугацаанд бий болсон үйл баримтад сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэж байгаа 2015 оны хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан 2017 оны өөрчлөлтийг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэв.” гэжээ.
  1. Гэвч энэхүү нөхөх олговор шаардах эрх нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан харилцаа байгаа гэж үзэх, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын зориулалтаар талбай олгохыг даалгах үндэслэл болохгүй байна” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг нэмсэн байх тул хууль батлагдахаас өмнөх цаг хугацаанд бий болсон үйл баримтад сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.
  1. Дөрөв. Магадлалын 10 дугаар нүүрэнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0510 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “... эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “... шаардагдах захиргааны акт гаргахыг даалгасугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй...” гэж шийдвэрлэсэн байна.
  1. Дээрх шийдвэрийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэж байна. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалт тул дээрх тусгай зөвшөөрлүүдэд хамаарахгүй юм.
  1. Иймд, дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 604 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                                                         ХЯНАВАЛ:

  1. Нэг. Хяналтын журмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол гаргасан боловч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нь гаргасан гомдолдоо гарын үсэг зураагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3-т “Давж заалдах гомдолд гомдол гаргасан этгээд, хуулийн этгээд гаргасан бол байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд, албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дарсан байна” гэж заасныг зөрчсөн байх тул уг гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзэж, гагцхүү Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж-ийн гомдлоор хэргийг хэлэлцсэн болно.
  1. Хоёр. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй”, 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасан зарчим хяналтын шатны шүүхэд мөн хамааралтай; энэхүү зохицуулалтын дагуу хэргийн хоёр болон түүнээс дээш оролцогч, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол хэргийг бүхэлд нь хянан үзэх бөгөөд бусад тохиолдолд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хяналт хязгаарлагдана.
  1. Энэ хэргийн хувьд, нэхэмжлэгч “М-А т” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрыг тус бүр хариуцагчаар тодорхойлж, “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай” дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” шаардлага гаргасан; анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгч талын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 604 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсгийг хэвээр үлдээсэнд нэхэмжлэгч тал хяналтын журмаар гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шаардлагын тухайд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул энэ асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй, хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянав.
  1. Гурав. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, ““... эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “...шаардагдах захиргааны акт гаргахыг даалгасугай”” гэж шийдвэрлэсэн нь дараахь байдлаар үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
  1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Нэхэмжлэгч “М-А т” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2002 оноос эхлэн эзэмшиж байгаад 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1685 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Харганат-2 нэртэй 2.46 га талбайд MV-006449 тусгай зөвшөөрлийг; 2004 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хөшөөт нэртэй 25 га талбайд МV-007716 дугаар тусгай зөвшөөрлийг; 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын эх нэртэй 376 га талбайд МV-011979 дүгээр тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаа явуулж, холбогдох төлбөрийг бүрэн төлж байсан боловч Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаснаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашиг малтмалын ашиглалтын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Толгойтын эх нэртэй 11979А тоот тусгай зөвшөөрлийн 376 га, Хөшөөт нэртэй 7716А тоот тусгай зөвшөөрлийн 25 га, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Харганат-2 нэртэй 6449А тоот тусгай зөвшөөрлийн 46 га талбайнууд нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэнд хамаарч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
  1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” бол нөхөх олговор олгохгүй байхаар журамласан; Зууны мэдээ сонингийн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 240, Үндэсний шуудан сонингийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 296 дугаарт “...нөхөх олговор авах тухай хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны дотор гаргана уу” гэж нийтлэгдсэний дотор нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлүүд багтсан; “М-А т” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-т хандаж “... 7716А, 11979А, 6449А дүгээр тусгай зөвшөөрлүүдийн талбайд хуулийн дагуу нөхөх олговор авах эрх үүссэн тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг тус газрын ирсэн бичгийн бүртгэлийн 262 дугаарт бүртгэгдсэн; шүүхүүд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь нөхөх олговор авах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж зөв дүгнэжээ.
  1. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, “хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 06 дугаар сарын 16-ны дотор төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргахаар тогтоосны дагуу “М-А т” ХХК-ийн тухайд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25 тоот албан бичгээр бүх 3 талбайдаа үйл ажиллагаагаа явуулахаар хүсэлт гаргасан байна.
  1. Нэхэмжлэгчийн хувьд, дээрх байдлаар хууль болон журамд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад нь хандаж, нөхөх олговор авах болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байсан нь тогтоогдох авч шүүхэд тодорхойлж гаргасан нэхэмжлэлийн хүрээнд дээрх шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй юм.
  1. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн эс үйлдэхүй, татгалзал хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх учиртай.
  1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж зааснаас үзэхэд, нэгдүгээрт, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хуульд заасан тодорхой зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож боломжтой; нэхэмжлэгчийн дурдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайг хуульд заасан (үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах) зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах үйл ажиллагаа болоогүй, харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан газарт хамаарсан учир цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдал үүссэн буюу өөр талбайг дүйцүүлэн олгох хуульд заасан нөхцөл үүсээгүй тул хариуцагчийн татгалзалыг хууль бус гэж үзэх боломжгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол  үндэслэлтэй байна. 
  1. Түүнчлэн, хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан энэхүү бүрэн эрх нь Монгол Улсын Засгийн газарт хамаарч байхад давж заалдах шатны шүүх энэхүү заалтыг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газарт “шаардагдах захиргааны акт гаргахыг” даалгаж байгаа нь буруу, өөрөөр хэлбэл, тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй этгээдэд шүүх “хууль бус” үүрэг ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.
  1. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
  1. Дөрөв. Нэхэмжлэгчийн хувьд, дээр дурдсанаар хууль болон журамд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад нь хандаж, нөхөх олговор авах болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байх тул холбогдох захиргааны байгууллагад хандаж, уг асуудлаа шийдвэрлүүлэхэд шүүхийн энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 604 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧ                                                                     М.БАТСУУРЬ