Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1161

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02985 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХны эрх залгамжлагч болох ХХХанд холбогдох

 

2 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх автомашин авах ямар нэгэн зүйл саад болохгүй, цоожтой байгаа, зүгээр асдаг гэж тайлбарласан. Машинаа авахаар очиход кабин нь онгорхой түлхүүр нь зоолттой асахгүй байсан тул яагаад ийм байдалтай байгааг асуухад түлш дууссан гэхээр нь шатахуун хийгээд асаах гэтэл асаагүй. Маргааш нь ТӨХ дээр очиж хэлэхэд 3 өдөр намайг хүлээлгэсэн. Би тухайн үед асахгүй, явахгүй байсан машиныг чирээд буцааж, хүлээлгэж өгсөн учраас ХХнд хандаж гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

ХХ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус үзэж байна. Иймд 2 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл элэгдлийн хэмжээ нь дуусаагүй боловч ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах саналыг хүлээн авч, шийдвэрлэдэг байгууллага юм.

Дээрх шийдвэрийг гаргахдаа ХХны 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам-ыг дагаж мөрддөг.

Гэмтэл, согог судлалын үндэсний төв нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1/337 тоот албан бичгээр УБИ 01-81 улсын дугаартай Тоёота Хайэс автомашиныг актлуулах санал ирүүлснийг ХХны 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 444 дүгээр тогтоолоор нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг нь 2 500 000 төгрөгөөр тогтоосон. Улмаар ХХны интернет цахим хуудас болох http://spc.gov.mn/turiinumch/index.php?newsid=549 вэб сайтад байрлуулсан зарын дагуу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуудлагын худалдааг зохион байгуулсан байна.

УБИ 01-81 улсын дугаартай Тоёота Хайэс /портер бага оворын ачааны машин/ автомашины дуудлагын худалдаанд 2 оролцогч оролцож, Х нь 2 600 000 төгрөгөөр дуудлагын худалдааны ялагч болж, Худалдах, худалдан авах гэрээг ХХтой байгуулсан.

Х нь худалдан авсан автомашиныхаа үнийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлсөн. Маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс очиж уг автомашиныг чирч авч явсан байдаг. Хэд хоногийн дараа асахгүй байна гээд буцааж гараашид нь оруулж тавьсан гэдэг.

Х нь ХХнд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дуудлагын худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. ХХ уг гомдолд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3/2782 тоот албан бичгээр хариу өгөхдөө дуудлагын худалдааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, эд хөрөнгийн доголдлыг арилгаж автомашиныг асаасан тул 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хөрөнгөө хүлээж авахыг мэдэгдсэн болно. Х нь ХХ нь дээр явагддаг автомашины дуудлагын худалдаанд байнга оролцдог тул цоо шинэ автомашин зараагүй, засч сэлбэх шаардлагатай автомашин гэдгийг сайн мэдэж байсан.

Тийм ч учраас асахгүй байгаа автомашиныг хүлээн зөвшөөрч гараашаас чирч авч явсан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу эд хөрөнгийг хүлээгээд авчихсан.

Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана хэмээн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.

Иймээс Х нь доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах зэрэг шаардлага гаргах эрхгүй. Х шаардлага гаргах эрхгүй ч гэсэн автомашиныг асаадаг болгож өгсөн нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан үүргээ худалдагч тал биелүүлсэн гэж үзнэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХны эрх залгамжлагч болох ХХХнаас 2 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ход олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56 550 төгрөгийг гаргуулж,нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Х нь ХХ /хуучнаар/-оос 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар УБИ 01-81 улсын дугаартай Тоёота Хайэс маркийн ачааны авто машиныг нээлттэй аргаар худалдаасан билээ. Уг дуудлага худалдаагаар тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг үнэн бодитой дэлгэрэнгүй танилцуулдаг бөгөөд тухайн бүтээгдэхүүний доголдол, биет байдлыг бүрэн танилцуулдаг юм. Энэхүү дуудлага худалдаанд оролцогч Х нь дээрх нөхцөл байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний нөхцлийг дуудлага худалдааг зохион байгуулах комиссоос худалдан авагчид дэлгэрэнгүй танилцуулахдаа ямар нэгэн хууран мэхлэх, тулгах аливаа үйлдлийг гаргаагүй, хийгээгүй юм. Тиймээс энэхүү гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр гэрээ болохыг шүүхээс үнэлж үзэлп/йгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм.

2. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулсан бөгөөд уг хуулиар ХХ /хуучин нэрээр/-ны эрх үүрэг ХХХанд шилжин ирсэн бөгөөд тус хороог татан буулгах, тус яаманд шинэ бүтэц бий болгох зэрэг ажиллагааны явцад уг хэрэг мөн адил ХХХанд шилжин ирсэн юм. Энэ хугацаанд дахин итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон бөгөөд тус яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэргийн бодит нөхцөл байдалтай нарийн танилцаагүй, уг танилцах боломжийг анхан шатны шүүх хангаж өгөөгүй зэрэг хуулиар олгосон эрхээ эдлээгүйн улмаас бид нэхэмжлэлийн дагуу төлбөрийн үүрэг хүлээсэн юм. Анхан шатны шүүхээс уг хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу Улсын өмчид байгаа эд хөрөнгийн доголдолтой болон засаж сэлбэх боломжтой хэдийч төсөвт өртөг их шаардагдах үр ашиггүй, баталгаат хугацаа дууссан зэрэг хуульд заасан бусад шаардлагын дагуу актлагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулдаг болно. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдал шууд утгаар эд хөрөнгиин доголдолгүй эд хөрөнгө дуудлага худалдаагаар оруулж худалдсан нөхцөл байдлаар ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө худалдаж буйг худалдан авагч мэдэж байсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХны эрх залгамжлагч ХХХанд холбогдуулан 2 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 45 дугаар зүйлийн “ХХ” гэснийг “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”-ын гэж өөрчилсний дагуу хариуцагч ХХны эрх залгамжлагчаар ХХХыг оролцуулсан нь зөв байна.

 

Хэргийн материалд, ХХны 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Автомашин нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” 444 дүгээр тогтоол, ХХны мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дуудлагын худалдаа зохион байгуулж явуулах тухай” А/179 тоот даргын тушаал, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/2782 тоот албан бичиг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 663 тоот албан бичиг, тус төвийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/337 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, ХХны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай” 44 дүгээр тогтоол зэрэг баримтууд авагджээ.

/хэргийн 19, 21, 26, 27, 36, 41-44, 45-58 дугаар тал/

 

Дээрх баримтуудаас үзэхэд маргаан бүхий 01-81 УБН улсын дугаартай Тоёота Хайес маркийн автомашин нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үндсэн хөрөнгийн дансанд бүртэлтэй байсан бөгөөд ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлээр уг хөрөнгийг актлуулах саналыг ХХнд хүргүүлсний дагуу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан нээлттэй дуудлагын худалдаанд нэхэмжлэгч оролцож, ялагч болж уг автомашиныг 2 600 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

/хэргийн 37, 38, 41-44 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг буцаан өгөх, үнийг нь буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Уг автомашиныг цаашид ашиглах боломжгүй учраас дуудлага худалдаанд оруулсныг нэхэмжлэгчийн хувьд мэдэж байсан тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Түүнчлэн ХХны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын дагуу ашиглах хугацаа нь дууссан, ашиглах явцад эвдэрч гэмтсэн, цаашид ашиглах боломжгүй гэх үндэслэлээр явуулсан дуудлага худалдааны ажиллагааг нэхэмжлэгч мэдэж, өөрийн саналаар оролцож уг автомашиныг худалдан авсан болох нь дээрх баримтууд, энэ төрлийн харилцаанд 20-30 удаа оролцож автомашин худалдаж авч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул уг автомашиныг ашиглах боломжгүй, гэрээнд зааснаас өөр чанартай байсан гэж үзэхгүй юм.

 

            Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, хариуцагчаас хохирол, зардлыг гаргуулахаар, мөн хуулийн 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрх үүсэхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02985 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ХХны эрх залгамжлагч болох ХХХнаас 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ           

 

                                        ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ       

 

                                                                С.ЭНХТӨР