Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

                                                  

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц-ийн П-д холбогдох эрүүгийн 18100 1684 0510 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

         

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.П нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 0-000 тоотод Б.Ю-тай маргалдан улмаар түүний нуруу, хэвлийн тус газруудад хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         

Шүүгдэгч Ц.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Ц.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний бие болсон хэрэг явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцож байгаа. Би бичиг, үсэг мэднэ. Би бүрэн дунд боловсролтой. Бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн. Манай хүүхдүүд бүгд насанд хүрсэн, тусдаа гарсан боловч манай албан ёсны хаяг дээр бүртгэлтэй учир ам бүл 4 гэж хэлсэн юм. Түүнээс эхнэрийн хамт хоёулаа амьдардаг. Эхнэр Ё.Л  өндөр насны тэтгэвэрт байдаг.

Сарын 280.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Би сард номын борлуулалтаас ойролцоогоор 300.000 төгрөгийн орлого олдог. Хэрэг болсон 2018 оны 07 сарын 08-ны өдрийн урьд өдөр нь эхнэр, бид архи уусан байсан ба маргааш нь Б.Ю-тай тааралдаад манай гэрт ирж би гурвуулаа хамт үлдсэн архиа ууцгаасан. Би архи хэтрүүлж уугаад өөрийгөө хянах чадвараа алдаж ийм хэрэг хийсэн. Би хохирогчийн эрүүл мэндэд нь маш их санаа зовсон. Хохирогч Б.Ю хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн боловч, би сайн дураараа 1.000.000 төгрөг өгсөн. Одоо Б.Ю-гийн биеийн байдал болон бид хоёрын харилцаа холбоо маш сайн байгаа. Бор иштэй хутгаар би хохирогчийг хутгалсан. Би цаашид ийм асуудал гаргахгүй. Би хэргийн үйл баримт болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Энэ явдал надад маш том сануулга болсон. Би улсын яллагчийн зүгээс гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 18100 1684 0510 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-11х/,

          

 2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-14х/,

 

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 31х/,

 

4. Хохирогч Б.Ю-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

    “...2018 оны 07 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ гараад худгаас ус авчихаад явж байсан чинь зүс таних Ж-тай таараад Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг худалдааны төв орж би мах аваад гэртээ очоод, буцаж гараад Ж бид 2 нэг шил архи авч уухаар болоод дэлгүүр явж байсан чинь зүс таних П-тай таарсан. Тэгээд бид 3 дэлгүүр ороод нэг шил 0.75 литр савлагаатай “Стандарт” нэртэй архи аваад П-гийн гэрт буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хоро, Яармагийн 0-000 тоотод очиж уухаар болсон. Тэдний гэрт очиж архи уугаад сууж байсан чинь Ж гараад явсан. Тэгээд П-гийн эхнэр бид 3 архи уугаад сууж байсан чинь П-гийн эхнэр ууж байсан архийг аваад нуусан. Би “архиа гаргаад өг” гэж хэлсэн чинь П гал тогоо руу орох шиг болсон. Миний араас 2 удаа хутгалсан ба хутгалахаар нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь миний цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би гараад цагдаад дуудлага өгсөн.

Би шүүх эмнэлгийн 8527 тоот дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд бичигдсэн цээжний зүүн хэсэгт 1 удаа, нурууны гол хэсэгт 2 удаа хутгалсан гэмтлийг Ц.П хутгаар хутгалж учруулсан. Ц.П нь “эхнэртэйгээ маргалдсан” гэж намайг хутгалж гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

 5. Гэрч Ё.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

    “...2018 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед нөхөр бид хоёр 0.5 литрийн савлагаатай “Цагаан” нэртэй архи хоёулаа хувааж уугаад 12 цагийн үед нөхөртэйгээ хамт дэлгүүр орсон чинь дэлгүүрийн гадаа зүс таних Ю-тай таарсан. Тэгээд манай нөхөр Ю бид гурав дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай 1 шил архи аваад манай гэрт очиж, бид гурав хувааж уусан. Би өглөө архи уусан байсан болохоор согтоод унтаад өгсөн. Тэгээд унтаад 23 цагийн үед манай хүүхдүүд гэрт ирээд намайг сэрээсэн. Би босоод “яасан юу болсон юм” гэж асуухад манай охин М “аав хүн хутгалсан байна” гэж хэлсэн. Би архи уугаад согтоод унтаад өгсөн болохоор юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Тухайн үед манай нөхөр Ю бид гурав архи хамт уусан, өөр хүн байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

         

 6. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 8527 дугаартай дүгнэлтэд:

   1. Б.Ю-гийн биед нуруу, хэвлийд хутгалагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

         

    7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4526 дугаартай  дүгнэлтэд:

    1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн богино ханцуйтай цамцны урд хэсэгт зүүн ханцуйн доод ирмэгээс дээш 13 см, ханцуйн хажуу оёдлоос баруун тийш 14 см зайд 10 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн хуучин гогодсон уранхай, зүүн ханцуйн хажуу оёдол дагуу хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 7х8 мм хэмжээтэй хуучин гогодсон уранхай, энгэрийн доод ирмэгээс эгц дээш 28 см, зүүн хажуу оёдолоос баруун тийш 15 см зайд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 11 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт, ар талд доороос дээш 45 см, зүүн суганаас баруун тийш 18 см зайд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 5 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт, доод ирмэгээс эгц дээш 33 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 21 см зайд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна.  

 2. Богино өмдөнд /шорт/ уранхай цоорхойгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 39-41х/,

            

 8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.П-гийн яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 9 цагийн үед эхнэртэйгээ хамт нэг шил архи хувааж ууж дуусгаад 12 цаг болж байхад манай эхнэр бид 2 гэрээсээ гарч дэлгүүр орж 0.5 литрийн архи аваад дэлгүүрээс гарч явахад Ю-тай таарсан. Манай гэрт очиж ууя гэж би Ю-д хэлсэн. Ю, манай эхнэр бид гурав манай гэрт очиж авсан архиа хувааж уугаад би нилээд согтсон байсан. Тэгээд Ю дэлгүүр ороод дахиж нэг шил архи аваад ирсэн. Тэр архийг хувааж уугаад бид 3 нилээд согтсон ба Ю манай эхнэрийг тэврээд үнсэх шиг болохоор нь би Ю-г “боль” гэж хэлээд гал тогооноос шар модон иштэй хутга аваад Ю-гийн цээж хэсэгт 1 удаа, нурууны гол хэсэгт 2 удаа хатгасан чинь Ю манай гэрээс гараад явсан.

   Би шүүх эмнэлэгийн 8527 дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтэнд Б.Ю-гийн биед учирсан гэмтлүүдийг би хутгаар учруулсан. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна. Нэг мэдсэн би Ю-г хутгалсан байсан. Би өөрийн буруутай үйлдэлдээ их гэмшиж байна. Миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-56х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45х/, түүний бичсэн ном зохиолууд /хэрэгт хавсаргасан/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.П-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16:00 цагийн үед өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 0-000 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн найз Б.Ю-тай хувийн таарамжгүй харилцан үүсгэн маргалдаж, улсаар түүний нуруу, цээжинд хутгалж  биед нь “...нуруу, хэвлийд хутгалагдсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

   - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-11х/,

   - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-14х/,

   - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 31х/,

   - хохирогч Б.Ю-гийн: “...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ...тэдний гэрт очиж архи уугаад сууж байсан чинь Ж гараад явсан. Тэгээд П-гийн эхнэр бид 3 архи уугаад сууж байхад П-гийн эхнэр ууж байсан архийг аваад нуусан. Би “архиа гаргаад өг” гэж хэлсэн чинь П гал тогоо руу орох шиг болсон. Миний араас 2 удаа хутгалсан ба хутгалахаар нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь миний цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би гараад цагдаад дуудлага өгсөн.             ..Шүүх эмнэлгийн 8527 тоот дүгнэлтэнд бичигдсэн цээжний зүүн хэсэгт 1 удаа, нурууны гол хэсэгт 2 удаа хутгалсан гэмтлийг Ц.П хутгаар хутгалж учруулсан. Ц.П нь эхнэртэйгээ маргалдсан гэж намайг хутгалж гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.Одоо гомдол санал байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

  - гэрч Ё.Л-ийн: “...2018 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед нөхөр бид хоёр 0.5 литрийн савлагаатай “Цагаан” нэртэй архи хоёулаа хувааж уугаад 12 цагийн үед нөхөртэйгээ хамт дэлгүүр орсон чинь дэлгүүрийн гадаа зүс таних Ю-тай таарсан. Тэгээд манай нөхөр Ю бид гурав дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай 1 шил архи аваад манай гэрт очиж, бид гурав хувааж уусан. Би өглөө архи уусан байсан болохоор согтоод унтаад өгсөн. Тэгээд унтаад 23 цагийн үед манай хүүхдүүд гэрт ирээд намайг сэрээсэн. Би босоод “яасан юу болсон юм” гэж асуухад манай охин М “аав хүн хутгалсан байна” гэж хэлсэн. ...Тухайн үед манай нөхөр Ю бид гурав архи хамт уусан, өөр хүн байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

  - Шүүх эмнэлгийн шинжээчийн: “...Б.Ю-гийн биед нуруу, хэвлийд хутгалагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8527 дугаартай дүгнэлт /хэргийн 35х/,

    - ШШҮХ-ийн шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн богино ханцуйтай цамцны урд хэсэгт зүүн ханцуйн доод ирмэгээс дээш 13 см, ханцуйн хажуу оёдлоос баруун тийш 14 см зайд 10 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн хуучин гогодсон уранхай, зүүн ханцуйн хажуу оёдол дагуу хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 7х8 мм хэмжээтэй хуучин гогодсон уранхай, энгэрийн доод ирмэгээс эгц дээш 28 см, зүүн хажуу оёдолоос баруун тийш 15 см зайд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 11 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт, ар талд доороос дээш 45 см, зүүн суганаас баруун тийш 18 см зайд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 5 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт, доод ирмэгээс эгц дээш 33 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 21 см зайд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна, богино өмдөнд /шорт/ уранхай цоорхойгүй байна.” гэсэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4526 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 39-41х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

   Хохирогч Б.Ю-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “нуруу, хэвлийд хутгалагдсан шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.П нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргаж, түүний нуруу, цээжинд хутгалсан үйлдлийн улмаас учирсан ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ц.П-гийн хохирогч Б.Ю-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Ц.П нь хохирогч Б.Ю-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснийг болон гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар нь орон гэртээ шалтаг шалтгаангүй архидан согтуурсан үйлдэл, зан байдлаа хянах чадвар дутмаг байсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Ц.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ц.П-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Хэргийн хохирогч Б.Ю нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэх, хүсэлт гаргах эрхтэй хэдий ч баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй, шүүгдэгч Ц.П-гаас гэм хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан талаар мэдүүлж, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн /хэргийн 18-19х, 81х/ баримттай эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 45х/ тул тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Ц.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг хадаастай 11,4 см бор өнгийн модон иштэй 26,8 см урттай хутга 1 ширхэг, скочоор ороосон 10 см хар өнгийн хуванцар иштэй 18,5 см урттай хутга 1 ширхэгийг тус тус зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, Ц.П-гаас өөрийн хувийн байдалтай холбоотой баримт хэмээн хэрэгт хавсаргуулахаар өгсөн ном, сонины хайчилбар баримтуудыг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ю гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ц-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.П-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг хадаастай 11,4 см бор өнгийн модон иштэй 26,8 см урттай хутга 1 ширхэг, скочоор ороосон 10 см хар өнгийн хуванцар иштэй 18,5 см урттай хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, Ц.П-гаас өөрийн хувийн байдалтай холбоотой баримт хэмээн хэрэгт хавсаргуулахаар өгсөн ном, сонины хайчилбар баримтуудыг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ц.П нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Б.Ю-д нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД