| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0568/Э |
| Дугаар | 573 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж овогт Т-ын О-д холбогдох эрүүгийн 18100 2470 0762 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Соёлмаа, шүүгдэгч Т.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Х.Энхчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургуулийн спорт зааланд О.Т-тай “бохир тоглолоо, найз руу бөмбөг шидэж өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож цохин, эрүүл мэндэд нь “дух, хамар, хоолойд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зайсанд байрлах сургуулийн зааланд ХААИС-ийн казак оюутнуудын холбооноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Тэр тэмцээн дээр уг гэмт хэрэг гарсан. Тухайн үед хохирогч О.Т-тай бөмбөг тоглож байгаад маргалдаж, түүнийг хана руу нэг удаа түлхсэн, доошоо харахад нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би хохирогч О.Т-ы эмчилгээний зардалд нэхэмжилсэн 450.000 төгрөгийг нөхөн төлсөн. Би хохирогчоос уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Би өөрийн түргэн амархан ууралдаг зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргасан. Энэ санал хэвээрээ. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Цаашид өөрийнхөө зан байдалд хяналттай байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810024700762 дугаартай хэргээс:
1. Хохирогч О.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр казак оюутнуудын “К” нэртэй зөвлөлөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургууль дээр зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон. Сагсан бөмбөгийн тэмцээн дууссаны дараа тэмцээнд оролцсон хүүхдүүд сагсан бөмбөгийн шийд рүү бөмбөг шидэж тоглож байхад О, Ж хоёр биднийг байн байн л “бөмбөгөө өгч бай” гээд гуйж шийд рүү бөмбөг шидэж тоглоод байсан.
Би тэр хоёрт 2 удаа бөмбөг өгөөд, гурав дахь удаагаа бөмбөг гуйхад нь өгөөгүй шийд рүү шидтэл О самбар руу шидсэн бөмбөгийг авч над руу ирсэнээ “чи миний найзын өөдөөс бөмбөг шиддэг хэн бэ, чи намайг танихгүй байна уу” гээд өмсөж байсан хувцасны захнаас татаад, шалан дээр унагааснаа дагз руу гараараа 2-3 удаа цохисон.
Энэ үед зааланд байсан олон хүүхдүүд нөгөө залууг надаас салгаад, намайг шалан дээрээс босгосон. Тэгтэл О “би чамайг яах ч үгүй, гадаа гараад ярилцъя” гээд байхаар нь би дагаад заалнаас гартал бидэнтэй хамт Ж гарсан. Заалнаас гарангуутаа О нь хүзүүн дээр дараад духаар хана мөргүүлтэл “К” оюутны зөвлөлийн дарга К ирж намайг О-гаас салгасан. Ингээд заал руу явж байхад О нь миний хамар руу өшиглөж цус гаргасан.
Би О, Ж хоёрт “би та хоёрыг цагдаад мэдэгдэнэ, та хоёр мөнгөө бэлдэж байгаарай” гэж хэлээд явсан. Миний хувьд О, Ж нартай өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Тухайн үед “бөмбөг өгч тоглуулсангүй” гэх шалтгааны улмаас О намайг зодож гэмтээсэн. О нь намайг хана мөргүүлж, хамар руу өшиглөсний улмаас дух, хамар орчимд хөхөрсөн. Өөр гэмтэл шарх гэх зүйл учраагүй. О нь намайг зодсоныг К харсан. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлтийн талаар хэлэх зүйл байхгүй. Гомдолгүй. Огаас нэхэмжлэх зүйлгүй. Түүнтэй сайн дураар эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06-07х/,
2. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургууль дээр Хөдөө аж ахуйн их сургуулийн казак оюутнуудын “К” нэртэй зөвлөлөөс зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Уг тэмцээнийг үзэхээр би найз О-гийн хамтаар очсон. Би ХААИС-ийг 2018 оны хавар нягтлан бодогч мэргэжлээр төгссөн юм. Сагсан бөмбөгийн тэмцээн дууссаны дараа буюу 16 цагийн үед үзэгчид талбай дээр сагсан бөмбөг тоглож байхад Т бөмбөг авах гээд үсрэхдээ тохойгоороо ёвроод, шоолсон байдалтай инээгээд байхаар нь би түүнд “зүгээр тоглооч” гэж хэлсэн.
Тэгтэл тэрээр “яаж тоглохоо би өөрөө мэднэ” гээд байсан. Ингээд Т тоглож байхдаа О-ны гарнаас бариад, түлхээд бохир тоглоод байсан. О нь Т-д “зүгээр тоглооч” гэж хэлтэл Т О-г урдаас нь бэлхүүсээр нь тэврээд “хоёулаа гарч үзье” гэсэн. Тэгээд Т О хоёр заалнаас гарсан ба би тэднийг дагаад гарсан. О замдаа явж байхдаа Т-д “чи буруугаар ойлгоод байна” гэтэл нөгөөх нь “зүгээр, гадаа гараад үзье” гээд байсан. Тэгээд заалнаас гарангуутаа Т О-гийн цээж рүү нь гараараа нэг удаа цохитол, О нь Т-ы баруун гуя руу нь нэг удаа өшиглөөд, гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход Оюутны зөвлөлийн дарга К тэр хоёрыг салгасан. Тухайн үед Т-ы биед гэмтэл учраагүй, түүнээс цус гараагүй. О бид хоёр Т-аас уучлалт гуйх гэтэл тэр уурлаад “та хоёртой ярихгүй, мөнгөө бэлдэж байгаарай” гэж хэлээд О бид хоёрыг түлхчихээд явчихсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 12558 дугаартай:
1. О.Т-ы биед дух, хамар, хоолойд зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.О-н яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургууль дээр Хөдөө аж ахуйн их сургуулийн казак оюутнуудын холбооноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнийг найз Ж-ийн хамт үзсэн. Тэмцээн дууссаны дараа үзэгчид талбай дээр сагсан бөмбөг тоглож байхад Т зүгээр тоглохгүй, мөрөн дээр дараад, тулж шидээд бохир тоглоод байхаар нь би түүнд “зүгээр тоглооч” гэж хэлсэн.
Т “би яаж тоглохоо өөрөө мэднэ, чи намайг зод л доо, би чамайг барна, хоёулаа үзье” гээд миний цамцны захнаас татаад, намайг бүсэлхийгээр тэвэрч аваад шидэх гэхээр нь би түүнийг өөрөөсөө холдуулж, цээж рүү нь гараараа түлхсэн. Тэр үед Ж болон тэмцээн үзэж байсан хүүхдүүд “боль” гээд бид хоёрыг хориглосон. Т “гараад ир хоёулаа үзье” гээд байхаар нь би түүнтэй заалнаас гартал Ж, К, Б нар дагаж гарсан.
Заалны үүдэнд Т гараа зангидаад над руу дайрахаар нь би гарнаас нь барьтал намайг дахиад цохих гэхээр нь би түүнийг хана руу түлхсэн. Тэр үед Т духаараа хана мөргөсөн. Т над руу дахин дайраад миний цээж рүү цохих гэтэл К Т-ы хойноос нь татахаар нь би түүнийг доошоо тонгойсон байхад нь хамар руу нь нэг удаа өшиглөсөн.
К “одоо больцгоо, зодоон хийхгүй ээ” гээд Т-ы баруун хацар руу нь нэг удаа алгадаад, заал руу дагуулаад орсон. Тухайн үед Т-ы хамар нь бага зэрэг улайсан харагдаж байсан. Түүнээс цус гараагүй байсан..” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Т.О-гийн “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 47х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Т.О, хохирогч О.Т нар нь холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 46х, 47х/, тус тус прокурорт гаргаснаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай прокурорын тогтоолоор холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж /хэргийн 53-54х/, Прокуророос шүүгдэгч Т.О-д холбогдох эрүүгийн 18100 2470 0762 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн, зөрчилгүй байна.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургуулийн зааланд О.Т-тай “бохир тоглолоо, найз руу бөмбөг шидэж өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүнийг түлхэж духаар нь хана мөргүүлэх, нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож цохисноос О.Т-тай эрүүл мэндэд нь “...дух, хамар, хоолойд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч О.Т-ы: “...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... Тухайн үед бөмбөг өгч тоглуулсангүй гэх шалтгааны улмаас О намайг зодож гэмтээсэн. ...О нь намайг хана мөргүүлж, хамар руу өшиглөсний улмаас дух, хамар орчимд хөхөрсөн. Өөр гэмтэл шарх гэх зүйл учраагүй. О нь намайг зодсоныг К харсан. Шинжээчийн дүгнэлтийн талаар хэлэх зүйл байхгүй. Гомдолгүй. О-гаас нэхэмжлэх зүйлгүй. Түүнтэй сайн дураар эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х/,
- гэрч Х.Ж-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургууль дээр Хөдөө аж ахуйн их сургуулийн казак оюутнуудын “К” нэртэй зөвлөлөөс зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Уг тэмцээнийг үзэхээр би найз О-гийн хамтаар очсон.
Сагсан бөмбөгийн тэмцээн дууссаны дараа буюу 16 цагийн үед үзэгчид талбай дээр сагсан бөмбөг тоглож байхад Т бөмбөг авах гээд үсрэхдээ тохойгоороо ёвроод, шоолсон байдалтай инээгээд байхаар нь би түүнд “зүгээр тоглооч” гэж хэлсэн. Тэгтэл тэрээр “яаж тоглохоо би өөрөө мэднэ” гээд байсан. Ингээд Т тоглож байхдаа Оны гарнаас бариад, түлхээд бохир тоглоод байсан. О нь Т-д “зүгээр тоглооч” гэж хэлтэл Т О-г урдаас нь бэлхүүсээр нь тэврээд “хоёулаа гарч үзье” гэсэн. ...Заалнаас гарангуутаа Т О-гийн цээж рүү нь гараараа нэг удаа цохитол, О нь Т-ы баруун гуя руу нь нэг удаа өшиглөөд, гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход Оюутны зөвлөлийн дарга К тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,
- ШШҮХ-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн: “...О.Т-ы биед дух, хамар, хоолойд зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэсэн 12558 дугаартай дүгнэлт /хэргийн 15х/ болон хэргийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Т.О-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч О.Т-ы биед учирсан “дух, хамар, хоолойд зулгаралт, цус хуралттай” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.О түүнийг түлхэж духаар нь хана мөргүүлэх, нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр цохиж зодсон үйлдэлтэй шаллгаант холбоотой, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулаллтай.
Т.О нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургуулийн зааланд О.Т-тай “бохир тоглолоо, найз руу бөмбөг шидэж өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүнийг түлхэж духаар нь хана мөргүүлэх, нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож цохисноос О.Т-тай эрүүл мэндэд нь “...дух, хамар, хоолойд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Т.О-н гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хэргийн хохирогч О.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэх, хүсэлт гаргах эрхтэй ба шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохирол 450.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч хүлээн авч, хохирол бүрэн барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж мэдүүлсэн баримттай байх /хэргийн 7х, 46х/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 39х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүх, шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Т.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Т нь хохирол нөхөн төлөгдсөн, эвлэрсэн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт Т-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Т.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Т нь хохирол нөхөн төлөгдсөн, эвлэрсэн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД