Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 582

 

                                             

 

                                                   

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын У-д холбогдох эрүүгийн 18100 1579 0630 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд иргэн З.Н-ийн халааснаас түүний эд хөрөнгө болох “Ай фон 6 эс” маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Хэрэг “М” бааранд болсон. Би тухайн өдөр Хөвсгөлөөс ирсэн нөхөр, нөхрийн дүүгийн хамт “М” бааранд орсон. Мөн нөхрийн дүү, найз охинтойгоо хамт явж байсан юм. Би хохирогч З.Н-ийг жүжигчин О-ийн охин гэдгээр нь мэднэ, танихгүй. Гар утсыг нь хулгайлсан миний буруу. Би дахин ийм асуудал гаргахгүй. Би 1-5 насны 2 хүүхэдтэй. Хохирогчийн гар утсыг өмсөж явсан хувцасных нь халааснаас цухуйгаад ил харагдаж байхад нь би сэмхэн авчихсан. Энэ тухай тухайн үед хамт нөхөр болон нөхрийн дүү нар мэдээгүй. Хохирогчийн гар утсыг нь биет байдлаар нь хүлээлгэн өгч, хохирол төлбөргүй болгосон. Миний бие одоо 3 сартай жирэмсэн. Сүүлийн удаа ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрийг биелэгдээгүй нь үнэн. Намайг ял эдлүүлэхээр эрх бүхий байгууллагаас дуудаж холбогдоогүй. Тухайн үед манай бага хүүхэд маань гарсан, 8-9 сар гарантай байсан. Шийтгэх тогтоолд хаягаа андуурч өгсөн байж магадгүй. Одоо Чингэлтэй дүүрэгт хадмуудын хаягт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалтын Г-000 тоотод нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй байна. Манай нөхөр барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Сардаа ойролцоогоор 300.000-600.000 төгрөгийн цалин орлоготой.  Миний хувьд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

 

Эрүүгийн 18100 1579 0630 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Н-ийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд хамтлагийн хүмүүсийн хамт ороод, доод давхараас VIP такс авах үед хажууд хүмүүс зодолдоод, маргалдаад байсан. Тэгсэн миний зүүн талын халаасанд байсан гар утас алга болсон байсан. Би утсаа байхгүй болсоныг мэдээд, өөрийн дугаар луу залгахад нэг эмэгтэй хүн авахаар нь “мөнгө өгөөд утсаа авъя, чи хаана байна” гэсэн чинь “хорооллын Парадокс дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би дахин залгаад “чи өөрийн дугаараа хэлчих” гэсэн чинь шууд салгаад, миний гар утсыг унтраасан.

“М” баарны такс тасалдаг хүн надад ирээд “таны гар утсыг хулгайлсан хүнийг олчихлоо. Та энэ камерийн шүүгээд үз” гэж хэлсэн. Тэгээд би баарны камерыг шүүж үзэхэд махлаг биетэй хүүхэн миний халааснаас гар утсыг маань хулгайлж байгаа бичлэг байсан. Би гадаа гарсан чинь цагдаагийн машин ирчихсэн миний гар утсыг хулгайлсан эмэгтэйг цагдаа гавлаад, машиндаа суулгачихсан байсан.

Би гар утсаа бүрэн бүтэн олж авсан. Одоо гомдол санал байхгүй. Бичлэгт тэр эмэгтэй гар утас хулгайлахдаа ганцаараа байсан. Тухайн үед тэр эмэгтэй хэдүүлээ явж байсныг мэдэхгүй. Миний гар утсыг хулгайлсан эмэгтэйг би танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Миний гар утсыг үнэлсэн мэргэжлийн байгууллагын үнэлгээтэй танилцсан. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Б-ын гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “М” бааранд эхнэр У, Ө, бид гурав орох гэж очсон. Тухайн үед би архи уучихсан согтуу байсан учир салхинд цохиулаад тасарчихсан болохоор болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Би бол гар утас хулгайлаагүй. Уыг гар утас хулгайлсан талаар мэдэхгүй байна. У, Ө бид гурав “М бааранд гар утас хулгайлах санаа зорилгоор ороогүй. Би хөдөө ажиллаж байгаад ирсэн тул гарч шоудна гээд бид хэд “М” бааранд орсон. Би өмнө нь хулгай хийж байсан ч одоо хулгай хийхээ болиод, засарсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХУ1-18-86 дугаартай үнэлгээний тайланд:

“Шаргал өнгийн Iphone 6s маркийн гар утас ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 06 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 440.000  /Дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,

 

4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 38-39х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.У-ын яллагдагчаар өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “М” бааранд нөхөр Б, Ө, найз охин Н нарын хамт 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00:00 цагийн үед орсон. Тэгээд “М” баарны шатаар орж байхад үүдэнд нь бөөн хүмүүс зодолдож байсан. Тэгсэн лифтны хажууд зогсож байсан нэг эмэгтэйгийн зүүн талын халааснаас нь гар утас цухуйсан байсан. Тэгэхээр нь би гар утсыг нь хулгайлсан. Тэгээд би гарах гэсэн чинь баарны хамгаалагч нь хүмүүсийг гаргахгүй, оруулахгүй байсан. Тэнд хэдэн ах нар “утас алга болчихлоо” гээд байсан.

Тэгтэл хамгаалагч ирээд эхлээд намайг дагуулаад камерын хяналтын өрөөнд оруулаад намайг нэгжээд “утас авчихсан байна гаргаж өг” гээд байсан. Удалгүй манай нөхөр Б, Ө хоёрыг оруулж ирээд байж байхад цагдаа нар ирээд бид гурвыг машиндаа суулгаж авч явсан. Миний хулгайлж авсан гар утасны эзэн эмэгтэй ирээд “чи  миний утсаар надтай ярьсан биз дээ” гээд байсан. Би “яриагүй” гэж хэлсэн. Дараа нь “утас алга болчихлоо” гээд байсан эрэгтэй нь утсаа олчихсон гэж байсан. Харин миний хулгайлсан гар утасны эзэн эмэгтэй цагдаад гомдол гаргаж, би түүний дагуу цагдаа дээр ирж мэдүүлэг өгч, гар утсыг нь гаргаж өгсөн.

Бид нар “М” бааранд хулгай хийх гэж ороогүй. Манай нөхөр хөдөөнөөс 2 хоногийн өмнө ирээд мөнгөтэй байсан учир “М” бааранд орсон. ...Намайг гар утас хулгайлж авсныг тэр үедээ Б, Ө нар мэдээгүй байсан, тэр хоёр нилээн согтуу байсан.

Н гэж хүн байхгүй. Би зохиож ярьсан юм. Гар утсыг нь хулгайлсан байхад гар утасны эзэн залгахаар нь би өөрөө утсыг нь аваад баахан худлаа ярьчихсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-36х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66х/, шийтгэх тогтоол /хэргийн 116-117х, 137-138х/, “Мараната Өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хэргийн 65х/, У.Э, Б.Э нарын  төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 67-68х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 4/19506 дугаартай “...ялтан Г.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болно.” гэсэн албан бичиг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-н бдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолд бичигдсэн тус 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 132 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 105х, 114х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, ач холбогдолтой гэж үнэлж дүгнэсэн болно.  

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.У-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд иргэн З.Н-ийн эд хөрөнгө болох 440.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон 6 эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 440.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- хохирогч З.Н-ийн: “...2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд хамтлагийн хүмүүсийн хамт ороод, доод давхараас VIP такс авах үед хажууд хүмүүс зодолдоод, маргалдаад байсан. Тэгсэн миний зүүн талын халаасанд байсан гар утас алга болсон байсан. Би утсаа байхгүй болсоныг мэдээд, өөрийн дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн авахаар нь “мөнгө өгөөд утсаа авъя, чи хаана байна” гэхэд “хорооллын Парадокс дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би дахин залгаад “чи өөрийн дугаараа хэлчих” гэсэн чинь шууд салгаад, миний гар утсыг унтраасан. “М” баарны такс тасалдаг хүн “таны гар утсыг хулгайлсан хүнийг олчихлоо, энэ камерийн шүүгээд үз” гэхэд нь ...би баарны камерыг шүүж үзэхэд махлаг биетэй хүүхэн миний халааснаас гар утас хулгайлж байгаа бичлэг байсан. Би гадаа гарсан чинь цагдаагийн машин ирчихсэн, миний гар утсыг хулгайлсан эмэгтэйг цагдаа гавлаад машиндаа суулгачихсан байсан. Би гар утсаа бүрэн бүтэн олж авсан. Одоо гомдол санал байхгүй. Бичлэгт тэр эмэгтэй гар утас хулгайлахдаа ганцаараа байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

- гэрч У.Б-ын: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “М” бааранд эхнэр У, Ө, бид гурав орох гэж очсон. ...У-ыг гар утас хулгайлсан талаар мэдэхгүй байна. У, Ө бид гурав “М бааранд гар утас хулгайлах санаа зорилгоор ороогүй. Би хөдөө ажиллаж байгаад ирсэн тул гарч шоудна гээд бид хэд “М” бааранд орсон. Би өмнө нь хулгай хийж байсан ч одоо хулгай хийхээ болиод, засарсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

- “Шаргал өнгийн Iphone 6s маркийн гар утас ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 06 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 440.000  /Дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХУ1-18-86 тоот үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 26х/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 38-39х/, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Уын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн үндсэн шинж болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн зүйл, хэсгийн тайлбарт тусгагдсан.

Хэргийн хохирогч З.Н-ийн эд хөрөнгө болох хулгайд алдагдсан “Ай фон 6 эс” маркийн гар утсыг хэрэг гарах үеийн байдлаар зах зээлийн үнэлгээг 440.000 төгрөг гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин үнэлж тогтоосон /хэргийн 24-26х/ ба хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий мэргэшсэн үнэлгээч гаргасан тул хууль ёсны, үнэн зөв, үндэслэл бүхий гэж дүгнэсэн бөгөөд хэргийн оролцогч талууд хохирлын хэмжээ тогтоосон үнэлгээчийн дүгнэлтэд маргаагүй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад  “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тогтоосон ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нийт 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг гэж тогтоосон нь хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээтэй байна.   

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд иргэн З.Н-ийн халааснаас түүний эд хөрөнгө болох 440.000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone 6s маркийн гар утасыг бүхий хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжид бүрэн нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.

 

Хэргийн шүүгдэгч Г.У нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол болох Iphone 6s маркийн гар утсыг хохирогч З.Н-д биет байдлаар нь буцаан өгч, хохирлыг бүрэн арилгасан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 38-39х/, хохирогч З.Н-ийн “...гар утсаа бүрэн бүтэн олж авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/ баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Г.У нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм. 

 

Шүүгдэгч Г.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 440.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилган хохирогчийн гомдлыг барагдуулсан болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, бага насны буюу 1 ой 5 сартайгаас 6 насны хүүхэдтэй, өөрөө жирэмсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн, зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байсан нь хэргийн 66 дугаартай талд авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт, хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоол баримтуудаар, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 4/19506 дугаартай “...ялтан Г.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болно.” гэсэн албан бичиг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 19-н бдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолд бичигдсэн тус 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 132 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 105х, 114х/ баримтаар тус тус тогтоогдсон байна.

 

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох” журмыг баримтлан энэ тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 250 /хоёр зуун тавь/ цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг  хоногоор дүйцүүлэн тооцсон 31 /гучин нэг/ хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 07 /сар/ 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов. /250 цаг : 8 цаг = 31.25 хоног/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “өөрийн үйлчлүүлэгч Г.У нь 3 сартай жирэмсэн, мөн бага насны буюу ой 5 сартайгаас 6 насны хоёр хүүхэдтэй болох нь баримтаар нотлогдсон, мөн түүний холбогдож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байдлыг харгалзан үзэх” хүсэлт, санал гаргаж мэтгэлцсэн. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...,жирэмсэн эмэгтэй, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно.” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах ёстой гэж үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш болохоос гадна шүүгдэгч Г.У нь урьд хэдэн хэдэн удаа ял шийтгэгдэж байсан нь баримтаар тогтоогдсон, мөн шүүхийн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг эдлээгүй байхдаа санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн нөхцөл байдалтай байгаа зэрэг нь түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэх үндэслэлд хамаарахгүй юм. 

Иймд дээрх үндэслэлээр “...хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэх..” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт Г.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч З.Нь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Б овогт Г-ын У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.У-ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Г.У-д энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хоирх ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 31 /гучин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 07 /сар/ 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Г.У-д оногдуулсан 07 /сар/ 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Энэ хэрэгт Г.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД