Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2023/00014

 

 

 

 

 

 

 

2023          03            30                                                     223/МА2023/00014

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00067 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: "Х" ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга/цахим сүлжээгээр/, хариуцагч Ш.Т, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И” ХХК-ийн ерөнхий захирал Л.Булганы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Манай "И" ХХК нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Ивэн 1 дүгээр багт үхрийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотойгоор тэжээлийн ургамал тариалах хэрэгцээ шаардлага үүссэн. Ийнхүү 2018 оны 4 дүгээр сараас тэжээлийн ямар ургамал тариалах нь тохиромжтой талаар судалгаа хийсний үндсэн дээр бургалтай сортын царгас тариалах нь зүйтэй хэмээн шийдвэр гарган царгас тариалах ажил гүйцэтгэх компани хайж байгаад Н.Шинэбаяр /утас:99088584/-р дамжуулан “Х" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Т фейсбүүкээр холбогдон танилцаж, ярьж тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр "Х" ХХК-аар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт бургалтай сортын царгас тариулж нэг жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сард 1 настай таримал хүлээн авах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.2-т зааснаар "тус гэрээний зорилго нь гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлон зохицуулахад оршино" гэж заасан. Ийнхүү тариалалтын ажил эхлэнгүүт манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөр болох 10.800.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, тариалалтын ажил дууссаны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үлдсэн 60 хувь болох 16.200.000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн Хаан банкин дахь 5429315996 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Тариалалт хийснээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд манай компанийн хүмүүс царгас тариалсан талбай дээр очиж танилцахад соёолж гарч ирсэн зүйл байхгүй, энд тэнд армаг тармаг байдалтай байсан. Тиймээс бид нөхцөл байдлыг Ш.Т-т мэдэгдэхэд тэрээр "арай соёолох болоогүй байгаа гэсэн тайлбар өгсөн. Ийнхүү бид хүлээсээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрсдөө дахин талбай дээр очиж танилцахад мөн л ургасан зүйл байгаагүй. Бид Ш.Т-тай дахин холбогдож "үрээ тариад бараг 45 хоног өнгөрлөө, таримал маань одоо ямархуу байх ёстой вэ?" гээд талбай дээрээс зураг дарж явуулан ганц хоёр ургаж байсан ургамлыг "энэ царгас уу? зэрлэг ургамал уу?" хэмээн асуугаад, талбай руу хамт явмаар байна гэдгээ удаа дараа хэлсэн. “...Ш.Т 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр холбогдон "Улаанбаатараар дайралгүй Төв аймгийн Угтаал сумаар явсан учраас хамт талбай руу явж чадсангүй" гэсэн шалтаг хэлэн өөрөө талбай дээр очин талбайн зураг болон энд тэнд ургасан хэсгийн зураг /зураг 7-1-ээс 14-2/ авч явуулснаас нь харахад царгас эсвэл зэрлэг ургамал гэдэг нь тодорхой бус байсан. Ингээд дараа жилийн хавар буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ш.Т-тай Facebook chat-p холбогдон "хоёулаа хэзээ талбайтай очиж танилцах вэ? энэ жил царгас маань ургана гэж найдаж байгаа шүү гэсэнд "бургалтай сорт шүү дээ..." гэхэд нь "тэр нь ч тийм л дээ, гэхдээ газар дээр нь очиж хараад гэрээгээ дүгнэх хэрэгтэй байна гэсэнд "одоо гарах арай болоогүй байна, 4 дүгээр сарын дундуур гарах байх" гэсэн. Үүнээс хойш утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан учир 2019 оны 7 дугаар сарын 19, 21-ний өдөр, мөн 8 дугаар сарын 1, 8-ны өдөр чат бичсэнд хариу байхгүй байж байгаад сүүлд 2019 оны 8 дугаар сарын сүүлээр утсаар яриад "асуудлаа шийдье, болохгүй бол шүүхээр шийдвэрлүүлье" гэхэд "айж ичих зүйл байхгүй, шүүхээр явбал яв" гэж хэлсэн. Ийнхүү гүйцэтгэгч тал гэрээний нөхцөл ёсоор 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 настай тарималтай талбайг манай компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба акт үйлдэж ажил хүлээлцсэнээс хойш баталгаат хугацаа нэг жил буюу 2020 оны 5 дугаар сар хүртэл байсан. Хэдийгээр акт үйлдэж ажил хүлээлцсэн зүйл байхгүй ч бид 2020 оны 5 дугаар сар хүртэл гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлнэ хэмээн найдаж хүлээсэн. Гэвч гүйцэтгэгч тал өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мессенжер нь 2 жил үргэлжилсэн. Акт үйлдэхийг хүссэн. 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Би актаа хүлээлцье, хоёулаа ургамлыг нүдээрээ харъя гэж зөндөө мэдэгсэн. Тухайн гэрээг хүчээр хийгээгүй. Гэрээ байгуулахад ач холбогдол өгөөгүй. Өмнөх шүүх хуралдааны хурлын тэмдэглэлд гэрчийн мэдүүлэг байгаа. Тус тэмдэглэлд Бургалтай сортын үр биш Хятад үр авсан. Анхны гэрээг манайх байгуулсан гэж мэдүүлсэн. Бургалтай сортын Царгас нь ердийн нөхцөлд ургадаг, Монгол улсын байгаль цаг уурын нөхцөлд зохицсон байсан бол Царгас ургах байсан байх. Гэрээний үүргийг хариуцагчаас шаардахад зугтаад уулзахгүй байсан нь хятад үр авчирсан учраас тэр нь Монгол улсад ургаж чадаагүйтэй холбоотой. Би ёс зүйтэй хүн. Энэ асуудлаар жишиг тогтоохыг хүссэн. Энэ асуудлаас болоод хохирсон хүмүүс их байгаа. Тиймээс манай компанид учирсан хохирлыг арилгуулж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Талууд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, шүүхийн хэлэлцүүлгийн нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараас үзэхэд гэрээ байгуулсан эсэхэд маргаангүй гэж үзэж байна. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа. Тус гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн  343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.  Талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Иргэний хуулийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт Бургалтай сортын үрээр Царгас тариалж 1 настай таримлыг хүлээлгэн өгөх гэж  тодорхойлсон. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбараар нотлогдож байна. Тус гэрээнд гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулна гэж заасан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бөгөөд Иргэний хуулийн ерөнхий шаардлагад нийцсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Манай үйлчлүүлэгч 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10,8000,000 төгрөг 5 дугаар сарын 3-ны өдөр 16,200,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдож байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгэгч нь ажлын тоо хэмжээ, түүнд тавигдах чанарын шаардлага болон техник технологийн шаардлагыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт бичгийг хариуцагчтай хамтран боловсруулах үүрэгтэй. Тухайн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс үндсэн үйл ажиллагаа эхлээд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дуусна. Үүнээс хойш баталгаат хугацааны дотор ямар нэгэн доголдол гарвал өөрийн зардлаар дахин тариалах үүргийг гүйцэтгэгч хүлээсэн. Мөн тодорхой мэдээ мэдээллээр захиалагчийг хангах үүрэгтэй байсан нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.2.7-д зааснаар тус тус тусгагдсан. Тодруулбал гүйцэтгэгч нь захиалагчаас тарималтай талбайг харж хандах, хамгаалах, арчилж тордохыг шаардах, түүнд хяналт тавих эрхтэй гэж заасан боловч хариуцагч тал хяналт тавиагүй гэдгээ илэрхийлсэн. Гүйцэтгэгч нь таримлын талаар захиалагчид арчилгаа, хураалт зэрэг технологийн талаар бүхий л мэдээлэл өгөх үүрэгтэй.  Тухайн 30 га талбайд ямар үрийн таримал тарьсан нь тодорхойгүй. Талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй. Гүйцэтгэгч тал тарьж ургуулж байгаа тарималтай холбоотой мэдээ мэдээллээр хангаагүй гэдэг нь харагдаж байна. Бургалтай сорт мөн бол гарал үүслийн гэрчилгээ, бусад чанарын шаардлага хангасан норм нормативыг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гүйцэтгэгч тал энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Захиалагч талын шаардлагаар гэрээг дүгнэхээр утас болон мессежээр удаа дараа шаардлага тавьж байсан боловч гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй. Гомдлын шаардлага гаргаж байгаа үндэслэл нь ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг биелэгдээгүй. Түүнийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна. 1 настай таримал царгасыг хүлээлгэн өгөөгүйн улмаас 27.000.000 төгрөгөөр хохирсон. Энэ хохирлоо Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч “Х” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд төлөөлөгч Ш.Тын гаргасан тайлбарын агуулга: “И" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Х" ХХК нь "И" ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 02 тоот "бургалтай сортын царгасыг 30 га газарт тариалах" ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд тус гэрээний дагуу манай компани нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 30 га талбайд царгас тариалж ажлаа хийж гүйцэтгэсэн. Царгас нь өөрөө ургамал бөгөөд ямар ч ургамал нь заавал усалгаа арчилгааны хүчинд ургадаг бөгөөд дан ганц гүйцэтгэгчээс шалтгаалахгүй, захиалагчийн арчилгаа тордлогоо, байгалийн хүчин зүйлүүдээс нөлөөлдөг. Ажил гүйцэтгэгч очиж тухайн талбайд тарьж өгсөн бөгөөд түүнийг цааш нь захиалагч нь өөрөө анхаарал тавьж, арчилж тордох ёстой байдаг. Гэтэл захиалагч нь гэрээний 5.1.5-д заасны дагуу арчилж, тордох үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д заасны дагуу "....ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах" үүргээ биелээгүй гэж үзэж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2018 оны цаг уурын мэдээгээр тухайн нутагт гантай байсан зэрэг нөхцөл байдал үүссэн байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд захиалагч болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан ургаагүй бөгөөд үүнийг захиалагчийн буруутай үйлдэл гэж үзэхгүй байна. Гэрээний хугацаа нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд энэ талаар захиалагчаас удаа дараа хандахад ажил гүйцэтгэгчийн хувьд ажлаа хийгээд тариалаад өгсөн байтал захиалагчийн өөрийн буруутай үйлдлийн улмаас ургаагүй, актаар ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, мөн хамгийн сүүлд энэ асуудлаар 2019 оны 8 дугаар сард захиалагч асуудлаа шүүхэд хандана гэхэд ажил гүйцэтгэгч шүүхээр асуудлаа шийдүүлье гэж хэлсэн нь захиалагч өөрөө тухайн ажлыг эрхийн доголдолтой гэж үзэж, ярьж байсан бол тухайн асуудлаар шүүхэд 2020 оны 8 дугаар сарын дотор гаргах ёстой гэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 27.000.000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг талууд байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүргээ биелүүлээгүй учраас хохирлоо нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлалаа. Гэтэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байж одоо болохоор гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, хариуцагч тал Бургалтай сортын үрээр Царгас тариагүй  мэтээр ярилаа. Гэрч Б.Дариймаа гэх хүн нь Бургалтай сортын үр биш гэж мэдүүлэг өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж шүүх хэргийг шийдвэрлэх ёстой. Чанарын доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн. Бургалай сортын таримлыг хүлээн аваагүй учраас гэрээг цуцалж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж хариуцагчийн өмгөөлөгч хууль зүйн тайлбарыг өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Нэхэмжлэгч тус гэрээг цуцлахыг шаардаж байна уу? эсхүл цуцлахгүйгээр хохирлоо нэхэмжилж байна уу? эсхүл доголдолтой гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж заасан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлд захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг шаардах гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч доголдлын хөөн хэлэлцэх хугацааг 2 жил гэж үзэж байгаа гэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичгээр баталгаат хугацаанд ажил хийх талаар яриагүй. Нэхэмжлэгч талаас 2019, 2020, 2021 онуудад тухайн газарт юу ургасан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Сүүлд 2019 оны 5 дугаар сарын 5 фото зургууд байсан өөр баримт өгөөгүй. Доголдолтой эд хөрөнгийн талаарх шаардлага гомдлыг 1 жилийн дотор гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч шаардлага гаргах талаарх асуудлыг ярьсан мэтээр ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар зохигч нар шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч манай үйлчлүүлэгч алга болсон мэт ярьж байгаа нь хууль зөрчиж байна. Байгалийн чийгэнд найдсан гэж ярьсан. Ус ямар ач холбогдолтой талаар бүх хүн мэднэ. 30 га талбайг услаагүй байж доголдлын талаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Доголдлыг нэхэмжлэгч өөрөө бий болгосон. Тухайн таримлыг усалж байсан бол таримал ургаад, миний үйлчлүүлэгч шүүх дээр байхгүй байх байсан. Цэцгийг услахгүй бол үхнэ гэдгийг 5 настай хүүхэд ч мэдэж байхад нэхэмжлэгч байгалийн чийгэнд найдсан гэж байгаа нь буруу. Эрхийн доголдолтой байдлыг нэхэмжлэгч тал өөрөө бий болгосон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасны дагуу захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас таримал эрсдэлд орсон тохиолдолд гүйцэтгэгч тал хохирлыг хариуцахгүй гэж заасан. Манайхыг ажил хийсэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх ёстой гэж заасан. Энэ хөлсийг ажил хийсэн учраас хөлс төлсөн. Ажлаа хийсний дагуу хөлс төлсөн байхад эрхийн доголдолтой, тарьсан, тариагүй, Хятад үртэй гэж ярьж байгаа нь нэхэмжлэгчийн ярьж байгаа асуудал нь өөр нэг зүйлээр үгүйсгэгдэж байна. Технологийн заавар өгөөгүй гэж байна. Худгийг хаана гаргах болон усалгааны талаар хэлж зааварласан. Өгөөгүй гэх үгээр шүүх хэргийг шийдвэрлэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч доголдол, үүрэг биелүүлээгүй, гэрээгээ цуцалсан гэж байна. Нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 27.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд төлөөлөгч Ш.Т нарын гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00067 тоот шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг би эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Үндэслэх хэсгийн 8.2 дэх Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д захиалагч тарималтай талбайг хашаалж мал болон мэрэгч хортонгоос хамгаалах арчилж тордох үүрэгтэй гэж заасны дагуу тухайн Царгас тариалсан талбайг хашаалсан болох нь хэрэгт авагдсан фото зураг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Үүгээр захиалагч болох “И” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэжээ. Ганцхан талбайг хашаалснаар захиалагч талыг гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж үзэх нь өрөөсгөл юм. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 30 га газарт Бургалтай сортын царгас тариалж хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч тал хүлээн авч үлдэгдэл төлбөрийг төлсөн билээ. 30 га талбайд нэхэмжлэгч тал тэжээлийн ургамал буюу Бургалтай сортын царгас тариулахдаа эхнээсээ усалгааг яаж шийдэх вэ, талбайг буюу ургамалыг яаж услаж ургуулах вэ гэдэг дээр хайнга хандаж, байгаль дэлхийд найдаж, бороо усалгааг нь хийчинэ гэсэн ойлголтоор өөрсдөө арчилгаа болон усалгаа хийгээгүй байтал анхан шатны шүүх хашаа барьсан нь үүргээ биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх гэрээний 5.2.7-д зааснаар "Гүйцэтгэгч захиалагчид таримлын арчилгаа хураалт гэх мэт бүхий л технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үүрэгтэй" гэж зааснаар хариуцагч байгууллага нь хэзээ, хэрхэн технологийн талаар зөвлөлгөө өгсөн нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй тул ажил гүйцэтгэгчийг үүргээ биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. Нэхэмжлэгч тал “И” ХХКомпани нь Бургалтай сортын царгас тариалахдаа миний үйлчлүүлэгчийн фасебоок хаягаар орж үзэж мэдэж Ш.Ттай холбогдон уулзаж тариулахаар болсон бөгөөд уг ургамлын талаар Ш.Т өөрийнхөө фасебоок хаягандаа дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн, мөн өөрсдөө Төв аймгийн Цээл суманд ургуулж хэрхэн арчлах, хэрхэн ургадаг, усладаг, хураан авсан талаар дэлгэрэнгүй дуут хэлбэрээр болон дүрст хэлбэрээр тайлбарлаж тавьсан байгаа бөгөөд өөр газрууд дээрх тайлбарыг үзээд ургуулсан газрууд байгаа болно. 21-р зуунд интернэт хөгжсөн, Ш.Тын фасе хаягаар ороод үзэхэд бэлэн байгаа гэтэл юу ч мэдэхгүй мэтээр тайлбарлаж, мөн тариалж дуусаад ямар ч заавар, мэдээлэл өгөөгүй гэж худлаа мэдүүлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасны дагуу хэргийн оролцогчид шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэйгээ зөрчиж миний үйлчлүүлэгчийг илтэд худлаа гүтгэж доромжилж байсан болно. 30 га газрыг хэзээ ч гараараа хувинд ус хийж услах боломжгүйг бүгд мэдэж байгаа бөгөөд миний үйлчлүүлэгч хаана худаг гаргахыг зааж өгсөн талаар шүүхэд тайлбар хийхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Булган юу ч хэлж чадахгүй байсан. Миний үйлчлүүлэгч хэн ч байхгүй хээр газар очиж ажилчид болон техник тоног төхөөрөмжөө авчираад ажил хийгээд байгаа биш захирал Л.Булган болон бусад ажилчид байхад очиж ажил үүргээ гүйцэтгэсэн бөгөөд ажлаа дуусаад хашаагаа барь, хортон, мэрэгч шавьжаас хамгаалах, тэгээд услагаа чухал болохыг хэлсэн талаар, шүүхэд болон тайлбартаа мэдүүлсэн.

Дэлхий дээр хүн, амьтан, ургамал усгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг 3 настай хүүхэд байтлаа бүх хүмүүс мэддэг байхад байгалийн чийгэнд бороонд найдаж усалгаа хийгээгүйгээс болж ургаагүй ургамлыг хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу зөвлөгөө мэдээлэл өгөөгүйгээс болсон мэтээр худлаа тайлбар хийж байгаад анхан шатны шүүх мэдсээр байж нэхэмжлэлийг хангаж байгаа илтэд нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч тал өөрсдөө гаргаж өгсөн фото зурган дээр газрын хөрс хатаж, хагарсан түүнээс ургамал тачирхан ургасан байдалдаа зургаас харахад илтэд усалгаа хийгээгүйгээс хөрс хатаж, хагарсныг гэрчлэхээс гадна нэхэмжлэгч тал өөрсдөө нэг ч усалгаа хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч тайлбар хийдэг билээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 2018 оны цаг уурын мэдээгээр тухайн нутагт хур тунадас муутай байсан талаарх цаг уур, орчны шинжилгээний газраас хариуцагч талын гаргасан бичгээр нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх үүнийг тайлбарлахдаа Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиалагч буюу гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй болсон бол шаардлагатай хугацаагаар гэрээний хугацааг өөрчилж болно гэж заажээ. "Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас бороо хур ороогүй гантай байсны улмаас тухайн царгас ургамал ургаагүй бол гэрээний хугацааг өөрчлөх, сунгаж болохоор зохицуулсан байх ба харин хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан зохицуулалт байхгүй байна" гэжээ. Хариуцагч тал шүүх дээр болон хариу тайлбартаа байгалийн давагдашгүй хүчний талаар нэг ч тайлбар хийж байгаагүй бөгөөд уг бороо, хур тунадас сайтай байсан ч ургамал болон тариалан заавал услах ёстой бөгөөд усалгааны систем буюу худаг заавал байхыг учирлаж, ухааруулж хэлж байсныг тайлбарласан болно. Мөн “ургамал ургаагүй бол гэрээний хугацааг өөрчлөх, сунгаж болохоор зохицуулсан байх ба хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан зохицуулалт байхгүй" гэснийг ерөөсөө ойлгохгүй байна. Гэрээний хугацааг яаж өөрчлөх, сунгах талаар шүүх хурал дээр хэн ч яриагүй, миний үйлчлүүлэгч ажил үүргээ гүйцэтгээд дууссан ажлыг хүлээн авсан байхад юун хугацааг өөрчлөх, зохигч нар яриагүй асуудлыг шүүх сайн дураараа дүгнээд бичээд байна.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-т зааснаар захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас таримал эрсдэлд орсон тохиолдолд гүйцэтгэгч тал хохирлыг хариуцахгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн хэнэггүй, буруутай үйл ажиллагаанаас болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгийн 9.3 дах “Нэхэмжлэгч нь хариуцагчид хандаж ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх талаар шаардаж актаар ажил хүлээн авах хүсэлтээ илэрхийлсэн нь шүүх хуралдаанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна" гэжээ.

Анхан шатны шүүх хурлаас өмнө Л.Булган, Ш.Т нарын фасебүүкийн хаягаар орж хоорондоо бичсэн захидалд үзлэг хийсэн бөгөөд ганцхан Л.Булган хэзээ уулзах, ажлын талаар бичээгүй Ш.Т ч гэсэн тарилангийн талбай дээр очиж зураг аваад би ирчихсэн байна гэдгээ харуулсан байгаа. Миний үйлчлүүлэгч та хүрээд ирээч гэхэд л Булган би ажилтай байна очиж чадахгүй гээд хоёулаа уулзах гэхээр хэн нэг нь ажилтай болоод уулзаж чадахгүй байсан талаар манай үйлчлүүлэгч мэдүүлдэг болно. Гэтэл өөрийнхөө фасебүүкээс таслаж авсан хэдэн өгүүлбэрээр тогтоогдож байна гэж үзсэн шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээрх нотлох баримтыг үнэлэлт дүгнэлтээ хийн үнэлнэ гэснийг зөрчсөн болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 27.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэлээ гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үүргээ биелүүлээгүй учраас хохирлоо нэхэмжилж байна гэснээ, шүүх хурал дээр гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, сүүлдээ Бургалтай сортын үр биш, бургалтай сортын таримлыг хүлээн аваагүй буюу гэрээг цуцлаж өгнө үү, эсвэл цуцлахгүйгээр хохирлоо нэхэмжилж байна уу, эсхүл доголдолтой гээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт гэрээг цуцлаж, учирсан хохирлыг арилгуулхаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчтэй адил гэрээнээс татгалзсанг болон цуцласан гэж 2 агуулга бүхий ойлгомжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00067 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянгын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Гэрээний гол зүйл нь “Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 30 га талбайд Бургалдай сортын Царгас ургамал тариалж түүнийг актаар хүлээлгэж өгөх үүргийг гэрээний дагуу хүлээсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хуулийн зохицуулалтаас үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээний үр дүн буюу дээрх Бургалтай сорт царгас ургамлын үрээр тариалж өгч 1 настай царгас хүлээлгэж өгөх нь хариуцагчийн үүрэг юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд нилээн тодорхой тусгаж өгсөн. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 27.000.000 төгрөгийг хүлээж авсан гэдэгт хэргийн оролцогчид маргаагүй. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нараас усалгаа хийгээгүй учраас ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн зүйлийг хүлээлгэж өгөх боломжгүй байсан гэдэг тайлбарыг өгдөг. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн гэдэг бол тодорхой ажил үйлчилгээ явуулсны эцсийн үр дүн гэж ойлгодог учраас усалгаа явуулсан зэргээс үл хамаараад ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгээр тухайн талбай дээр тариулсан Булгалтай сортын царгас ургамлыг тарьж хүлээлгэж өгөх ёстой байсан. Талууд дээрх үүргийг гэрээгээр хүлээхээс гадна баталгаат хугацааг гэрээндээ тохирсон. Баталгаат хугацааны хувьд түүнийг хүлээж авснаас хойш 1 жилийн дотор баталгаат хугацааг тохиролцсон. Гэвч ажил гүйцэтгэх гэрээний үр дүн биелэгдээгүй, гэрээний үр дүнг актаар хүлээлгэж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч оролцуулсан талаар ярьж байна. Ямар хүнийг гэрч гэх, гэрч нь ямар мэдүүлэг өгөх эсэх талаар хуулинд тодорхой зохицуулалт байгаа. Гэрчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу дуудаад, эрх үүргийг тайлбарлаад мэдүүлэг авсан байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлээгүйгээс болж хэргийн шийдвэрлэлт удаж, нэхэмжлэгч тал хохирсон дээрээ давхар хохироод явж байгаа гэдгийг хэлмээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг биелэгдээгүй, гэрээний үүрэг нь тухайн талбай дээр Бургалтай сортын царгас 1 настай ургамал тарьж өгнө гэдэг үүрэг байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч “И” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр, 30 га газарт бургалтай сортын царгас тарьсан талбайг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 1 настай тарималыг нэг жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сард хүлээн авахаар хариуцагч "Х" ХХК-тай тохирч гэрээ байгуулсан боловч гэрээний үр дүнг хүлээлгэж өгөөгүй, зөвлөгөө мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсөнд төлсөн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч "Х" ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 30 га газарт бургалтай сортын царгас тарих ажиллагааг хийсэн. Манай тал арчилж тордох үүрэг хүлээгээгүй. Харин зөвлөгөө мэдээллийг ургамал тарих үеэс эхлэн өгсөн. Мөн арчилгааны талаарх заавар зөвлөгөөг манай FB хаягаар ороод үзэх боломжтой. Нэхэмжлэгч “И” ХХК-д 30 га газрыг гараар услах боломжгүй тул усалгааны систем ашиглахыг зөвлөсөн. Гэтэл ургамлыг услаж, тордох ажиллагааг хийгээгүйн улмаас хатаж ургах боломжгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

4. Харин зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлсөнд 27,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл,

Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот “ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.1, 5.2.4, 5.2.7-д зааснаар хариуцагч "Х" ХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт, 30 га талбайд өөрийн бургалтай сортын үрээр Царгас тариалах ажлыг батлагдсан ажлын хэмжээ, тавигдах чанар болон техник технологийн дагуу хийж гүйцэтгэн тарималтай талбайг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 1 настай тарималтай талбайг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх, энэ хугацаанд тарималын арчилгаа, хураалт гэх мэт бүхий л технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх,

гэрээний 3.2, 5.1.5-д зааснаар нэхэмжлэгч “И” ХХК нь ажлын хөлс 40 хувьтай тэнцэх 10.800.000 төгрөгийг Хаан банкны 5429315996 тоот дансанд байршуулах, ажил гүйцэтгэж дуусмагц үлдэх 60 хувь болох 16,200,000 төгрөгийг бүрэн төлж дуусгах, тарималтай талбайг хашаалж мал болон мэрэгч хортонгоос хамгаалах, арчилж тордох үүргийг тус тус хүлээхээр заажээ./1 дүгээр хавтас 7-8 хуудас/,

Иймд хариуцагч "Х" ХХК нь өөрийн материал, хөдөлмөр, үйл ажиллагаа орсон ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд тогтоосон хугацаанд шилжүүлэх, нэхэмжлэгч “И” ХХК нь хүсэн хүлээж байсан төсөөлөлд ажлын үр дүн нийцээгүй байсан ч хүлээн авч, хөлс төлөхөөр тохиролцож харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

6.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тогтоож, хэрэгт авагдсан баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна. 

Зохигч ажил гүйцэтгэх гэрээнээс гэрээ болон хуульд заасан үндэслэлээр татгалзсан тохиолдолд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.

Мөн ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх бус урт хугацааны явцад үр дүн бий болдог тул зохигч гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийн биелэлтийг тооцох үр дагавар үүснэ. 

Нэхэмжлэгч “И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 27,000,000 төгрөгийг буцаан шаардсан болохоос хохирол шаардаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч "Х" ХХК нь таримал царгас ургаагүй, акт үйлдэж ажлаа хүлээлцээгүй гэсэн үндэслэлээр буюу ажлын үр дүнгийн доголдолын талаар маргаж ажлын хөлс 27,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байхад анхан шатны шүүх гэрээг цуцалж, хохирол шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна.

7.Нэхэмжлэгч “И” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр, 30 га талбайд бургалтай сортын үрээр Царгас тариалсан эхний ажлыг эзэмшилдээ хүлээн авсан тул гэрээг цуцлах эрх хязгаарлагдаж байна.

Харин таримал царгас 30 га талбайд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэхэд ургаагүй бол нэхэмжлэгч ажлын үр дүнг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2., 353.3.-т заасан шаардлагыг хангасан эсэх биет байдлын эрхийн доголдлын талаар шаардах эрх Иргэний хуулийн хуулийн 352 дугаар зүйлийн 352.1., 352.2.-т заасны дагуу үүснэ.

6.Газар тариалантай холбоотой ажлын гүйцэтгэлийн үр дүнг бий болоход хүний болон техник технологийн хүчин зүйлээс гадна байгалийн хүчин зүйлс нөлөөлөх тул талуудын хүчин чармайлт илүү ихээр шаардагдах юм.

Иймээс ажлын үр дүн зохигчдын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтээс харилцан хамааралтай байна.

1 дүгээр хавтаст хэргийн 113-115 хуудсанд авагдсан баримтаас үзэхэд, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14/414 дугаар албан бичигт “ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 2018 оны 4 дүгээр сарын дунд үеэс 7 дугаар сарын эхэн үе хүртэл хур тундас олон жилийн дунджаас бага буюу 5 дугаар сард 1,3 мм, 6 дугаар сард 11,9 мм орсон, агаарын температур олон жилийн дундажаас 1,9-5,2 градусаар дулаан байсан нь ургамал ургалтынхаа эхэн үед хатаж гандах, улмаар ургац бүрдэхэд таагүй нөлөө үзүүлсэн байна. Мөн 6 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал хөрсөн дээр нийтдээ 64 өдөр 400 С-ыг давж халсан байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гангийн байдлыг 10 хоног тутамд үнэлсэн дүнгээс үзвэл тус сумын нутгаар ургамлын ургалтын эхэн үе болох 5 болон 6 дугаар сард гантай, 6 дугаар сарын 30-ны байдлаар Баруунбүрэн суманд ургамлын ургалтын байдал муу гэсэн үнэлгээтэй байсан” гэжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК нь царгас тарьсан талбайг өөрийн эзэмшилд авснаас хойш хашаа барьсан байгаа ч ургамлыг зохих ёсоор арчилж тордсон болохоо баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4.-т ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” гэж заасан үүрэг биелүүлсэн гэж үзэхгүй.

Мөн хариуцагч "Х" ХХК нь царгас тарихад өөрийн хөрөнгө, хөдөлмөр, үйл ажиллагааг оруулсан ч арчилгааны талаарх зөвлөгөө мэдээллийг нэхэмжлэгч талд цаг тухайд өгч байгаагүй нь шүүхийн үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон тул гэрээний 5.2.8.-т “ Захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас таримал эрсдэлд орсон тохиолдолд гүйцэтгэгч тал хохирлыг хариуцахгүй” гэж заасан үүргээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд зохигчид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс царгас ургалтанд эрсдэл үүссэн байгаа тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-т зааснаар биет байдлын доголдлыг арилгуулалгүйгээр, ажлын хөлсийг 50 хувиар бууруулж, хариуцагч "Х" ХХК-аас 13,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 13,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

7.Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг дээрх үндэслэлээр хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.3.-т заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,500,000 / арван гурван сая таван зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

2 дахь заалтыг “...нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 225,450 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 /хоёр ерөн хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                             З.ТҮВШИНТӨГС

                                                                 М.МӨНХДАВАА