| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0537/Э |
| Дугаар | 586 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн Н-ад холбогдох эрүүгийн 17100 0385 0411 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Ц.Ө, түүний өмгөөлөгч Т.Туул, гэрч Ю.Ж, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ч.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжинд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө хохирогч Ц.Ө-ын толгойн тус газарт тоосгоор цохиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө би гэртээ ирэхэд манай эхнэр байхгүй гэрээс явчихсан байсан. Тэгээд миний сэтгэл санаа муу байсан болохоор найз Ю.Ж-ыг дуудаж бааранд суугаад бид хоёр 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгээд баарнаас гараад буцаж явах замд ийм хэрэг явдал болсон. Би хохирогчид хохиролд 2.441.699 төгрөг төлсөн. Хэрэг гарсны маргааш нь хохирогчтой очиж уулзан уучлалт гуйсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэвэл гарах зардлыг төлж барагдуулна. Миний бага насны 2 хүүхэд болон өндөр настай ээжийг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Ц.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тухайн өдөр манайд хурим болоод манай найзууд ирсэн байсан. Тэгээд би гэрт сууж байгаад автобусны буудал дээрээс такси бариад гэрийн гадаа ирээд, гэр лүүгээ орчихоод гараад иртэл таксины жолоочтой Ч.Н маргалдаж байсан. Тэгээд намайг эргээд харахад Ч.Н миний толгой руу чулуугаар цохисон. Шүүгдэгч надаас уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо хааяа толгой өвдөхөөр эм тариа хэрэглэдэг. Нийт эмчилгээний зардал, хохирол төлбөрт 2.441.699 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
3. Гэрч Ю.Ж-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би шүүгдэгч Ч.Н-тай багийн найзууд. Хохирогч Ц.Ө-ыг танихгүй. Тэр өдөр 0.5 литрийн нэг шил архи, 0.33 литрийн нэг шил архи тус тус аваад ууж дуусгаагүй байсан. Ц.Ө толгойндоо гэмтэл авсан талаар Цагдаагийн хэлтэс дээр очоод мэдсэн. Хашаан дотор толгой нь хагарсан байсан гэдгийг мэдээгүй. Цагдаагийн машинд Ч.Н нь Ц.Ө-ыг цохисон. Тухайн үед архи уугаад үл ойлголцол үүссэн. Намайг Ц.Ө зодсон.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 17100 0385 0411 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамж, тоотгүй төмөр хашаанд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 18-22х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ө-ын хохирогчоор өгсөн:
“...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр миний хурим болоод найз М, А хоёр эхнэр, хүүхдийн хамт манай гэрт ирсэн юм. Орой 23 цаг өнгөрч байхад манай найзууд явах болоод, би такси олж ирэхээр Яармагийн 2 дугаар буудал руу яваад улаан хүрэн өнгийн Приус-20 маркийн машиныг зам дээрээс зогсоогоод гэрийнхээ үүдэнд дагуулж ирсэн. Би гэр рүүгээ ороод “такси ирчихлээ” гэхэд манай хоёр найзын эхнэрүүд түрүүлж гарсан. Удалгүй манай хоёр найзын эхнэрүүдийн орилох дуу сонсогдоод, би найзуудтайгаа хамт гартал Н /тэр үедээ бол танихгүй байсан, одоо нэрийг нь мэддэг болсон/ гэх залуу таксины жолоочийг заамдаад, машиных нь хажууд зогсож байсан. Тэгээд А очоод “боль” гэтэл А-г Н цохиод ноцолдоод, хамт газарт унасан.
Би бас “больцгоо” гэж хэлээд өөрийнхөө эхнэр болон хоёр найзынхаа эхнэрийг “хашаа руугаа ор, согтуу хүн байна” гэж хэлээд эргэж харах гэтэл миний толгой руу Н тоосгоор цохиод авсан. Тэрнээс хойш би хэсэг ухаан алдсан. Нэг ухаан ороход манай эхнэр намайг түшээд хашаа руу оруулж байсан. Миний толгой маш их өвдөж, толгойноос цус гарч байсан.
Намайг хашаа руу орох үед Н-ын найз нь гэх танихгүй залууг манай найз М явуулахгүй гээд цамцнаас нь татаад зогсож байсан ба намайг тэр залууг “барьж бай” гэж хэлээд М гэр рүү орсон. Энэ үед хашааны хаалга дотроос нь цоожилсон байсан учир Н гэх залуу хашаа давуулан 4-5 ширхэг тоосго шидсэн.
Миний барьж байсан залуу “явна тавь” гээд миний гарыг тавиулах гээд, би явуулахгүй гээд цамцнаас нь татаж байгаад бид хоёр хоёулаа зууралдаж газарт унасан. Удалгүй цагдаагийн машин ирээд Н, Н-ын найз гэх залуу, бид гурвыг машиндаа суулгаад аваад явсан. Цагдаагийн хэлтэс рүү ирэх замд машин дотор Н миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон.
Н нь намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Ч.Н миний толгойн баруун хэсэг рүү тоосгоор нэг удаа хүчтэй цохисон, мөн машин дотор 2-3 удаа толгойн зүүн хэсэгт цохисон. Би тэр хүмүүсийг огт танихгүй, Н-ын найз Ю.Ж намайг цохиж зодоогүй.
Манай найз А-г Н эхэлж зодсон. Тухайн үед би толгой руугаа тоосгоор цохиулснаас хойш хэсэг ухаан алдаж унасан. Тэр хооронд юу болсныг мэдэхгүй байна. Харин маргааш нь найзаасаа хэн зодсон, юу болсон талаар асуухад “Н эхлээд хамар руу нь гараараа цохисон, тэгээд хашаа руу орчихсон байхад нь Н хашааны гадна талаас тоосго шидээд А-г оноод нурууг нь гэмтээсэн” гэж хэлж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Тухайн өдөр би архи уугаагүй байсан. Манай найзууд найран дээр бага зэрэг уусан байсан. Гэхдээ их согтуугүй.
Би Н, Ж нарыг хэн нэгэн цохиж зодоогүй. Харин манай найз М Н гэх залууг намайг барьж бай гээд надад өгөхөд нь би түүний цамцнаас нь барьж байхад тэр залуу тавиулах гэж зууралдаж байгаад бид хоёр хамт газарт унасан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед Н, Ж нар нь хоёулаа согтуу байсан.
Би шинжээчийн дүгнэлттэй танилсан. Дүгнэлтэд бичигдсэн хүнд гэмтлийг Н надад учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 25-29х/,
Мөн хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг:
“...Над зодуулсаны улмаас биедээ авсан гэмтэл, өвчнийг эмчлүүлэхэд гарсан зардлаа нэхэмжлэх болно. Эм тариа авсан зардлын баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн.
Мөн би “Ц” ХХК-нд автогрейдерийн оператороор сарын 1.542.857 төгрөгийн цалин орлоготой ажилладаг байсан. Бусдад зодуулж гэмтсэний улмаас 8 дугаар сарын сүүлээс ажил хийж чадаагүй. Зодуулахаас өмнө ажилласан хоногт 469.565 төгрөгийн цалин авч, энэ сард 1.073.292 төгрөг авч чадаагүй, дараагийн 9 дүгээр сард бүтэн ажиллаагүй тул сарын цалин 1.542.857 төгрөгийг аваагүй. Иймээс 8 сарын цалингийн дутуу, 9 сарын цалин бүгд 2.616.149 төгрөгийн цалин хөлсөө Наас нэхэмжилнэ. ....Эм тариа, эмнэлгийн ор хоног, шинжилгээний хөлс, томографи зургийн төлбөр, мөн авч чадаагүй цалин хөлс зэрэгт нийт 3.341.699 төгрөг нэхэмжилж байгаа.
Үүнээс Н нь 500.000 төгрөгийг бэлнээр, мөн аав Ц-гийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 50.000 төгрөг, 350.000 төгрөг, 200.000 төгрөг тус тус шилжүүлж, хохирлоос нийт 1.000.000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар хохирлоос төлөгдөөгүй үлдэгдэл 2.241.699 төгрөг байгаа. Өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.
...Хохирлоос төлөгдөөгүй хохирол 2.241.699 төгрөгийг төлөөд өгчихвөл өөрөөр надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцоно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 33-34х, 227х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.Ж-ы хохирогчоор өгсөн:
“...2017 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цаг 30 минутын үед Яармагийн багын найз Н-тай утсаар ярьж уулзаад, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “О” нэртэй бааранд орж нэг шил 0,5 литрийн архи, нэг шил 0,33 литрийн архи уучихаад гарсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Гэхдээ болсон асуудлын талаар тод санаж байна. “О” баарнаас гараад явж байхад Н утсаар яриад л “ах ирж байна гэсэн үү” гэж юм хэлээд Яармагийн 2 дугаар гудамж руу гүйгээд явсан. Гадаа харанхуй байсан. Цаг ойролцоогоор 01 цаг болж байсан байх. Тэгээд би араас нь явж байтал гудамжны гол хэсэгт хүмүүс маргалдаж муудалцаад байх шиг болохоор нь очиход Н хашаа налчихсан сууж байсан.
Тэгэхээр нь би очоод “та нар олуулаа яагаад хүн рүү дайраад байгаа юм, ингэж болохгүй шүү дээ” гэхэд тэр айлын хашаан дотроос нэг залуу “наадах чинь хэн юм бэ, аваад ороод ир” гэж орилсон чинь гадаа байсан 2-3 залуу намайг чирээд хашаа руугаа оруулсан. Тэгээд хашааныхаа хаалгыг түгжээд, намайг газарт унагаад тал талаас цохиж өшиглөсөн. Эхнэрүүд нь салгах гээд орилж хашгичаад байхад салахгүй байсан. Нэг залуу нь миний нүүр рүү өшиглөхөөр нь би хөлөөс нь барьж аваад зуурсан. Ингээд байж байтал гаднаас хөдөлгөөнт эргүүлийн машинтай цагдаа нар ирсэн. Миний нүүр рүү цохисон гэрийн эзэн, Н бид гурвыг цагдаагийн хэлтэст авч ирсэн. Цагдаагийн хэлтэст ирсэний дараа гэрийн эзэн гэх залуугийн чихний араас цус гарч байсан. Н-ыг цохисон гэж хэлж байсан.
Гэрийн эзэн, тэр хашааны хүн гэх эрэгтэй хүн л миний нүүр рүү өшиглөсөн. Түүнд өшиглүүлснээс болж миний баруун нүд хавдаж хөхөрсөн, одоо толгой тархи, хоёр чамархай их хөндүүртэй байна. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулна. Н бид хоёр “О” баарнаас гараад хүмүүстэй маргалдаж зодолдоогүй. ...Н болон тэдгээр залуучууд юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. Н-ыг гүйгээд явчихаар нь би араас нь явж байхад гудамжинд маргалдаж муудалцаад байхдаа таарсан. Сүүлд харахад Нын хүзүү нь шалбарсан, нуруу нь зулгарсан байсан.
Ө, А гэх хүмүүсийг найз Н яг ямар шалтгаанаар, яаж, юугаар, хаана нь хэдэн удаа цохисныг би хараагүй. Тэдгээр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байж байгаад мөрдөн байцаалтын шатанд Ө, А гэж мэдсэн.
...Би Ө гэдэг залууг Н цохиж зодохыг хараагүй. Яагаад гэвэл би нилээн сүүлд нь гудамж руу Н-ын араас гарч ирсэн. А гэх залууг яаж байгаад гэмтснийг хараагүй. Ямар ч гэсэн Н хашааны гадна талаас 2-3 ширхэг тоосго, чулуу шиг зүйл хашааны дотор тал руу шидээд байсан. Тэгэхэд А гэх залуу зөрүүлээд хашаа давуулж шидээд байх шиг байсан. Намайг ямар шалтгааны улмаас цохиж гэмтэл учруулсаныг ч мэдэхгүй. Би Н-ыг авах гэж тэр айлын хашааны үүдэнд ирсэн. Тэгэхэд Н-ыг 3 эмэгтэй тойроод зогсчихсон загнаад байх шиг харагдсан.
Намайг Ө, А хоёр чирж хашаа руу оруулсан юм билээ. Тэр үед Ө гэх залуу намайг барьж аваад татаад байхаар нь би “тавь” гээд зууралдсан чинь намайг Ө газарт унагааж байгаад миний баруун нүд хэсэг рүү өшиглөсөн. Ө-оос өөр хүн намайг зодож гэмтэл учруулаагүй. Намайг очсон тухайн үед тэнд ямар нэгэн машин байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 39-40х, 41-43х, 44-46х, 47-48х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.А-гийн хохирогчоор өгсөн:
“...2017 оны 8 дугаар сарын 18-ны орой найз Ө-ын хуриманд Яармагт орой 22:00 цагийн үед эхнэр Б, найз М, түүний эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт зургуулаа ирсэн юм. Тэгээд тэднийд ууж идэж байгаад шөнийн 01:00 цаг өнгөрөөд явах болж, такси дуудахад ойрхон “такси байхгүй байна” гэсэн. Тэгээд гэрийн эзэн Ө төв замаас такси барьж ирсэн. Энэ үед бид тэдний гэрт нь хүлээж байсан. Тухайн үед бид гэрт нь тавуулаа нэг шил 0,75 л, нэг шил 0,5 л архи уусан, халамцуу байсан.
Ө такси барьж ирээд таксигаа гадна үлдээж өөрөө гэрт орж ирээд “гадаа такси ирчихлээ, аваад ирлээ” гэж хэлсэн. Ингээд хоёр эхнэр явахаар гэрээс түрүүлж гараад, араас нь М, Ө, бид хэд гарсан. Биднийг гэрээс гарахад хашааны гадаа эхнэр Б “аллаа” гээд орилсон. Тэгэхээр нь хашаанаас гартал үл таних махлагдуу залуу таксины жолоочийг заамдаад барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би наанаас нь очоод салгахад, шууд миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгээд би хэсэг зуур юу болсоныг мэдэхгүй, нэг сэргээд хартал тэр залуу гартаа тоосго барьчихсан зогсож байсан.
Тухайн үед гадаа харанхуй байсан боловч гудамжны гэрэлтүүлэгтэй, болж байгаа үйл явдал сайн харагдаж байсан. Миний хамраас цус гарсан байсан болохоор манай эхнэр гэрт орж миний цусыг угааж арчиж өгсөн. Тэгээд гэртээ байж байхад М-ий эхнэр “М-г аллаа” гэсэн. Би дахиад гэрээс гараад харахад М тэр бүдүүн залуутай ноцолдоод, дээр доороо орчихсон зууралдаж байхад нь очиж М-г татаж салгаж аваад хашаа руу орох гэтэл тэр бүдүүн залуутай хамт явж байсан туранхай залуу нь бид хоёрын араас зууралдаад, тэгээд шууд зууралдсан чигээрээ хашаа руу авч орсон юм. Хашаанд оруулаад би гэрт орж “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Ө ч бас хашаандаа ороод ирсэн байсан. Тэгэхэд Ө-ын толгойноос цус гарч байсан.
Эхнэр Э нь “гадаа толгой руугаа цохиулаад, унасан хэвтэж байхад нь оруулж ирлээ” гэж байсан. М тэр дагаж орж ирсэн туранхай залуугийн гарыг мушгиад бариад зогсож байсан. Цагдаа ирэхэд тэр залууг, Ө дээрээс нь дарчихсан сууж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Цагдаа ирэхээс өмнө гадаа байсан махлаг залуу хашааны гаднаас “найзаа авъя” гээд хашааны хаалга нүдээд, гаднаас тоосго авч шидээд байсан. Тэр үед шидсэн тоосго нь миний цээж рүү оносон.
...Миний хувьд Ж-ыг өшиглөж цохисон зүйл байхгүй, Ө тэр залуугийн дээр нь ...суучихсан харагдсан ба тэр залууг цохиж зодож байхыг би хараагүй. Миний зүүн талын нүд, нүүр хөхөрч хавдсан. ...Маргааш нь М-тэй утсаар ярихад хөл нь жоохон өвчин орсон, гарын нэг хуруу нь тулсан бусдаар зүгээр байна гэж байсан.
...Бүдүүн залуу буюу Н нь хашаа руу тоосго давуулж шидэхэд миний цээжинд түүний шидсэн тоосго оносон. Энэ тоосгоор цохиулсаны улмаас өвчүүний яс хугарч, цээжний зулгаралт гэмтэл үүссэн. Эхлээд Н руу дөхөөд очих үед миний зүүн нүд рүү хоёр удаа цохисон. Энэ хоёр удаагийн цохилтын улмаас миний зүүн нүдний зовхинд цус хуралт үүссэн. Эдгээр гэмтлүүдийг Н л учруулсан. Өөр шалтгаанаар үүсээгүй. Цагдаагийн газарт гэрэлтэй газар ирээд ...харахад Өын толгойноос цус гарсан байсан. Аль хэсгээс гарсныг анзаарч хараагүй, биед нь өөр гэмтэл учирсныг анзаарч хараагүй. Н нь Ө-ын толгойнд цохисон гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50-51х, 52-54х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Б-ийн өгсөн:
“...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр би нөхөр А-гийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагт найзынхаа хуриманд ирсэн юм. Тэгээд хуримын цайллаганд нь оролцоод шөнийн 02 цагийн орчим бид хоёр явахаар болоод, манай найз Ө төв зам руу алхаж очоод такси барьж ирсэн. Тэгээд Ө “гадаа ирчихлээ” гээд дуудахаар нь би нөхрөөсөө түрүүлж гарсан ба гадаа Ө нэг такси аваад ирсэн байсан. Тэгээд би гарч ирээд шууд тэр таксинд суусан. Тухайн үед гудамжинд хүн орилох чимээ гарсан ба машины хажуугаар хоёр эрэгтэй гүйгээд явсан. Тэр хоёрын араас нэг ах “наадуулаа бариад аваачээ” гээд орилоод хөөж байхаар нь би айсандаа машинаасаа гараагүй, тэгсэн нөгөө ах бидэн дээр хүрч ирээд “та нар хүн орилохыг сонсоогүй юм уу” гэхэд нь бид “сонссонгүй” гэж хэлсэн чинь тэр ах такси /машин/ руу чулуу шидэх гээд байхаар нь таксины жолооч ахмашинаасаа гараад тэр хүнтэй заамдалцаад байсан. Тэгтэл тэр хүн таксины жолоочийг нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэр үеэр манай нөхөр хашаанаас гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гээд тэр хоёрыг салгах гэхэд нөгөө ах манай нөхрийг хоёр удаа гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь цохисон. Тэгэхэд Ө гарч ирээд тэднийг болиулах гэтэл нөгөө ах газраас тоосго аваад Ө-ын чихнийх нь ар хэсэг рүү нэг удаа цохисон.
Тухайн үед Ө-ын эхнэр гарч ирээд “хүн аллаа” гэж орилсон. Харин манай нөхөр тэр ахыг араас нь тэвэрч авахад тэр хүн манай нөхрийг газар унагаад, доороо хийж байгаад цээжин хэсэг рүү нь өвдөгөөрөө цохиод байсан. Тэгсэн чинь эгч нар хүрч ирээд, тэр ахыг салгахад цагдаа нар ирээд тэр ахыг аваад явсан.
Тэр ах согтуу байсан ба манай нөхөр, Ө нарыг өөр хүмүүстэй андуураад зодсон юм шиг байна. 20-35 орчим насны, бор шардуу царайтай, 170 см орчим өндөртэй цэнхэр подвалк, саарал өнгийн биеийн тамирын өмд өмссөн байсан. Одоо харвал танина. Тэр хүн гудамжны төгсгөлөөс гараад ирэх шиг болсон. Бид нарын байсан хашааны эсрэг талд их чулуутай бас нурж унасан цагаан тоосгон хашаа байсан ба тэр хүн цохисон тоосгоо тэндээс авсан байх. Тухайн үед би, Ө, Ө-ын эхнэр Э, манай нөхөр А, мөн таксины жолооч, бас нөгөө зодсон гээд байгаа ах байсан. Тухайн үед тэнд байсан таксины жолоочийг танихгүй, тэр хүн тэндээсээ хөдлөөд явсан. Ө-од ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Манай нөхрийн өвчүү хэсэг зөөлийн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Нарийн шинжилгээ өгөөгүй байгаа. ...Анх Н ганцаараа ирсэн байсан бөгөөд Ө, Н хоёр хоорондоо зодолдож байх үед Ж гэх залуу хаанаас ч юм мэдэхгүй гарч ирсэн бөгөөд манай нөхөр А-тэй барьцалдаад байж байхад нь би очиж салгаж холдуулсан. Ө, М нар нь Ж-ыг зодож, цохиж байхыг бол би хараагүй, ямар ч байсан М Жыг чирээд хашаа руу оруулсан, Н-ыг хашаа руу орж ирэхээс нь өмнө би хашааны хаалгаа түгжчихсэн юм.
Тэгтэл Н хашаа давуулаад тоосго шидээд байхаар нь би гэр рүүгээ орчихсон. Ж манай нөхөр А-г газар унагаачихсан, дээр нь дараад байж байхыг харсан. Харин хашаан дотор Ж-ыг оруулж ирээд юу болсныг хараагүй. Тэр үед Ө-ын хурим нь болоод тарж байсан бөгөөд А, М, Ө нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 60-65х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ийн гэрчээр өгсөн:
“...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ө бид хоёр хуримаа хийж гэртээ жижигхэн найр хийсэн. Ингээд хүмүүс тараад орой нь бид найз болох А, Б гэх эхнэр, нөхөр хоёрыг дуудсан. Хоёр найз маань манай гэрт ирж ууж идэж байгаад шөнө 01 цагийн үед манайхаас гарч бид дөрөв гудамжиндаа буюу манай 1 тоот хаалганы өмнө зогсож байсан. Такси дуудаад ирсэн байсан. Энэ үед Яармагийн 4 дүгээр гудамжны үзүүр дээр хэсэг хүмүүс хоорондоо зодолдож байгаад хоёр нь бид хэдийн хажуугаар гүйгээд явсан юм.
Тэгтэл араас нь согтуу махлагдуу ахимаг насны хар царайтай ах гүйж ирсэнээ зогсож байсан таксины цонхыг тоосгоор цохиж хагалах гээд байхаар нь бид хэд “та яагаад байгаа юм бэ” гэхэд “та нар хүн зодуулж байхад тусалсангүй, та нар нийлж зодлоо” гээд манай нөхрийг тоосгоор толгой тархийг нь хагалж, найз А-г цохиж унагаан, толгой дээрээс нь гутлынхаа өсгийгөөр дэвсээд гэр орон руу чулуу тоосго шидээд хашааны хаалга эвдсэн. Б бид хоёр зодуулсан нөхрөө хашаан дотроо оруулчихаад хашааныхаа хаалгыг түгжчихээд цагдаа дуудсан. Манай 2 нөхөр бол тэр хүнийг зодож, цохиогүй, тэр хүн гартаа тоосго барьчихаад дайраад байсан учир ойртож чадаагүй.
Тэр хүн зодолдсон бололтой их уурласан ирсэн. Ил харагдах гэмтэл байгаагүй. Бид хэд тэр хүнд “Бид хэд мөрөөрөө байж байна, та хүн андуураад байна, тантай зодолдсон хүмүүс Яармагийн 80 айлын тийшээ гүйгээд явсан” гэж хэлэхэд ойлгохгүй дайраад байсан. Тэр хүнийг сүүлд сонсоход хар Э гэдэг хүн гэж байсан. Өчигдөр хүмүүстэй зодолдоод яваад байсан гэж сонссон. Манай нөхөр Ө-ын тархи толгой нь хагарсан. 3-4 оёдол тавиулсан. Зүүн чих нь сэтэрсэн байсныг оёдол тавиулсан. Зүүн шанаа нь хавдаж шалбарсан байсан.
...Н нь манай нөхрийг ямар ч шалтгаангүй зодож цохисон. Тэр хүн 2 танихгүй залууг хөөж манай гудманд орж ирээд, нөгөө хоёр нь зугтаагаад явчихсан байхад гадаа ирсэн байсан таксины жолооч болон таксинд сууж байсан А-гийн эхнэр Б руу дайрч, таксины жолоочийг заамдсан байдалтай байхад нь А, Ө бид гурав хашаанаас гарч ирж таарсан ба ...А болиулах гээд түүн дээр очтол жолоочийг шууд тавиад А-гийн нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан. Энэ үед А-гийн хамраас нь цус гараад эхнэр нь дагуулаад гэрлүү орсон. Тэгэхэд М эхнэртэйгээ хамт гарч ирсэн. А-г цохисных нь дараа манай нөхөр Н гэх залуу дээр очтол Н нь газраас тоосго аваад толгой руу нь нэг удаа цохиод унагаасан.
Энэ үед М Н гэх залуутай зууралдаж, ...Ж гэх залуу А-тэй маргалдаж байсан. Тэгтэл Н нь хашаа давуулаад Н тоосго шилсэн чинь А-г оночихсон. Н, Ж нарыг хэн нэгэн зодож цохиогүй, харин болиулах гэж Н-тай М, Ж-тай А зууралдаж байсан. Удалгүй цагдаа ирсэн.
...Н-ын биед үүссэн хүзүү, баруун тохой, нуруу, баруун зүүн өвдөгөнд зулгаралт, баруун алганд шарх гэмтлүүд юунаас болж үүссэнийг мэдэхгүй байна, тэр өөрөө унаж баримд гэмтсэн байх. Тэрх хоёр хүн хүнд зодуулахаар хүмүүс биш аймаар бяртай, том том тоосго аваад шидээд ойртуулахгүй байсан. ...А-д учирсан гэмтлийг хэнээс болж үүссэнийг мэдэхгүй байна. Н хашааны гадна талаас хашаа давуулж тоосго шидээд байсан.
Н нь Ө-ын хохирлын зардалд эхлээд 500.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Дараа нь дансаар 3 удаа мөнгө шилжүүлсэн. Дансаар нийт 600.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 1.100.000 төгрөг төлсөн. Ө, М, А нар нь халамцуу байсан. Манай гэрт 2-3 шил архи уусан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 66-67х, 68-70х, 71-72х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.А-гийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай нөхрийн найз Ө-ын хурим болоод би нөхөр, хүүхдийнхээ хамт Ө-ын гэрт 20:00 цагийн үед очсон. Тэгээд 02:00 цагийн үед гэр лүүгээ харихаар дуудлагын такси дуудсан. Тэгээд такси ирэхээр Ө-ын гэрээс А-гийн эхнэр Б, бид хоёр хүүхдүүдээ аваад гарч таксинд суугаад байж байхад нэг согтуу залуу хаанаас ч юм тоосго бариад гарч ирээд, “дуудаад байхад та нар яагаад туслахгүй машиндаа суугаад байгаа юм бэ” гэхэд нь тухайн үед “бид хэд сонсоогүй байна, ахаа” энэ тэр гээд байж байхад тухайн таксины жолоочийн машины жолоочийн эсрэг тал руу тоосгоороо цохих гээд далайсан.
Тэр үед Б, Ө-ын гэр рүү орж Ө, М, А нарыг дуудах гээд явах хооронд таксины жолооч өөрийнхөө гар утаснаас “согтуу хүмүүс маргалдаад байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Тэгээд намайг таксины жолоочтой хамт буцаад ирэхэд зодоон болчихсон, цагдаагаас хүмүүс ирчихсэн байж байсан.
Тухайн үед ирээд харахад Ө-ын чихний ард хэсгээр нь цус гараад гоожиж байсан, харин А цээжээ бариад “энд өвдөөд байна” гээд байсан. Өөр ямар нэгэн хүмүүс гэмтсэн зүйл харагдаагүй. Шөнө байсан болохоор зарим зүйлсийг нь харж чадаагүй.
Тэгээд цагдаа нар Ө, зодоон эхлүүлсэн гэх залууг авч явсан гэсэн. Манай нөхөр бараг тасарчихсан байсан болохоор би Ө-ын гэрт нь орсон. Миний хувьд яг хэн нь хэнтэйгээ яаж зодолдсон талаар хараагүй болохоор ямар шалтгааны улмаас хэн нь хэний биед, юугаар гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна.
Тухайн үед анх гарч ирсэн согтуу залуу зодооныг эхэлсэн. Такси дотор таксины жолооч ард, хажуу талд, урд талд А-гийн эхнэр Б, би хойд талд хүүхэдтэйгээ сууж байсан. А, Ө нар нилээн согтуу байсан. ...Гэрт байхад Ө ямар нэг гэмтэлгүй зүгээр байсан. Зодооныг би хараагүй тул мэдэхгүй байна. Таксины жолоочийн овог, нэр утасны дугаарыг мэдэхгүй. Таксины улсын дугаарыг нь мэдэхгүй, өнгийг нь анзаараагүй, приус-20 машин байх шиг байсан. Манай нөхөр М-ий биед гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 77-78х, 79-80х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ийн гэрчээр өгсөн:
“...Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Эрхэс 111 чиглэлд автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 80 айлын гудамжинд хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээллийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр Эрхэс 10-аас хүлээн авч, эргүүлийн офицер У.Ө-ын хамт дуудлага өгсөн газар очиход 2 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс байсан. Уг газар очиход дуудлага өгсөн айлын хашаан дотор хүмүүс хоорондоо зууралцсан байдалтай байсан.
Н нь цээж нүцгэн, хүзүүний орчим нь самардсан байдалтай, улайсан, ...харин зодуулсан гээд байгаа залуугийн /Ө/ толгойных нь ард хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тухайн үед “юу болсон” талаар асуухад Ө-ын эхнэр “караокед байхад гарч ирээд явж байсан чинь энэ хоёр залуу өдөөд, хэрүүл маргаан хийгээд байсан” гэж хэлсэн. Мөн тухайн үед Н гэх залуутай хамт явж байсан. Ж гэх залуугийн нүд нь хавдчихсан байсан. Яг хэн нь цохисон талаар юм ярихгүй байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.
Хан-Уул дүүргийн Яармагийн 2 дугаар гудамжинд очиход хашааны гадна талд Н гэх залуу биеийнхээ дээд хэсгийн хувцасыг тайлсан, хүзүү орчим нь маажигдсан шинэ шархтай, гартаа чулуу атгаад барьчихсан зогсож байхыг хараад машинаасаа “гартаа барьсан чулууг хая” гэж хэлээд автомашиндаа суулгаад Н-ыг Эрхэс-10-т, Ө гэх залууг 103-т хүлээлгэн өгсөн. Миний ярьсан зүйл үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86-88х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ж-ийн гэрчээр өгсөн:
“2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Яармагийн автобусны 2 дугаар буудалд явж байхад нэг хүн гараа өргөж таксинд суусан. Тэр хүн нь “Яармагийн 80 айлын урд талын гудамжаас хүн авна” гэж явсан. Тэгээд тэр гудамжинд очоод хашааны гадаа зогссон. Тэр хүн хашаа руу орсон. Удалгүй нэг эмэгтэй гарч ирээд миний машины ард суусан. Хүүхэдтэйгээ суусан.
Тэгтэл гудамжны зүүн талд нэг хүн “амиа авраарай” гэж орилоод байх шиг болсон. Тэгээд би “хүн зодолдож байгаа байх” гэж тоосонгүй. Гэнэт нэг хүн ирж машины цонх нүдээд “пизда минь чи амь авраарай гэж дуудаад байхад ирдэггүй юм уу” гэж хэлсэн. Тэр цонх хагалах гээд цохиод байхаар нь буусан. Би түүнд “машины цонх хагаллаа ш дээ, яагаад байгаа юм бэ” гэхэд тэр “чамайг амиа авраарай гээд зөндөө дуудлаа ш дээ” гэж хэлсэн. Энэ залуу цээж нүцгэн байсан. Энэ цээж нүцгэн залуу ирэхдээ гартаа тоосго барьсан ирсэн. Намайг цохиогүй. Би машинаас бууж ирэхэд гартаа барьсан тоосгоо хаясан. Хашаа дотроос хоёр залуу гарч ирээд, тэгээд зодоон болоод эхэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэд хоорондоо зодолдоод, машин эвдчих гээд байхаар нь би машиндаа суугаад хөдлөөд явсан. Машин дотор хүүхэдтэй хүүхэн суугаад үлдсэн. Би буцаад ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Намайг ирсэнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй. Хашаа дотор баахан хүмүүс байсан.
Нэг залуу элэгээ барьсан, эвхэрэлдсэн, зодчихлоо гээд байсан. Өөр хэн гэмтэлтэй байсныг би анзаараагүй. Энэ хашааны эзэн гэх залуу гарч ирээд намайг өмөөрөөд, цээж нүцгэн залуутай зодолдоод эхэлсэн. Энэ хоёр нэг нэгнийгээ яаж цохиж зодсоныг би анзаараагүй. Нэг нэгэнтэй барьцалдаж, ноцолдож байсан. Намайг байхад тэд нэг нэгнийгээ тоосго, чулуугаар цохиогүй байсан. Би тэгээд яваад өгсөн. Намайг явсаны дараа хэн хэнтэй яаж зодолдсоныг би мэдэхгүй. Намайг буцаж ирэх үед толгойноос цус гарсан, толгойндоо шархадсан хүн байсан эсэхийг би анзаараагүй.
Миний сууж байсан машин баруун зүг рүү хараад зогсож байсан. Цээж нүцгэн залуу машины ар талаас буюу зүүн зүг талаас ирсэн. Миний нүдэнд илт гэмтэл, шарх харагдаагүй. “Амь авраарай” гэж орилсоныг, мөн цээж нүцгэн ирсэнийг бодоход хүн амьтантай зодолдсон байж магадгүй байх. Цээж нүцгэн залуу анх над дээр ганцаараа ирсэн. Сүүлд нь хүн нэмэгдэж ирсэн эсэхийг мэдэхгүй.
Энэ цээж нүцгэн залуугийн ирсэн зүгээс, араас нь хүн ирж байсан эсэхийг би анзаарч хараагүй. Танихгүй хүмүүс байсан. Цээж нүцгэн ирсэн залууг Яармагийн автобусны 2 дугаар буудал дээр зөндөө харж байсан, зүс таних залуу байсан. Би тухайн үед улаан хүрэн өнгийн приус-20 маркийн 63-60 гэсэн улсын дугаартай машинтайгаа таксинд явж байсан. Би хэн нэгэнд нь зодуулж, гэмтэл бэртэл аваагүй.” гэсэн мэдүүлэг / хэргийн 1-р хавтас 233-234х/,
10. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10835 дугаартай дүгнэлтэнд:
1. Ө-ын биед дагз ясны суурийн баруун хэсгээс баруун талын чамархайн ясны хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнд цус хуралт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд, зүүн талын тенториумын түвшинд цус харвалт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун чамархай орчим шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 94х/,
11. Мөрдөн шалгах ажиллах явцад шинжээч Т.Н-ийг байцаасан тэмдэглэлд:
“...Ө-ын биед тогтоогдсон ...гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин нурууны зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаа тоосгоор цохих үед дээрх гэмтлүүд үүсгэгдэх, ...хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 119-120х/,
12. Хохирогч Ц.Ө-ын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 1-р хавтас 185-196х, 198-205х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Н-ын гэрчээр өгсөн:
“...Би өчигдар буюу 2017 оны 08 сарын 18-ны өдөр 22 цагийн үед ХУД-ийн 5-р хороонд байдаг О бааранд өөрийн нэг найзын хамт 2 шил, 0.33 граммын архи хувааж уусан. Тэгээд 00 цаг өнгөрөөгөөд баарнаас гараад, найзтайгаа хамт явж байгаад гудамжаар явж байсан 2 залуутай муудалцсан. Тэр хоёр залуу бид хоёроос зугатаачихаар нь би араас нь Яармагийн 2-р гудамжаар хөөгөөд, амьсгаадаад гудамжны дунд зогсоход тэр гудамжинд нэг машин зогсож байсан ба би тэдгээр залуусыг хөөж байхдаа “тэр 2 залууг бариад аваарай” гэж орилж байсан. Тэгээд тэнд байсан машин дээр ирээд, машинд байсан хүмүүст хандаад “саяын хоёр залууг бариад авахгүй яасан юм” гэж хэлээд жолоочтой нь маргалдсан. Тэгтэл нэг залуу араас татсан, тэгэхээр нь би газарт унаад босч ирээд тэр залууг цээжин тус газарт нь гараараа нэг удаа цохиод, унахад нь цээж рүү нь өшиглөсөн. Тэгтэл бас нэг залуу гарч ирээд миний нүүр лүү цохихоор нь би зөрүүлээд цээж рүү нь цохиод арагшаа ухарсан ба газраас нэг чулуу аваад тэр залуугийн араас шидчихсэн. Тэгтэл миний шидсэн чулуу тэр залуугийн чихэн тус газарт оносон. Тэгээд тэр хүмүүс хашаа руугаа орчихоор нь хашааных нь үүдэнд хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд зогсож байхад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд манай найз Ж, чулуугаар цохиулсан залуу, бид гурвыг Цагдаагийн газарт авчираад Ж бид хоёрыг эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон. Тэр араас нь хөөсөн хоёр хүүхэд Яармагийн хүүхдүүд байх шиг байсан. Бид хоёр л зүгээр явж байхад нь согтуурхаж араас дуудсан байсан. Тэгээд л тэр хоёр зугатаасан байсан. Тэр хоёр залуутай маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Би зодолдсон хтухайн үед Жаргасайхан хаана байсныг анзаараагүй, зодоон маргаан дууссаны дараа гараад ирсэн байсан. Тухайн үед би газар унахдаа алгаараа дараад, арьс зулгарчихсан, бас маргалдаж байх явцдаа хүзүүгээ маажуулсан байсан. Бас цээж рүү нь өшиглөсөн цагаан футболкатай залуу миний нурууны зүүн доод хэсэгт чулуу шидсэн. Өөрөөр миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй.
...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “О” баарнаас шөнийн 00 цаг өнгөрөөгөөд гарсан. О баарнаас гарахад миний хажууд найз Ж байсан. Баарнаас гараад гудамжинд 2 залуутай муудалцсан, хөөсөн гэж анх мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн юм. Би тэр гудамжинд хүн хөөгөөгүй. Зүгээр таксины жолооч дээр очоод “хүргээд өгчих, мөнгийг нь өгье” гэхэд “хүнтэй явна” гэхэд нь би гялс хүргээд өгчих гэхэд үгүй гээд, тэгээд хэрүүл маргаан болсон. Тэгтэл хоёр залуу гарч ирээд ”зайлаач” гээд хэрүүл ихэссэн. Хоёр хүн хөөсөн гэдэг нь худлаа, би анх мэдүүлэг өгөхдөө сандрахдаа хүн хөөсөн гэж буруу ярьсан. Тэгэхэд нь би “би яагаад зайлах ёстой юм” гэж тэр хоёр залууд хэлээд хэрүүл маргаан үүсгэж зодоон болсон. Тэр 2 залуугийн нэг нь А надад зайлаач гээд намайг түлхсэн, би ухарч яваад зөрүүлээд А-г цохисон. Тухайн үед би хий цохиод газарт унаад, тэгээд босч ирээд А-тэй зодолдсон. Би А-гийн зүүн шанаа руу цохисон, цээж рүү чулуу шидсэн нь үнэн.
...Харин Ө руу чиглүүлж чулуу шийдээгүй, хашаа давуулж хашааны дотор тал руу, дээгүүр нь чулуу шидсэн. Хашаан дээгүүр давуулж шидсэн чулуу хэн нэгнийг оносон эсэхийг мэдэхгүй байна. Хашаа давуулж шидсэн чулуу Ө-ыг оносон болов уу гэж бодоод байна.
Би цагдаа хуулийн байгууллагад шалгагдаж байгаадаа харамсаж байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байна. Миний бие одоо архи гэдэг зүйлийн жигшсэн. Нялх хүүхдээ тэжээж амьдралаа авч явахын тулд зогсоо зайгүй ажиллаж байна, дээрх болсон үйл явдалд их харамсаж байна. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 131-132х, 133-135х/,
Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:
“...Би Ө-ыг цохиогүй гэж үзэж байгаа. А-г бол цохисон. А-тэй харилцан зодолдсон нь үнэн. Зодоон 5 дахь өдрийн орой болсон. Даваа гаригт би найз Б-ыг Ө-ыг шүүх эмнэлэгт үзүүлчих гээд шүүх эмнэлэг рүү цуг явуулсан. Манай найз Б Ө-оос “чамайг хэн цохисон бэ, манай найз чамайг цохисон юм уу” гэхэд Ө “хэн цохисныг хараагүй” гэж хэлсэн гэсэн. Манай найз Б “тэгвэл манай найз зодсон юм уу” гэхэд Ө “мэдэхгүй” гэсэн байна. Ө-ын аав нь хажуунаас орж ирээд цохисон гэж хэлээд байсан гэсэн. Иймээс би Ө-ын толгой руу цохиогүй гэж үзэж байна.
Би А-г цохисноо Ө гэж андуурсан байна. Тэгээд мэдүүлэгтээ Ө-ын араас чулуу аваад шидсэн. Миний шидсэн чулуу тэр залуугийн чихэн тус газар нь оносон гэж хэлсэн. Би Ө-од хүнд гэмтэл учруулсан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 12 сараас эхнэр салаад явсан. Миний хоёр хүүхэд одоо надтай хамт амьдарч байгаа. Том охин 6 настай, бага охин 1 нас 3 сартай. Эхнэр Урансайхан бид гэрлэлтийн баталгаа байхгүй, одоо Сүхбаатар аймагт хөдөө амьдарч байгаа гэсэн. Яг хаана байгааг нь мэдэхгүй байна. Надтай ямар ч холбоо байхгүй байна. Утас нь холбогдохгүй байгаа.
Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ийм байдалд орсондоо харамсаж байна. ...Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой санал хүсэлт байхгүй. Шударга үнэнээр миний хэргийг шийдвэрлэж өгнө үү. А-тэй маргалдаж ноцолдож, зодолдох үед миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл үүссэн байх. Иймд гомдол санал байхгүй. Миний гэр бүлийн байдлын талаар, энэ талаар мэдэх манай ах дүү нараас гэрчийн мэдүүлэг авч хавтаст хэрэгт тусгаж өгнө үү. ...Миний хувьд Ө-ын гэрийн гадаа гудамжинд ирэхээс өмнө өөр бусад хүмүүстэй зодолдож биедээ гэмтэл авсан зүйл байхгүй. Нэмж шалгуулах зүйлгүй. Санал хүсэлт байхгүй, өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 145-147х, 235-236х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 154х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 1-р хавтас 159х/, Хаан банкны М шилжүүлгийн баримт /хэргийн 1-р хавтас 180х/, Ч.Н-ын төрсөн охин Н.Э, Н.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 178-179х, 247-248х/, “С” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 42х/, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /хэргийн 2-р хавтас 43х/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 44х/, Ч.Нын Хаан банкны 0000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2-р хавтас 45-64х/, Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай, Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 16, 2018 оны 10 сарын 01-ны өдрийн 30, 2018 оны 10 сарын 19-ны өдрийн 31 дугаартай прокурорын тогтоолууд /хэргийн 2-р хавтас 01-06х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Н-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжинд Ч.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “...гудамжаар явсан үл таних хоёр залууг согтуурхан дуудахад нь зутгатаалаа” гэснээс хөөж гүйцэх зуурт “тэр 2 залууг бариад аваарай, амь авраарай” гэж дуудахад тусалсангүй гэснээр шалтаглан тус гудамжинд хүн хүлээн зогсож байсан таксины жолооч Э.Ж-тэй маргалдах явцад, уг машинаар үйлчлүүлэхээр хүлээлгэж байсан Э.А, Ц.Ө нар нь хашаанаас гарч ирж тааран, улмаар маргааныг болиулахаар шаардлага тавихад нь эсэргүүцэж иргэн Э.А-г цохих, цээжин тус газарт нь тоосго шидэх зэргээр зодож, түүний биед “...өвчүү, ясны их биеийн дунд хэсгийн бүрэн бус хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл,
Мөн цаг хугацаанд, тухайн газарт Э.А-тэй зодолдох үед нь салгахаар “больцгоо” гэж шаардлага тавьсан иргэн Ц.Ө-ын толгойн тус газарт нь тоосгоор цохисноос түүний биед “...дагз ясны суурийн баруун хэсгээс баруун талын чамархайн ясны хөхлөг сэртэнрүү үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнд цус хуралт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд, зүүн талын тенториумын түвшинд цус харвалт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун чамархай орчим шарх, нуруунд зулгаралт” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан үйл баримт,
Мөн газарт, мөн цаг хугацаанд Ц.Ө нь бусдад зодуулсандаа уурлан бухимдаж хэрэг учрал болох үед Н-тай хамт явж байсан Ю.Ж-ыг өшиглөн зодож, түүний биед “...тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:
- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамж, тоотгүй төмөр хашаанд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 18-22х/,
- хохирогч Ц.Ө-ын: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр миний хурим болоод найз М, А хоёр эхнэр, хүүхдийн хамт манай гэрт ирсэн юм. Орой 23 цаг өнгөрч байхад манай найзууд явах болоод, би такси олж ирэхээр Яармагийн 2 дугаар буудал руу яваад улаан хүрэн өнгийн Приус-20 маркийн машиныг зам дээрээс зогсоогоод гэрийнхээ үүдэнд дагуулж ирсэн. Би гэр рүүгээ ороод “такси ирчихлээ” гэхэд манай хоёр найзын эхнэрүүд түрүүлж гарсан. Удалгүй манай хоёр найзын эхнэрүүдийн орилох дуу сонсогдоод, би найзуудтайгаа хамт гартал Н /тэр үедээ бол танихгүй байсан, одоо нэрийг нь мэддэг болсон/ гэх залуу таксины жолоочийг заамдаад, машиных нь хажууд зогсож байсан. Тэгээд А очоод “боль” гэтэл А-г Н цохиод ноцолдоод, хамт газарт унасан.
Би бас “больцгоо” гэж хэлээд өөрийнхөө эхнэр болон хоёр найзынхаа эхнэрийг “хашаа руугаа ор, согтуу хүн байна” гэж хэлээд эргэж харах гэтэл миний толгой руу Н тоосгоор цохиод авсан. Тэрнээс хойш би хэсэг ухаан алдсан. Нэг ухаан ороход манай эхнэр намайг түшээд хашаа руу оруулж байсан. Миний толгой маш их өвдөж, толгойноос цус гарч байсан.
Намайг хашаа руу орох үед Н-ын найз нь гэх танихгүй залууг манай найз М явуулахгүй гээд цамцнаас нь татаад зогсож байсан ба намайг тэр залууг “барьж бай” гэж хэлээд М гэр рүү орсон. Энэ үед хашааны хаалга дотроос нь цоожилсон байсан учир Н гэх залуу хашаа давуулан 4-5 ширхэг тоосго шидсэн. Н нь намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Ч.Н миний толгойн баруун хэсэг рүү тоосгоор нэг удаа хүчтэй цохисон, мөн машин дотор 2-3 удаа толгойн зүүн хэсэгт цохисон. Би тэр хүмүүсийг огт танихгүй, Н-ын найз Ю.Ж намайг цохиж зодоогүй.
Манай найз А-г Н эхэлж зодсон. Тухайн үед би толгой руугаа тоосгоор цохиулснаас хойш хэсэг ухаан алдаж унасан. Тэр хооронд юу болсныг мэдэхгүй байна. Харин маргааш нь найзаасаа хэн зодсон, юу болсон талаар асуухад “Н эхлээд хамар луу нь гараараа цохисон, тэгээд хашаа руу орчихсон байхад нь Н хашааны гадна талаас тоосго шидээд Аг оноод нурууг нь гэмтээсэн” гэж хэлж байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилсан. Дүгнэлтэд бичигдсэн хүнд гэмтлийг Н надад учруулсан.
...Над зодуулсаны улмаас биедээ авсан гэмтэл, өвчнийг эмчлүүлэхэд гарсан зардлаа нэхэмжилэх болно. Эм тариа авсан зардлын баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн.
Мөн би “Ц” ХХК-нд автогрейдерийн оператороор сарын 1.542.857 төгрөгийн цалин орлоготой ажилладаг байсан. Бусдад зодуулж гэмтсэний улмаас 8 дугаар сарын сүүлээс ажил хийж чадаагүй. Зодуулахаас өмнө ажилласан хоногт 469.565 төгрөгийн цалин авч, энэ сард 1.073.292 төгрөг авч чадаагүй, дараагийн 9 дүгээр сард бүтэн ажиллаагүй тул сарын цалин 1.542.857 төгрөгийг аваагүй. Иймээс 8 сарын цалингийн дутуу, 9 сарын цалин бүгд 2.616.149 төгрөгийн цалин хөлсөө Наас нэхэмжилнэ. ....Эм тариа, эмнэлгийн ор хоног, шинжилгээний хөлс, томографи зургийн төлбөр, мөн авч чадаагүй цалин хөлс зэрэгт нийт 3.341.699 төгрөг нэхэмжилж байгаа.
Үүнээс Н нь 500.000 төгрөгийг бэлнээр, мөн аав Ц-гийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 50.000 төгрөг, 350.000 төгрөг, 200.000 төгрөг тус тус шилжүүлж, хохирлоос нийт 1.000.000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар хохирлоос төлөгдөөгүй үлдэгдэл 2.241.699 төгрөг байгаа. Өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хохирлоос төлөгдөөгүй хохирол 2.241.699 төгрөгийг төлөөд өгчихвөл өөрөөр надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцоно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25-29х, 33-34х, 227х/,
- хохирогч Ю.Ж-ы: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цаг 30 минутын үед Яармагийн багын найз Н-тай утсаар ярьж уулзаад, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “О” нэртэй бааранд орж нэг шил 0,5 литрийн архи, нэг шил 0,33 литрийн архи уучихаад гарсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Гэхдээ болсон асуудлын талаар тод санаж байна. “О” баарнаас гараад явж байхад Н утсаар яриад л “ах ирж байна гэсэн үү” гэж юм хэлээд Яармагийн 2 дугаар гудамж руу гүйгээд явсан. Гадаа харанхуй байсан. Цаг ойролцоогоор 01 цаг болж байсан байх. Тэгээд би араас нь явж байтал гудамжны гол хэсэгт хүмүүс маргалдаж муудалцаад байх шиг болохоор нь очиход Н хашаа налчихсан сууж байсан.
Тэгэхээр нь би очоод “та нар олуулаа яагаад хүн рүү дайраад байгаа юм, ингэж болохгүй шүү дээ” гэхэд тэр айлын хашаан дотроос нэг залуу “наадах чинь хэн юм бэ, аваад ороод ир” гэж орилсон чинь гадаа байсан 2-3 залуу намайг чирээд хашаа руугаа оруулсан. Тэгээд хашааныхаа хаалгыг түгжээд, намайг газарт унагаад тал талаас цохиж өшиглөсөн. Эхнэрүүд нь салгах гээд орилж хашгичаад байхад салахгүй байсан. Нэг залуу нь миний нүүр лүү өшиглөхөөр нь би хөлөөс нь барьж аваад зуурсан. Ингээд байж байтал гаднаас хөдөлгөөнт эргүүлийн машинтай цагдаа нар ирсэн. Миний нүүр рүү цохисон гэрийн эзэн, Н бид гурвыг цагдаагийн хэлтэст авч ирсэн. Цагдаагийн хэлтэст ирсэний дараа гэрийн эзэн гэх залуугийн чихний араас цус гарч байсан. Н-ыг цохисон гэж хэлж байсан. Гэрийн эзэн, тэр хашааны хүн гэх эрэгтэй хүн л миний нүүр рүү өшиглөсөн. Түүнд өшиглүүлснээс болж миний баруун нүд хавдаж хөхөрсөн, одоо толгой тархи, хоёр чамархай их хөндүүртэй байна.
Ө, А гэх хүмүүсийг найз Н яг ямар шалтгаанаар, яаж, юугаар, хаана нь хэдэн удаа цохисныг би хараагүй. Тэдгээр хүмүүёийн нэрийг нь мэддэгүй байж байгаад мөрдөн байцаалтын шатанд Ө, А гэж мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 39-40х, 41-43х, 44-46х, 47-48х/,
- Т.А-гийн хохирогчоор өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны орой найз Ө-ын хуриманд Яармагт орой 22:00 цагийн үед эхнэр Б, найз М, түүний эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт зургуулаа ирсэн юм. Тэгээд тэднийд ууж идэж байгаад шөнийн 01:00 цаг өнгөрөөд явах болж, такси дуудахад ойрхон “такси байхгүй байна” гэсэн. Тэгээд гэрийн эзэн Ө төв замаас такси барьж ирсэн. Энэ үед бид тэдний гэрт нь хүлээж байсан. Тухайн үед бид гэрт нь тавуулаа нэг шил 0,75 л, нэг шил 0,5 л архи уусан, халамцуу байсан.
Ө такси барьж ирээд таксигаа гадна үлдээж, өөрөө гэрт орж ирээд “гадаа такси ирчихлээ, аваад ирлээ” гэж хэлсэн. Ингээд хоёр эхнэр явахаар гэрээс түрүүлж гараад, араас нь М, Ө, бид хэд гарсан. Биднийг гэрээс гарахад хашааны гадаа эхнэр Б “аллаа” гээд орилсон. Тэгэхээр нь хашаанаас гартал үл таних махлагдуу залуу таксины жолоочийг заамдаад барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би наанаас нь очоод салгахад, шууд миний нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тэгээд би хэсэг зуур юу болсоныг мэдэхгүй, нэг сэргээд хартал тэр залуу гартаа тоосго барьчихсан зогсож байсан.
Тухайн үед гадаа харанхуй байсан боловч гудамжны гэрэлтүүлэгтэй, болж байгаа үйл явдал сайн харагдаж байсан. Миний хамраас цус гарсан байсан болохоор манай эхнэр гэрт орж миний цусыг угааж арчиж өгсөн. ...Ө ч бас хашаандаа ороод ирсэн байсан. Тэгэхэд Өын толгойноос цус гарч байсан.
Эхнэр Э нь “гадаа толгой руугаа цохиулаад, унасан хэвтэж байхад нь оруулж ирлээ” гэж байсан. Цагдаа ирэхэд тэр залууг, Ө дээрээс нь дарчихсан сууж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Цагдаа ирэхээс өмнө гадаа байсан махлаг залуу хашааны гаднаас “найзаа авъя” гээд хашааны хаалга нүдээд, гаднаас тоосго авч шидээд байсан. Тэр үед шидсэн тоосго нь миний цээж рүү оносон. ...Бүдүүн залуу буюу Н нь хашаа руу тоосго давуулж шидэхэд миний цээжинд түүний шидсэн тоосго оносон. Энэ тоосгоор цохиулсаны улмаас өвчүүний яс хугарч, цээжний зулгаралт гэмтэл үүссэн. Эхлээд Н руу дөхөөд очих үед миний зүүн нүд рүү хоёр удаа цохисон. Энэ хоёр удаагийн цохилтын улмаас миний зүүн нүдний зовхинд цус хуралт үүссэн. Эдгээр гэмтлүүдийг Н л учруулсан. Өөр шалтгаанаар үүсээгүй. Цагдаагийн газарт гэрэлтэй газар ирээд ...харахад Ө-ын толгойноос цус гарсан байсан. Аль хэсгээс гарсныг анзаарч хараагүй, биед нь өөр гэмтэл учирсныг анзаарч хараагүй. Н нь Ө-ын толгойнд цохисон гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50-51х, 52-54х/,
- гэрч Д.Б-ийн: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр би нөхөр А-гийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагт найзынхаа хуриманд ирсэн юм. Тэгээд хуримын цайллаганд нь оролцоод шөнийн 02 цагийн орчим бид хоёр явахаар болоод, манай найз Ө төв зам руу алхаж очоод такси барьж ирсэн. Тэгээд Ө “гадаа ирчихлээ” гээд дуудахаар нь би нөхрөөсөө түрүүлж гарсан ба гадаа Ө нэг такси аваад ирсэн байсан. Тэгээд би гарч ирээд шууд тэр таксинд суусан. Тухайн үед гудамжинд хүн орилох чимээ гарсан ба машины хажуугаар хоёр эрэгтэй гүйгээд явсан. Тэр хоёрын араас нэг ах “наадуулаа бариад аваачээ” гээд орилоод хөөж байхаар нь би айсандаа машинаасаа гараагүй, тэгсэн нөгөө ах бидэн дээр хүрч ирээд “та нар хүн орилохыг сонсоогүй юм уу” гэхэд нь бид “сонссонгүй” гэж хэлсэн чинь тэр ах такси /машин/ руу чулуу шидэх гээд байхаар нь таксины жолооч ах машинаасаа гараад тэр хүнтэй заамдалцаад байсан. Тэгтэл тэр хүн таксины жолоочийг нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэр үеэр манай нөхөр хашаанаас гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гээд тэр хоёрыг салгах гэхэд нөгөө ах манай нөхрийг хоёр удаа гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь цохисон. Тэгэхэд Ө гарч ирээд тэднийг болиулах гэтэл нөгөө ах газраас тоосго аваад Ө-ын чихнийх нь ар хэсэг рүү нэг удаа цохисон. ....Ө-од ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Манай нөхрийн өвчүү хэсэг зөөлийн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 60-65х/,
- гэрч Б.Э-ийн: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ө бид хоёр хуримаа хийж гэртээ жижигхэн найр хийсэн. Ингээд хүмүүс тараад орой нь бид найз болох А, Б гэх эхнэр, нөхөр хоёрыг дуудсан. Хоёр найз маань манай гэрт ирж ууж идэж байгаад шөнө 01 цагийн үед манайхаас гарч бид дөрөв гудамжиндаа буюу манай 1 тоот хаалганы өмнө зогсож байсан. Такси дуудаад ирсэн байсан. Энэ үед Яармагийн 4 дүгээр гудамжны үзүүр дээр хэсэг хүмүүс хоорондоо зодолдож байгаад хоёр нь бид хэдийн хажуугаар гүйгээд явсан юм. Тэгтэл араас нь согтуу махлагдуу ахимаг насны хар царайтай ах гүйж ирсэнээ зогсож байсан таксины цонхыг тоосгоор цохиж хагалах гээд байхаар нь бид хэд “та яагаад байгаа юм бэ” гэхэд “та нар хүн зодуулж байхад тусалсангүй, та нар нийлж зодлоо” гээд манай нөхрийг тоосгоор толгой тархийг нь хагалж, найз А-г цохиж унагаан, толгой дээрээс нь гутлынхаа өсгийгөөр дэвсээд гэр орон руу чулуу тоосго шидээд хашааны хаалга эвдсэн. Б бид хоёр зодуулсан нөхрөө хашаан дотроо оруулчихаад хашааныхаа хаалгыг түгжчихээд цагдаа дуудсан. Манай 2 нөхөр бол тэр хүнийг зодож, цохиогүй, тэр хүн гартаа тоосго барьчихаад дайраад байсан учир ойртож чадаагүй. Тэр хүн зодолдсон бололтой их уурласан ирсэн. ...Манай нөхөр Ө-ын тархи толгой нь хагарсан. 3-4 оёдол тавиулсан. Зүүн чих нь сэтэрсэн байсныг оёдол тавиулсан. Зүүн шанаа нь хавдаж шалбарсан байсан. ...Н нь манай нөхрийг ямар ч шалтгаангүй зодож цохисон... А-г цохисных нь дараа манай нөхөр Н гэх залуу дээр очтол Н нь газраас тоосго аваад толгой руу нь нэг удаа цохиод унагаасан.
...А-д учирсан гэмтлийг хэнээс болж үүссэнийг мэдэхгүй байна. аранбат хашааны гадна талаас хашаа давуулж тоосго шидээд байсан. Н нь Ө-ын хохирлын зардалд эхлээд 500.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Дараа нь дансаар 3 удаа мөнгө шилжүүлсэн. Дансаар нийт 600.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 1.100.000 төгрөг төлсөн. Ө, М, А нар нь халамцуу байсан. Манай гэрт 2-3 шил архи уусан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 66-67х, 68-70х, 71-72х/,
- гэрч Ц.А-гийн: “...Тэгээд такси ирэхээр Ө-ын гэрээс А-гийн эхнэр Б, бид хоёр хүүхдүүдээ аваад гарч таксинд суугаад байж байхад нэг согтуу залуу хаанаас ч юм тоосго бариад гарч ирээд, “дуудаад байхад та нар яагаад туслахгүй машиндаа суугаад байгаа юм бэ” гэхэд нь тухайн үед “бид хэд сонсоогүй байна, ахаа” энэ тэр гээд байж байхад тухайн таксины жолоочийн машины жолоочийн эсрэг тал руу тоосгоороо цохих гээд далайсан. Тэр үед Б, Ө-ын гэр рүү орж Ө, М, А нарыг дуудах гээд явах хооронд таксины жолооч өөрийнхөө гар утаснаас “согтуу хүмүүс маргалдаад байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Тэгээд намайг таксины жолоочтой хамт буцаад ирэхэд зодоон болчихсон, цагдаагаас хүмүүс ирчихсэн байж байсан. Тухайн үед Ө-ын чихний ард хэсгээр нь цус гараад гоожиж байсан, харин А цээжээ бариад “энд өвдөөд байна” гээд байсан. Тэгээд цагдаа нар Ө, зодоон эхлүүлсэн гэх залууг авч явсан гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 77-78х, 79-80х/,
- гэрч Г.Г-ийн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Эрхэс 111 чиглэлд автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 80 айлын гудамжинд хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээллийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр Эрхэс 10-аас хүлээн авч, эргүүлийн офицер У.Ө-ийн хамт дуудлага өгсөн газар очиход 2 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс байсан. Уг газар очиход дуудлага өгсөн айлын хашаан дотор хүмүүс хоорондоо зууралдсан байдалтай байсан. Н нь цээж нүцгэн, хүзүүний орчим нь самардсан байдалтай, улайсан, ...харин зодуулсан гээд байгаа залуугийн /Ө/ толгойных нь ард хэсгээс цус гарсан байдалтай байсан. ...Мөн тухайн үед Н гэх залуутай хамт явж байсан. Ж гэх залуугийн нүд нь хавдчихсан байсан. Яг хэн нь цохисон талаар юм ярихгүй байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.
Хан-Уул дүүргийн Яармагийн 2 дугаар гудамжинд очиход хашааны гадна талд Н гэх залуу биеийнхээ дээд хэсгийн хувцасыг тайлсан, хүзүү орчим нь маажигдсан шинэ шархтай, гартаа чулуу атгаад барьчихсан зогсож байхыг хараад машинаасаа “гартаа барьсан чулууг хая” гэж хэлээд автомашиндаа суулгаад Ныг Эрхэс-10-т, Ө гэх залууг 103-т хүлээлгэн өгсөн. Миний ярьсан зүйл үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86-88х/,
- гэрч Э.Ж-ийн: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Яармагийн автобусны 2 дугаар буудалд явж байхад нэг хүн гар өргөж таксинд суусан. Тэр хүн нь “Яармагийн 80 айлын урд талын гудамжаас хүн авна” гэж явсан. Тэгээд тэр гудамжинд очоод хашааны гадаа зогссон. Тэр хүн хашаа руу орсон. Удалгүй нэг эмэгтэй гарч ирээд миний машины ард суусан. Хүүхэдтэйгээ суусан. Тэгтэл гудамжны зүүн талд нэг хүн “амиа авраарай” гэж орилоод байх шиг болсон. Тэгээд би “хүн зодолдож байгаа байх” гэж тоосонгүй. Гэнэт нэг хүн ирж машины цонх нүдээд “пизда минь чи амь авраарай гэж дуудаад байхад ирдэггүй юм уу” гэж хэлсэн. Тэр цонх хагалах гээд цохиод байхаар нь буусан. Би түүнд “машины цонх хагаллаа ш дээ, яагаад байгаа юм бэ” гэхэд тэр “чамайг амиа авраарай гээд зөндөө дуудлаа ш дээ” гэж хэлсэн. Энэ залуу цээж нүцгэн байсан. Энэ цээж нүцгэн залуу ирэхдээ гартаа тоосго барьсан ирсэн. Намайг цохиогүй. Би машинаас бууж ирэхэд гартаа барьсан тоосгоо хаясан. Хашаа дотроос хоёр залуу гарч ирээд, тэгээд зодоон болоод эхэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэд хоорондоо зодолдоод, машин эвдчих гээд байхаар нь би машиндаа суугаад хөдлөөд явсан. Машин дотор хүүхэдтэй хүүхэн суугаад үлдсэн. Би буцаад ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Намайг ирсэнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй. Хашаа дотор баахан хүмүүс байсан.
Миний сууж байсан машин баруун зүг рүү хараад зогсож байсан. Цээж нүцгэн залуу машины ар талаас буюу зүүн зүг талаас ирсэн. Миний нүдэнд илт гэмтэл, шарх харагдаагүй. “Амь авраарай” гэж орилсоныг, мөн цээж нүцгэн ирсэнийг бодоход хүн амьтантай зодолдсон байж магадгүй байх. Цээж нүцгэн залуу анх над дээр ганцаараа ирсэн. ...Цээж нүцгэн ирсэн залууг Яармагийн автобусны 2 дугаар буудал дээр зөндөө харж байсан, зүс таних залуу байсан. Би тухайн үед улаан хүрэн өнгийн приус-20 маркийн 63-60 гэсэн улсын дугаартай машинтайгаа таксинд явж байсан. Би хэн нэгэнд нь зодуулж, гэмтэл бэртэл аваагүй.” гэсэн мэдүүлэг / хэргийн 1-р хавтас 233-234х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Ө-ын биед дагз ясны суурийн баруун хэсгээс баруун талын чамархайн ясны хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнд цус хуралт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд, зүүн талын тенториумын түвшинд цус харвалт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун чамархай орчим шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10835 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 94х/, шүүгдэгч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Ц.Ө-ын биед учирсан “дагз ясны суурийн баруун хэсгээс баруун талын чамархайн ясны хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнд цус хуралт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд, зүүн талын тенториумын түвшинд цус харвалт, тархи доргилт, баруун чихний дэлбээ, баруун чамархай орчим шарх, нуруунд зулгаралт” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Ч.Н нь түүний толгойн тус газарт нь тоосгоор цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Н нь хохирогч Ц.Ө-ын толгойн тус газарт нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Н-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Прокурорын хяналтын шатанд Ц.Н нь 2017 оны 08 сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Э.А-г зодож, цээжин тус газарт нь тоосго шидсэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг, мөн Ц.Ө нь бусдад зодуулсандаа уурлан бухимдаж хохирогч Ю.Ж-ыг өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна. /хэргийн 2-р хавтас 3-4х, 5-6х/
Түүнчлэн хэргийн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хэргийн нөхцөлд хохирогч Ц.Ө-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хохирогч Ц.Ө нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт эм тариа, эмнэлгийн ор хоног, шинжилгээний хөлс, томографик зургийн төлбөр, мөн өвчний учир ажлаа хийгээгүйгээс авч чадаагүй цалин хөлсний зөрүү зэргийг тооцон нийт 3.341.699 төгрөг нэхэмжилэн уг шаардлагад хамаарах баримт нотолгоог хэрэгт хавсаргуулсан /хэргийн 1-р хавтас 185-196х, 198-205х/ байх ба шүүгдэгч Ч.Н нь мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөгийг бэлнээр, мөн аав Ц-гийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 50.000 төгрөг, 350.000 төгрөг, 200.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 1.000.000 төгрөгийг, мөн нэхэмжилсэн хохирлоос үлдэх 2.241.699 төгрөгийг нөхөн төлсөн талаар хохирогч мэдүүлж /хэргийн 1-р хватас 34х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.Н-аас гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөрт тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Хэргийн 1-р хавтас 154 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн нь шүүгдэгч Ч.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болохыг нотлох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Ц.Ө-ын эмчилгээний зардлын төлбөрт 2.441.699 /хоёр сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэн зардал гарвал нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Ц.Ө нь хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн баримттай /хэргийн 1-р хавтас 34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж дүгнэхээр байна.
Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон 2012 оны 10 дугаар сарын 15-нд төрсөн охин Н.Э, 2017 оны 04 дүгээр сарын 02-нд төрсөн охин Н.Э /хэргийн 1-р хавтас 247-248х/ нарын бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 10500 тооцох нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Ч.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ө нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ч-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Н-ыг 10.500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Н-ад оногдуулсан 10.500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ялтан Ч.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ч.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ө нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД