Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2023/00016

 

 

 

 

 

 

2023          03             30                                                    223/МА2023/00016

 

 

Ж.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШШ2023/00120 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц ,

Хариуцагч: Т,

Хариуцагч: “Х” ХХК,

Хариуцагч: М нарт холбогдох,

Өмчлөлийн газраа бусдын хууь бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Л-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулгад Ж.Л нь 2007 онд Төв аймгийн нутаг дэвсгэр Зуунмод сумын 1 дүгээр баг Орон сууцны шинэ хорооллын 16-6 тоотод байрлах 200 м.кв талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1427003769 дугаарт, бүртгэлтэй газрыг дуудлага худалдаанд оролцож худалдан авсан. Хөрш залаа газар болох 17А тоот газрын өмчлөгч Б.Т нь 2009 онд Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьж байсан. Ж.Л тухайн үед барилга барьж байгаа хүмүүст энэ зөрчлөө зогсоохыг шаардсан боловч барилга баригдсаар байсан. Иймд Ж.Л 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад өргөдөл гаргасан. Энэ талаар бүртгэл хяналтын карт хавтаст хэрэгт бүртгэгдсэн байгаа. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Б.Т нь Ж.Лгийн газар руу 11 м.кв-аар нэвтэрсэн. Эзэмшил газраас 0,89-0.98 м.кв газрыг ашигласан байгаа нь тогтоогдож байна гэсэн хариуг тус тус өгсөн.

Ингээд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.Тийн оршин суугаа хаяг болох Баянзүрх дүүргийн 18 хороо 13 дугаар хороолол 39б байрны 29 тоот хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Т уг хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 101/ШШ2019/02548 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулах болсон.  2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б.Т-ийн оршин суугаа хаягийг тогтоосон тул хариуцагчаар татаж Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрснийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ дүгнэлтээр Ж.Лгийн өмчийн газраас нийт 13,8 м.кв газрыг Б.Т ашигласан болохыг тогтоосон.

Гэтэл хариуцагч Б.Тийн Х инд төлөх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрээр Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг Номт 3 дугаар байр, 17 А тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, 000546970 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө “Х ” ХХК /регистр-2578697/-ийн нэр дээр шилжсэн. 

Төв аймгийн Зуунмод сум 1-р баг Номт 3-р хороолол, хогжил, 17-р байр А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн, 200 м.кв талбайтай газар нь Даваажав овогтой М /ХВ83110175/-ын нэр дээр шилжсэн байсан.

Мөн Д.М болон “Х ” ХХК нар өөрсдийн нэр дээрх газар болон хувийн сууцыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Л.Цт худалдсан байна. Иймд тэднийг хамтран хариуцагчаар татсан. Одоо хариуцагч Л.Цээс бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 17 А тоот газар, хувийн сууцны өмчлөгч байсан иргэн Б.Т нь иргэн Ж.Лгийн өмчлөлийн газарт зүүн талаас 13,8 м.кв газрыг оруулан барилга барьж, мөн гражын хаалганы баруун хэсгээс хойш брожур тавьж зам цутгаж нэвтэрсэн, одоо тус газар нь Д.Маас Л.Цийн өмчлөлд, мөн хувийн сууц нь “Х ” ХХК-иас Л.Цийн өмчлөлд тус тус шилжсэн байх тул иргэн Ж.Л-ийн өмчлөлийн тус газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Б.Т-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: “...Миний бие Буянжаргал овогтой Т нь иргэн Лгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэжээ.

3.Хариуцагч Д.М-ын шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: “...Иргэн Ж.Лгийн, хариуцагч Б.Т, Д.М, “Х ” ХХК нарт холбогдуулан гаргасан “Газар албадан чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан авч энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээ баг, Номт 3 дугаар хороолол, Хөгжил 17 а байр А тоот газрын иргэн Д.М өмчлөгч мөн бөгөөд нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлээс үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 3 дугаар хороолол Хөгжил 16 Б тоот иргэн Ж.Лгийн газраас иргэн Б.Т нь зөвшөөрөлгүй ашигласан гэсэн байна. Иргэн Д.М миний хувьд нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйлгүй тул хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

4.Хариуцагч “Х ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: “...Иргэн Ж.Лгийн хариуцагч Б.Т, Д.М, “Х ” ХХК нарт холбогдуулан гаргасан "Газар албадан чөлөөлүүлэх тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд, мөн тус хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын “Х ” ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00969 дугаартай шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1427002081, гэрчилгээний 000546970 Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт байр, 17А тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Х ” ХХК мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. “Х ” нь иргэн Б.Ттэй барьцааны гэрээ байгуулах үед хувийн сууц, эсхүл хувийн сууцны доорх өмчлөлийн талаар аливаа маргаан байхгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасны дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнтэй барьцааны гэрээг байгуулсан. Иймд “Х ” ХХК-ийг тухайн эд хөрөнгийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу шударгаар барьцаалсан, улмаар Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно." гэж заасны дагуу шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд эмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан зураг зэргийг мэдүүлэгтээ хавсаргахаар заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшил дэх газар дээр баригдаагүй, хууль ёсны дагуу баригдсан болохыг улсын бүртгэл шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь газрын зөрчилтэй болохыг нүдэн баримжаагаар шууд мэдэх боломжгүй, тухайлсан мэргэжлийн ур чадвар, техник хэрэгсэл, мэдээллийн сан зэргийг ашиглан мэдэх боломжтой бөгөөд банкны хувьд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах үедээ улсын бүртгэл үнэн зөв гэх зарчмыг баримтлан улсын бүртгэлд үндэслэн шилжүүлж авсан болно. Дээр дурдсан үндэслэлээр банк нь шударга өмчлөгч болох тул банкны өмчлөх эрхийг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Л.Ц-ийн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ "Б.Т нь 2009 онд Ж.Лгийн өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьсан" гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэжээ.

 Өөрөөр хэлбэл, иргэн Л.Цийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн этгээд биш байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу хариуцагч биш юм.

Иргэн Б.Т нь "Х " ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бүрэн шилжүүлсэн. Уг эд хөрөнгийг "Х " ХХК нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг иргэн Л.Цт өгсөн. Уг мэдээллийн дагуу Л.Ц "Х " ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж Төв аймаг, Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр 17а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 123,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Талуудын байгуулсан уг гэрээний 1.6-д уг хувийн сууц худалдагдаагүй, барьцаалагдаагүй, хөлсүүлээгүй, түрээслүүлээгүй, бусдын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхээр амлалт өгөөгүй…" гэж заасан бөгөөд ямар нэгэн чанар байдал болон эрхийн доголдолгүй гэж үзсэний үндсэнд эд хөрөнгийг худалдаж авсан.

Гэрээ байгуулах үед худалдагч тал болох "Х " ХХК нь эд хөрөнгөтэй холбоотой хэрэг маргааны талаар огт мэдэгдээгүй. Х  болон Б.Ттэй уулзаж байхад ийм асуудал ярьж байгаагүй. Энэ бүгдийг шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсан ба гэрч оролцуулж нотолъё гэсэн боловч хүсэлтийг хангасангүй.

Худалдан авагч Л.Ц нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар шударга өмчлөгч юм. Учир нь:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн итгэж үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан.

Иймд хариуцагч Л.Ц нэхэмжлэгчийн эрх ашгийг огт зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

6.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.2, 137 дугаар зүйлийн 137.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ц-т холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Т, Д.М, “Х ” ХХК нараас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдол болон тайлбарын агуулга: 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Тус хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор "…Хамтран хариуцагч иргэн Д.М, Х ХХК нар нь нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлтэй газар албадан чөлөөлүүлэх маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байхад  буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газар болон хувийн сууцаа Л.Цт шилжүүлж худалдан борлуулсан.

"Х " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тамир 2022 оны 10 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа...Л.Ц Б.Тийн хамаатны эгч мөн гэж хэлсэн.

Иймд Л.Ц хариуцагч Б.Т-ийн төрөл садан, Ж.Л-ийн нэхэмжлэлтэй хэрэг маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байхад өөрөөсөө зайлуулж дахин бусдад шилжүүлж болзошгүй байх тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар Y-1427002081, Г-1427001274 дугаарт бүртгэлтэй Зуунмод сумын 1-р баг Номт, 3-р хороолол, Хөгжил хотхон 17-р байр А тоотод байршилтай 200 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 240 м.кв талбайтай хувийн сууцыг бусдад худалдах буюу шилжүүлэхгүй байхыг хариуцагч Л.Цт даалгах хүсэлт гаргасан болов ч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Л.Ц өөрийн өмчлөлийн дээрх газар, хувийн сууцыг дахин бусдад шилжүүлэх боломжыг нээлттэй үлдээсэн.

2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15-д "... Нэхэмжлэгч Ж.Л нь дээрх Үл хөдлөх хөрөнгийг 2009 онд өөрийн хууль ёсны эрх ашгийг хөндөж газарт илүү хэмжээгээр барьж байгаа үйлдлийг мэдсэн бөгөөд хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нэг ч удаа шүүх болон цагдаагийн байгууллага, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах газарт хандаагүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75-2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил" байна гэж заасан хугацаа өнгөрсөн байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Л болон иргэн Б.Т нарын хооронд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т "үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил" байна гэж заасан хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Шийдвэрийн 26-д дүгнэхдээ “...Хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээ дахиад өөрөөр буюу 10 жилийн дараа шүүхэд хандсан тул шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мөн Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн заалтыг зөрчиж байна.

Ж.Л нь 2009 оны зун 8 дугаар сард өмчлөлийн газраа эргэж очиход Б.Тийн барилгын суурийн ажил эхэлж байсан ба барилга бариулж байгаа эзэнтэй нь уулзах гэсэн боловч байгаагүй тул барилга барьж байсан хүмүүстэй нь уулзаж манай газар луу нэвтрээд орчихсон байгаа юм биш үү та нар сайн хэмжиж шалга гэж шаардлага тавихад бид нар мэдэхгүй, барилгын эзэн нь Улаанбаатар хотод байдаг. Бид нар зөвхөн барилга барьж байгаа хүмүүс гэж хэлж байсан ба Ж.Л уг барилга нэвтэрсэн байж болзошгүй гэж үзээд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж 2009 оны 8 сарын 27-ны өдөр өргөдөл гаргасныг хүлээн авч бүртгэсэн тэмдэглэл нь хэрэгт авагдсан.

2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №46/15/02-408 дугаартай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэнд " Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Хөгжил хотхоны 16 Б байрны газрыг өмчлөгч иргэн Ж.Лгийн ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэмжилт боловсруулалт хийлгэлээ. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар хийлгэсэн зураглалаас үзэхэд Хөгжил хотхоны 17 А байрны газрыг өмчлөгч Б.Т нь 16 Б байрны газрыг өмчлөгч Ж.Лгийн газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна гэсэн.

Б.Т нь уг хувийн сууцны барилгаа 2010 оны 5 дугаар сарын 31-д барьж дуусгаад бүртгүүлж гэрчилгээ авахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан өргөдөл, гэрчилгээний хуулбар хавтаст хэрэгт авагдсан байна.

Б.Т нь маргаан бүхий газар дээрээ ямар нэгэн бүртгэлгүй, уг хаяг дээрээ амьдардаггүй байсан тул уулзах боломжгүй байсан гэдгийг шүүх онцгой анхаарах ёстой.

Нэхэмжлэгч Ж.Л болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн миний бие өөрийн биеэр буюу 2019 оны 5 джгаар сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэр Зуунмод сумын 1-р баг Орон сууцны шинэ хороолол дахь 16 б тоотод байрлах Ж.Лгийн газар болон түүний өмчлөлийн газарт нэвтэрсэн 17 А тоот газар дээр баригдсан иргэн Б.Тийн барилгыг газар дээр очиж үзсэн ба Б.Тийн байшингын хаалгыг тогшсон боловч онгойлгоогүй.

Тиймээс ойр хавийн хөршүүдээс асуухад хааяа ирчихээд явчихдаг, ойрд энэ байрны хүмүүс ирж харагдаагүй гэж хэлж байсан. Улмаар энэ өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт очиж уулзан 2010 онд тус байгууллагад газрын зөрчлийн асуудлаар өргөдөл гаргаж, шийдвэрлүүлж байсан тул энэ талаарх холбогдох баримтын хуулбарыг гаргуулж авсан.

Хариуцагч Б.Т нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 39 Б байрны 2 тоотод албан ёсны бүтгэлтэй тул уг хаягаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 101/Ш32019/11790 тоот захирамжаар “нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 39 Б байрны 2 тоотод хариуцагч Б.Т бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Тийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 101/ШШ2019/02548 тоот шийдвэрээр Б.Тийг эрэн сурвалжилахаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст даалгасан.

Шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 хэлтсийн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 26 т 2-3/4447 тоотоор хариуцагч Б.Тийн хаягийг Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг хөгжил хотхоны 17 а тоотод оршин сууж байгаа болохыг олж тогтоосныг үндэслэн Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Дээрх нотлох баримт, шүүхийн шийдвэрүүдээр Ж.Л нь 10 жилийн дотор шаардарх эрхээ хэрэгжүүлсэн болох нь хангалттай нотлогдож байгаа ба анхан шатны шүүхийн 10 жилийн хугацаа хэтрүүлж шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэдэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шийдвэрийн хууль зүйн үндэслэл:

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 18-д "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын шаардаж буй хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135 4.-т зааснаар тодорхойлсон болно" гэжээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол Ж.Лгийн өмчлөлийн газарт Б.Т барилга барьж ашигласан тул уг газраа албадан чөлөөлүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэснийг үндэслэсэн ба бодитоор Ж.Лгийн өмчлөлийн газраас 13,8 метр квадрат газар дээр барилга, хайс зам талбай барьж Б.Т ашиглаж, тухайн газраа Ж.Л ашиглах, захиран зарцуулах ямар ч боломжгүй болгон энэ хэмжээгээр Ж.Лгийн газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Гэтэл анхан шатны шүүх зориуд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэсэн заалтыг дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шийдвэрийн 19-д "Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135,3 мөн хуулийн 135.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтэй холбоотой бөгөөд ямар нөхцөл бүрдсэн үед газрын ашиглалтанд нөлөөлөхийг хориглож болохгүйг зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалт болон үзэл баримтлалаас үзвэл хөрш залгаа газрын өмчлөгч нь нөлөөлөл бий болгож байгаа хөршийн барилга байгууламжийг буулган зайлуулахыг шаардах эрхтэйгээс гадна баригдахаар төлөвлөгдсөн буюу баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоохыг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилга байгууламжийг барьж эхлэх үе, бүрэн баригдаж дуусаагүй байхад урьтаж эрх бүхий байгууллагад хандаж болохоор хуулиар зохицуулсан.

Мөн шүүхийн шийдвэрийн 18-аас гадна нэхэмжлэгч Иргэний хуулийн 135.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ үндэслэсэн гэсэн байна. Энэ үндэслэлийг анхнаасаа нэхэмжлэгч гаргаж тавиагүй. Иргэний хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр дэд бүлэгт Хөршийн эрхийн харилцааг зохицуулсан байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт "Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж томьёолсон байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай Тогтоолоор Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дам булгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан ба энэхүү тогтоолын 1-д: "Иргэний хуулийн /цаашид хуулийн гэх/ 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан "хөрш залгаа эд хөрөнгө"-д "хил залгаа эзэмшил газар" буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас "бусад үл хөдлөх эд хөрөнгө" хамаарна. 2-т: Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан "нөлөөлөл" гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно.

Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ. Уг нөлөөлөл нь эд хөрөнгийг ашиглах тухайн хэлбэрт зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна. Харин эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй" гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, иргэний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байдал хөршийн эрх гэсэн зохицуулалтанд хамаарахгүй зөвхөн эзэмшил газар буюу газар эзэмших харилцаанд үйлчлэх юм.

Энэхүү хөрш газар эзэмших эрхийн харилцаанд нөлөөлөл нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр, энэ хэмжээнээс хэтрэхгүй, эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй гэж тайлбарласан байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 29 дэх хэсэгт "Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д "Энэ хуулийн 135.3-135.5, 138.1, 138.4, 139.1, 139.2-т заасан шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэх заалтанд хамаарахгүй тул тухайн хуулийн зохицуулалтаар хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруйд буюу 2009 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Ж.Л мэдэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 46/15/02-408 дугаартай “...Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хийлгэсэн зураглалаас үзэхэд Хөгжил хотхоны 17A байрны газрын өмчлөгч Б.Т нь 16Б байрны газрын өмчлөгч Ж. Лгийн газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна.

Иймд бусдын газраас зөвшөөрөлгүй ашигласан иргэн Б.Ттэй холбогдсон маргаантай асуудлаа холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн албан бичиг өгсөөр байтал нэхэмжлэгч Ж.Л нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандаж байгаа нь тухайн барилгыг бариулахыг зогсоолгох бүрэн эрхээ алдсан гэж дүгнэхээр байна" гэсэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх заалтыг үндэслэсэн байна. Тэгвэл Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д: Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөө хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй " гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл хил зөрчиж барилга байгууламж барьж байгаа этгээд газар эзэмшигч байх, хил зөрчиж барилга барьсны улмаас хөрш газар эзэмшигчид нөлөөлсөн байх нөхцөл шаардах ба угаасаа энэ хэрэг дээр хөршийн эрхийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй юм.

Гомдлын шаардлага: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2. 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Лгийн өмчлөлийн 13,8 метр квадрат газарт нэвтэрч баригдсан Л.Цийн өмчлөлийн хувийн сууцны барилгын хэсэг болон граж руу орох хэсгийн замын хэсгийг буулган уг газрыг албадан чөлөөлсүгэй" хэмээн өөрчилж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэсэн нь ноцтой зөрчилд хамаарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг шүүх хуралдаан дээр гаргах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг зөв дүгнэсэн. Хөршийн эрх зүйн харилцааг шүүх хэрэглэх ёсгүй байсан гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас хөршийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж хэлж байсан. Энэ талаар тэмдэглэл дээр тусгагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд хөршийн эрхийн зохицуулалтыг хэрэглэхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Шүүхээс Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан хөршийн нөлөөллийн асуудлын талаар дүгнээгүй. Зөвхөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасан барилга байгууламжтай холбоотой асуудал дээр дүгнэлт хийж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч Г.Цийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг авахдаа улсын бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв гэж үзсэний үндсэн дээр ямар нэгэн чанарын доголдолгүй, эрхийн зөрчилгүй гээд үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байгаа эзэмшигчид холбогдуулж ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ж.Л нь 2007 онд дуудлага худалдаагаар худалдаж авсан 200 м.кв газраас 13,8 м.кв газарт зөвшөөрөлгүй нэвтэрч хувийн орон сууц барьсан хариуцагч Б.Т, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан “Х ” ХХК, худалдаж аваад зарсан Д.М, одоо өмчилж байгаа Л.Ц нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшилээс өмчлөлийн 13,8 м.кв газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Т, “Х ” ХХК, Д.М, Л.Ц нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч Ж.Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т, “Х ” ХХК, Д.М нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

3.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичиг болох шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1.-т заасан.

 

Шүүх хариуцагч Б.Төд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Х ” ХХК, Д.М, Л.Ц нарыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогч болох хариуцагч Б.Т, “Х ” ХХК, Д.М нарыг бичилгүй орхигдуулсан нь шийдвэрийн агуулгыг алдагдуулж байна.

 

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлтийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж шийдвэрлэх, бусад тохиолдолд шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах юм.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Т, Д.М, “Х ” ХХК нараас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон утга найруулгийн хувьд ойлгомжгүй байна.

 

4.Шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2020/03406 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, нэхэмжлэгч Ж.Л-ийн өмчлөлийн 13,3 м.кв газрын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 28 тоот албан бичгээр “...Ж.Лгийн өмчлөлийн газраас Б.Т нь барилга барихдаа ашигласан гэх 13,8 м.кв талбай үнэлэх үү эсвэл “газар” үнэлэх үү гэдгийг тодруулж өгвөл гаргасан үнэлгээний бодит үндэслэлд нийцнэ гэж үзэж байна. Хэрэв ашигласан талбайг үнэлнэ гэвэл баригдсан барилгын үнэлгээг бүхэлд нь тогтоох шаардлагатай болно. Энэ ерөнхий ойлголтыг нэг мөр болгоогүй нөхцөлд үнэн зөв бодит үнэлгээ тогтоож шүүхийнхээ өгсөн даалгаварыг биелүүлэх боломжгүй байдал үүсэж байгаа...” гэсэн хариу ирүүлсний дагуу шүүх ажиллагаа хийлгүй шууд шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан гэж үзэж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШЗ2022/03818 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

 

5.Шүүгч зохичоос гаргасан нэхэмжлэл, хүсэлттэй холбоотой үйл баримтыг тодруулж тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх ажиллагааны нэг хэлбэр юм.

 

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШЗ2023/00253 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгуужуулах тухай, хариуцагч Л.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг гэрч асуулгах, хариуцагч Б.Тийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэхдээ “...Ж.Л-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь Б.Т, Д.М, “Х ” ХХК, Л.Ц нар гэсэн 4 хариуцагчтай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэж зааснаар тухайн хуулийн зохицуулалт нь дээрх арга хэмжээг авсан тохиолдолд хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх учиртай. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн хариуцагч Л.Ц маргаан бүхий сууцыг бусдад худалдах буюу шилжүүлэхгүй байхыг даалгуулах хүсэлт гаргасан нь ойлгомжгүй хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй,

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “Маргаан бүхий газрын өмчлөлийн эрх нь “Х ” ХХК, Д.М нар байгаа учраас хариуцагч Б.Төөс шүүхийн шийдвэр гаргах эрх нь нээлттэй тул хариуцагч Б.Төөс татгалзаж байна...” гэсний дагуу хариуцагч Б.Тийг тус өдрөөс хойш шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд Б.Тийг шүүх хуралдаанд оролцуулж өгөх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь ойлгомжгүй тодорхойгүй,

...Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2020/03406 дугаартай “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар “Хан-Үнэлэмж” ХХК-ийг томилсон байна. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хан-Үнэлэмж” ХХК-ийн “...үнэлгээ хийхээс татгалзаж байгаадаа хүлцэл өчье” гэх албан хариугаа 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШЗ2022/03818 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн цааш үргэлжлүүлсэн бөгөөд дахин энэ талаар хүсэлтийг хариуцагч нарын зүгээс гаргаагүй тул захирамж биелэгдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлийг заажээ.

 

Анхан шатны шүүх зохигчоос гаргасан хүсэлтийг ойлгомжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болов.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгуужуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас зохигчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.

 

5.Давж заалдах шатны шүүх дээрх алдаа зөрчлийг засаж залруулах боломжгүй тул нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШШ2023/00120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС