Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 223/МА2023/00017

 

 

 

 

 

 

 

2023            4            06                                                               223/МА2023/00017

 

 

 

                                          З.М, Т.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2023/01355 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М,

 Нэхэмжлэгч: Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-д холбогдох,

Нийт 40,216,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, З.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай,  хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.М, Т.Г нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: 1.Бид 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Б.М-д 1,500,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1,750,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 3,920,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 156,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй ломбардад өөрийн ээмэг бөгжөө барьцаалж 2,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 750,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус зээлүүлсэн.

2.Хариуцагч Б.М манай “3М” дэлгүүрээс 580,700 төгрөгийн бараа зээлж авсан.

3.2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүүхэд сургуульд оруулах хүний хоолны мөнгө хэрэгтэй гэж Ч.Лхагвасүрэн гэх хүний 5721340022 дугаар дансаар 255,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5721177021 дугаар дансаар 150,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр кредитийн зөрүү өгнө гээд Б.Батболд гэх хүний 5721320719 дугаарт дансаар 210,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мөн кредитийн зөрүү хэрэгтэй гэж Цэцэгжаргал гэх хүний 5042217952 дугаар дансаар 960,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Энхжаргал гэх хүний 5041078097 дугаар дансаар 1,360,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаар дансаар 200,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаар дансаар ромбоны мөнгө гэж 250,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ганхит гэх хүний 5920121058 дугаар дансаар ромбоны мөнгө гэж 26,000 төгрөг, бэлнээр 139,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн сансрын Шатахуун түгээх станц дээр 650,000 төгрөг бэлнээр, нийт 26,416,100 төгрөг зээлдүүлсэн. Үүнээс 10,800,000 төгрөг төлж, 15,616,000 төгрөгийн авлага үлдсэн. Хариуцагч Б.Мд мөнгө зээлүүлэхдээ зээлийн гэрээг амаар хийж байсан.

4.Хариуцагч Б.М нэхэмжлэгч нар хариуцагчийн Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж 21 дүгээр байрны 4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж Хас банк ХХК-д барьцаалж 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 36,600,000 төгрөгийн зээл авсан.

Уг зээлийг хариуцагч Б.Мгийн нэхэмжлэгч нараас зээлсэн мөнгийг төлөх зорилгоор авсан бөгөөд 12,000,000 төгрөгийг хариуцагч Б.Мд бэлнээр өгөөд үлдсэн 24,600,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг Р.Зулбаярт, Г.Аваргасүрэнд 10,500,000 төгрөгийг өгсөн нэхэмжлэгч урьд нь Г.Аваргасүрэнгээс 10,500,000 төгрөгийг зээлж хариуцагч Б.Мд зээлүүлсэн байсан. Мөн нэхэмжлэгч Т.Гын хадгаламжийн дэвтрийг барьцаалан авсан байсан зээлийг 3,600,000 төгрөгөөр төлсөн. Мөн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй ломбардад өөрийн ээмэг бөгжөө барьцаалж авсан 2,000,000 төгрөгийн өрийг барагдуулаад үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.Мд зээлүүлсэн өрийг төлж барагдуулсан.

Ийнхүү нэхэмжлэгч нар хариуцагчид зээлүүлсэн мөнгийг хариуцагч буцааж бүрэн төлж барагдуулсан гэж үзээд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 21 дүгээр байрны 4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас чөлөөлүүлэх тухай тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын дунд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Хас банкнаас авсан 36,600,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг хариуцагч Б.Мгөөс жич нэхэмжлэх эрхтэй байхаар 151/ШШ2020/01275 дугаартай шийдвэр гаргаж уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд хариуцагч Б.Мгөөс Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөр 24,600,000 төгрөг өмнө зээлүүлсэн 15,616,000 төгрөг, нийт 40,216,000 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ Бид анх 2020 онд Б.Мд холбогдуулан Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар багийн Нацагдорж 21-4-56 тоот хаягтай 37 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан авч тус шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын дунд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, “Хас банк” ХХК-аас авсан 36,600,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг хариуцагч Б.Мгөөс жич нэхэмжлэх эрхтэй байхаар 151/ШШ2020/01275 дугаар шийдвэр гаргаж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Б.М нь Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг 21-4-56 тоот байраа нэхэмжлэгч З.М, Т.Г нарын нэр дээр шилжүүлж өгөөд банкнаас зээл авч өгөхийг гуйсан. Учир нь Б.М З.Маас зээлж авсан өрнүүдээ нэгтгэж байгаад гадаадаас орж ирэх зээлээ бүтэхээр бүрэн төлж барагдуулна гэж аман хэлцэл хийсэн. Ингээд Төв аймаг дахь Хас банк ХХК-аас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 36,600,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээл авхуулсан. З.Мы нэр дээр гарсан зээлээс Б.М 12,000,000 төгрөгийг бэлнээр авч, 24,600,000 төгрөгийг З.Маар дамжуулан авсан зээлээ төлж байна гээд үлдээсэн.

Хариуцагч Б.М өмгөөлөгч С.Сувдмаа нар нь банкнаас гарсан зээлийн үүргийн гүйцэтгэл хүлээгээгүй гэж удаа дараа мэдүүлж байгаа боловч Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/01275 шийдвэрийн 5 дугаар хуудасны 20-32 дугаар мөрөнд З.М эгчид гурван өрөө байраа нэр дээр нь шилжүүлээд Хас банк ХХК-аас зээл авхуулсан авах болсон шалтгаан нь би З.М эгчийн дүү Ари гэж хүнээс 8,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн уг мөнгийг нэг сарын хугацаанд буцаагаад төлнө гэсэн боловч сар дотроо буцаагаад төлж чадаагүй. Би  6 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа халагдаж, ажилгүй болсон учраас цалингийн зээл гарах боломжгүй болж З.М эгчээр зээл авхуулаад 8,000,000 төгрөгийн зээлээ 10,500,000 төгрөг төлж хаагаад үлдэгдэл мөнгөө аваад бусад зээлээ зохицуулъя гэж ярилцсан боловч З.М эгч 37,000,000 төгрөгийн зээл аваад 12,000,000 төгрөгийг надад өгсөн. Би “Хас банк” ХХК-д сар болгон өөрөө зээлээ төлөөд явна зээлээ төлж чадаагүйн улмаас байраа “Хас банк” ХХК-д алдах юм бол гомдолгүй гэсэн тодорхойлолтыг З.М эгчид хийж өгсөн. Би 9, 10, 11, 12 сард хугацаа хэтрүүлж байсан боловч зээлээ төлөөд явж байсан гэж тайлбартаа бичгээр нотолсон байдаг. Ийм учраас Төв аймаг дахь сум иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/01275 шийдвэрийг нотлох баримтад өгч байна. Б.М нь анхнаасаа ингэж зөв мэдүүлэг өгч явсан. Харин С.Сувдмаа өмгөөлөгчөөр орсноос хойш Б.М нь өмнө өгч байсан мэдүүлгээ бүгдийг нь үгүйсгэж эхэлсэн мөн З.М их хэмжээний орлого олж үндэслэлгүй баяжсан гэж гүтгэж эхэлсэн. Өмгөөлөгч хүн үндэслэлгүйгээр хүнийг ингэж гүжирдэж болохгүй. Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Б.Мд өгсөн мөнгөнийхөө нотолгоог банкны хуулбар, Эрүүгийн хэргийн гэрчийн мэдүүлэг Б.Мгийн өөрийн гараар үлдэгдэл өр гэж бичсэн баримтуудаар нотолгоо болгон гаргаж өгсөн. Б.М нь анхнаасаа бэлэн мөнгө авч, залилж байсан учраас картаа орхисон байна аниа бэлнээр бэлдэж бай би удахгүй очоод ав гэдэг байсан. Залилж байгаа хүн өөрийнхөө дансаар юу гэж мөнгө авахгүй. Одоо хариуцагч Б.Мгөөс нийт 40,216,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал :

1. 2015 оны 4 дүгээр сарын 10-нд Б.М нь З.Маас өөрийн хүү Г.Билгүүний оюутны төлбөрт цуглуулж байсан мөнгөнөөс 1,500,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Оюутны төлбөрөө төлөх хэрэгтэй боллоо гээд утсаар ярихад 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгаа нь энэ байна гээд 600,000 төгрөгийг миний хүү Г.Билгүүний 5721418081 тоот дансанд шилжүүлж, 900,000 төгрөгийн өртэй үлдсэн .

2. 2015 оны 4 дүгээр сарын 22-нд “Түмэн мод” ББСБ-аас 1,750,000 төгрөгийн зээл авч Б.Мд бэлнээр өгч зээлүүлсэн. Үүнээс одоог хүртэл төлж барагдуулсан мөнгө байхгүй. Банк бусаас З.Маас авсан зээлийн маягт квитанцыг нотлох баримтаар өгсөн .

3. 2015 оны 5 дугаар сард 3,920,000 төгрөгийг дүү Сүндалайгаас зээлэн авч Б.Мд бэлнээр өгч зээлдүүлсэн. Сүндалайгийн Эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Б.Мд өгснийг гэрчилсэн мэдүүлгийг нотлох баримтаар өгсөн.

4. 2015 оны 10 дугаар сарын 15-нд 1,500,000 төгрөгийг гадаадаас орж ирэх зээл бүтээж өгөх хүмүүстэй уулзана гээд Улаанбаатар хот явахдаа З.Маар дамжуулан ээж Доржгочоогоос зээлэн авч Б.Мд бэлнээр зээлүүлсэн.

5. 2016 оны 5 дугаар сарын 29-нд 1,233,500 төгрөг З.Маас цэцэрлэгийн тайлан гаргуулахад хэрэглэнэ гээд бэлнээр зээлж авсан. 6. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 156,000 төгрөг Батсүмбэрийн бага ангийн багш зээл гаргаж өгнө гэсэн гэхэд нь З.М би Б.Мд зээлүүлж надаас уг мөнгийг бэлнээр авч явсан. Үүнээс хойш надад энэ мөнгийг төлөөгүй байна.

7. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгийг цэцэрлэгийн санхүүжилт бүтээнэ гэхэд нь дүү Ариунаагаас өөрийн 5721171233 З.М тоот дансаар дамжуулан зээлж авч Б.Мд бэлнээр зээлүүлсэн. Миний дүү Ариунаа зээлүүлсэн мөнгөө яаралтай буцааж өгөхгүй бол эвлэрүүлэн зуучлахад өгнө гэсэн. Энэ мөнгийг нь яаралтай буцааж өгөх болсон тул 2016 оны 8 дугаар сарын 15-нд З.М миний нэр дээр “Хас банк” ХХК-аас гарсан зээлээс Ариунаагийн төрсөн эгч Оюунтунгалагийн 5075327682 тоот дансаар 10,000,000 төгрөгийн өрийг шилжүүлсэн банкны баримтыг нотлох баримтаар өгсөн. Банкны хуулгыг нотлох баримтаар өгсөн.

8. 2016 оны 4 дүгээр сарын 22-нд Б.М нь Сүхээгийн байранд цэцэрлэгээ нүүлгэж оруулна, түрээс төлөх хэрэгтэй гэж З.М надаас 750,000 төгрөг зээлж бэлнээр авч явсан Б.М нь зээлсэн мөнгөнөөс одоог хүртэл төлөөгүй байна.

9. 2015 оны 4 дүгээр сарын 10-аас 2016 оны 8 дугаар сарын 15-ны хугацаанд Б.М манай “ZМ маркет” дэлгүүрээс 706,500 төгрөгийн барааг Б.М бэлнээр зээлж авсан. Одоог хүртэл энэ мөнгөнөөс төлөөгүй байна.

10. 2016 оны 4 дүгээр сарын 16-нд 500,000 төгрөг З.Маас бэлнээр зээлж явсан. Миний хүү болох Г.Билгүүнийг магистрт сургаж өгөх хүнтэй уулзахад хэрэглэнэ гэж бэлнээр авч явсан. Үүнээс одоо хүртэл мөнгө төлөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 29-нд миний хүү Г.Билгүүнийг гадаадад магистрт сургаж өгөх сургуульд оруулах хүнтэй хоолонд орох хэрэгтэй гээд Ч.Лхагвасүрэн гэх хүний 5721340022 тоот дансаар 255,000 төгрөг авснаа төлөөгүй, 2016 оны 4 дүгээр сарын 29-нд 5721177021 тоот дансаар 150,000 төгрөг авснаа төлөөгүй, 2016 оны 5 дугаар сарын 4-нд 5721320719 тоот дансаар кредитийн зөрүү гээд 210,000 төгрөг авснаа төлөөгүй, Б.Батболд буюу Б.Мгийн төрсөн дүүгийн данс байсан 2016 оны 5 дугаар сарын 06-нд Цэцэгжаргалын 5042217952 тоот дансаар 960,000 төгрөг кредитийн зөрүү гэж авсан мөнгийг төлөөгүй, 2016 оны 6 дугаар сарын 16-нд Энхжаргалын 5041078097 тоот дансаар 1,360,000 төгрөг шилжүүлж авснаа одоо болтол төлөөгүй, 2016 оны 5 дугаар сарын 13-нд Ч.Ганхэт Б.Мгийн том хүүгийн дансаар 200,000 төгрөг авсан төлөөгүй, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 5920121058 тоот дансаар 250,000 төгрөг авснаа төлөөгүй, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5920121058 тоот дансаар 26,000 төгрөг ромбо дипломын мөнгө авснаа төлөөгүй, Б.Мд З.М нь 139,000 төгрөгийг бэлнээр авсан мөнгөө одоог болтол төлөөгүй, 2016 оны 7 дугаар сарын 10-нд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шатахуун түгээх станц дээр 650,000 төгрөг нөхөр хүүхдийнхээ хамт приус машинтай ирж Б.М миний хүү болох Г.Билгүүнээс бэлнээр авсан одоог болтол төлөөгүй байна. Мөн Б.М нь миний хүү Г.Билгүүнийг гадаадад магистрт сургалтад хамруулж өгнө гээд авсан нийт 4,700,000 төгрөгийг төлөөгүй байна.

11. Ингээд “Хас банк” ХХК-аас зээлж авсан 36,600,000 төгрөгөөс Б.Мд З.М 12,000,000 төгрөгийг зээлүүлээд үлдсэн 24,600,000 төгрөгийг Б.Мгийн 3.Маар дамжуулан зээлж авсан өрнүүдээ төлүүлэхээр үлдээсэн 2016 оны 8 дугаар сарын 15-нд доорх хүмүүст Б.Мгийн авсан өрийг төлж барагдуулсан болно.

2016 оны 7 дугаар сарын 26-нд Зулбаяр дүүгээс 5,000,000 төгрөг авч Б.Мд бэлнээр өгсөн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 15-нд З.М миний нэр дээр гарсан зээлээс 5,500,000 төгрөг төлүүлсэн одоог хүртэл энэ мөнгийг төлөөгүй, 2016 оны 4 дүгээр сарын 08-нд дүү Аагийгаас 10,000,000 төгрөгийг З.М өөрийн 5721171233 тоот дансаар дамжуулан зээлж авч Б.Мд бэлнээр зээлүүлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 15-нд З.М миний нэр дээр гарсан зээлээс 10,500,000 төгрөгийг Аагийгийн төрсөн эгч болох Оюунтунгалагийн 5075327682 тоот дансаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтыг нотлох баримтаар өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 13-нд Т.Гын хадгаламжийг барьцаалуулж зээл авхуулаад Б.Мд зээлүүлсэн мөнгийг 2016 оны 8 сарын 15-нд эргүүлэн “Хас банк” ХХК-аас З.Мы нэр дээр гарсан зээлээс төлсөн банкны хуулгыг нотлох баримтаар өгсөн, 2016 оны 3 дугаар сарын 23-нд 1,000,000 төгрөг, мөн 2016 оны 3 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөгийг “Арвай” ломбардаас тус тус зээлж авч Б.Мд бэлнээр зээлүүлж энэ өрийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр З.Мы нэр дээр гарсан зээлээс төлүүлсэн, 2016 оны 6 дугаар сарын 12-нд найз Нансалмаагаас 2,000,000 төгрөг авч Б.Мд бэлэн зээлүүлснийг 2016 оны 8 дугаар сарын 15-нд З.Мы нэр дээр гарсан зээлээс төлүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 17-нд Сүндалай дүүгээс 1,000,000 төгрөгийг зээлж авч Б.Мд зээлүүлсэн. Уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 15-нд З.Мы нэр дээр гарсан зээлээс төлүүлсэн. Б.М нь байраа шилжүүлж гаргуулсан зээлээс төлөөгүй бөгөөд байраа дүр үзүүлсэн хэлцэл гээд буцаагаад авсан тул З.М, Т.Г нар нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Хас банк” ХХК-аас Бизнесийн зээлээр 36,600,000 төгрөгийн зээл авч Б.Мд 12,000,000 төгрөг бэлнээр өгч явуулсан. Б.Мгийн авч явсан 12,000,000 төгрөгийг авах шийдвэр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/01275 тоот шийдвэрээр гарсан тул үлдэгдэл 24,600,000 төгрөг дээр 2017 оны 01 дүгээр сарын 09-нд “Хас банк” ХХК-аас зээл гарснаас хойш 4 сар 24 хоногийн дараа З.М эгчид 15,616,000 төгрөгийн үлдэгдэл өртэй гэдгээ өөрийн гараар бичиж хурууны хээгээрээ баталгаажуулсан мөнгийг нэмээд 40,216,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Би тухайн үед хотод ажилтай байсан тул энэ талаар огт мэдээгүй. Гэнэт Хас банкны хүмүүс дэлгүүрт орж ирээд зураг дарсан. Тухайн үед гайхаад эхнэрээсээ асуутал болсон зүйлийн талаар хэлсэн. Б.М нь 3 өрөө байрны эзэмшлийг шилжүүлж, эхнэр зээл авч өгсөн байсан. Тэгээд удахгүй гадаадаас санхүүжилт орж ирэхээр байраа чөлөөлж авна гэж хэлсэн байсан. Б.М банканд зээлтэй байсан тул дахин зээл гарахгүй тул байраа барьцаанд тавиулж, манай эхнэрээр нийт 36,600,000 төгрөгийн зээл авхуулсан байсан. Үүнээс 12,000,000 төгрөгийг өөрөө авсан. 2016 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сарын хүүг Б.М өөрөө 100 хувь төлсөн. Он гарсны дараа Хас банкны хүмүүс манай гэрт ирээд зээл төлөх талаар сануулсан. Тэр өдөр би Б.Мгийн Дивизийн байранд очиход нөхөртэйгөө хамт байсан. Би тухайн өдөр Б.М болон түүний нөхрийн машинд нь суугаад хот руу явсан. Хан-Уул дүүрэгт очоод машинаасаа буугаад мөнгө аваад хүрч ирсэн. Тэгээд тэр өдрөө зээлээ төлсөн. Би тэр үеэс л хуурч байсныг нь мэдсэн. Би З.Мы ах, дүү хамаатан саданд нь эгч чинь хүнд залилуулсан байна. Банканд их хэмжээний өндөр хүү сар болгон төлж байна гэж хэлээд ах, дүүгээс нь тусламж хүсэж, 28,000,000 төгрөгийг зээлж, банкнаас байрны ордерыг чөлөөлж авсан. Б.М 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр над руу банк нь дээр зээлийн хүүгээ төлөх гээд очтол та 28,000,000 төгрөгийг төлсөн байна. Яах гэж төлсөн юм бэ? гэж хэлэхээр нь би банкны хүүг зогсоосон. Чи банканд төлөх мөнгөө надад төлж, өрнөөсөө хасуулаарай гэж хэлсэн. Намайг банканд мөнгө төлсөн цагаас эхлэн Б.М ямар ч холбоогүй болсон. Сүүлд нь дүр эсгэсэн, хуурамч хэлцэл байсан гэж хэлээд байраа буцаагаад авчихсан. Намайг тухайн байрыг зарахаар хүнд харуулж байгаарай гэж хэлээд байрны 1 ширхэг түлхүүрийг өгсөн. Бид нар зээлдүүлсэн мөнгөө олж авахын тулд байрыг нь худалдан авч, гэрээ хийж, нотариатаар батлуулсан” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энд үндэслэлгүйгээр хөрөнгөжих агуулга байхгүй. Иргэний эрх зүй нь бусад салбар эрх зүйгээс онцлогтой. Хэргийн оролцогч нотлох баримтыг өөрөө гаргаж өгдөг. Б.М өнөөдөр мөнгө төлсөн гэж ярьж байна. Мөнгө төлсөн талаар ямар нотлох баримт байгаа вэ? энэ талаар баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөхөөр заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар заасан. З.М харин нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа.

Нэхэмжлэл нь 2 хэсэгт хуваагдаж байгаа.

Нэгт: Зээлж авсан 15,616,000 төгрөгийг гаргуулах,

Хоёрт: “Хас банк” ХХК-аас авсан зээл 36,600,000 төгрөгийн 24,600,000 төгрөгийг  гаргуулах,

З.М, Т.Г нар “Хас банк” ХХК-аас 36,600,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Хүү нь 28,800,000 төгрөг. Гэтэл Б.М ямар зорилготой банкны хүүгээс төлсөн юм бэ? Өөрөөр хэлбэл зээлийн үүргээ батлан дааж байсан нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна” гэжээ. 

Хариуцагч Б.Мгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...З.М эгчийн охин Монгол Улсын Боловсролын Их Сургуульд сурч байх явцдаа 1 хичээлийн шалгалтад унаж, жилийн чөлөө авах гэж байхад нь таньдаг хүнээрээ яриулж, жилийн чөлөө авахуулаагүй. Би 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр З.М эгчээс 1,500,000 төгрөгийг авсан. Тухайн мөнгийг Хандаа, Болороо гэх хүнээс зээлсэн талаар хэлж байсан. Би 2016 оны 6 дугаар сараас хойш З.М эгчтэй ямар ч холбоо тогтоогоогүй. Байр шилжих болсон шалтгааны тухайд: Би 5 дугаар сургуульд багшаар ажиллаж байхдаа хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан. Тухайн үед намайг цагийн багшаар ажиллуулах хуваарь гаргасан байхаар нь ажлаас гарах талаар хүсэлтээ өгсөн. Тэгээд З.М эгч дээр очоод намайг цагийн багшаар ажиллуулахаар болсон тул би ажлаасаа гарч, хувийн цэцэрлэгээ ажиллуулах болсон талаар хэлсэн. Тэр үед З.М эгч ямар ч барьцаа байхгүй болохоор чиний байрыг би өөр лүүгээ шилжүүлээд банкнаас зээл авч, нэг талд өртэй байя гэсэн саналыг гаргасан. Тэр саналыг нь би хүлээн зөвшөөрсөн. Т.Г ах энэ талаар огт мэдээгүй. Энэ байр яагаад Т.Г ахын нэр дээр шилжих болсон бэ? гэвэл зээл авах зорилготой байсан. Би Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Т.Г ахын гэрийг битүүмжилнэ гэхээс айсан. Учир нь зарим мөнгийг нь хүүтэй өгчихөөд, зарим мөнгийг нь өгөөгүй байсан. Би З.М эгчийн яриад байгаа тамгатай бичгийг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, банканд мөнгө төлж байх явцдаа байраа алдвал гомдолгүй талаар бичиж өгсөн. Би 4 дүгээр сар, 5 дугаар сарын мөнгийг төлсөн. Дараа нь банканд зээлээ төлөх гээд очтол зээлийг төлсөн байсан. Цэцэгээ захирал З.М эгчтэй чи Б.Мгийн байрыг худалдаж авах гэж байгаа юм уу? гэхэд нь З.М эгч тийм, худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн байсан. Би зээлсэн мөнгөө дандаа хүүтэй нь хамт буцааж өгсөн. Би 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийг авсан. Гэхдээ буцаагаад Г.Билгүүний дансанд 600,000 төгрөг, Хандаа, Болороо гэх хүмүүст зээлийн хүү 250,000 төгрөг, 325,000 төгрөг, нийт 575,000 төгрөг өгсөн. Мөн 1,750,000 төгрөгийг авсан талаар ярьж байна. Би 70,300 төгрөгийг буцааж өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлж аваад 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүтэй нь 3,920,000 төгрөгийг өгсөн. Би зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт төлсөн. Ээжээс нь мөнгө авсан гэж ярьж байна. Бид хоёр хамт байх үедээ мөнгө аваагүй талаар гарын үсгээ зурсан. Дэлгүүрээс 706,500 төгрөгийн бараа зээлээр авсан талаар ярьж байна. Би 255,000 төгрөгийн бараа зээлээр авсан. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 156,000 төгрөгийг авсан. Энэ талаар санал нийлж байна. Би зээлийн хүүтэй нь 255,840 төгрөгийг төлсөн. 2016 оны 4 дүгээр сард Аагий гэх хүнээс 8,000,000 төгрөг авсан. Энэ талаар санал нэг байна. З.М эгчийн хүүхэд нь Техникийн Их сургуулийг төгсөж чадаагүй. Би 500,000 төгрөг, 255,000 төгрөг, 155,000 төгрөг, 210,000 төгрөг, 920,000 төгрөг, 26,000 төгрөг, 650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би 3,260,000 төгрөг мөн Багшийн Хөгжлийн Ордонд байхдаа 1,500,000 төгрөгийг таны данс руу шилжүүлсэн. Би Энхжаргал гэх хүнийг огт танихгүй. Намайг 5 дугаар сургуульд ажилтай байхад миний машиныг авч явсан. Тэр өдөр цэцэрлэгийн санхүүжилт 1,850,000 төгрөг дансанд орсон. Би танаас машинаа авахын тулд 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг та Энхжаргалын дансанд шилжүүлсэн. Хүмүүн цогцолбор сургуулийн урд 0065 улсын дугаартай машин унаж явах үед 680,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 11 дүгээр сарын 11-ний өдөр 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 21,465,300 төгрөг, “Хас банк” ХХК-ийн 322,000 төгрөгийг өгсөн. Байрнаас албадан чөлөөлүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сард өгсөн. Би З.М эгчээс зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт төлсөн. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зулбаяраас 5,000,000 төгрөгийг авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр /5,500,000 төгрөг/ болгож, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дүү Аваргасүрэнгээс 8,000,000 төгрөгийг авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр /10,500,000 төгрөг/ болгож, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг “Арвай” ломбардаас авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг /Б.Мгийн сургуулийн гадаа очиж авсан 680,000 төгрөгийг зээлийн хүүд/, тооцож, 2016 оны 3 дугаар сард Нансалмаа гэх найзаас 2,000,000 төгрөгийг авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг /хүүгүй/, 2016 оны 4 дүгээр сард Сүндалайгаас 1,000,000 төгрөгийг авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг 1,157,000 төгрөг болгож /Хас банкнаас авсан мөнгөний 24,600,000 төгрөгт хамааралгүй 157,000 төгрөгийг өгсөн/, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.Гоос 3,600,000 төгрөгийг авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,600,000 төгрөг, нийт 21,465,300 төгрөгийг төлсөн” гэжээ.       

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг харахад 24,600,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг нэгтгэж, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хэргээс харахад өөр харилцаа явагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т: “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэж заасан. Гэтэл энэ талаар нотлох ямар ч баримт байхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан. Энэ талаар бас нотлох баримт байхгүй байна. Үүнийг би нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гэж ойлгож байна. Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад 24,600,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг хэмээн нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Хэлцлийг амаар болон бичгээр хийж болно гэж Б.Баярмагнай өмгөөлөгч хэлж байна. Гэтэл хүүтэй зээлийн гэрээг аман хэлбэрээр хийхгүй. Банкнаас 36,000,000 төгрөгийн зээлийг авч, Б.М 24,000,000 төгрөгийг аваагүй. Зээлдэгч нь хэн болох нь тодорхой байна. Гэтэл яагаад Б.М зээлийн гэрээний үүрэг хүлээх ёстой юм бэ? Үүргээс үүрэг шилжсэн талаар ярьж байна. Хэрэв үүргээс үүрэг шилжсэн юм бол Б.М дахин үүргийн гэрээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулсан талаар нотлох баримт байх ёстой. 15,000,000 төгрөгийн тухайд зээлийн гэрээ гэж үзэж болох боловч дотроо мөн заагтай. Үүнд дэлгүүрээс авсан зээлийн талаар ямар ч хангалттай нотлох баримт байхгүй байна. Мөн баталгаа өгсөн талаар ярьж байна. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан. Иймд энэ талаар шүүх шийдэх боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8,670,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

4.Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Барын Мгөөс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 275,700 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 15,340,300 төгрөг нийт 15,616,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.М, Т.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Барын Мгөөс 236,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.М, Т.Г нарт олгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Г, З.М нарын гаргасан тайлбарын агуулга: “... Нэхэмжлэгч З.М нарын нэхэмжлэлтай хариуцагч Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.216.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 24.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс "... харин 2016.8.15-ны өдрийн дугаар бүхий зээлийн гэрээгээр "Хас банк" ХХК-аас нэхэмжлэгч нар нь 36.600.000 төгрөгийн зээл авсан асуудал нь зээлийн тусдаа харилцаа байх ба” гэж үндэслэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын "Хас банк" ХХК-аас авсан зээлийг энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хууль зүйн фактад огт хамааралгүй өөр харилцаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.М нь нэхэмжлэгч нартай тооцоо нийлээд үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй байдал үүссэн бөгөөд өөрийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 21-р байрны 4-56 тоот орон сууцыг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэн "Хас банк" ХХК-аас 36.600.000 төгрөгийн зээл авхуулсан байдаг. Ингээд зээл гарсан өдрөө нэхэмжлэгч нь 12 сая төгрөгийг хариуцагчид өгөөд бусад мөнгийг нэр бүхий хүмүүст өгч зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэдэгт зохигчдын хэн аль нь маргадаггүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарын 2016 оны 8 сарын 15-ны өдөр "Хас банк" ХХК-аас авсан 36.600.000 төгрөгийн зээл нь энэхүү маргаанд огт хамааралгүй өөр төрлийн харилцаа биш гэдэг нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагч Б.М нь 2016 оны 8 сарын 15-ны өдөр "Хас банк" ХХК-аас авсан 36.600.000 төгрөгийг өөрийн төлөх ёстой төлбөр хэмээн нэхэмжлэгч нартай хэлцэл хийн тохирч Хас банканд зээлийн хүүг тодорхой хугацаанд төлж байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Тодруулбал хариуцагч Б.М нь 2016.08.15-ны өдөр "Хас банк" ХХК-аас авсан 36.600 000 төгрөгийг хүүг 2016 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад төлж байсан талаарх баримт нь хэрэгт байдаг бөгөөд үүнээс үзэхэд дээрх зээлийн харилцаанд хариуцагч Б.М нь огт хамааралгүй өөр төрлийн харилаа гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл эргэлзээтэй байна. Хариуцагч Б.М нь 2017 оны 01 сараас эхлэн зээлийн хүүг төлөхгүй байсан бөгөөд банкны зүгээс гэрээний дагуу нэхэмжлэгчийн барьцаалсан хөрөнгө болох хүнсний дэлгүүрт ирж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийж эхэлмэгц нэхэмжлэгч Т.Г нь бусдаас 28 сая төгрөг зээлж 2016 оны 8 сарын 15-ны өдөр "Хас банк" ХХК-аас авсан 36.600.000 төгрөгийг зээлийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Хариуцагч Б.М нь мөн л хэлцлээр хүлээсэн үүргээ давтан зөрчиж 2016 оны 8 сарын 15-ны өдрийн №1300015592 дугаартай зээлийн харилцаанд хүндрэл үүссэн тул арга буюу уг зээлийг эрсдэл багатай хувилбараар төлж барагдуулсан нэхэмжлэгч Т.Гын үйлдэлд анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 24.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах талаар шийдвэрлэж өгнө үү гэв.

6.Хариуцагч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: З.М бид хоёрын хооронд мөнгө зээлсэн гэрээ байхгүй. Би удаа дараагийн зээлээс нийт 25.000.000 төгрөг зээлж аваад одоо 4.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг өмнө шүүх хуралдаан дээр ярьсан. Би З.Маас 4-10 хувийн хүүтэй мөнгө зээлээд төлж байсан. Мөн хүүнээс хүү бодож авсан. Би нийт 21.465.000 төгрөг төлсөн. Иймд 24,600,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс 15.616.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах санал тавьсан. Би одоо энэ маргаанаас залхаж байгаа тул шийдвэрийг зөвшөөрч гомдол гаргаагүй. Одоо энэ талаар маргах зүйлгүй гэв.

7.Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч нар 40.216.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 24.600.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн харилцаа гэж үзэх боломжгүй юм. Учир нь энэ зээлийг Хас банкнаас З.М, Т.Г нар авсан болохоос Б.М аваагүй. 36.600.000 төгрөгийн зээл авсныхаа оронд байрыг нь барьцаанд авсан мэтээр яриад байна. Тус байр 68.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан байхад 36.600.000 төгрөгөөр авна гээд үлдэгдэл 24.600.000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. 24.000.000 төгрөгийг төлөхдөө бусдаас зээл авч Б.Мд өгсөн мэтээр тайлбарлаж байгаа боловч шууд тэр хүмүүсээс өөрөө авсан байдаг. Зээлийн үүргийн харилцаа бус эрх зүйн харилцааны хувьд өөр чиглэлээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй юм. Нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа ойлгомжгүй байхад шүүх 24.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Хавтаст хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын хооронд 12 удаагийн үйлдлээр зээл өгсөн харилцаа харагдаж байгаа. Гэтэл энэ хугацаанд нэг гэрээ хийж зээл олгоогүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Тэгэхээр энэ зээлийг хэдий хугацаанд өгөхөөр тохирсон, хэдий хугацаанд зээлж авсан талаар хэрэгт харагдаж байгаа. Одоо маргалдаж байгаа 24.600.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд байх баталгааг үндэслэсэн. Энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, канондсон хувийг шүүхэд гаргаж өгсөн байсан. Тооцоо нийлсэн шүүхэд өгсөн баталгаа гэсэн баримтад Б.Мгийн гарын үсэг зурсан бичгийн хэв, балны өнгө өөр байгаа, 15.616.000 төгрөг гэснийг өөр балаар бичсэн баримтыг шүүх хүлээн зөвшөөрсөн мэтээр ойлгож шийдвэрлэсэн нь буруу. Уг бичвэр дээр З.М гарын үсэг зураагүй тул хоёр талын хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг байгаа гэж хэлээд байгаа боловч шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн хоёр талыг яриулаад шууд үлдэгдэл зээлийн төлбөрийг тооцож гаргасан нь буруу. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг үзэх ёстой. З.М нь Цагдаагийн байгууллагад залилангийн гэмт хэрэг үйлдсэн гээд миний үйлчлүүлэгчид холбогдуулж өргөдөл гаргасан. 2017 онд прокуророос тогтоол гарч иргэд хоорондын маргаан байна гээд шийдвэрлэсэн тул тэр үеэс миний эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэгч мэдэх ёстой. Тэгэхээр шаардах эрх нь 2017 онд үүсэж байна. Гэтэл прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, мөн шүүхэд хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй. 2021 он хүртэл гэрээний гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаагүй харин байрнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ч хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах дүгнэлтийг хийж залруулах боломжтой гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч З.М, Т.Г нар худалдах худалдан авах болон зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 40,216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн үндэслэлээр дэмжсэн.

Хариуцагч Б.М Хас банкнаас авсан зээлээс 24,600,000 төгрөг аваагүй. Харин дэлгүүрээс авсан барааны төлбөрт 275,700 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 4,478,000 төгрөг төлнө, бусад зээлийг хүүгийн хамт төлсөн гэж маргасан.

3.Худалдах худалдан авах гэрээний талаар:

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 580,700 төгрөгийн шаардлагаа багасгаж 275,700 төгрөг шаардсан.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т зааснаар 3 жил байна.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар 275,700 төгрөгийн барааг хариуцагч Б.Мд хүлээлгэж өгсөн нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн бичгийн баримтаар тогтоогдсон. /хх-51/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа ч хариуцагч Б.М төлөхөөр зөвшөөрсөн тул 275,700 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэв.

4.Зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой үйл баримтын талаар үнэлбэл:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үүргийн дараалал болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч З.М, Т.Г нар 39,940,300 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Б.М зээлийг буцаан төлсөн болохоо баримтаар нотлох нотолгооны үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч тал 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ч.Лхагвасүрэнгийн 5721340022 тоот дансаар 255,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5721177021 тоот дансаар 150,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Батболдын 5721320719 тоот дансаар 210,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Цэцэгжаргалын 5042217952 тоот дансаар 960,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Энхжаргалын 5041078097 тоот дансаар 1,360,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ч.Ганхэтийн 5920121058 тоот  дансаар 200,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 250,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 26,000 төгрөгийг шилжүүлсэн “ХААН банк” ХХК-ийн дансны хуулга хэрэгт авагдсан.

Хариуцагч тал нэхэмжлэгч нараас бэлнээр 139,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 650,000 төгрөг, Нансалмаагаас 2016 оны 3 дугаар сард 2,000,000 төгрөг, “Арвай” ломбардаас 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, Аваргасүрэнгээс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг, Сүндалайгаас 2016 оны 4 дүгээр сард 1,000,000 төгрөг, Зулбаяраас 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, Т.Гоос 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3,600,000 төгрөг авсан талаар маргаагүй. Харин хүүгийн хамт буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар хариуцагч Б.М болон хамтран өмчлөгч Э.Мөнхбаатар, М.Шинэбаяр, М.Ганхэт нартай 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар баг, 21-4-56 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан.

Нэхэмжлэгч  З.М, Т.Г нар “Хас банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, 36,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авч, хариуцагч Б.Мд 12,000,000 төгрөг өгсөн.

Хариуцагч Б.М “Хас банк” ХХК-аас авсан зээлийн төлбөрөөс 2016 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын хүү нийт 4,237,638.85 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 28,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөгийг “Хас банк” ХХК-нд төлж зээлийн гэрээг дуусгавар болгосон.

 Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлж /5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг авсан, 9 дүгээр сарын 22-ны өдөр 1,750,000 төгрөг авсан, дэлгүүрээс 70,300 төгрөг авсан, банк бусаас 174,100 төгрөг авсан, М эгчээс 3,920,000 төгрөг авсан, 10 дугаар сарын 22-ны өдөр 305,000 төгрөг авсан, 10 дугаар сарын 15-ны өдөр М эгчийн ээжээс 1,500,000 төгрөг авсан, 10 дугаар сарын 13-ны өдөр дэлгүүрээс 57,600 төгрөг авсан, 01 дүгээр сарын 16-ны өдөр 255,840  төгрөг авсан, 10 дугаар сарын 13-ны өдөр цэцэрлэгийн түрээс мөнгө 768,960 төгрөг авсан, 10 дугаар сарын 29-ний өдөр 1,233,500 төгрөг авсан, 3 дугаар сарын 23-ны өдөр 1,430,000 төгрөг авсан, 3 дугаар сарын 30-ны өдөр 1,051,000 төгрөг авсан, 4 дүгээр сард 2,000,000 төгрөг авсан, дэлгүүрээс 147,800 төгрөг авсан, 4 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 22-ны өдөр 720,000 төгрөг, 6 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 1,500,000 төгрөг/= нийт 26,416,100 төгрөгөөс 10,800,000 төгрөг төлсөн 15,616,100 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн баримт үйлдсэн.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар Төв аймгийн Цагдаагийн газарт 24,600,000 төгрөгийн талаар Б.Мд холбогдуулан гомдол гаргасныг Төв аймгийн прокурорын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/01275 дугаар шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 223/МА2020/00024 дугаар магадлалаар “...2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймаг Зуунмод 5 дугаар баг 21-4-56 тоот хаягт байрлах 37 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.М, Т.Г нарын 2 хүний өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг Б.М, Э.Мөнхбаатар, М.Ганхэт, М.Шинэбаяр нарын 4 хүний өмчлөлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч Б.М, Э.Мөнхбаатар нараас 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.М, Т.Г нарт буцаан олгож...” гэж шийдвэрлэсэн.

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мд холбогдох 201719000073 тоот эрүүгийн хэрэгт хохирогчоор З.М, Т.Г нар бус Ч.Цэцгээ тогтоогдсон байх ба эрүүгийн хэрэгт гэрчээр Л.Сүндалай, Ч.Доржгочоо, Р.Зулбаяр нарыг асуусан бичгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан.

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 49, 50 дугаар хуудсанд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан шаардлагыг хангаагүй байгаа тул нотлох баримтад тооцож дүгнэх боломжгүй байна.

5.Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хуульд нийцсэн байгаа ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн үеэс эхлэн шаардах эрх үүсэх ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.

Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан журмын дагуу тоолно.

6.Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй байх тул нэхэмжлэгч З.М, Т.Г нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй.

Харин хариуцагч Б.М зээлийн гэрээний үүргээ шаардснаас хойш нэг сарын дотор биелүүлэх үүргийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д заасны дагуу хүлээнэ.

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлснээс хойш 15,340,300 төгрөгт холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж үзэхэд хуулийн хугацаа өнгөрсөн байна.

7.Нэхэмжлэгч З.М, Т.Г нар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох дүр үзүүлсэн гэрээг мэдсээр байж хариуцагч Б.Мтэй байгуулж, Төв аймаг Зуунмод 5 дугаар баг 21-4-56 тоот орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр тогтоогдож, 12,000,000 төгрөгийг хариуцагч Б.М-д буцааж олгосон байна.

Иймд нэхэмжлэгч З.М, Т.Г нар шүүхийн шийдвэрээс эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч З.М, Т.Г нар 24,600,000 төгрөгийн талаар Б.Мд холбогдуулан гаргасан гомдлыг Төв аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, мөн өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

8.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д зааснаар хариуцагч Б.М нь нэхэмжлэгч З.М, Т.Г нарын өмнө хүлээсэн 39,940,300 төгрөгийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ч 15,340,300 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шүүх хуралдааны шатанд энэ талаар маргахгүй болохоо тайлбарласан тул давж заалдах шатны шүүх диспозитив зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхив.

9.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/01355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч З.Мы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,000 /хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС