| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0577/Э |
| Дугаар | 596 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Э-гийн С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 2219 0639 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Соёлмаа, хохирогч Д.Б, шүүгдэгч Э.С нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.С нь 2018 оны 09 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” цогцолборт хамт ажиллаж байсан хамгаалагч Д.Б-тай “миний оронд түр гарч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хувцас солих өрөөнд түүний хамар руу толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно. Би бүрэн дунд боловсролтой, бичиг, үсэг мэднэ. 2018 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө би З цогцолборт Д.Б-ын хамт хамгаалалтанд гарч байсан. Би 7 дугаар давхарт, Д.Б 8 дугаар давхарт зогсдог байсан болохоор бид хоёр үе үе ээлжилж унтдаг байсан ба би дандаа Д.Б-ыг түрүүлж унтуулдаг байсан. Тухайн өдөр би ядарсан байсан учир “түрүүлж унтмаар байна” гэж гуйхад “үгүй” гэхээр нь би “за за” гээд цаашаа харж суусан. Тэгэхэд Д.Б миний араас ирж өдөж намайг түлхсэн. Би босож ирээд бид хоёр маргалдахад “камергүй өрөөнд орж зодолдъё” гэхээр нь хувцас солих өрөө лүү хамт орсон. Д.Б хувцасаа тайлаад түрүүлж над руу дайрсан. Тэгэхээр нь би гартаа юм барьсан байсан болохоор өөрийгөө хамгаалж мөргөсөн. Хэрэг болох үед Д.Б, В.Д нар байсан.
Маргааш нь тэмцээнтэй байсан ба би спортын бүх төрөлд нь орж байсан тул миний оронд 1-2 цаг суугаад өгөөч гэхэд үгүй гэсэн. Тэгээд эргэж хараад сууж байтал Д.Б миний араас түлхсэн. Тэгээд энэ хэрэг гарсан. Тэмцээнийг манай байгууллагын харуул хамгаалалтын алба зохион байгуулсан. Би 24 цаг ажиллаад 48 цаг амардаг. Д.Б “цаашид хагалгаа хийлгэнэ” гэхээр нь эмчилгээний зардлыг нь нэг мөр төлье гэж бодоод төлөөгүй байгаа.
Хохирогч надаас 330.000 төгрөг нэхэмжилсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хувийн эмнэлэгт хагалгаа хийлгэнэ гэх 1.200.000 төгрөгийг төлж чадахгүй. Харин улсын эмнэлэгт хагалгаанд орвол би хагалгааны зардалд 600.000 төгрөгийг төлж барагдуулна. Тухайн үед асуудлыг эвээр шийдвэрлэх боломжтой байсан, миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Э.С бид хоёр цуг ажиллаж байсан. Урьд өмнө нь ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан гарч байгаагүй. Тухайн өдрийн маргааш нь тэмцээнтэй байсан болохоор “хэн нь эхэлж унтах вэ” гэсэн асуудлаас болж маргалдсан. Би “камергүй өрөөнд орж зодолдъё” гэж хэлээгүй. Маргалдаж зодолдож байхыг дарга нар харвал асуудал болно, хэн хэнд маань ажил хэрэгтэй гээд хувцас солих өрөөнд орсон. Хувцас солих өрөөнд уурандаа харилцан заамдалцсан. Би хувцасаа тайлаад эргээд хартал намайг мөргөсөн. Тэгээд би “ажлын хувцас муухай болчихно” гээд хувцасаа тайлсан юм. Э.С хувцасаа тайлаагүй. Тэгээд би цагдаа дуудаж гомдол гаргасан. Маргааш нь эхнэртэйгээ хамт Э.С-тай уулзахад “би ч гэсэн хамарны хагалгаанд орж байсан, манай таньдаг эмчид очоод янзлуулья” гээд уучлалт гуйхаар нь “за” гээд гар бариад салсан. Гэтэл тэр өдрөөс хойш дахиж холбоо бариагүй, сураггүй байгаа, уулзаж ярьсан зүйл байхгүй.
Би хувийн эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч төлбөр хөлс нь үнэтэй байсан болохоор улсын эмнэлэгт очер дугаар авч, хүлээж байгаад хамрын гадна талын хугарал мурийлт засах мэс засалд орсон. Энэ гэмтэл эдгэрсний дагаа хамрын таславчийн мурийлтыг заавал хагалгаанд орж янзлуулах шаардлагатай гэж эмч хэлсэн. Тэгээд би хамрын зураг авахуулах, эмчийн бичсэн жорын дагуу эм тариа авах, эмчид үзүүлэх зөвлөгөө авах зэргээр нийт 330.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Энэ талаарх баримтуудаа бүгдийг нь гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан байгаа. Хамрын зураг 120.000 төгрөг, эмчилгээ үйлчилгээ 120.000 төгрөг, эмчийн үзлэг 20.000 төгрөг, улсын 1 дүгээр эмнэлэгт үзлэг хийлгэхэд 16.000 төгрөг зэргээр тус тус зарцуулсан.
Би ажлынхаа даргатай уулзахад “ажлыг чинь одоогийн байдлаар түдгэлзүүлсэн байгаа, асуудлаа шийдвэрлүүлчихээд ажилдаа ороорой” гэсэн. Цаашид хамрын таславчийн муруйлт засах хагалгаа нь улсын эмнэлэгт 600.000 төгрөг, хувийн эмнэлэгт 1.200.000 төгрөгийн үнэ хөлстэй байдаг юм байна. Эмнэлгийн зүгээс хамрын хагалгаанд орсоны дараа баримтыг гаргаж өгнө гэсэн учир цаашид гарах эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг нэхэмжилж байна. Манай гэр бүлийн хүн хүүхдээ хараад гэртээ байдаг тул би өөрөө хагалгааны зардлаа төлөх боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2219 0639 дугаартай хэргээс:
1. Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” цогцолборт хамгаалагчаар ажилласан. Хамгаалагч нар өдөр өдрөө даагаад 24 цагаар ажилладаг. Ингээд хамгаалалтанд гарч байхад 00:30 минутын үед би “З” цогцолборын 2 давхарт явж байхдаа хамт хамгаалагчаар гарч ажиллаж байсан Стай коридорт таарсан. С намайг “чи миний оронд 7 давхарт түр гараад өгчихөөч” гэсэн. Тэгэхээр нь би “чадахгүй завгүй байна, байж байгаад болъё” гэхэд С уурлаад “ганц гуйж байхад заяагүй, арчаагүй юм” гэсэн. Би “ер нь чиний оронд гарах албагүй ш дээ. Өөр өөрийн хариуцсан газар дээрээ гарч ажиллая” гээд хоорондоо маргалдаад заамдалцаж авсан. Ингэхээр нь би хүн хараад янз бүрийн асуудалд орчих байх гэж бодоод “хоёулаа хувцас солих өрөөнд ороод учраа олчихъё” гээд хувцас солих өрөөнд хамтдаа орсон. Хувцас солих өрөөнд шинээр ажилд орсон Даваа гэх залуу байсан. Ингээд хувцас солих өрөөнд ороод С “чи гараад өгчихгүй арчаагүй пизда” гээд маргалдсан. Маргалдаж байтал С намайг заамдаад авахаар нь би урдаас нь тулсан чинь миний өмсөж байсан ажлын костюм, цамцыг үрчийлгэж, товчыг нь тасалсан. Тэгэхээр нь би “хувцас муухай болгочихлоо, хувцасаа тайлаадхъя” гээд пиджакаа тайлж байгаад эргээд хартал С намайг татаж ирээд хамар луу нэг удаа мөргөсөн. Тэгэхэд миний хамарнаас цус гарч, толгой манараад, дээд уруул язарсан байсан. Хамарнаас цус гарахаар нь би доошоо явган суусан. Тэгээд С бид хоёр дахиж муудалцаж, барьцалдалгүй салцгаасан. Би цусаа угааж тогтоогоод цагдаад дуудлага өгсөн.
Урьд өмнө нь С бид хоёр маргаж муудалцаж байгаагүй. Бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Бид хоёр энгийн эирийн хамт ажилладаг хүмүүс шиг мэнд устай, яриа хөөрөөтэй явдаг байсан. Тухайн үед зодуулсанаас болж миний хамрын яс цөмөрч, хажуу яс хугарсан, таславч мурийсан байсан. Тухайн үедээ хамар нүүрний орчим хэсэг хавдаж хөхөрсөн. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй.
С тухайн өдөр “З” цогцолборын 7 давхарын шилэн гүүрний хүн нэвтэрч орж гардаг хэсэг дээр хамгаалалтын ажил хийж байсан. Би 8 давхарт нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. ...Би эмчилгээний зардалд 325.850 төгрөгийг нэхэмжилж, баримтыг нь гаргаж өгсөн. Одоо би нэмж хамрын дотор талын таславчны мурийлтыг янзлуулах мэс засалд орно. Тэр хагалгаанд хэдэн төгрөг орохыг мэдэхгүй байна. Улсын 1 дүгээр эмнэлэгээр хамар ясны хугаралын хагалгаанд орж янзлуулсан. Энэ гэмтэл эдгэрсний дараа хамрын таславчны муруйлт тэгшлэх хагалгаанд орно. Одоогоор хохирол төлөгдсөн зүйл байхгүй. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х, 32х/,
2. Гэрч В.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны 08:30 минутаас 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 08:30 минут хүртэл шөнө “З” цогцолбор дээр манай ээлжийн 7 хамгаалагч нар хамгаалалт хийгээд ажиллаж байсан. Хамгаалагч нар ээлжинд хамт гарч байхдаа хоёр постныхоо дунд нэг нь хамгаалалт хийгээд нэг нэгээрээ ээлжлээд шөнийн цагтаа амардаг. Тухайн үед С уг цогцолборын 7 давхарт, Д.Б 8 давхарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад би “З” цогцолборын 2 давхарын F хоолны газрын коридор хэсэгт буйдан дээр сууж байхад манай ээлжийн хамгаалагч С ирж надтай уулзчихаад буцаад пост руугаа явах гэж байхад хамгаалагч Б ирж таарсан. ...С “би эхлээд жоохон унтаад нойр авчихья, Б чи хоёр постныхоо дунд явчих уу” гэсэн. Хариуд нь хамгаалагч Б юу гэж хэлснийг нь би сайн анзаарч сонсоогүй.
Тэгтэл С, Б хоорондоо маргалдаад 2 давхарт заамдалцаад авахаар нь би босож очоод салгасан. Хамгаалагч Б нь нилээн ууралчихсан “хоёулаа камергүй газар очъё” гээд С-г дагуулж яваад ажилчдын өрөөнд очсон. Тэр өрөөнд ороод С, Б хоёр заамдалцаж аваад С “би чамайг гуйхаар оронд чинь зогсдог биз дээ чи яасан их хуншгүй юм бэ” гэсэн утгатай үг хэлэхэд Б нь уурлаад хэрүүл маргаан хийгээд байсан. Яг юу юу гэж маргаж байсныг нь санахгүй байна. Заамдалцаж байхдаа С нь Б-ын хувцасыг үрчийлгэхэд нь Б “костюм урлаа, тайлчихъя” гээд заамдалцсан байснаа хоорондоо тавилцаж салаад Б гадуур костюмаа тайлчихаад эргээд С-тай маргаад зууралдаад авах гэхэд С Б-ыг хамар луу нэг удаа мөргөсөн. Мөргөхөд нь Б-ын хамарнаас цус гоожиж эхэлсэн. Тэгэхэд Б “чи хамар гэмтээчихлээ” гээд шууд утсаа гаргаад цагдаад дуудлага өгсөн. Ингээд Б нь цаас олж цусаа тогтоох гээд байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд хоёуланг нь аваад явсан.
Урьд өмнө нь Б, С хоёр маргаж, муудалцаж байсан зүйл миний мэдэхийн байхгүй. Тухайн өдөр С “би эхлээд жоохон унтаад нойр авчихья Б чи хоёр постныхоо дунд явчих уу” гэхэд нь Б “үгүй, чадахгүй” гээд хоорондоо маргалдсан. Ер нь хэн нь түрүүлж нойр авах вэ гэх асуудлаасаа болоод маргасан юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11373 дугаартай:
1. Д.Б-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 17х/,
4. Шүүгдэгч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны 08:30 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 08:30 минут хүртэл шилжих шөнө “З” цогцолбор хамгаалагчаар ажиллаж байсан. Би тухайн “З” цогцолборын 7 дугаар давхарт хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд шөнө 00:30 минутын үед юм уухаар 2 давхар луу бууж очсон. Тэнд Д хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд Д-той уулзаж ус уучихаад явах гэж байтал хамт тухайн шөнө хамгаалагчаар ажиллаж байсан Б хүрч ирсэн. Хамгаалагч нар ээлжинд гарч байхдаа ойрхон хоёр постны хамгаалагч нар хоорондоо ярьж байгаад нэг нэгээрээ ээлжлээд шөнийн цагтаа амардаг юм. Би Б-ыг ирэхээр нь “би түрүүлээд унтаад амарчихья, чи 7, 8 дугаар давхартаа хамгаалалтаа хийчих үү” гэхэд Б “чадахгүй гэхээр” нь би “чи яасан хогийн пизда вэ, чи дандаа түрүүлээ амардаг биздээ” гэхээр нь “сүртэй юм, чиний оронд би гардаг биздээ” гээд маргаж байгаад хоорондоо заамдалцсан.
Намайг сууж байхад Б түрүүлж ирээд заамдахад, би босож ирээд заамдалцсан. Ингээд Б камерийн доор зодолдоод яахав, камергүй газар очиж учраа олъё, чам шиг арван хүн байсан ч би ална гээд хэлэхээр нь салаад, хоёр давхарт байдаг хувцас солих өрөөнд очсон. Өрөөнд ороод Б бид хоёр дахиж заамдалцаж аваад, хоорондоо боолцсон. Ингэж байхад Б “байж бай хувцас үрчийгээд байна, хувцасаа тайлж байгаад хоёулаа зодолдъё гэхээр нь би зуурчихсан байснаа тавьсан. Тэгэхэд Б түрүүлээд хувцасаа тайлахаар нь би дагаад пиджакаа тайлж байхад Б хувцасаа түрүүлж тайлж дуусчихаад над руу дайраад ирэхээр нь Би Б-ын хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Бын хамарнаас цус гараад эхэлсэн бөгөөд бид хоёр дахиж зодолдоогүй. Б хамрынхаа цусыг карманаасаа нойлын цаас гаргаж ирээд арчиж байхдаа цагдаа руу утсаар залгаж дуудлага өгсөн. Ингээд цагдаа ирээд бид хоёрыг хэлтэс рүү аваад явсан.
Би урьд нь Б-тай маргаж муудалцаж, зодолдож, цохилцож байсан зүйлгүй. Би 2018 оны 07 дугаар сарын 18-наас ажилд орсон бөгөөд ажилд орохоос өмнө Б-ыг танидаггүй байсан. Намайг Б цохиж зодсон зүйл байхгүй. Надад учирсан гэмтэл шарх байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үнэлж, дүгнэсэн болно
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.С-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.С нь 2018 оны 09 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” цогцолборт хамт ажиллаж байсан хамгаалагч Д.Б-тай “би түрүүлээд унтаад амарчихья, чи 7, 8 дугаар давхартаа хамгаалалтаа хийчих үү” гэхэд Б “чадахгүй гэхээр” нь би “чи яасан хогийн пизда вэ, чи дандаа түрүүлж амардаг биздээ” гэхээр нь “сүртэй юм, чиний оронд би гардаг биздээ” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хувцас солих өрөөнд түүний хамар руу толгойгоороо мөргөж цохисноос, эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д.Б-ын мэдүүлэг /хэргийн 15х, шүүх хуралдааны тэмдэглэл/, ШШҮХ-ийн шинжээчийн “Д.Б-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11373 дугаартай дүгнэлт /хэргийн 17х/, шүүгдэгч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Д.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.С түүнийг толгойгоороо мөргөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.С нь хохирогч Д.Б-тай “миний оронд түр гарч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хувцас солих өрөөнд түүний хамар луу толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хэргийн шүүгдэгч Э.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.С-гийн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тухайн эрүүгийн хэргийн хувьд хохирогч Д.Б-ын биед учирсан “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх” гэмтэл нь гэмт хэргийн шууд хохирол, уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулнаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хэргийн хохирогч Д.Б-ын биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч нь учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ, сувилгааны зардалд зарцуулсан баримттай зардал болон цаашид хийлгэх хамрын хагалгааны зардалд шаардлагатай гэх 1.200.000 төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулах гомдлын шаардлага гаргасан.
Хохирогчоос өөрийн зарцуулсан эмчилгээний зардлын талаарх хэргийн 10-12 дугаар талд авагдсан баримттай зардал болох 326.050 төгрөгийг /гурван зуун хорин зургаан мянга тавин төгрөг/ шүүгдэгч Э.С-гаас гаргуулж, хохирогч Д.Б-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хохирогчоос цаашид хийлгэх эмчилгээний зардлын төлбөр гэх 1.200.000 төгрөгийн талаар хэрэгт баримт авагдаагүй тул уг шаардлагыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй
Шүүгдэгч Э.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 23х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Э.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ч овогт Э-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Э.С-гаас 326.050 /гурван зуун хорин зургаан мянга тавь/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөөний 0-00 тоотод оршин суух, /РД:00000000 / Д-ийн Б-т олгож, хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардлын талаар холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт Э.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД