Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 597

 

 

                                                

 

                                                                              

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 1137 0633 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

 Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Т” хотхоны 101-6 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Г.Э-тай хардалтын улмаас маргалдан, улмаар түүнийг зодож энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

         

Шүүгдэгч Б.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно. Би бичиг, үсэг мэднэ, дээд боловсролтой. Би одоо ажлаа хийж байгаа, сарын 641.000 төгрөгийн цалинтай. Би 6-10 насны хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Хүүхдүүд миний асрамжинд байгаа. Эхнэр Г.Э нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад манай эхнэр” ахындаа байна, хоёр хүүхдээ хүргэж өг” гэхээр нь хүргэж өгсөн. Тухайн үед манай эхнэр, бид хоёр тусдаа амьдарч байсан. Би тэмцээнтэй байсан болохоор замдаа хүүхдийнхээ куртикыг нь гэрт оруулж тавих гээд гэртээ очиход дотроосоо түгжсэн байсан. Тэгээд би “куртик оруулж өгье” гэж хэлэхэд манай эхнэр “би хүнтэй байна, яв” гэж хаалганы цаанаас хэлсэн ба цаанаас нь балконы хаалга онгойж, салхи нэвт салхилж байсан. Тэгээд 10-20 минутын дараа хаалга тайлж өгөхөд нь би гэрт ороход хоёр хүн хоол идсэн аяга тааваг ширээн дээр байсан, мөн ор дэр хураасан байсан. Тэгээд би бухимдаад эхнэртэйгээ маргалдсан. 

Харин 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эхнэрээ зодсон асуудал байхгүй. Би хоёр хүүхдээ гэрт хүргэж өгөөд буцаж яваад эхнэртэйгээ гудманд тааралдсан. Би машиндаа ажлын газрын хүнтэйгээ явж байсан. Тэгэхэд манай эхнэр машин хааж зогсоод, явуулахгүй байхаар нь эхнэрийнхээ хоёр гарнаас нь бариад гэрт хүчээр оруулаад явсан. Энэ үйл явдал автобусны буудлын ойролцоо болсон юм.

Эхнэр Э бид хоёр гэр бүл болоод 11 жил хамт амьдарч байна. Урьд өмнө нь ийм асуудал болж байгаагүй. Бид хоёр сүүлийн нэг жилийн хугацаанд таарч тохирохгүй болж, одоо тус тусдаа амьдарч байгаа юм. Манай эхнэр А эмнэлэгт  ээлжийн хагалгааны сувилагчаар ажилладаг, байнга л ажилтай гээд гэртээ бараг байдаггүй. Одоо ажлын шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу 3 сарын хугацаагаар ажиллангаа суралцаж байгаа. Тэнд байх хугацаагаа сунгаж магадгүй гэж ярьсан. Одоо би 2 хүүхэдтэйгээ гэртээ байдаг байсан. Энэ асуудлын улмаас таарч тохирохгүй байсаар хоёулаа аав ээж нартайгаа ярилцаад тусдаа амьдарч эхэлсэн. Манай эхнэр гэр бүлээс гадна өөр хүнтэй харилцаа тогтоосон асуудалтай эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед асуудлыг эвээр шийдвэрлэх боломж байсан. Би бамбайн өвчинтэй, огцом уурладаг болохоор өөрийгөө барьж, биеэ барьж чадаагүй. Урьд өмнө нь ийм асуудал огт гарч байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан Г.Э-ын биед учирсан гэмтлийг би учруулсан. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Би цаашид зан байдлаа засаж, хүмүүжиж чадна. Би дахин ийм асуудал гаргахгүй. Би 2 хүүхдээ асран халамжилж байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 18100 1137 0633 дугаартай хэргээс:

1. Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед манай нөхөр намайг гэртээ байхад гаднаас орж ирээд, гуя руу 2-3 өшиглөж зодсон. Энэ асуудлаас 15-20 хоногийн өмнө яг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэр рүү орох гэж байгаад орцны үүдэнд хэрүүл маргаан хийж эхлээд байрны 2 давхарт үсдээд лифтний хаалга руу савж толгойгоор мөргүүлсэн.

Энэ асуудлаар би цагдаад хандаагүй нуугаад өнгөрсөн. Миний зүүн гарын шуу хэсэгт хөхөрсөн байсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цагдаад гомдол гаргасан юм. Энэ асуудал шалгагдаж байх хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь аваад гэрт үлдээгээд, явалддаг хүүхэнтэйгээ цуг явж байхаар нь би зогсоогоод “чи арай ч дээ, хүнд ичих булчирхай байдаг биз дээ, хүүхдийн ээж нь байхад арай хэтэрч байгаа юм биш үү, би наад хүүхэнтэй чинь уулзаадхая” гэхэд “чам шиг хүнтэй уулзуулахгүй чамайг алчихна шүү” гээд гарнаас бариад уулын энгэрийн хэсэг рүү аваачиж байгаад гарнаас барьж байгаад миний гараар миний нүүр хэсэг рүү цохиулсан, өшиглөж зодсон.

Тэгээд буцаад зам хөндлөн гараад гэр рүү эргэж ордог уулзварын дэргэд баригдаж байгаа барилгын хашааны хажууд хоолой боож дээшээ хоёр удаа өргөсөн, гараараа нүүр хэсэгт алгадаж цохисон, хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний гар утсыг булааж аваад шидчихээд яваад өгсөн. Манай нөхөр 3 жилийн өмнөөс хамт ажилладаг хүнтэйгээ явалдах болсон. Би хэд хэдэн удаа уучилж гэр бүлээ аврах хүсэлтэй байсан боловч манай нөхөр тэр хүнээсээ салахгүй байгаа учир сүүлийн 1 сар гаруй хугацаанд тусдаа амьдрахаар болсон. Бид хоёр гэр бүлийн баталгаатай. 2008 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа 5-9 насны 2 хүүхэдтэй. Би хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна.

...Т нь тухайн үед “чи хүнтэй байсан” гээд гэрээ нэгжээд, балкон дээр гарч үзчихээд намайг хардаад үснээс зулгаагаад өшиглөөд, зүүн гарын дээд хэсэг рүү цохиод, алгадаад, гуя руу хэд, хэдэн удаа өшиглөсөн. ...2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зодоход миний зүүн гарын мөр хэсэг хөхөрсөн, баруун гуя хөхөрч хавдсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зодоход хүзүү улайсан, 2 гарын шуу хэсэг улайсан байсан. Зодоон болох үед хажууд хүн байгаагүй. Бид хоёрын энэ байдлыг манай 9 настай охин мэднэ. Бид хоёр машины ойролцоо маргалдсаныг хамт явсан эмэгтэй нь мэдэх байх. Т-ын болон манай гэр бүлийнхэн мэдэж байгаа. Бид хоёрын хувьд урд нь ийм асуудал гаргаж цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Бид хоёрын хувьд ямар нэгэн хэрүүл маргаан байдаггүй байсан. Сүүлийн үед гэр бүл салалтаас болж маргаан үүсээд байгаа. 2018 оны 04 сараас эхлээд бид хоёр тусдаа амьдарч байгаа.

...Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн ямар нэгэн баримт байхгүй. Эмчилгээний баримт гээд нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-18х/,

 

2. Гэрч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Т нь бие муутай, манай охинтой сууж байсан. Одоо ажлынхаа багш эмэгтэйтээ явалдаад сүүлийн үед Э-аас сална гэдэг болсон. Надад хүртэл би сална гээд уурлаж байсан. Уг нь Т ийм хүүхэд байгаагүй, зан байдлын хувьд эвдэрч байгаа. ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Э-ын баруун гуя, зүүн гарын булчин нь хөхөрсөн байсан. Тэгээд би асуухад “намайг Т хөхрүүлсэн” гэж байсан. Дараа нь удалгүй Т нэг эмэгтэйтээ явж байгаад гэрийнхээ гадаа тааралдаад бас маргалдаад “хоолойг нь боосон” гээд хоолой нь хөхөрсөн байсан...                         

... Э нь баруун гуя, зүүн гарын булчин нь хөхөрсөн байхаар нь би яасан талаар асуухад 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Т нь намайг цохиод гуяийг нь хөхрүүлсэн гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-28х/,

 

 3. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 5532 дугаартай:

 1. Г.Э-ын биед зүүн нүдний зовхи овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун шуу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

 

4. Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед манай эхнэр Э “дөрвөн замд байх ахындаа хононо, хоёр хүүхдийг тэнд аваад ирээ, би ахынд байна” гэж хэлэхээр нь би 2 хүүхдээ аваачиж өгчихөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх гэртээ усанд орох гээд ирэхэд, гэрийнхээ хаалгыг түлхүүрдтэл дотроос “хэн бэ” гэхээр нь би “хүүхдийнхээ жилеткийг өгье” гэтэл “би хүнтэй байна, чи яах гэж байгаа юм бэ” гээд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан.

Тэгээд бид хоёр хаалганы 2 талаас хэрэлдээд 10 минут орчим болсон. Тэгээд хаалга онгойлгохын өмнө балкон онгойлгож хаалга нэвт салхилж, том өрөөний буйданг хураах дуу сонсогдсон. Хаалга онгойлгож өгөхөөр нь би ороод хүүхдийн жилеткээ өгчихөөд харахад гал тогооны өрөөнд 2 хүний гоймон идсэн аяга байсан. Тэгээд намайг орох гэтэл өөдөөс өшиглөөд, цохиод, түлхээд байхаар нь би ор руу түлхээд, уурандаа ор өшиглөж байгаад Э-ын баруун гуя руу нь өшиглөсөн. Тэгээд Э нь над руу дайраад байхаар нь би гарыг нь бариад хойшоо түлхчихээд гараад явсан.

Би гэрт байхдаа Э-ыг “сая байсан хүн чинь чиний хүүхдүүдийн эцэг үү” гэж асуухад “тийм, өөр хүнээр хайрлуулж болно биз дээ” гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ хүүхдүүдийг аваачиж өгчихөөд, гэрээс гараад явж байтал Э автобусны буудлаас ирж байгаад, намайг машинтай ирж байхыг харсан бололтой зам дээр амдаад зогсож байгаад машины урдуур гарч ирээд, явуулахгүй гээд зогсоохоор нь “чи яах гээд байгаа юм бэ” гээд маргаан болж хэрүүл хийгээд, над руу чулуу шидээд өшиглөөд, зүүн талын шанаа руу нь алгадсан.

Тэгээд би гарнаас нь бариад гэр рүү нь оруулчихаад явсан. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бид хоёр гэрт нь маргалдаж байгаад явах гэтэл Э явуулахгүй гээд коридор руу гарч лифтний хажууд түлхэлцэж байгаад толгойгоо лифтний хаалганд цохисон. Үүнээс өөрөөр би цохиж зодсон зүйл байхгүй. Энэ талаар хадам ээж Д мэдэж байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-52х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 59х/, Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 67х/, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн 69х/, “М”-ийн тодорхойлолт /хэргийн 65х/, гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 116х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Т” хотхоны 101-6 тоотод болох өөрийн гэртээ эхнэр Г.Э-тай хардалтын улмаас маргалдан, улмаар түүнийг өшиглөж, цохиж зодож энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь “зүүн нүдний зовхи овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун шуу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч Г.Э-ын мэдүүлэг /хэргийн 10-18х/, гэрч Н.Д-гийн мэдүүлэг /хэргийн 25-28х/, ШШҮХ-ийн шинжээчийн: “...Г.Э-ын биед зүүн нүдний зовхи овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун шуу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5532 дугаартай дүгнэлт /хэргийн 35х/, шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Г.Э-ын биед учирсан “зүүн нүдний зовхи овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун шуу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Т түүнийг өшиглөх, цохих зэргээр зодсоны улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл бүхий  хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч Г.Э, шүүгдэгч Б.Т нар нь 2008 оны 02 сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 05 сарын 14-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 835 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосноор тэдгээр нь гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч буй эхнэр, нөхөр болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд юм.      

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн эхнэр Г.Э-ыг хардаж хэрүүл маргаан үүсгэн, улмаар бие эрх чөлөөнд нь халдан цохиж, зодон бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байна. 

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.        

         

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,  мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч Г.Э нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 10-18х/ гэдгээ илэрхийлэн гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Т-аас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгэдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 59х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.  

 

Шүүх,  шүүгдэгчид Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.    

 

Энэ хэрэгт Б.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Г.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Т-ыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Г.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД