Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 223/МА2023/00018

 

 

2023             4            07                                                       223/МА2023/00018  

 

 

Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2022/01287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т

Нэхэмжлэгч: Ш

Нэхэмжлэгч: Б

Нэхэмжлэгч: Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц ,

Хариуцагч: Н нарт холбогдох,

Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа, нэхэмжлэгч Т.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Бидний эцэг Төв аймгийн Цээл сумын иргэн Т нь 2019 оны 12-р сарын 11-ний өдөр өвчний улмаас эмчлүүлж байгаад Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 6/1 байр 48 тоот хаягт орших хүү Т.Б-тэй хамт амьдарч байгаад нас барсан. Аав минь нас барахаасаа өмнө хүүхдүүдийнхээ гэрээр амьдарч байсан ба ихэнх үед охин Т.Ттэй хамт амьдардаг байсан. Бидний эцэг Төв аймгийн Цээл сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан болно. Эцэг маань Д.Ц-тай амьдарч байсан боловч дээрх газраа үр хүүхдүүд бидэнд үлдээнэ гэсэн асуудлаас болж хоорондоо таарч тохирохоо больж, 2019 оны 5 дугаар сараас эхлэн хүүхдүүдийндээ амьдрах болсон. Бидний хувьд эцгийнхээ Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах газар эзэмших эрхийг өвлөн авах хүсэлтээс татгалзаагүй болно. Бид уг газрыг хуулийн дагуу нас барахад нь хамт амьдарч байсан болохоор өвлөгдсөн гэж үзэж нас барснаас хойш өвлөх эрхийн гэрчилгээг авах хүсэлтээ хэдийд ч өгч болно гэж бодож байсан. Ийнхүү бид 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр сумын Засаг даргад өвлөх эрхийн хүсэлтээ гаргасан. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Д.Ц нь маргаан бүхий газарт өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Иймд бид Төв аймгийн тойргийн нотариатч Д.Ныг нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж, өв залгамжлах эрх бүхий этгээд байгаа эсэх, өв хүлээж авахаас татгалзсан хүсэлт байгаа эсэхийг нягтлаагүй өв залгамжлалын гэрчилгээ олгосон гэж үзэж байна. Мөн Төв аймгийн Цээл суманд нотариат байдаггүй, Д.Ц нотариатгүй газар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар сумын Засаг даргад хүсэлтээ гаргах байтал хууль зөрчиж Төв аймгийн Зуунмод сумын нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Иймд Төв аймгийн тойргийн нотариатч Дэчингийн Нын олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр үр хүүхэд биднийг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Т-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  “ ... Манай аав нас барах хугацаанд хариуцагчтай хамт амьдраагүй. Аав маань насаараа газар тариалан эрхэлсэн. Тиймээс аавынхаа 100 га газрыг бид өвлөж авах эрхтэй гэж үзэж байна. Бусад эд хөрөнгийг нь бид нэхэмжлээгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасны дагуу тухайн эрх нь өвлөгдөнө. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасны дагуу 4 хүүхэд нь өвлөх эрхтэй. Иргэний хуулийн 517 дугаар зүйлд өвлөх эрх алдах талаар заасан байдаг. Нэхэмжлэгч нар өвлөх эрхээ алдаагүй учраас хуульд зааснаар өвлөх эрхээ тогтоолгохоор нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Талийгаач нас барах үедээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаад нас барсан. Хуулийн дагуу 3 сарын хугацаанд татгалзлаа гаргаагүй учраас өвлөх эрхтэй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан гэж үзэж байна. Зүүн хараагийн нотариатчид хүсэлтээ гаргасан нь хугацаандаа гаргаагүй. Тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ нь М.Тийнх байсан учраас төрсөн хүүхдүүд нь өвлөх эрхтэй. Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.11-д зааснаар өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт, өвлүүлэгч нас барах үед хэнтэй амьдарч байсан талаарх хугацааг тодруулаагүй. Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.13-д өвлөгдөх эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан эсэх, өв хүлээн авахаас татгалзсан эсэх, өв хүлээн авах маргаан байгаа эсэх талаар нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаа зэргийг тодруулах шаардлагатай байсан. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээг олгосноос хойш тодруулсан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг баримтлаагүй, зөрчилдөөнтэй байгаа учраас тодруулсан гэж үзэх боломжгүй. Нотариатын үйлдэл хийх зааврын 21 дүгээр зүйлийн 21.2.5-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг шалгах” гэж заасан.  Нотариатын үйлдэл хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.12-т он сарыг шалгах шаардлагатай гэтэл Засаг даргын тодорхойлолтод он сар байхгүй, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй учраас хуулийн шаардлага хангахгүй байна. Төв аймгийн нотариатч Д.Ныг Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус зөрчиж гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Ц-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 

Нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн мөртлөө хариуцагчаар иргэн Л.Ц намайг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд уг маргаан бүхий газрыг нас барагч гэрээслэлээр өв залгамжлуулсан мэт бичсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нас барагч М.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь тодорхой байна. Харин нэхэмжлэгч нар нь гэрээслэлээр өв залгамжлах болон хуульд заасан өв залгамжлалын чухам алийг нь үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв нэхэмжлэлд дурдсанчлан дээрх газрыг үр хүүхдүүддээ өвлүүлэх талаар нас барагч хүсэл зоригоо илэрхийлсэн бол холбогдох хууль журмын дагуу хийгдсэн гэрээслэл нь байхгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М.Т нь өвчний учир хүү Т.Бтэй буюу Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 6/1 байр 48 тоот хаягт нас барсан гэжээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д “... өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбар бүхий газрыг эзэмшин авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан талаарх баримт байхгүй байна. Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “....заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж тодорхой заажээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өв залгамжлан авах зохих байгууллага, этгээдэд гаргасан талаар баримт байхгүй байна. Харин Д.Ц миний бие нас барагч М.Ттэй албан ёсоор гэрлэлтээ батлуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хууль ёсны эхнэр нөхөр байсан юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр...” өв хөрөнгийг тэргүүн ээлжинд өвлөн авах эрхтэй болохыг хуульчилсан байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нар нь эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод өвлөх эрхээ алдсан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нар нь нас барахад хамт амьдарч байсан бол өвлөх эрхтэй гэж бодож байсан гэх мэтээр бичжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь хуульд заасан өв нээгдсэн үеэс буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 1 жилийн дотор Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д зааснаар Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын дарга /нотариатын эрхтэй/, эсхүл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны зохих тойргийн нотариатад дээрх газрыг хүлээн авах талаар хүсэлтээ гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Төв аймгийн тойргийн нотариатч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох хууль дүрэм журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөгчдийн хүсэлт гаргах эрхийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан байгааг анхаарч үү. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Нэхэмжлэгч Т.Т, Т.Ш нарын хувьд нэг жилийн дотор хүсэлтээ гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнийн хувьд 3 сарын дотор хүсэлтээ зохих байгууллагад гаргах ёстой байсан. Нотариатч Д.Нын хувьд хууль ёсны гэр бүлд нь буюу иргэн Дамдинсүрэнгийн Ц өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн үед программаас шалгаад гэрчилгээ олгосон. Иймд нотариатчийн олгосон гэрчилгээ хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Ц-ын өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлага, эрх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 107 га газрыг эзэмшиж авсан нотлох баримт нэхэмжлэгч нарт байхгүй. Төв аймгийн Цээл сумын Засаг дарга нотариатын бүртгэлийн эрхтэй талаарх нотлох баримт гаргаж өгсөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасан. Хуульд зааснаар нэхэмжлэгч тал өв хүлээн авахаас татгалзсан байж нотариатын буруу гэж байна. Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1-д “Өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийн ирэхийг хүлээхгүйгээр авч болох боловч өв нээгдсэн өдрөөс хойш авч болно” гэж заасан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, 43.2.1-д “өвлөгч болохыг нотлох баримт бичиг”, 43.2.2-т “өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр”, 43.2.3-д “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, 43.2.4-д “өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр” зэрэг баримт бичгийг үндэслэн гэрчилгээ олгоно гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хайрхан овогтой Тийн Т, Хайрхан овогтой Тийн Ш, Хайрхан овогтой Тийн Б, Хайрхан овогтой Тийн Б нарыг Т -ийн хууль ёсны өвлөгчид болохыг тогтоож, Д.Ц-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгч Т.Т нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц нотариатч Д.Н нарт холбогдох өвлөх эрхийн гэрчилгээг хүчинүй болгуулах хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.30-ны өдөр хянан шийдвэрлээд 151/шш2022/01287 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрт өвлүүлэгч нь Улаанбаатар хотод оршин сууж байгаад нас барсан байхад Төв аймгийн тойргийн Нотариат өвлөх эрхийн гэрчилгээ хийсэн нь Иргэний хуулийн 519.1. 531.1 дэх хэсэг, Нотариатын тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна гэжээ. Өвлүүлэгч гэгдэх М.Т нь хариуцагч Д.Цтай гэрлэлтийн баталгаа бүхий гэр бүлийн гишүүн Төв аймгийн Цээл сум, 1-р багт Оргил хөшигт 2-р гудамж 46 тоотод өөрийн эхнэр Д.Цтай амьдардаг байсан нь зохигчдын мэдүүлэг хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Харин М.Т нь биеийн эрүүл мэндийн байдлаас Нийслэл хот руу эмчилгээ хийлгэхээр явсан тэр зууртаа тэндээ нас барсан бөгөөд Улаанбаатар хотод байнга оршин суудаггүй юм. Иргэний хуулийн 519.1 дэх хэсэгт "сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэж ойлгохоор заасан. Түүнээс аль нэг газар зорчиж яваад эсвэл эмчилгээ хийлгэж байгаад нас барсан газрыг сүүлчийн оршин сууж байсан газар гэж үндэслэж байгаа нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газар нь Төв аймгийн Цээл сум юм.

2. Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 520.1 дэх хэсгийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ "Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй" гэснийг үндэслээд М.Тийн хүүхдүүдийг өвлөх эрхтэй байдлаар дурьджээ. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь М.Тийн хүүхдүүд мөн гэдэгт хэргийн оролцогчид маргахгүй байдаг. Гэтэл Иргэний хуулийн 528.2-т "....өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ" гэж заасан. Мен хуулийн 528,3 дахь хэсэгт "... заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ" гэж заажээ. Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан эрх бүхий байгууллагад гаргаагүй байдаг. Гагцхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгосны дараа бөөн бөөнөөрөө гарч ирж нэхэмжилцгээдэг. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй Иргэний хуулийн 520.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад Т.Ш, Т.Б, Т.Б нар нь газрын байршил хэмжээгээ мэдэхгүй, нэхэмжлэгч Т.Т нь уг газрыг сүүлийн 2-3 жил өөр этгээдэд түрээслэн эзэмшүүлж байсан талаар тайлбарласаар байтал анхан шатны шүүхээс тэднийг газрыг эрхлэн удирдсан, эзэмдэн авсан зэргээр тайлбарлан шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь Иргэний хуулийн 528.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.30-ны едрийн 151/шш./2022/01287 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж  шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нар  хариуцагч Д.Ц, Д.Н нарт холбогдуулан 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 Хариуцагч Д.Ц, Б.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нар нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Бийг  томилж, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэл олгосон. /хх-5 тал/

 

Нэхэмжлэгч Т.Б дээрх итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу нэхэмжлэгч Т.Ш, Т.Б, Т.Т нарыг төлөөлөн Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэсэн заалтад нийцсэн.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж үзэж, энэ хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэхдээ зөвхөн нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь нэхэмжлэгч Т.Ш, Т.Б, Т.Б нарын шүүхэд мэдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна.

 

Мөн нэхэмжлэгч Т.Т нь Т.Б-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө биечлэн оролцохоор хүсэлт /хх 37/ гаргасан байхад түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулалгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэв.

 

4.Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, Даргалагчаас “зохигчдод эвлэрэн хэлэлцэх санал байна уу” гэж асууснаас өөр ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд шүүгч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрүүлэх арга хэмжээ авах, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах үүргийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

Үүнээс гадна зохигчдын хооронд үүссэн маргаантай холбоотой зарим асуудлыг зөв тогтоож, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2022/01287 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           З.ТҮВШИНТӨГС       

 

 

       ШҮҮГЧИД                                          М.МӨНХДАВАА

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ