| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00002/Э |
| Дугаар | 00001 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Аэд холбогдох 1832001900164 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №37 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Тангадууд овогт Цогттуяагийн А.
Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багт иргэн Б.Бтгийн гэрт Д.Ддгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Д.Ддгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Бтгийн гэрт нь очиж Бт, Мойл, А бид дөрөв архи хувааж уусан. Тэгтэл А толгойн тус газар цохиход би газар унахад А миний сууж байсан гурван хөлтэй модон сандалаар миний нуруун тус газар нэг удаа цохихоор нь би гараад зугтаасан. Тэгтэл А миний араас гарч ирээд дарж унагаагаад миний толгой руу өшиглөж байсан. Би хөлийг нь барьж авснаа санаж байгаа тэгээд ухаан алдсан. … Эмчилгээний зардал гэж 300000 төгрөг болсон. Хот явах шөнө А надад 200000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/
Гэрч Ү.Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр 27-ны өдөр манай нөхөр нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд Д.Ддгэ, А хоёр хоорондоо маргалдаж байснаа намайг Д.Ддгэ янхан гичий гэж хэлэхэд А чи айлд ирчихээд айлын эхнэр доромжиллоо гээд А Д.Ддгийг цохиод унагасан. Гэрт зодоон нүдээн хийлээ гээд гэрээсээ хөөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/
Гэрч Д.Ам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... А Д.Ддгийг чи манай адууг харж өгөөч гэж хэлэхэд тэр хоёр хоорондоо тохиролцож байсан. Тэр хоёр адуу мал ярьж байгаад Д.Ддгэ Аийн адуу малыг шоглоно гэж заналхийлээд байхаар нь А уурлаад Д.Ддгийг барьж авахаар нь би салгасан. Тэгээд зүгээр сууж байснаа дахиад маргалдаад байсан. А Д.Ддгийг түлхэж унагаагаад А хажуудаа байсан сандалыг авч шидэхэд Д.Ддгийн нуруунд нь оноход би та нар айлын юм эвдлээ гээд гэрээс гаргасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29-р хуудас/
2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн №182 дугаартай Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт: …
1. Д.Ддгийн биед баруун, зүүн нүдний доод зовхины доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 43 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Аийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /48 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 49-51 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багт иргэн Б.Бтгийн гэрт Д.Ддгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Ддгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Ү.Бмгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/, Гэрч Д.Амын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-29-р хуудас/,
2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн №182 дугаартай Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт /ХХ-ийн 31-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Аийг хохирогч Д.Ддгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багт иргэн Б.Бтгийн гэрт Д.Ддгийг зодож, Д.Ддгийн биед баруун, зүүн нүдний доод зовхины доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Д.Ддгэ нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тангадууд овогт Цогттуяагийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Аийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.