| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00154/Э |
| Дугаар | 00164 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 00164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Бд холбогдох 1832002270170 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Урлаг судлаач мэргэжилтэй, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Лодойдамбын Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Ялбагийн завсар” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ерөө Эвсэг Уул” нөхөрлөлийн ашиглалтын талбайд Doosan Solar 470LC-V маркийн экскаваторыг жолоодон шороо зөөвөрлөж байхдаа гар аргаар алт олборлож байсан О.Хбыг харалгүй, болгоомжгүйгээр экскаваторын шанагаар хутгасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар 22-ны өдрийн 10 цагт ээлжээ солих үед манай баяжмал татаж байсан хэсэгт 10 гаран 20-иод хүн орсон байсан. Тэгээд би экскаватор ажиллууллаа наанаасаа гарцгаа гэхэд тэр хүмүүсийн тал нь гарсан. Тэгээд миний мэдэхээр 8 хүн үлдэх шиг болсон. Тэгээд дохио өгөөд би баяжмалаа татаад шороогоо овоолоод нилээн хугацаа өнгөрсөн, өдрийн 15 цагийн үе болж байсан. Тэгээд ачааны машин ирээд экскаватораар шороо ачих гээд сигнал өгсөн, гэтэл хажууд нэг залуу байж байгаад цаашаа босоод явсан. Тэгэхээр нь би тэр залуугийн байж байсан газрыг өнгөрөөгөөд цаашаа экскаваторын шанагаа буулгасан. Тэрний цаана хүн байсныг хараагүй. Ээж нь орилоход хүн шанагадсанаа мэдээд экскаваторыг зогсоосон. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч О.Хб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 10 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбагийн завсар гэх газарт Цэнгэлийн уурхай дээр карьерын дотор металл хайгчаар алт олборлоод явж байтал манай ээж Оц ирээд ээж нь гал дээр хоол хийчихсэн байгаа миний хүү очоод идчих гэж хэлсэн. Ингээд би хоолоо идэх гээд хайгчаа бариад доошоо хараад овоолчихсон шорооны доогуур явж байтал нэг хүн хөөе хөөе гээд орилсон би зүүн гар талруугаа эргээд арагшаа харсан. Тэгтэл миний баруун мөрлүү юм мөргөсөн. Би унахдаа харахад экскаваторын шанага байсан. Намайг босохын завдалгүй миний хөлөн дээр шанаганы шүд тавигдаад намайг шороотой хутгаад овоолсон шороолуугаа татсан. … Би газарт буунгуутлаа босоод гүйх гэтэл баруун хөл хугарчихсан босож чадаагүй. Мөн зүүн хөл шагайнаас доош нил өвчин болсон байсан. Энэ үед экскаваторын жолооч Цэнгэл ах гүйж ирээд миний цээжнээс өргөөд намайг өвөр дээрээ хэвтүүлээд ээ пизда яаж байна гээд надаас асуугаад зүүн хөл нь яаж байна гэсэн. … Бид хоёрын хооронд өс хонзонгийн болон маргаантай ямар ч асуудал байгаагүй. … Би доошоогоо харчихсан цамцны юүдэнгээ толгой дээгүүрээ тавьчихсан явсан болохоор Экскаваторын шанагыг хараагүй. .. Цэнгэл ах намайг хараагүй байх учир нь би шорооны цаагуур явж байсан. Арай ч албаар хутгачихгүй байлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-25-р хуудас/
Гэрч Ч.Оц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би өөрийн өргөмөл хүү Хбын хамт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Ерөө Эвсэг Уул” нөхөрлөлийн ажлын талбай дээр хувиараа алт олборлож байгаа хүмүүсийн хамт гар аргаар алт олборлож байсан. Би отог дээрээ хоол хийчихээд 15 цагийн орчимд хүү дээрээ очсон. Ингээд хүүгээ хоолоо ид гээд гэрлүүгээ явуулсан. Тухайн үед Эвсэг уул нөхөрлөлийн экскаватор баяжмалаас шороогоо хажуу тийш зөөгөөд ажиллаж байсан. Манай хүү асгаж байгаа шорооных нь хажуугаар металл хайгч гартаа барьчихсан чихэвчийг нь чихэндээ зүүчихсэн явж байгаа харагдсан. Экскаваторын шанага манай хүүг хутгаад аваад явсан. Би тухайн үед хүүгээ Экскаваторын шанага дээр суугаад овоолсон шорооны цаана буух гэж байна гэж бодсон. Тэгтэл манай хүү ёо ёо ээжээ намайг аллаа гээд орилсон. Манай хүүгийн барьж явсан хайгч газар шидэгдсэн. Ингээд би болохгүй юм боллоо гээд хүүе гээд Экскаваторын жолооч руу орилсон. Энэ үед Зүүнхараагийн Хөөвөө гэдэг залуу нөгөө талаас нь хашгирсан. Тэгээд Экскаваторын шанага доошоо буухаар нь очтол манай хүүгийн хоёр хөл эргээд нөгөө тийшээ харчихсан юм шиг харагдсан. … Хб бид хоёр өмнө нь Ерөө эвсэг уул нөхөрлөлд ажиллаж байсан. Одоо ажилладаггүй. Тухайн үед бид хоёр хувиараа алт олборлож байсан. … Ер нь манай хүү ч бид хэд ч бүгд экскаватор ажиллаж байхад шанагыг нь харж байгаад зөрөөд урдуур хойгуур нь явж л байдаг. Тухайн үед тойроод шороо асгачихсан явган хүмүүс зөвхөн экскаваторын хажуугаар явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-31-р хуудас/
Гэрч М.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэнд эхлээд их олон хүн байсан тэгээд экскаватор ажиллахад ихэнх хүмүүс нь яваад бид хэд л үлдсэн. Гар аргаар алт олборлож байгаа хүмүүс баяжмал авчихсан газар нь металл хайгч тавьж байсан. Энэ үед Хб бусдын адил металл хайгч ажиллуулж байсан. Тэгтэл Хбын ээж миний хажууханд ирээд хүүрүүгээ хараад орилохоор нь би хартал экскаваторын шанаганаас Хб шороотой унаж байсан. Гэхдээ шанага газарт их ойрхон буулгаж байсан. Ингээд бид хэд очтол Хбын баруун хөл нь хугарчихсан мөн зүүн хөл нь шагайгаараа өвдөөд байна гэж байсан. Экскаваторын жолооч мөн буугаад ирчихсэн байсан. Экскаваторын жолооч холдооч зайлаач гэж байсан. Тэгээд би холдоод суучихсан. Харин нөгөө хүмүүс сонссон эсэхийг мэдэхгүй, Экскаваторын жолооч 2-3 удаа дуут дохио өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-34-р хуудас/
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №226 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....
1. О.Хбын биед баруун хөлийн шилбэний шаант яс, тахилзуур ясны 1/3 хэсгийн далд хугарал, зүүн хөлийн тавхай ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба бороололт үүсч буй гэмтэл юм.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 37 дугаар хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан тэмдэглэл /ХХ-ийн 12-20-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Мэргэжлийн үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 52 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Шүүгдэгч Л.Бийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /51 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Ялбагийн завсар” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ерөө Эвсэг Уул” нөхөрлөлийн ашиглалтын талбайд Doosan Solar 470LC-V маркийн экскаваторыг жолоодон шороо зөөвөрлөж байхдаа гар аргаар алт олборлож байсан О.Хбыг харалгүй, болгоомжгүйгээр экскаваторын шанагаар хутгасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Хбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-25-р хуудас/, Гэрч Ч.Оцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-31-р хуудас/, Гэрч М.Обын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-34-р хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №226 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 37 дугаар хуудас/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан тэмдэглэл /ХХ-ийн 12-20-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Л.Бийг хохирогч О.Хбын биед хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг “Ялбагийн завсар” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ерөө Эвсэг Уул” нөхөрлөлийн ашиглалтын талбайд Doosan Solar 470LC-V маркийн экскаваторыг жолоодон шороо зөөвөрлөж байхдаа гар аргаар алт олборлож байсан О.Хбыг харалгүй, болгоомжгүйгээр экскаваторын шанагаар хутгаж, О.Хбын биед баруун хөлийн шилбэний шаант яс, тахилзуур ясны 1/3 хэсгийн далд хугарал, зүүн хөлийн тавхай ясны далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лодойдамбын Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Бийг торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.