Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 605

 

Ц.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан, С.Чулуунбаатар, хохирогчийн өмгөөлөгч К.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 538 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 938 дугаар магадлалтай, Ц.Оад холбогдох 1903010720467 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц.О нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оаас 6.595.480 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бөд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...

Хоёр: Гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо.

2.1.Хохирогч Д.Б нь унадаг дугуйгаар зорчих хэсгийн баруун гар талд шахаж явсан талаар тогтвортой мэдүүлдэг. /хх 15-16, 17-18, 169-170/ Гэтэл энэ байдал нь шинжээчийн 132 дугаар дүгнэлтэд “...унадаг дугуйгаар зорчигч замын зорчих хэсгийн баруун гар талын захад шахаж явсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тоуоtа рrius-30 маркийн 44-31 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь унадаг дугуйгаар зорчигч /аюул, саад/-ийг хараад тээврийн хэрэгслийн жолоодлогыг баруун тийш дараагүй тохиолдолд дээрх тээврийн хэрэгсэлд үүсэх боломжгүй буюу жолооч Ц.О, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэх гэрчүүдийн мэдүүлгээр уг Тоуоtа рrius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урдаа яваа унадаг дугуйтай хүн /аюул, саад/-ийг харах, тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ авах, түүнийг мөргөхгүй байх цаг хугацаа, орон зайн боломж үүсгээгүй гэж үзэхээр байна.” гэж дурдсан байдаг ба энэ нь хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэдэг. Логикийн хувьд ч чигээрээ явж байгаа автомашины зүүн урд хэсгээрээ урдаа яваа унадаг дугуйн баруун хэсэг рүү мөргөх боломжгүй юм. /Зураг № 1, 1а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хавсаргасан/ Иймд унадаг дугуйгаар зорчигч зорчих хэсгийн хаана байрлан зорчиж явсан нь тодорхойгүй байхад автомашины урд явж байгаад мөргөгдсөн гэх дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

2.2.Осол хэргийг харсан гэх гэрч нар нь осол гарсан тухайн агшныг хараагүй байдаг ба автомашинаар унадаг дугуйтай зорчигчийг мөргөсөн үү, аль эсвэл унадаг дугуйгаар машиныг мөргөсөн үү гэдэг асуудал тодорхойгүй байдаг. Гэрч нар мэдүүлэхдээ зөвхөн унадаг дугуй, машин хоёр бидний хажуугаар өнгөрсөн гэдэг. Энэ байдал нь автомашинаар унадаг дугуйг мөргөсөн гэх дүгнэлт гаргах үндэслэл болохгүй юм. Гэрч нар мэдүүлэхдээ “түс” хийх чимээ гарахад эргээд харахад л унадаг дугуйтай хүн агаарт хөөрч байгаа харагдсан гэж мэдүүлдэг. Энэ байдал нь унадаг дугуйгаар зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтыг зөрчин зэрэгцээ эгнээнд явж байгаа автомашиныг харалгүйгээр хөдөлгөөний чиглэлээ өөрчлөх үйлдэл хийснээр автомашины зүүн урд хэсэг буюу зүүн урд крыло, бамферын дугуйрсан хэсэг рүү урд дугуйгаараа болон унадаг дугуйн баруун хэсгээр мөргөн /шүргэх байдалтай/ годройтож машин дээгүүр даван унасан байх магадлалтай. Энэ байдал нь шинжээч Г.Цэндсүрэнгийн гаргасан дүгнэлтэнд “...Урд дугуй, баруун амортизаторын гэмтэл нь ослын үед ташуу чигт үүссэн эвдрэл гэмтэл байна.”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Унадаг дугуй шулуун явж байгаагүй. Бага зэрэг ташуу байрлалтай явж байхад мөргөсөн.” гэх мэдүүлгээр нотлогдох үндэслэлтэй. Үнэхээр автомашинаар унадаг дугуйны араас мөргөсөн тохиолдолд унадаг дугуйгаар зорчигчийг машинаар дээгүүр нь дайрч гарах байсан. Гэтэл унадаг дугуйгаар зорчигч машинд дайрагдалгүй зорчих хэсэг дээр унаад үлдсэн байдаг. Энэ байдлуудыг харгалзан үзэж шинжээч нар дүгнэлтээ гаргах байсан ба үүн дээр үндэслэн дүгнэлтээ гарган гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Гэтэл шүүх зөвхөн хохирогчийн зүгээс мэдүүлдэг “араас автомашин мөргөсөн” гэх ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм.

2.3.Шинжээч нарын гаргасан дүгнэлтийн хувьд ШУ-ны ямар аргад тулгуурласан болох нь тодорхойгүй, логикгүй бүрэн биш дүгнэлт гэж үзэхээр дүгнэлтүүд байдаг. Зүй нь шинжээч нар өөрсдийн гаргасан шинжилгээний дүгнэлтээ ШУ-ын үндэслэлтэйгээр ямар арга, зүй хэрэглэсэн талаараа тодорхой тайлбарлаж нотлох ёстой. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэн нь дүгнэлтэндээ “...CUBE LTD 3012420 VOV 255538 HN арлын дугаартай унадаг дугуйн араас Toyota Prius маркийн 44-31 УБО улсын дугаартай автомашин зүүн урд хэсгээр мөргөсөн байх үндэслэлтэй.” гэж дурдсан атлаа шүүхийн хэлэлцүүлэгт автомашин унадаг дугуйн араас мөргөх боломжгүй гэж мэдүүлж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Мөн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтэд “...Жолооч Ц.О нь МУ-ын ЗХД-ийн 11 дүгээр бүлгийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар унадаг дугуйгаар зорчигч нь зорчих хэсгийн хаана, ямар байрлалтайгаар хөдөлгөөнд оролцож байсныг тогтоосон зүйл байхгүй байсаар байтал дүрмийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй юм. Шинжээч өөрөө ч автомашинаар унадаг дугуйн баруун хэсэг рүү мөргөх боломжгүй гэдгийг ч нотолдог.

2.4.Өмгөөлөгчийн зүгээс осол, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үед үүссэн эвдрэл, гэмтлээр тээврийн хэрэгслүүдийн байрлалыг тодорхойлдог аргаар /Котекийн арга/ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэлд үндэслэн дүгнэлт хийж үзэхэд Toyota Prius-30 маркийн 44-31 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Автомашины зүүн урд гэрэл хагарсан, зүүн урд буфер, крыло сэвтсэн, зүүн урд их гэрэл чихэгдсэн эвдрэлтэй.” /Зураг №2/ унадаг дугуйнд "...Урд дугуй сэнсэрсэн... ачааны баруун тулгуур төмөр гулзайсан... баруун урд талын амортизаторын доод үзүүр хэсгээр хонхойж зурагдсан гэмтэлтэй.” /Зураг №2/ гэж тэмдэглэгдсэн байдаг. Тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэлээр байршлыг тогтоож үзэхэд унадаг дугуйгаар зорчигч нь автомашины зүүн урд хэсэг рүү мөргөж /шүргэж/ улмаар унадаг дугуйгаар зорчигч автомашин дээгүүр давж зорчих хэсэг дээр биеийн зүүн хэсгээрээ унасан байх /шүүх эмнэлэгийн 11134 дугаартай дүгнэлтэд “зүүн хацарт зулгаралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зүүн эгэм орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...”/ үндэслэлтэй байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүх бодитойгоор үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ёстой байсан атал анхан шатны шүүхийн шийдвэрийг бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар.

3.1.Давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/938 дугаартай магадлалд тус шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч буюу өмгөөлөгч Д.Өлзийсайхан намайг тус шүүх хуралд оролцож тайлбар гаргасан гэх ойлгомжгүй зүйл тусгагдсан байна.Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан заалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/938 магадлалыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 40.8 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу Ц.Оад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар хэлсэн саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна. Гэм буруугийн асуудлыг бүрэн нотолж чадаагүй, оролцогч нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй үйл баримтад тулгуурлаж анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь хүний хувь заяаг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг баримт юм. Шинжээч н.Баттөмөр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “манай шинжээч нарын тухайд техникийн бүрэн бүтэн байдлыг дүгнэх ёстой. Гэвч зүүн урд крылоны гэмтэл орхигдсон байна” гэж мэдүүлсэн. Д.Өлзийсайхан өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжихийн явцад хэргийг прокурорт буцааж, дахин мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч К.Баатар хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Ц.О нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, унадаг дугуйнд хийсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Д.Өлзийсайхан өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан н.Б нь хажуугаас гэнэт орж ирсэн гэх асуудал нь баримтаар тогтоогддоггүй бөгөөд үндэслэлгүй юм. Харин гэрч н.Н, хохирогч н.Б, гэрч н.Н нарын мэдүүлэг болон унадаг дугуйнд хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч н.Б нь уулзвар нэвтрээд 100 метр явсны дараа араас нь ирж мөргөсөн нөхцөл байдал хангалттай тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд Ц.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлнө, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байсан. Хяналтын шатны шүүх хуралдаан хүртэл хохирлоо нөхөн төлөхгүйгээр н.Бөд чирэгдэл учруулж байгаа байдалд харамсаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсвэл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 938 дугаар магадлалын тодорхойлох нь хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханаас гаргасан ... гомдлыг дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан гомдлыг үндэслэн Ц.Оад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 56 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Zo milon” худалдааны төвийн зүүн замд “Тоёота приус-30” маркийн 44-31 УБО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас урдаа явсан унадаг дугуйтай зорчигч Д.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсоноос гадна шүүх гэм хорын хохирлын асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүгдэгч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан талаарх шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн үйл баримттай холбогдуулан шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 538 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 938 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                              Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН