Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0011

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Булган сумын иргэн Н.Насанмөнхөөс Булган сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “Булган сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот захирамжийн огноог 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор болгон зөвтгөн өөрчлөлт оруулж, үрчлэлтийн гэрчилгээг дахин гаргуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Н.Насанмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний ач охин Д.Хулан нь 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Төрснөөс хойш нөхөр бид 2 дээр өссөн. Өөрийн ач охин Хуланг өргөж авахаар 2007 оны 7 дугаар сард Булган сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан юм.  Гэтэл тухайн үед үрчлэлтийн гэрчилгээ байхгүй гэж сунжруулсаар 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр захирамж гаргаж гэрчилгээ олгосон.  Ингээд миний бие 2015 онд 4 хүүхэдтэй гээд тэтгэвэр тогтоолгохоор материалуудаа бүрдүүлж өгсөн. Гэтэл охиноо 3 нас 20 хоногтой байхад нь өргөж авсан байна гээд тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Тухайн үед төрсөн эцэг, эхийнх хүүхдээ үрчлүүлэхийг хүссэн өргөдөл болон бусад үрчлэлттэй холбоотой материалыг нь Иргэний бүртгэлийн ажилтанд өгсөн. Энэ талаар архиваас материалыг нь шүүж үзье гэхэд үрчлэлттэй холбоотой материалыг 10 жил хадгалаад устгадаг гэсэн. Цаг хугацаанд нь асуудлыг шийдвэрлэж өгсөн бол би тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан. Иймд Булган сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот захирамжийн огноог 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор болгон зөвтгөн өөрчлөлт оруулж, үрчлэлтийн гэрчилгээг дахин гаргуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

      Нэхэмжлэгч Н.Насанмөнх 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Булган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан хүүхдийн үрчлэлттэй холбоотой 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжид өөрчлөлт оруулж, үрчлэлтийн гэрчилгээг дахин олгохыг даалгуулах нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:     

     Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын иргэн Н.Насанмөнх нь  Булган сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “Булган сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот захирамжийн огноог 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор болгон зөвтгөн өөрчлөлт оруулж, үрчлэлтийн гэрчилгээг дахин гаргуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргасан тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0012/З/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах  нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Насанмөнх нь  Булган сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “Булган сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот захирамжийн огноог 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор болгон зөвтгөн өөрчлөлт оруулж, үрчлэлтийн гэрчилгээг дахин гаргуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0012/З/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т  зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг  дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА