Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0243

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Д, гуравдагч этгээд Х.Ц нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, 17.11.6-д заасныг баримтлан Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.О-г Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

       Хариуцагч нь давж заалдах гомдолдоо: “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21, 16.5, 15.22 дахь хэсэгт заасан урамшуулал нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр заасан учир төлөөлөн удирдах зөвлөл нь Завхан аймаг төдийгүй Монгол Улсад нэг ч газар байгуулагдаагүй байгаа учраас анх томилсон албан тушаалтан нь чөлөөлсөн. Улсын хэмжээнд 5 аймаг Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон сумын нэгдсэн эмнэлэг байдаг. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлдөг.

      Төрийн албан тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна”, 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасны дагуу Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.О нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан юм.

      Төрийн үйлчилгээний албан тушаалтантай хамаарах, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой, сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу иргэний хэргийн шүүхэд харьяалах маргаан байхад захиргааны хэргийн шүүх хүлээн авч илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

    Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн харьяаллыг зөв тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч Ц.О нь Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...Завхан аймгийн бүх сумдын Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэргүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажилласан. Анх намайг томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. ... Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Ажлаас халах тухай” тушаал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

    Нэхэмжлэгч Ц.О нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/207 дугаар тушаал, Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас нь халсан байна.

    Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ”, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10-д “Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна”, 17.10.5-д “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх” гэж зохицуулснаас үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл чөлөөлөхөөр хуульчилжээ. 

    Иймд анхан шатны шүүхийн “хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргад дээрх тушаалыг гаргах буюу нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлөх эрхтэй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

      Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх”-өөр заасан байхад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Ц.О-г “Ажлаас халах тухай” тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарч байна.

     Нэгэнт хуулиар Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргад сумын нэгдсэн эмнэлгийн даргыг чөлөөлөх болон сахилгын арга хэмжээ авах эрх олгогдоогүй тул нэхэмжлэгч Ц.О-г ажлаас халсан болон сахилгын арга хэмжээ авсан Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалуудыг илт хууль бус гэж үзнэ.

    Түүнчлэн хариуцагчийн “...Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21, 15.22, 16 дугаар зүйлийн 16.5-д заасан урамшуулал нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр заасан учир төлөөлөн удирдах зөвлөл нь Завхан аймаг төдийгүй Монгол Улсад нэг ч газар байгуулагдаагүй байгаа учраас анх томилсон албан тушаалтан чөлөөлсөн, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалууд нь зөв...” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

    Учир нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн “урамшуулал”, 15.22 дахь хэсгийн “урамшууллын жишиг” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаар төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө гэж ойлгох боломжгүй бөгөөд урамшуулалтай холбогдох хэсгээс бусад зүйл, заалтууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

     Мөн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд эмнэлгийн дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн үүрэг хэрэгжүүлж, тухайн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй тул төрийн үйлчилгээний албан хаагчтай адилтгах боломжгүй бөгөөд төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, төрийн албанд томилогдож, удирдлагын чиг үүрэг хэрэгжүүлдэг тул захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш гэж үзэхгүй.

    Иймд хариуцагчийн “Төрийн үйлчилгээний албан тушаалтантай хамаарах, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь иргэний хэргийн шүүхэд харьяалах маргаан байхад захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

   Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                                                   Н.ХОНИНХҮҮ

  ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ