Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/0058

 

К.З, Х.А, М.Б нарын нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн

үйлчилгээний газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

Шүүгчид:           Г.Банзрагч,

                                  Х.Батсүрэн,

                         П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч: М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэгч К.З-гийн нэхэмжлэлийн шаардлага:  2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох шийдвэр гаргахыг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,207,555 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг тус тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Я.С-ийг ажилд томилох тухай, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай тушаалууд хууль бус байсныг тогтоох тухай,

Нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох, тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч Х.Аг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах тухай,

Нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг даалгах тухай”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19ий өдрийн 110/ШШ2020/0042 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 549 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч К.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ыг оролцуулан,

Нэхэмжлэгч К.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19ий өдрийн 110/ШШ2020/0042 дугаар шийдвэрээр: 1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.З-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төрийн жинхэнэ албан хаагч байсны хувьд К.З-г 2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч, нэг удаагийн тэтгэлэг олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар нэхэмжлэгчийг хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдсэн хэсэг болох 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан ...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр К.З-г томилохыг тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Я.С-ийг ажилд томилох тухай, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай тушаалууд хууль бус байсныг тогтоох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлсөнд 9,207,555 төгрөг гаргуулах, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 3. 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ан шүүхэд гаргасан Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч Х.А-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, хариуцсан мэргэжилтнээр томилохыг тус газрын даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 4. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 549 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2020/0042 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.З-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч К.З-д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, үлдэх “2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох шийдвэр гаргахыг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,207,555 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг тус тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Я.С-ийг ажилд томилох тухай, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаартай М.Б-ийг ажилд томилох тухай тушаалууд хууль бус байсныг тогтоох”-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “2002 оны Төрийн албаны тухай хуулийн” гэснийг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн 3 дахь болон 4 дэх заалтаас “2017 оны” гэснийг тус тус хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч М.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Нэхэмжлэгч К.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзээд байна.
  1. К.З-гийн хамгийн анхны нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн албаны тухай хуулийн дагуу нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх, нэмэгдэл баталгаагаар хангахгүй байсан Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилохыг тус газрын даргад даалгах гэсэн шаардлагатай байсан. Гэтэл шүүхүүд К.З миний гаргасан шаардлагуудыг янз бүрээр ойлгож Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.
  1. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шүүгч М.Ргийн хэргээс нотлох баримт алга болгосон үйлдлийг хамгаалах үүднээс шийдвэрт өөрчлөлт оруулсан мэтээр К.З-гийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэснийг хэрэгсэхгүй болгон өөрчилсөн мөртлөө Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын К.З-г нэмэгдэл баталгаагаар хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 3 сарын тэтгэмжээр хангагдах баталгаа эдлэх нь зөв байсан мэтээр шийдвэрлэсэн байдаг нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь тодорхой байна.
  1. Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн Төрийн албаны баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгсэхгүй болгосон хуулийн үндэслэлийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа ба анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг дүр эсгэж хангасныг далимдуулан далдуур, ойлгохгүй байдлаар гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.5 дугаар зүйлийг шийдвэртээ удирдлага болгон тусгаж бичээгүй болохоос уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, зөвхөн тогтоох хэсэгт хангасан мэтээр тусгаж бичсэн байна. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буруутай ажиллагаанд нэхэмжлэгч К.З буруугүй. Бидний бодлоор анхан шатны шүүх энэ заалтыг зориуд албаар бичээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн анхны төрийн албаны нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн шаардлагад шийдвэр болон магадлалаар дүгнэлт хийлгүй “Мах ч биш булчирхай ч биш” орхигдуулсан байна.
  1. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлж байж нөгөө Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан баталгаануудыг эдлэх эрх үүсэх үндэслэлтэй баймаар санагдаад байна. Шүүхүүд үүнийг анхаараагүй байна. Хариуцагч нэхэмжлэгчийг итгүүлэн төөрөгдөлд оруулан ажилтай болгох үүднээс түр авч ажиллуулсан мөртлөө өөрийгөө зөвтгөх үүднээс янз бүрийн тайлбар хийгээд байна.
  1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч К.З-г 2016 оны 11 дүгээр сараас хойш буюу 2019 оны 01 дүгээр сард маргаан гаргах үе хүртэлх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн дагуу нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч баталгаагаар хангахгүй байсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн мөртлөө түүний үр дагаврыг зөв дүгнэж шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулах үүднээс нэхэмжлэлийн шаардлагаас гадуур асуудлаар дүгнэлт хийж, хариуцагч болон нэхэмжлэгч Х.А-ыг далдуур дэмжиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
  1. Анхан шатны шүүх 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 01 дүгээр сард нэмэгдсэн сул орон тооны ажилд шилжүүлэн томилогдох боломжтой байсныг дүр эсгэж  хариуцагчид 3 сарын тэтгэмж олгох баталгаагаар хангахгүй байсан эс үйлдэхүй байгаа гэж худлаа дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг тохуурхсан байдалтай дүгнэжээ. Нэхэмжлэгчийг ингэж тохуурхан, доромжлох болсон шалтгаан нь шүүгч М.Р нь урьд нь энэ хэргийн материалаас нотлох баримт алга болгосонтой холбоотой ба нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан явдалд хонзогносон гэж үзээд байна. Шүүгч М.Р нь анхнаасаа К.З-гийн гаргаж байсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байснаас авахуулаад дургүй байсан болохоор энэ удаа ийм хууль бус шийдвэр гаргахад хүргэсэн байгаа.
  1. Хариуцагч нэхэмжлэгч К.З-г явц дундаа байнгын ажлын байраар хангах талаар түүнд амлалт өгч байсан нь тухайн үед баталгаагаар хангахгүйгээр түр ажиллуулж ирсэн тушаалуудаар тогтоогдож байгаа. Хамгийн сүүлд түүнд Б/ дугаар тушаал гаргаж жирэмсний болон амаржсаны чөлөө өгч явуулсан байжээ. Энэ хугацаанд К.З-гийн хөдөлмөрийн харилцаа тасраагүй байсныг шүүхүүд анхаараагүй байна. Шүүхүүд К.З нь тухайн үед гарч байсан орон тооны ажилд маргах эрхээ хэрэгжүүлээгүй, К.З нь сул орон тооны ажилд шилжүүлэн томилогдох төрлийн нэмэгдэл баталгааг эдлэх эрхгүй мэтээр тухайн үед Өлгий сум хариуцсан мэргэжилтний орон тоонд томилогдох боломжтой байсан, маргаагүй гэж үндэслэл муутай дүгнэлт хийжээ.
  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй, нотлох баримтгүй асуудлаар дүгнэлт хийж, зөвхөн хариуцагчийн ам тайлбараар шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд байна. Жишээ нь: нэхэмжлэгч К.З нь тухайн үед хариуцагч ажлын байр санал болгосон боловч өөрөө татгалзсан тул дахин 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр зүйлд заасан ажлын байраар хангуулах баталгааг эдлэх үндэслэл болохгүй мэтээр хууль бус дүгнэлт гаргажээ. Харин К.З-гийн тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлгийг хатуу үнэлж шийдвэрт тусгасан байна. Энэ тайлбарт мөн хариуцагч ажлын байраар хангах талаар итгүүлж байсныг, хэрэв ажлын байраар хангахгүй нөхцөлд маргах талаар дурдаж тайлбарласныг анхаарч үзээгүй байна.
  1. Иймд, хариуцагч гомдол гаргасантай холбогдуулан хэргийг бүхэлд нь хянаж, хууль бус шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч К.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М болон хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргасан; Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 687 дугаар захирамжаар “давж заалдах журмаар гомдол гаргаагүй атлаа хяналтын журмаар гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасантай нийцэхгүй” гэсэн үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба  уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон; нэхэмжлэгч Х.А, М.Б нарын хувьд магадлалд гомдол гаргаагүй тул зөвхөн нэхэмжлэгч К.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд бусад асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
  1. Нэхэмжлэгч К.З-гийн хувьд, анх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Булган сумыг хариуцсан Хөдөлмөр хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажилласан; Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” Б/08 дугаар тушаалаар тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн; Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/08, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаартай тушаал гарахаас өмнө дээрх 2 хэлтэст сум хариуцсан мэргэжилтний нийт 28 орон тоо байсан боловч шинээр байгуулагдсан газрын бүтэц, орон тоог баталсан шийдвэрээр 19 орон тоо болсноор сум хариуцсан мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө 9 орон тоогоор цөөрсөн; сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тоог тухайн үед аймгийн төвийн Өлгий суманд 6 (3 орон тоо нэмж), бусад 12 сум тус бүрд 1, Цагааннуур тосгонд 1 байхаар тус тус хуваарилснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Булган сумын хувьд урьд мэргэжилтний 2 орон тоо байсан нь нэгээр цөөрсөн; ажил олгогчоос Булган сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан К.З, нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Ш нараас Ш.Ш-ыг сонгон түүнийг уг орон тоонд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тушаалаар томилох үед нэхэмжлэгч К.З маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн.
  1. Улмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар тушаалаар Бугат сумын Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Жанылсын жирэмсний амралтаа авсан тул оронд нь түр томилогдсон; 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нэг сарын хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.Жанылсыны оронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс түр томилогдсон; 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Ж.Отгонцэцэгийг шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан тухайн албан тушаалд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түр томилогдсон; 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/64 дүгээр тушаалын 3 дахь заалтаар 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн; 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоонд түр ажиллаж  байсан К.З-д жирэмсний болон амаржсаны амралтын чөлөөг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс олгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зэрэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
  1. Иймд, тогтоогдсон үйл баримтын хүрээнд шүүхүүд Төрийн албаны тухай (2002 оны) болон бусад хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн; нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүх 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 1 дүгээр сард нэмэгдсэн сул орон тооны ажилд шилжүүлэн томилогдох боломжтой байсныг дүр эсгэж  хариуцагчид 3 сарын тэтгэмж олгох баталгаагаар хангахгүй байсан эс үйлдэхүй байгаа гэж худлаа дүгнэлт хийсэн, ... хариуцагч нэхэмжлэгч К.З-г явц дундаа байнгын ажлын байраар хангах талаар түүнд амлалт өгч байсан нь тухайн үед баталгаагаар хангахгүйгээр түр ажиллуулж ирсэн тушаалуудаар тогтоогдож байгаа. Хамгийн сүүлд түүнд Б/72 дугаар тушаал гаргаж, жирэмсний болон амаржсаны чөлөө өгч явуулсан, энэ хугацаанд К.З-гийн хөдөлмөрийн харилцаа тасраагүй байсныг шүүхүүд анхаараагүй ...” гэх гомдол дараах байдлаар няцаагдаж байна.
  1. Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус зааснаар төрийн албан хаагч нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаны улмаас аливаа албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалыг эрхэлж байсан албан хаагч нараас сонгон шалгаруулж томилох бөгөөд үлдсэн төрийн албан хаагчийн хувьд цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжих, эсхүл 6 хүртэл сарын хугацаатай мэргэшиж улмаар ажлын байраар хангуулах болон 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах баталгаагаар хангагддаг байсан.
  1. Хуулийн энэхүү зохицуулалтыг дурдсан маргааны үйл баримтад авч үзвэл, 2016 оны бүтцийн өөрчлөлтөөр Булган сумыг хариуцсан мэргэжилтний хоёр орон тоо байсан нь нэгээр цөөрсөн, Булган сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан К.З, нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Ш нараас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тушаалаар Ш.Ш-ыг сонгон, уг орон тоонд томилсон, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй, мөн Өлгий суманд нэмэгдүүлсэн мэргэжилтний 3 орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч оролцоогүйгээс гадна иргэн Н.М, Д.А нараас шүүхэд нэхэмжлэл гаргаж, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллах эрхтэйгээр маргах үед нэхэмжлэгч К.З  нь уг орон тоотой холбогдуулж маргахгүй тухайгаа шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэж, хүлээн зөвшөөрсөн байна.
  1. Тиймээс тухайн үедээ өөрийн ажиллаж байгаад цөөрсөн орон тоо болон Өлгий сумд нэмэгдсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд Төрийн албаны тухай (2002 оны)  хуулийн 27.2.3, 27.2.4тус тус заасан үндэслэлээр маргаагүй буюу төрийн албанаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч, өөр албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан атлаа хожим мөн хуулийн 27.2.4-т заасан “... өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах...” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангах боломжгүй, энэ талаар шүүхүүд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
  1. Мөн нэхэмжлэгчийн даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоо нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд сул орон тооны хувиар байгаагүй, харин эрх бүхий этгээдийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаар тушаалаар шинээр нэмэгдсэн орон тоо учир төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш шинээр бий болсон уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй талаар; түүнчлэн “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед 35.1-д зааснаар ажил албан тушаал хэвээр хадгалагдах зохицуулалт нь байнгын ажлын байранд ажиллаж байгаа төрийн албан хаагчид хамааралтай бөгөөд чөлөөний хугацаа дуусаад урьд ажиллаж байсан тухайн ажлын байрандаа хэвээр ажиллахыг ойлгоно” гэж хуулийн холбогдох заалтын талаар шүүхүүд мөн л зөв дүгнэжээ.
  1. Харин нэхэмжлэгчийг тухайн үед төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 272.4-т заасан төрийн албан хаагчийн нэг баталгаа болох “...эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэснийг хангаагүй байж төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч энэ тухай шийдвэрийнхээ тогтоох хэсэгт буруу тусгасныг давж заалдах заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд зөвтгөсөн өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.
  1. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 549 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 -д зааснаар хяналтын журмаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Ч.ТУНГАЛАГ

 ШҮҮГЧ                                                            М.БАТСУУРЬ