Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 00133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           С.Төртулах

            Улсын яллагч                                         О.Баярсайхан

            Шүүгдэгч                                                 Б.Лб нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Лбд холбогдох 1832002040143 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

      

   Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой,  жолооч, хүнд машин механизмын оператерчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Заамар сумын “Баян ам” нөхөрлөлд оператерчин ажилтай,  * тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Бэсүд овогт Баасанхүүгийн Лб. / РД:*/

 

Тодорхойлох нь:

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Шүүгдэгч Б.Лб нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүн худагийн 31  тоотод 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим эхнэр Э.Сгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лб мэдүүлэхдээ: ... Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

        Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Сг мэдүүлэхдээ: ...... Хохирогчоос мэдүүлсэн нь: Би 2018.10.16-ны өглөө гэртээ байж байсан чинь миний утас руу хадам ээжЗэс дуудлага ирсэн. Тэгэхлээр нь би утсаа аваагүй цааш нь тавьчихсан юм. Гэтэл манай нөхөр Лб юунаас болсныг мэдэхгүй гэнэт л чиний утас руу янз бүрийн хүмүүс залгадаг гээд намайг элдэвээр хэлээд хардаж эхэлсэн. Тэгэхлээр нь би ээжийнх рүүгээ явлаа гэж хэлээд гарах гэсэн чинь миний араас гарч ирээд намайг барьж аваад амбаар дотор оруулаад намайг үсдэж аваад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан тэгэхлээр би гараас нь мултраад амбаараас гараад гүйсэн чинь араас Лб гарч ирээд чамайг явах юм бол машиныг чинь эвдэнэ гээд байхаар гудамжинд явж байсан Лхагваа ахыг дуудаж Лб хэрүүл хийгээд байна гэж хэлээд Лхагваа ахын хамт гэртээ орсон. Тэгээд Лхагваа ах Лбд битгий хэрүүл хийгээд бай гэж хэлээд гэрээс гархаар нь би араас нь гэрээсээ гараад хашааны хаалганы хажууд очтол Лб намайг араас барьж аваад түлхсэн чинь би арагшаа хашаа мөргөсөн тэр үед хашааны банзанд ёрдойсон байсан хадаасанд толгойны ар хэсгээр мөргөж бага зэрэг зоогдож цус гарсан. Тийм л зүйл болсон. Тэр үед миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Намайг түлхэж хашаа мөргүүлэх үед хадаасанд толгойгоо нэг удаа гэмтээсэн. Би архи хэрэглээгүй байсан. Надад нэхэмжпэх зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Лц мэдүүлэхдээ: ... Би тэр өдөр гэрээсээ гараад гудамжинд явж байтал хажуу айлын хүүхэн над руу хашгираад Лхагваа ахаа нааш ирээч гэж хэлсэн. Би тэдний хашаанд орсон чинь Лб, Сг нар хэрэлдэж маргасан байдалтай хашгираад байсан. Тэгэхлээр нь би Лодойдамбыг гэртээ орж хэрүүл хий одоо гадаа хүмүүс хараад байна битгий шившиг болоод бай гэж хэлээд хашаанаас нь гараад явсан. Тийм л зүйл болсон. Тухайн үед Сг надад хэлэхдээ Лб хэрүүл хийгээд байна гэж хэлсэн тэгэхлээр нь би Лбд битгий хэрүүл хийгээд бай гэж хэлээд хашаанаас нь гараад явсан. Үгүй зодуулсан цохиулсан зүйл байгаагүй. Хэрэлдэж маргасан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

           

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт. Шинжээчийн дүгнэлт № 194

 

            1.Э.Сгийн биед толгойн хуйханд шарх, баруун, зүүн мөрний ар хэсэг, баруун, зүүн бугалга, баруун, зүүн тохойн үений дотор хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 16-нд, толгойн хуйхны шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримт авагдсан байна.

 

Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн нарын хүсэлт /хх-ийн 37, 39-р хуудас/

Шүүгдэгч Б.Лодойдамбын н хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 30- хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 31-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:   

             Шүүгдэгч Б.Лб нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүн худагийн 31 тоотод 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим эхнэр Э.Сгийг эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

             Хохирогч Э.Сгийн биед толгойн хуйханд шарх, баруун, зүүн мөрний ар хэсэг, баруун, зүүн бугалга, баруун, зүүн тохойн үений дотор хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 16-нд, толгойн хуйхны шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Б.Лб нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 39-р хуудас/-ээ бичгээр өгсөн нь хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

            Шүүгдэгч, хохирогч нар нь 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний гэр бүлийн байгуулагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болсон ба Б.Лодойдамбын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ. Иймд Б.Лодойдамбыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

          Хохирогч Э.Сг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Лбд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

                 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Бэсүд овогт Баасанхүүгийн Лодойдамбыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Баасанхүүгийн Лодойдамбыг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Лб нь  торгуулийн 500000 /таван зуун мянган/ төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Лб нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5.Б.Лодойдөмбад өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ