Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00752

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 10 210/МА2023/00752

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.*******-*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 49,768,573.42 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, гэрээний 1.3 дахь заалтын ...хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нинжбадгар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1.******* ХХК нь Х.*******-*******тэй 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай *******ын гэрээ байгуулан 10,000 ам.долларын зээлийн эрхийг 365 хоногт 20.4 хүүтэй, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл олгосон, ******* ХХК дахь зээлдэгчийн ******* тоот дансанд зээлийн эрхийг нээсэн.

1.2.Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөрөө бүрэн барагдуулаагүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 869 хоног хугацаа хэтрүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээл 10,000 ам.доллар, зээлийн үндсэн хүү 4,041.23 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 724.22 ам.доллар, нийт 14,765.45 ам.доллар буюу Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон 49,768,573.42 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Банкнаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 724.22 ам доллар буюу 2,441,063 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэгт 14,041.23 ам доллар буюу 47,327,510.03 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг ойлголоо гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1.Хариуцагч Х.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээл авсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ам.долларын хаалтын ханш 2,409.04 төгрөг байсан бол гэрээний хугацаа дууссан буюу шаардах эрх үүссэн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хаалтын ханш 2,805.97 төгрөг болсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь үүрэг үүссэн өдрийн ханшаар тооцон зээлийн үүргийг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна.

2.2.Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.3 дахь заалтад гэрээг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон. *******ын гэрээ нь ердийн зээлийн гэрээнээс зарчмын хувьд эрс ялгаатай, зээлдэгч нь банкнаас олгосон лимит дотор авах зээлийн хэмжээгээ өөрөө сонгодог, өмнөх сарын хуримтлагдсан хүүг төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцдог, зээлдэгч нь зээл авах эрхээ хэрэгжүүлэхгүй байх боломжтой байдаг тул *******ын гэрээг хугацаа дууссан тохиолдолд талууд заавал сунгах эсвэл цуцлах, дуусгавар болгох шаардлагатай байдаг.

Иймээс *******ын гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нь мөн өдрөөс хойш зээлийн үлдэгдэлд хүү тооцон шаардах эрхгүй.

2.3.Нэхэмжлэгч нь гэрээний 2.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлж, зээлийн төлбөрийг данснаас шууд суутган авсан мөртлөө, гэрээний 2.1.6-д заасан овердрафтын эрх түдгэлзүүлэх, 4.2-д заасан зарлагын гүйлгээ гаргах эрх түдгэлзүүлэх, 4.3.1, 4.3.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар цуцлах болон шаардах эрхүүдээ хэрэгжүүлээгүйгээс болж хариуцагчид их хэмжээний хүү хуримтлагдсан.

Зээлдэгч нь алт мөнгөний дарханы бизнес эрхэлдэг бөгөөд 2020-2022 онд болон одоо ч үргэлжилж байгаа цар тахлын улмаас зээлдэгчийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Гэтэл нэхэмжлэгч нь 1,911.94 ам.долларын төлөгдөөгүй хүүг зээл дээр нэмж тооцсоноос болж илүү хүү төлж байсныг шүүх анхаарах ёстой.

Иймд хариуцагч Х.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 8,927.21 ам.доллар, хуримтлагдсан хүү 117.13 ам.доллар, нийт 9,044.34 ам.доллар буюу 26,760,505 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4.Зээлийн хуримтлагдсан хүүнээс хүү тооцсон нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 5.3, 5.4, 5.5-д заасныг зөрчсөн тул *******ын гэрээний 1.3 дахь заалтын ...Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

*******ын гэрээ байгуулагдах үед дээрх журам хэрэгжээгүй байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.*******-*******эс 14,041.23 ам.доллар буюу 47,327,510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 724.22 ам.доллар буюу 2,441,063 төгрөгийн шаардлагаас, хариуцагч Х.*******-******* 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот *******ын гэрээний 1.3 дахь заалтын ... Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,800 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 394,587 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан *******ын гэрээг банкны ердийн зээлийн гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ын гэрээ нь ердийн зээлийн гэрээнээс зарчмын хувьд эрс ялгаатай, зээлдэгч нь банкнаас олгосон лимит дотор авах зээлийн хэмжээгээ өөрөө сонгодог, өмнөх сарын хуримтлагдсан хүүг төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцдог, өөрөөр хэлбэл хүүнээс хүү тооцдог, зээлдэгч нь зээл авах эрхээ хэрэгжүүлэхгүй байх боломжтой, банк шаардлагатай үедээ зээл авах эрхийг нь шууд хаадаг, мөн данснаас нь шууд татан авалт хийдэг, зээл авч ашиглаагүй тохиолдолд дараа сард хуримтлагдсан хүүгийн хэмжээгээр зээлийн хэмжээ өсдөг гэх мэт онцлог шинжтэй. Үүнээс хамаарч гэрээний хугацааг талууд хатуу мөрдөх зүй ёсны шаардлага тавигддаг. Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.3 дахь заалтад 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Иймд *******ын гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд уг өдрөөс хойш зээлийн гэрээ хүчингүй болж байгаа учраас нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэлд хүү тооцон шаардах эрхгүй.

4.2.Нэхэмжлэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-д заасан эрхээ маш сайн хэрэгжүүлж төлбөрүүдийг данснаас шууд суутган авдаг мөртлөө уг гэрээний 2.1.6-д заасан овердрафтын эрх түдгэлзүүлэх, 4.2-д заасан зарлагын гүйлгээ гаргах эрх түдгэлзүүлэх, 4.3.1, 4.3.2-т заасан шаардах эрхүүдээ хэрэгжүүлээгүйгээс болж их хэмжээний хүү хуримтлагдсан. ******* ХХК нь гэрээний хугацаанд нийт 1,911.94 ам.долларын хүүг зээл дээр нэмж тооцсон бөгөөд Х.*******-******* энэ хэмжээгээр илүү хүү төлж байсныг шүүх анхаарах ёстой байсан.

Иймд 9,044.34 ам.доллар буюу 30,484,939 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч буй тул шүүхийн шийдвэрээс 16,842,571 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар бүх төрлийн зээлийн гэрээнд хугацааг тусгадаг бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаачлан *******ын гэрээний хугацааг хатуу мөрдөөд бусад зээлийн гэрээний хугацааг мөрдөхгүй байж болох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймд зээлийн гэрээний хугацаа нь овердрафтын гэрээний онцлогтой огт хамааралгүй.

5.2.Түүнчлэн Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, талуудын гэрээний 5.1-т тус тус зааснаас үзвэл гэрээний хугацаа өнгөрсөн нь үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болон зээлийн гэрээ дуусгавар болох гэсэн ялгаатай ойлголтыг адилтган үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

5.3.Мөн хариуцагч нь гэрээний 2.2.6-д заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход буюу 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй байтал өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй учир гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд хууль болон гэрээний дээрх заалтын дагуу зээлийн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Х.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 10,000 ам.доллар, хүү 4,041.23 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 724.22 ам.доллар, нийт 14,765.45 ам.доллар буюу 49,768,573.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүүнээс татгалзаж нэхэмжлэлийн үнийн дүнг 47,327,510.03 төгрөг болгож багасгасныг хариуцагч 26,760,505 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзжээ.

Мөн хариуцагч зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч татгалзсан ба шүүх нэхэмжлэгч зарим шаардлагаасаа, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

3.Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******ын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь 10,000 ам.долларын овердрафт (банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд зээлдэгч дансны үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж тухайн дансанд хийсэн орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн эрх)-ыг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай нээх, зээлдэгч Х.*******-******* нь зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 13-21 дэх тал)

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.Харин шүүх зээлийн төлбөр тооцоог зөв дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

4.1.Зээлдэгч нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд нийт 23,089.05 ам.долларыг бодитой ашигласан, харин уг зээлийн дүн дээр гэрээний 1.3 дахь хэсэгт заасны дагуу нийлмэл аргаар тооцсон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хүү 5,065.25 ам.доллар нэмэгдсэн ба эдгээрт нийт 17,740 ам.доллар төлөгдөж, улмаар зээлийн үлдэгдэл 10,414.3 ам.доллар гэж тодорхойлогджээ.

Зээлийн дээрх үлдэгдэлд ердийн хүү-ний аргаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 4,041.23 ам.доллар тооцож нэхэмжилжээ. (хэргийн 19, 21 дэх тал)

4.2.Нэхэмжлэгчийн тайлбар, тооцооны баримтаас үзэхэд, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар овердрафтыг түдгэлзүүлсэн буюу зарлага гаргах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд энэ нөхцөлд гэрээний 1.3 дахь хэсэгт заасан нийлмэл хүүг тооцох үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 9,976.41 ам.доллар ба үүнээс хойшхи хэсэгчилсэн төлөлтүүдийг зээлээс хасаж үлдэгдэлд нь хүүг ердийн хүү-ний аргаар тооцох боломжтой.

4.3.Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 10,825.85 ам.доллараас гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 1,898.64 ам.долларыг хасч зээлийн үлдэгдлийг тодорхойлох талаар маргаагүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэж заасан ба уг зохицуулалт нь бүх төрлийн зээлийн гэрээнд хамаарах тул зээлийн үлдэгдэл 8,927.21 ам.долларт (10,825.85-1,898.64) 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 4,335.83 ам.доллар (8,927.21*20.4%*2жил, 8,927.21*20.4%/365*139 хоног) тооцогдох үндэстэй. Хариуцагчийн давж заалдах гомдлын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох үндэслэлгүй гэх хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

 

5.Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн төлбөрт 13,263.04 ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцон 44,704,535 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 14 041.23 ам.доллар буюу 47 327 510 төгрөг гэснийг 44,704,535 төгрөг гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,622,975 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын 394 587 гэснийг 381,473 гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 242,163 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА