| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00116/Э |
| Дугаар | 00128 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 00128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Шүүгдэгч Б.Ув нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Увд холбогдох 1832001420132 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, * тоотод оршин суухай хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 451 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батаагийн Ув РД:/*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Б.Ув нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Велл март хүнсний дэлгүүрийн орчим 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Цдоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Самсунг Галакси Эс-2 загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ув мэдүүлэхдээ: ...Би Вэлл март хүнсний дэлгүүрийн хажууд нөхөртэйгөө явж байтал Цд ахтай тааралдаад мэндэлсэн. Тэгээд би хот руу амьхандаа ярих санаатай байсан. Цд ах нилээн согтуу байсан. Тэгээд гар утсыг нь аваад хаана зарсанаа санахгүй, мэдэхгүй байсан. Манай нөхөр харин Нэргүйбаатарт 2 литр бараашкаар өгчихсөн шүү дээ гэж хэлсэн гэв.
Хохирогч Б.Цд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 07 цагаас 08 цагийн хооронд таксигаар Зүүнхараагийн төвд ирээд ЖН төвийн хажууд байдаг Велл март хүнсний дэлгүүрийн хажууд таксинаас буугаад явж байтал урьд нь би аавтай нь хамт мал маллаж байсан Ув гэдэг хүүхэн нөхөртэйгээ хамт явж байгаад надтай таарсан. Тэр үед Ув Цд ахаа гар утсаа өгч байгаач хүнтэй ярьчихаад өгьө гэхээр нь би энгэрийн халаасандаа байсан 88729708 дугаартай гар утсаа гаргаж өгсөн юм. Ув миний гар утсаар хүнтэй ярихгүй бариад зогсоод байсан, би гар утсаа авах гээд хүлээгээд зогсож байгаад Ув болон хамт явж байсан залуучууд цаашаа явчихаар нь би гар утсаа өгсөнөө мартаад Сансар хүнсний зах руу техникийн сэлбэг авахаар явчихсан. Тэгээд Сансар зах дээр явж байхдаа Увд гар утсаа өгсөнөө санаад зах дээр явж
байсан хүүхдээс “миний дүү утсаараа миний гар утас руу залгаад өгөөч” гэж гуйсан чинь тэр хүүхэд миний гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн, Тэгэхээр нь би нөгөө Увыг хайгаад Велл март дэлгүүрийн гадаа эргэж очоод олоогүй, Увыг архи уусан байх гэж бодоод гар дээрээс архи залдаг Нэргүйбаатар, Амбаанаа гэдэг айлуудаар очсон боловч Ув олдоогүй, тэр өдөртөө Увыг зах дээгүүр зөндөө хайсан боловч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч К.Мж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өглөө Мандал сумын 7 дугаар баг “Велл март” хүнсний дэлгүүрийн зүүн талын шатны тэнд зогсож байхад манай эхнэр Ув “Велл март” хүнсний дэлгүүрийн зүүн урд зүгээс нэг ахтай юм ярьж байгаад надруу ирээд хоёулаа явья гэхээр нь цуг хойшоо явж байсан чинь цагаан өнгийн гар утас гаргаж ирээд хоёулаа Нэргүйбаатарынд очьё энэ гар утсыг барашигаар сольж ууя гэхээр нь хамт явж очоод 2 литр барашигаар сольж уусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүл /хх-28-29-р хуудас/
Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25-р хуудас/
Мөрдөгчийн магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27-р хуудас/
Яллагдагч Б.Увын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би одоо он, cap, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2018 оны 08 дугаар сарын эхээр өөрийн хамтран амьдрагч К.Мжтай хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирээд гудамжаар архи уун явж хэд хоног байрны орцонд амьдарсан. Тэгж байтал нэг өглөө Велл Март хүнсний дэлгүүрийн хажуу талд явж байгаад Цд ахтай таарсан, би тэр үед нэлээд согтуу явж байсан болохоороо одоо зарим зүйлээ сайн санахгүй байна. Би Цд гуайгаас гар утсыг нь гуйж авч ярих гэж байснаа санаж байна, би Цд гуайн гар утсыг буцааж өгөлгүй авч яваад гудамжинд нэг танихгүй эрэгтэй хүнд бэлэн 15,000 төгрөгөөр худалдаж мөнгөөр нь хүнсний дэлгүүрээс Хараа архи хоёр шилийг худалдаж авч уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ув нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Велл март хүнсний дэлгүүрийн орчим 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Цдоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Самсунг Галакси Эс-2 загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Увын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Увыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ув нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Велл март хүнсний дэлгүүрийн орчим 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Цдоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Самсунг Галакси Эс-2 загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ув нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Батаагийн Увыг бусдын хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Увыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ув нь 450.000 төгрөгийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийг төлөөгүй тохиолдолд торгуулийн 15.000 төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Увд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.