Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 00134

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           С.Төртулах

            Улсын яллагч                                         Э.Гантулга

            Шүүгдэгч                                                 Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ц-д холбогдох 1832001680146 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам гүүрийн инженер мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Бат-Эрдэнийн Ц /РД: */

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Мишээл хүнсний дэлгүүрийн урд талбайд иргэн Н.Эдийн толгойн тус газарт нь нэг удаа толгойгоороо мөргөж, 2-3 удаа гараараа цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ:  .... 2018 оны09 дүгээр сарын 16-ны өдөр Захиргаанаас ургашаа тойрог хүртэл хойноос урагшаа замаа шалгаад явж байсан. Нэг машин ройноос хүрч ирээд гурван замын уулзварын тийшээ хаалттай замруу гарах гээд явж байсан. Тэгээд нэг залуу ууртай бууж ирсэн. Хэн та нарыг зам хаа гэсэн юм. Би цагдаа байна зам хаадаг хэн юм гээд манай захирал Болд-Эрдэнэтэй муудалцөөд заамдалцсан. Би  тэр хоёрыг хараад гүйж очоод салгасан. Эд гэдэг хүнийг би чи яаж байгаа юм, яагаад хаалттай зам руу орж ирсэн юм гэхэд намайг цээж хүү цохих түлхэх хоёрын хооронд түлхсэн. Чи яаж байгаа юи гээд дахиад нүүр лүү нь ойрттол дахиад түлхсэн. Чи яаж байгаа юм бэ гэсэн чинь шууд нүүр лүү цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцсан. Би биеэ хамгаалаад Эдтэй муудалцаад зодолдсон. Эд намайг хэд хэдэн удаа цохисон. Тайлбар авах гээд очихоор нүүр лүү цохиод болохгүй байсан. Нэг хүчтэй цохилтон дээр нь би бултаад гаран доогуур нь орсон чинь Эдийн урд талд нь гарчихсан байсан.  Тэгээд хойноос тэвэрч аваад газар нуруугаар савсан. Боссод ирсэн чинь эрүү, аман дотор 2 шүд хадсан ч юм шиг, хөдөлсөн ч юм шиг таатай мэдрэмж байгаагүй. Амаа ангайх гэсэн ангайж чаддаггүй. Шүлсээ хаяж чадахгүй байсан. Эд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд Эд миний буруу эр улс байна гэхээр нь би намайг эмнэлэгт үзүүлээд эмчлүүлээд өгчих гэж хэлээд эмнэлэг ороход Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай гэсэн. Эмнэлгээс гараад Эд би чамд гомдолтой байна, шийддэг газраар нь шийдүүлнэ гээд цагдаа руу яваад согтуурлаа шалгуулаад би шууд хот руу явсан гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Эд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 сарын 16-ны өдөр 16 цагийн орчим би Улаанбаатар хотоос таксигаар Мишээл дэлгүүрийн гйдаа ирсэн. Би БЭтэй маргалдаж байхад миний хажуунаас улаан цамцтай залуу /сүулд нэрийг нь сонсоход Б.Ц/ надруу ойртоод ирэхээр нь би тэр хоёр залууг түлхсэн. Б.Ц гэх залуу миний нүүрэн тус газар гараараа цохиход араас нь Болд-Эрдэнэ бас намайг гараараа миний толгой руу цохисон. Намайг хоёулаа зодоод байхаар нь би Бн ахад цагдаа дуудаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Бн мэдүүлэхдээ: “...Бид хоёр зах орох гээд явахад замын хажууд чулуу тавьж зам хаасан байхаар Эд бууж чулууг нь холдуулахад нэг махлаг залуу хүрч ирээд хоорондоо маргалдаад нөгөө махлаг залуу нь Эдийн хоолойн тус газар гараараа түлхсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад хажуу талд нь зогсоход хоорондоо хэрэлдээд гайгүй юм шиг болохоор нь хажууд нь тамхи татаад зогсож байхад хажуугаар нь нэг залуу гүйж очоод Эдийн нүүр лүү нэг мөргөхөд Эд арагшаа ухраад, намайг цагдаа дуудчих гэхээр нь утас хайгаад дэлгүүрлүү орсон...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 23-24-р хуудас/,   

           Мөрдөн байцаалтанд гэрч Т.Об мэдүүлэхдээ: “...Зам засвараас болоод Улаанбаатар хот хооронд явдаг такси нар 7 дугаар багт байрлах Мишээл дэлгүүрийн урд зогсоол дээр зогсдог байсан. 2018 оны 09 сарын 16-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна би машиныхаа ард юм хийж байгаад харахад Эдийг 2 хүн заамдаад улаан цамцтай залуу нь Эдийг мөргөх шиг болсон. Цагаан хувцастай залуу нь хажуугаас нь гараараа цэг удаа цохиж байсан. Тэгээд би явах болоод явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд гэрч У.Дб мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хот руу таксинд явах гээд Мандал сумын 7 дугаар багт байрлах мишээл дэлгүүрийн гадаа 4 хүнээ суулгачихаад Улаанбаатар хот руу яг гарах гэж байхад Мишээл дэлгүүрийн орчим 3 хүн маргалдаад байсан. Улаан цамцтай залуу нь толгойгоороо мөргөөд, цагаан цамцтай залуу нь гараараа эрээн цамцтай залууг цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №164 дугаартай “...Н.Эдийн биед баруун нүдний гадна ирмэгт шарх, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу гараар болон гадны эд зүйлээр цохиулах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...”  гэх дүгнэлт, /хавтас хэргийн 30-31-р тал/

Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 56-р хуудас/

Шүүгдэгч Б.Цийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 39-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 44-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:       

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Мишээл хүнсний дэлгүүрийн урд талбайд иргэн Н.Эдийн толгойн тус газарт нь нэг удаа толгойгоороо мөргөж, 2-3 удаа гараараа цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч Н.Эдийн биед баруун нүдний гадна ирмэгт шарх, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Бат-Эрдэнийн Цийг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 500 /таван зууун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц нь  торгууль 500000 /таван зуун мянга/ төгрөгийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ