Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00749

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 10 210/МА2023/00749

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00422 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.*******д холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны урьдчилгаа төлбөрт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Д.*******ыг ******* дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол 11 байр, 118 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

1.2.М.*******тай хамтын амьдралтай байхдаа дээрх орон сууцанд амьдарч байсан. М.******* нь уг орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1526 дугаар магадлалаар Д.*******ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.

Орон сууцны маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байхад М.******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймд орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Бид 2015 оноос хамтран амьдарсан бөгөөд намайг хүүгээ төрүүлэхээс өмнө 2015 оны 08 дугаар сард Д.*******ын талаас бэр гуйж, бидний гэр бүлийн хамтын амьдралын хэрэгцээнд зориулан маргаж байгаа орон сууцыг авч өгсөн. Би тавилгыг шинээр хийлгэж иж бүрэн тохижуулсан. Д.*******ыг ажилгүй байх хугацаанд би ажил эрхэлж, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө ар талыг дааж, амьдралаа тэтгэж ирсэн.

2.2.Д.******* нь тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд 1-2 удаа хүүтэйгээ уулзаж байсан, хүүхдийн хэрэгцээ шаардлагыг огт мэддэггүй, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгээс 2022 оны 6-11 дүгээр сарын тэтгэлгийг төлөөгүй зэргээр эцэг хүний үүргийг огт биелүүлдэггүй. Мөн 2 хүүхэд маань одоо амьдарч байгаа байрны хажуугийн 141 дүгээр сургуульд суралцдаг бөгөөд сургууль, хамт олон, найз нөхдөө өөрчлөх хүсэлгүй байгаа. Д.******* нь өөрийн эрх, ашиг сонирхлыг чухалд үзэж, хүүхдүүдийнхээ ирээдүй, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг харгалзан үзэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг хангах үүргийг хүлээх ёстой.

Надад ааваас маань үлдсэн нэг өрөө орон сууц байдаг бөгөөд энэ нь захын хороололд байршилтай учраас хүүхдүүдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, мөн хүүхдүүдээ дассан орчин сургуулиас нь гаргах хүсэлгүй байна. Иймээс уг хотхондоо 2 өрөө орон сууц худалдан авах хүсэлттэй байна. Судалж үзэхэд 2 өрөө орон сууц 210,*******,******* төгрөгийн үнэтэй байгаа тул орон сууцны урьдчилгаа төлбөр 63,*******,******* төгрөгийн 50 хувь болох *******,*******,******* төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нь хүүхэд өөрийнх нь асрамжид байгаа учраас орон сууц авах шаардлагатай гэж байна. Мөн үнэгүй.мн сайтаас хэдэн ширхэг зураг гаргаж авчраад тухайн хороололд байр ийм үнэтэй байгаа гэдэг байдлаар ногдох хувийг гаргуулна гэж байна. Ийм байдлаар шийдвэрлэх боломжгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж 11 дүгээр байр 118 тоот хаягт байршилтай, 64.32 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч М.Нямдулын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******аас *******,*******,******* төгрөг гаргуулж М.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,675 төгрөгөөс *******5,450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж Д.*******т, нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид *******5,450 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 61,225 төгрөгийг гаргуулж М.*******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1.Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримталсан хэдий ч нэмэлт зардал гаргуулах хуулийн урьдчилсан нөхцөл болох тэжээн тэтгүүлэгчид яг ямар онцгой нөхцөл байдал тохиолдсон гэх үйл баримтыг тогтоогоогүй, юуг онцгой нөхцөл байдал гэж үзэж, тэр нь хуулийн заалттай хэрхэн уялдаж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28.1-д ....Онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжид байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшнээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг нэгэн адил хамааруулна гэж заасан бөгөөд ийм үйл баримт тэжээн тэтгүүлэгчид тохиолдоогүй бөгөөд тохиолдсон гэх баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй.

6.2.Хариуцагч нь сайт дээрх 2 өрөө орон сууцыг 210,*******,******* төгрөгөөс үнэ тохирч худалдахаар санал болгосон зарыг үндэслэснийг шүүхээс ...хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бодит бус баримтад үндэслэсэн гэж үзэх боломжгүй, мөн орон сууцыг заавал худалдан авч бодитоор зардал гарсан байхыг шаардахгүй..., сайтад санал болгосон үнээр орон сууцны үнийг тодорхойлсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж тайлбарлажээ.

Мөн Улсын дээд шүүхээс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан тоймын 1.5.5-д Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтын хэрэглээг тайлбарлахдаа ...зөвхөн тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед гарсан зардлыг хариуцуулах-аар заасан, ...ирээдүйд гарах зардлыг хариуцуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу болно... гэж тайлбарласан.

6.3.Хариуцагч М.******* нь өмнө гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн орон сууцны өмчлөлийн маргаанд өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоогоогүй явдалд гомдож, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс болж, дахин шүүхэд хандахаас өөр аргагүйд хүргэсэн бөгөөд ийнхүү өөрийн эрх ашгийн төлөө миний хүүгийн нэрийг барьж, тэтгэлэг нэрийн дор үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, орон сууцны урьдчилгаа төлбөрт *******,*******,******* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Онцгой нөхцөл гэдгийг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан хүүхдийн өрхийн нэг хүнд ногдох орлого тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингээс бага, хүүхдийн санхүүг дэмжих зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдалд хөрөнгө мөнгөний хэрэгцээ нэмэгдүүлснийг нэгэн адил хамааруулна гэж тайлбарласан. Иймээс онцгой нөхцөл байдал гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.

7.2.М.******* нь өнөөдрийг хүртэл хоёр хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж ирсэн. Гэтэл хүүхэд орон байргүй, сургуулийн орчин өөрчлөгдөх, найз нөхөд холдоход сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулна гэж үзэж байна.

7.3.Мөн үнэгүй.мн зарын сайтын баримтын тухай тайлбарласан. Бид ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад зар тавьж ханддаг. Түүнтэй адил зарын сайтад байгаа ханшаар нийтэд илэрхий байдлаар баримтаа гаргаж өгсөн.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1.Миний хоёр хүүхдийн том нь 9 дүгээр ангид, бага нь 2 дугаар ангид сурдаг бөгөөд одоо амьдарч байгаа байрны харьяалал бүхий 141 дүгээр сургуульд суралцдаг. Сургуульдаа явахад аюулгүй, хамт олон, найз нөхдийг өөрчлөх хүсэлгүй байна.

8.2.Д.******* нь зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхлыг чухалд үзэж, хүүхдүүдийнхээ ирээдүй, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг харгалзан үзэхгүй байгаад маш их гомдолтой байна.

Миний бие ажил хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхдээ тэжээн тэтгэх, хувцаслах, хооллох, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагатай тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1.Маргаан бүхий ******* дүүрэгт 3 дугаар хороо, Нарны хорооллын 11/100 байр 18 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.*******ын өмчлөгч болохыг 3 шатны шүүхээр тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэж албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

9.2.Ирээдүйд болох эд хөрөнгө нь хаана, ямар хөрөнгө байгаа нь тодорхойгүй. Хэрэгт баримт нь авагдаагүй байхад тус байрыг авна гэж маргадаг. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж хэлдэггүй, төлнө гэж хэлдэг. Харин хариуцагч талаас тухайн эд хөрөнгийг чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргаад байгаа боловч үүргээ биелүүлээгүй. З.Амарсанаа нь эцгийнхээ үүргийг биелүүлж, хүүхэдтэйгээ байнга уулзахыг хүсдэг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны урьдчилгаа төлбөрт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.******* бүртгэлтэй, мөн түүнийг шүүхийн шийдвэрээр дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байхад хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж,

хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хүүхдүүдийн аюулгүй орчинд амьдрах, сурах нөхцөлийг хангах зорилгоор одоо амьдарч байгаа хороололд орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр гаргуулна гэж тус тус тайлбарлажээ.

3.1.Нэхэмжлэгч Д.******* нь ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж, 11 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 64.32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгджээ. (хэргийн 14 дэх тал)

3.2.Мөн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/01704 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1526 дугаар магадлалаар хүү А.*******г эх М.*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, Д.*******т холбогдуулан гаргасан ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж, 11 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах, 64.32 м.кв талбай бүхий орон сууцыг Д.*******, М.*******, А.******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, өөрт болон хүү А.*******д ногдох хэсгийг гаргуулах тухай М.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна. (хэргийн 4-13 дахь тал)

Анхан шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг зөв дүгнэж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймээс нэхэмжлэгч эцэг байх үүргээ биелүүлэхгүй байна, хариуцагч хүүхдүүдээ тэжээн тэтгэх, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

4.Хариуцагч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал бий болсныг баримтаар нотлоогүй байхад шүүх хариуцагчийн сөрөг шаардлагыг бодит бус баримтад үндэслэсэн гэж үзэх боломжгүй, орон сууцыг заавал худалдан авч бодитоор зардал гарсан байхыг шаардахгүй, орон сууцны үнийн асуудлаар нэхэмжлэгч талаас баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.

4.1.Хариуцагчийн гаргасан www.unegui.mn цахим хуудаст байршсан Нарны хороололд байршилтай 2014 онд ашиглалтад орсон 2 өрөө орон сууцыг 210,*******,******* төгрөгөөс үнэ тохирч худалдах зар нь хуульд заасан журмын дагуу нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. (хэргийн 50-51 дэх тал) Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан орон сууцны урьдчилгаа төлбөрт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор, мөн тогтоох хэсэгт зохигчийн нэрийг алдаатай тусгасныг залруулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Нямдулын гэснийг *******ын гэж өөрчилж,

2 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.*******аас *******,*******,******* төгрөг гаргуулах тухай хариуцагч М.*******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА